Холимог тулааны UFC холбоотой гэрээ байгуулсан Монголын анхны тулаанч Д.Батгэрэл тус холбооны хүрээнд гурав дахь тулаанаа ирэх аравдугаар сарын 3-нд хийхээр боллоо. Түүний өрсөлдөгч нь 7-1 амжилттай яваа Кайлер Филлипс бөгөөд тулаан Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотын дэргэдэх Яас арал дээр болох юм.
UFC холбооноос коронавируст халдварын улмаас Яас арлыг "Fight Island" хэмээн нэрлэж таван арга хэмжээ зохиохоор болсон ба "UFC Fight Night" арга хэмжээний үеэр "Шуурга" хочит Д.Батгэрэл тулалдах аж.
Тэрээр сүүлийн тулаанаа "UFC 248"-ын үеэр Аргентины тулаанч Гуйдо Ганнеттитай хийж эхний үед хүнд цохилтоор ялалт байгуулсан. UFC холбооны анхны тулаандаа ялагдаад байсан Д.Батгэрэл 2019 оны наймдугаар сард UFC-тэй 20 сарын гэрээ байгуулсан юм.
Харин түүний өрсөлдөгч "The Matrix" хочит Кайлер Филлипс сүүлийн тулаанаа "UFC Night 169"-ийн хүрээнд Габриел Силватай хийж ялсан ба хамгийн сүүлд 2018 онд ялагдаж байв.
Өдгөө 31 настай Д.Батгэрэл замналынхаа турш 10 тулаан хийхдээ наймд нь ялсан бөгөөд 11 дэх тулаанаа ийнхүү 25 настай залуу тулаанчийн эсрэг хийх гэж байна.
Эх сурвалж: MMAFighting
Сэтгэгдэл бичих