Монгол залуучууд хиймэл оюун ухааны салбарт том дэвшил хийжээ. Тэр бол монгол хэлний дуу яриа боловсруулах “Чимэгэ систем”. Зохион бүтээгчдийн үзэж байгаагаар энэхүү систем бага нөөцтэй хэлийг их нөөцтэй хэл буюу Алтай язгуурын хэлийг Энэтхэг, Европ хэлний түвшинд хүргэсэн хэмээн тодорхойлж байна. Яг энэ чиглэлээрээ дэлхийн анхны компани юм байна. Хамгийн гол нь монгол залуучууд хиймэл оюун ухааны салбарт хэзээ нэгэн цагт томоохон тоглож болно гэдгийг батлан нотолж өглөө.
Олон улсын хэмжээнд түгээмэл хэрэглэгддэг англи, франц, герман, орос, хятад зэрэг хэлний цахим хөгжилд дорвитой дэвшил гарч мобайл төхөөрөмжүүдээр дамжин хэрэглээнд хэдийнэ нэвтэрч эхэлснийг бид мэднэ. Харин хэрэглээний хүрээ хязгаарлагдмал буюу цөөн хүн ярьдаг хөмрөг багатай хэлнүүдийн хувьд тус технологи бэрхшээл ихтэй байсан. Үүнд монгол хэл багтана.
Энэ бэрхшээлээс гарч эх хэлээ дэлхийн түгээмэл хэлний зиндаанд аваачиж тавих анхны бөгөөд үр дүнтэй оролдлого нь энэхүү Чимэгэ систем болж байна.
Тодруулбал, “Болорсофт” компани өнгөрсөн жилээс Монгол хэлний дуу яриа боловсруулах системийг хөгжүүлсээр "ЧИМЭГЭ" хэмээх Монгол ЯРИА ТАНИХ СИСТЕМ буюу ЯРИАНААС БИЧВЭР ҮҮСГЭХ системийн анхны туршилтын хувилбараа танилцуулж хэрэглээнд оруулж байна. “Чимэгэ системс” нь 2019 онд байгуулагдсан Монголын start up компани бөгөөд хүний хэл яриаг хиймэл оюунаар боловсруулах технологийн суурь шийдлийг хөгжүүлж байна.
Энэхүү систем нь Монгол хэлний хувьд олон нийтэд турших боломжтойгоор танилцуулсан хувилбар гэдгээрээ онцлог юм. Энэхүү систем одоогоор энгийн монгол бичвэрийг 86%, англи бичвэрийг 95% зөв таньж байгаа. Монгол хэлний яриа таних чадварыг 95 хувьд хүрсэн. Ингэснээр монголчууд компьютертойгоо Монгол хэлээрээ чөлөөтэй ярилцаж харилцах боломжтой болно гэсэн үг юм.
Түүнчлэн энэ программын өөр нэг чадварыг уйгаржин монгол бичгээс кирилл үсэгт хөрвүүлэх чадвар хэмээн тодорхойлж байна.
Чимэгэ системийн хэрэглээ буюу хийж гүйцэтгэх чадварыг тодруулж өгүүлбэл:
- Аудио болон видео бичлэгийг автоматаар бичвэр болгоно. “Чимэгэ бичээч”-ээр яриаг бичвэр болгон буулгахад зардлаа 50-70% хэмнэж, ажлын ачааллаа 60% хөнгөлөн, хүнээс 120 дахин хурдан хүссэн үр дүндээ хүрнэ. Энэ нь хүнээс ярилцлага авч түүнийгээ буулгах гэж ихээхэн цаг хугацаа хөдөлмөр зарцуулдаг манай хэвлэл мэдээллийнхэнд тун хэрэгтэй программ байх нь зайлшгүй.
Түүнчлэн:
-Эргээд бичвэрийг ярианд хувиргана
-Таны яриа болон аудиог Англиас монгол, Монголоос англи руу орчуулна
- Гэр болон байшин барилга доторх үйлдлийг дуу яриагаараа удирдана. “Гэрэл асаа” гэх мэт.
- Аливаа дуудлагад хүнээс өөрцгүй, бүр сэтгэлийн хөдөлгөөнтэй хоолойгоор ярьж хариулна.
- Чимэгэ технологийг ашиглан өөрийн номоо янз бүрийн хоолойгоор уншуулах боломжтой.
- Дэлгэц дээр байгаа бичвэрийг автоматаар уншуулна.
Хиймэл оюун бүхий хэлний цахим боловсруулалт бол компьютер хүний бичсэнийг уншиж, хэлснийг сонсон бичиж, улмаар хүний хэлийг ойлгон харилцан ярьж чадах хүртэл түвшинд хувьсан хөгжиж байгаа технологи юм. Гэхдээ, англи, хятад зэрэг олон сая хүн харилцдаг хэлээр л хэрэглээнд орж байна. Харин “ЧИМЭГЭ СИСТЕМС” монгол хэл болон бусад цөөн хүн амтай улс үндэстний хэлний хувьд, ийм боломжийг дэлхийн түвшинд бүтээнэ хэмээн зорьж байна.
П.Булган
Сэтгэгдэл бичих