Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-05 нд нийтлэгдсэн байна.

Г.Отгонцэцэг: М.Уранцэцэг байгаагүй бол өнөөдрийн Г.Отгонцэцэг байхгүй

5/ 5/ 2023    6 цаг 30 минут

“Рио-2016” олимпын хүрэл медальт, ДАШТ-ий хошой хүрэл медальт Галбадрахын Отгонцэцэгтэй ярилцлаа.

-Таныг жүдо бөхийн клуб байгуулж багш дасгалжуулагчаар ажиллаж байгаа гэж дуулсан. Хүүхдээ тамирчин болгох хүсэлтэй олон хүн хандаж байна уу?

-Намайг зорьж хүмүүс их ирж байгаа. Ялангуяа охид. Хүүхдээ таны гарын шавь болгож олимп, дэлхийн медальтан болгомоор байна гээд хүмүүс ирж байна. Дагаад хариуцлага ч маш их нэмэгддэг. Гэхдээ нэг буруу ойлголт хүмүүсийн дунд байна. Тэр юу вэ гэхээр Отгонцэцэг олимп, дэлхийн медальтан юм чинь сайн багш гэж ойлгодог. Тэгээд л миний хүүхдийг өндөр зэрэглэлийн тамирчин болгоно гэсэн бодолтой байдаг. Би өөрөө олимп дэлхийн медальтан байж болно. Гэхдээ багш болоод ажлаа дөнгөж эхэлж байгаа учраас надад туршлага гэх зүйл бага. 4-5 жилийн дараа л багшлах туршлагатай болно. Одоогоор тамирчин байх хугацаандаа багшаасаа сурсан, мэдсэн зүйлээ хүүхдүүдэд заагаад явж байна. Тиймээс үүнийгээ ч ээж аав нарт сайн тайлбарлаж хэлдэг. Ер нь, хүний амжилтыг 100 хувь гэж үзэхэд багшаас шалтгаалах нь 20 хувь. Багш бол чиглүүлэх, зааварчилгаа өгөх, зөв бэлтгэл сургуулилт хийлгэх  ёстой. Харин үлдсэн 80 хувь нь тамирчнаас өөрөөс нь шалтгаалдаг. Хүүхэд өөрөө хичээхгүй эсвэл үнэхээр сонирхолгүй байхад амжилт нэхэж болохгүй.

-Клубээ Winner гэж нэрлэжээ. Ямар нэгэн бэлгэдэл утгатай юу?

-Том тэмцээнүүдэд барилдаад дэвжээнээс буух мөчид "Winner Галбадрах Отгонцэцэг" гэж зарладаг. Тэр үг чихэнд тодоос тод хоногшоод үлдчихсэн. Тиймээс “Winner” гэдэг нэр өгсөн. Дээрээс нь хүн болгон энэ спортоор хичээллээд олимп дэлхийн аварга болохгүй ч гэсэн энэ зааланд орж ирээд өөрийгөө сорьдог нь өөрөө өөрийгөө ялан дийлж байгаа хэрэг юм. Зүгээр л өөрөө өөрийнхөө ялагч нь байгаасай гэдэг үүднээс winner гэдэг нэрийг өгсөн.

-Танай клубт одоо хэчнээн хүүхэд хичээллэж байна. Ямар тэмцээн уралдаанд оролцов?

-Манай клубт тогтмол хичээллэдэг 100-120 хүүхэд байна. 2022 оны 9 дүгээр сард бид анхны тэмцээндээ орсон. Эрдэнэт хотод Д.Нармандах ахын маань нэрэмжит тэмцээн болсон. Ерөнхийдөө нэрэмжит тэмцээнүүдээс хамгийн том хэмжээний тэмцээн. Энэ тэмцээнд бид охидын багаараа хоёрдугаар байранд орсон. Хамгийн сүүлд Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн сарын өмнө боллоо. Энэ тэмцээнд манай охид багаараа тэргүүн байр эзэлсэн. Жилийн хугацаанд том үр дүнг гаргаад явж байгаадаа сэтгэл хангалуун байна.

-Монголчуудын дунд бөхийн удамтай бол амжилт үзүүлэх нь илүү гэсэн ойлголт байдаг. Та үүнтэй санал нийлдэг үү?

-Миний хувьд удам нэг их чухал биш. Яагаад гэвэл манай удамд бөхийн спорттой ойр хүн байхгүй. Өөрийнхөө удмыг үүсгэж байгаа хүн нь би өөрөө. Өгөгдөлтэй хүүхдүүд байдаг. л юм Юмыг хурдан сурдаг, эвсэлтэй, барилдах мэдрэмжтэй гэдэг ч юм уу. Түүнийгээ сайжруулахын тулд хүн хөдөлмөрлөх ёстой. Хэчнээн удамтай байгаад өөрөө хичээхгүй бол амжилт ер нь гаргах боломжгүй.

-Таны хувьд хэзээнээс жүдо бөхөөр хичээллэсэн бэ. Олимп дэлхийн медальтай тамирчин болно гэж тухайн үедээ зорилго тавьж байсан уу?

-2008 онд ангийнхаа охиныг дагаад анх жүдогийн зааланд хөл тавьсан. Том зорилго тээж ороогүй. Найзтайгаа цагийг хөгжилтэй өнгөрөөх, олон хүүхэдтэй найзлах сонирхолтой анх хичээллэж эхэлсэн. Яваандаа энэ спортдоо дуртай болоод, ганц нэг ялдаг болоод татагдаж орсон. Зааланд өөрийнхөөрөө байж чаддаг учраас энэ спортоороо тууштай хичээллээд өнөөдрийг хүрсэн. Тэр үед юу ч бодолгүй "хамгийн анхны эмэгтэй олимпын аварга би болно оо" гэж найздаа хэлж байлаа. Монгол хүн амны билгээрээ гэж. Тэгээд эмэгтэй жүдо бөхийн төрлөөр олимпоос медаль авсан Монголын хамгийн анхны тамирчин болсон.

-Иргэншлээ сольж Казахстан улсын өмнөөс барилдах үед шүүмжлэх хүн цөөнгүй байсан. Ийм шийдвэр гаргахад амаргүй байсан уу?

-Мэдээж, иргэншлээ солиход хүнд байлгүй яахав. Иргэншлээ солих болсон шалтгаан нь би Монгол Улсынхаа шигшээ багт, жиндээ хоёр номер нь байсан. 2016 оны олимпод оролцох боломж байгаагүй. Хэдий эрх авах тамирчны бүсэд байсан ч Монгол Улсын төлөөлж М.Уранцэцэг маань явах байсан учраас. Миний хувьд олимпод орох том боломж нь Казахстан улс байсан. Амжилт гаргахын тулд том золиос гаргах шаардлагатай учраас тэр үед маш зоригтойгоор энэ шийдвэрийг гаргаад Казахстан улсыг зорьсон. Эх орныхоо иргэншлийг солих хүртэл том золиос гаргасан. Хүмүүс эх орноосоо урвасан, мөнгөний төлөө явсан гээд янз янзын юм ярьдаг. Казахстаны нэр дээр би барилдсан ч Монгол охин энэ амжилтыг гаргалаа шүү гэж хүмүүс хэлдэг юм. Би дотроо би сайн явбал Монгол Улсын нэр дуудагдана. Муу явбал бас л Монголын нэр яригдах учраас их  хичээсэн. Надаас хойш легионер тамирчид, охидууд нэлээн хэд гарсан. Легионер тамирчин гэдэг юм ер нь бол байх ёстой. Хамаг залуу насаа энэ спортод зориулаад дуусч байгаа хүмүүс маш их учраас "Монгол Улсаас эмэгтэй тамирчин авч болох юм байна шүү. Энэ тамирчдыг аваад бэлдвэл амжилт гаргах боломжтой юм байна шүү" гэдгийг бусад оронд харуулах зорилгоор сайн хичээсэн.

-Зорилгынхоо төлөө амаргүй шийдвэр гаргаж олимпод оролцон хүрэл медаль хүртсэн. Шагналын тавцанд зогсож байхдаа хүрэл медалиа голонгүй байсан гэж хэвлэлд ярилцлага өгч байхдаа дурссан байсан?

-2016 оны Олимпод түрүүлнэ гэсэн маш том зорилго тавьж өөртөө итгэлтэйгээр Бразил улсад очиж байлаа. Яагаад гэхээр 2016 онд болсон бүх тэмцээнд ихэнхэд нь түрүүлчихсэн, олимпод оролцож байгаа тамирчдыг ихэнхийг нь хожчихсон байсан. Түрүүлнэ гээд өөртөө итгэлтэй очоод хүрэл медаль авах тэр үед жоохон голонгуй байсан. Олимпын наадам хоёр гурав дахь хоногт үргэлжлээд явж байхад энэ тамирчин олимпын аварга болно, энэ л түрүүлнэ дээ гээд таамаг бол байгаа шүү дээ. "За тэр жинд тэр л түрүүлэх байх даа" гэдэг. Таамаглаж байсан тамирчид ихэнх нь медаль авахгүй мултрах санаанд оромгүй барилдаанууд их гарсан. Тэр үед л олимпоос медаль авна гэдэг чинь амар зүйл биш юм байна. Би ер нь ямар азаар медаль авсан юм бэ гээд яг тэр үедээ медаль авах мөчөөсөө их баярласан.

-Таныг Казахстан улсын түүхэнд жүдо бөхийн төрлөөр олимпын медаль хүртсэн анхны тамирчин болсон гэж ойлгоод байгаа?

-Казахстан улсын түүхэнд эмэгтэй анхных нь. Нийт олимпын медальтны хоёр дахь нь. Миний өмнө Бээжингийн олимпод манай Н.Түвшинбаяр аваргад ялагдаад мөнгөн медаль авч байсан Асхат Жидкеев гээд тамирчин хамгийн анхны олимпын медалийг авч байсан.

-Олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон тамирчдыг амжилт гаргахгүй бол шүүмжлэх, элдвээр хэлэх явдал их гардаг боллоо. Үүнийг яаж хүлээж авдаг вэ?

-Монгол Улсынхаа нэрийн өмнөөс барилдаж байгаа залуу тамирчдыг хүмүүс их шүүмжилдэг. Хүн ялахгүй юм бол яах гэж явдаг юм, татвар төлөгчдийн мөнгийг үрлээ ч гэдэг юм уу. Хэзээ ч тамирчин дэвжээн дээр гараад ялагдъя гэж боддоггүй. Өөртөө байгаа бүх нөөц бололцоогоо гаргаад барилдаж байгаа. Яахав шүүмжилж болно. Гэхдээ тэр нь бас хязгаар байх ёстой. Бэлтгэлээ сайн хийгээч ээ, өмнө нь яг энэ алдааг гаргачихаад, яагаад энийгээ давтаад байна вэ. Одоо энийгээ засаач ээ гэдэг ч юм уу, тиймэрхүү шүүмжлэлүүд бол байна. Мэдээж шүүмжлэл, магтаал хоёр байх ёстой. Шүүмжлүүлж байж хүн алдаагаа засна, шүүмжлүүлж байж хүн өөрийгөө хурцлана. Дандаа л магтаад байж бас болохгүй.

-М.Уранцэцэг гавьяатын тухай таны бодлыг сонсмоор байна. Та хоёр олон жил хоорондоо өрсөлдөж нэгнээ хурцалж байсан шүү дээ?

-Урнаа байгаагүй бол өнөөдрийн Г.Отгонцэцэг байхгүй. Тэр хүн байсан учраас, тэр хүн топ байсан учраас, тэр хүнийг гүйцэх гэж өөрийгөө маш сайн бэлдсэн, хөдөлмөрлөсөн. Тэр хүнтэй л зэрэгцэж очихгүй бол олимп дэлхийн тэмцээн надад хол. Тийм мундаг хүн надтай өрсөлдөж байсан учраас, нэг номер байсан учраас тэр хүнээс үлгэр жишээ авч ирсэн. Тэр хүнээс сурч мэдэх зүйл маш их байсан. Барилдахад нь хардаг, ямар мэх хийгээд байна, юу сурсан байна ч гэдэг юм уу. Жирийн үед мэдээж хоорондоо ярилцана. Өөртөө тулгараад байгаа асуудлыг асууна, зөвлөнө. Нэг зааланд удаан хамт байсан учраас хоорондоо таагүй дуугарахгүй байх ч юм уу, тиймэрхүү асуудлууд мэдээж байхгүй. Дэвжээнд хамаг цагаа өнгөрүүлж байгаа учраас бид хоорондоо илүү дотно.

-Клубтэй холбоотойгоор багшаасаа зөвлөгөө их авч байна уу?

-Хүүхэдтэй ажиллаж байх явцад асуудал гарвал шууд л Д.Энхбаатар багшаасаа зөвлөгөө авдаг. Ийм юм болчихлоо багш аа, ийм үед яаж хүүхэдтэй харьцах ёстой юм бэ, ямар зөвлөгөө өгөх үү. Эсвэл яаж бэлтгэлийг нь хийлгэх вэ, яаж би энэ хүүхэдтэй харьцах уу ч гэдэг юм уу. Одоо ч гэсэн багшаасаа маш их тусламж зөвлөгөөг авсаар байгаа.

-Тамирчин хүн амжилт гаргахад хангамж их чухал гэдэг. Таныг шигшээ багт байх үеийг одоо үетэй харьцуулахад хэр зэрэг өөрчлөгдсөн бэ?

-Миний шигшээ багт байсан үе гэхээр 2013-2015 он. Тэр үед хангамж маш бага байсан. Ар амьдралаа баттай, хангалуун авч явахад хүнд. Тэрнээс болоод өндөр амжилт гаргах боломжтой тамирчид ч  эрт зодог тайлсан тохиолдлууд их. Тэр үед бидний цалин 350 мянга байсан. Тэмцээн уралдаанд явахын тулд уураг витамин хэрэглэх ёстой. Тэгээд хэрэглээний мөнгө, автобус, унаа, хоол гэдэг зүйлийг тэр 350 мянган төгрөгт багтааж, амьдарч байсан. Тэмцээн уралдаанд зарим тохиолдолд өөрсдийнхөө зардлаар явдаг. Зарим гэж ер нь ихэнх тохиолдолд өөрсдийнхөө зардлаар. Шигшээ багт хамрагдаагүй ч юм уу эсвэл шигшээ багийн нэг номер биш бол ихэнх тохиолдолд өөрсдийн зардлаар явдаг. Амжилт гаргана гэж өөртөө итгээд ээж, аавыгаа цалингийн зээл авхуулаад, өр зээл тавиад явна. Амжилт гаргахгүй бол өрөнд орно. Одоо бол өөр болсон. Шигшээ багийн тамирчид маань одоо хангамж сайтай. Бэлтгэл сургуулилтаа чөлөөтэй хийх боломж, бололцоо өндөр түвшинд очсон. Ингэснээр олон олимп дэлхийн аварга төрөх эхний суурь нь болж байгаа гэж бодож байна.

-Спорт бол залуу насных. Таны хэлснээр золиос их шаарддаг гэдэг. Жүдогоор хичээллэж байгаа залууст шавь нартаа юу гэж захидаг вэ?

-Тамирчин хүнд маш их золиос гаргадаг. Ялангуяа залуу нас гэдэг зүйл хүнд ахиад олдохгүй. Залуу насандаа сурч боловсрох, хөгжих, аялах амрах зугаалах, найз нөхөдтэйгээ гоё сайхан дурсамжийг хүмүүс бүтээдэг. Харин тамирчдад эргээд дурсах зүйл гэвэл бэлтгэл л үлдсэн байдаг.  Тэр тэмцээнд явж байхад тэгсэн шүү дээ гээд хоорондоо л ярина. Дурсамжаа ярихад дандаа л тэмцээн уралдаан бэлтгэлтэй холбоотой. Сурч боловсроод өөрийгөө хөгжүүлэхээс их хоцордог. Гэтэл спортын замнал дуусаад ахиад амьдрал үргэлжилдэг. Дараагийн карьерээ эхлүүлэх гээд л тамирчид гацдаг. Тийм учраас одоо хичээллэж эхэлж байгаа хүүхдүүддээ байнга шаардлага тавьдаг. Тэр нь юу вэ гэхээр чи өнөөдөр спортоор хичээллэж болно. Гэхдээ хичээл номыг хэзээ ч битгий хойш нь тавиарай. Спорт дуусаад ахиад амьдрал үргэлжилнэ. Чи дараагийн карьертаа өөрийгөө бэлтгэж байх ёстой шүү гэдэг. Хүүхдүүд спортдоо дуртай болоод эхлэхээрээ хичээлээ хойш нь тавьдаг. Тасладаг. Ээж, аавд нь ч хүүхдээ сургалтанд сайн хамруулаарай. Хувь хүний хөгжил, хэлний сургалтад сайн хамрагдуулаарай гэж зөвлөдөг.

-Танай клубийн ойрын зорилго, төлөвлөгөө юу вэ?

-Хамгийн ойрын зорилго бол 20-оод хоногийн дараа  болох өсвөрийн улсын аварга. Тэр тэмцээнд бид багаараа амжилттай оролцох, анхны улсын аваргаа төрүүлэхсэн гээд том зорилго тавин бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Мэдээж клубээ өргөжүүлэх хүсэл байлгүй яахав. Гэхдээ маш их цаг хугацаа орно. Ахиад өөр спортоор Winner клубээ өргөжүүлэх  ч гэдэг юм уу бодлууд бас байгаа.

-Ярилцсанд баярлалаа

 

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Энэ жил 11294 ээж Алдарт эхийн 1, 2 дугаар одон хүртэж байна37 минут 39 секундын өмнөОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд хахууль авсан хэргээр баривчлагджээ45 минут 46 секундын өмнөАТГ: Хотын стандарт хяналтын газрын албан тушаалтан “Т” нь хахууль авсан гэх хэргийг прокурорт хүргүүллээ59 минут 50 секундын өмнөМонголын уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарсныг гэрэл зураг, дүрс бичлэгээр нотолж үлдээжээ3 цаг 40 минутын өмнөЕрөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна3 цаг 55 минутын өмнөДэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч4 цаг 43 минутын өмнөХавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов5 цаг 15 минутын өмнөУлаанбаатарт +27...+29 градус дулаан байна5 цаг 24 минутын өмнөЗурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй5 цаг 27 минутын өмнөНийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53
 Facebook Twitter Youtube