ЖДҮХС-гаас зээл авч, АТГ-т шалгагдсан гишүүд эхнээсээ ял авсаар байна. Тодруулбал, өмнөх парламентын дөрвөн гишүүнийг ЖДҮХС-г цөлмөсөн хэрэгт буруутган, Улсын Ерөнхий прокурорын газраас бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан ч УИХ дөрвөн гишүүнээ "ширлэн" авч үлдэж байв.
Харин хуулийнхан хууль дүрмээ баримталсаар тэдний бүрэн эрхийг дууссаны дараа УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг гэм буруутайд тооцож ял оноосон. Харин гишүүн асан Л.Энхболдын хэргийг өнөөг хүртэл АТГ-т шалгасаар байгаа аж. Түүний хэрэг хэрхэн шийдэгдэхийг олон нийт анхааралтай ажигласаар байна. Гэтэл Л.Энхболд нь шүүхийн хаалга татаж, хэргээ дэнслүүлэх учиртай байтал урдаа барьдаг төрийн өмчит цөөхөн компанийн нэг, төсөв хөрөнгөөрөө томоохонд тооцогдох “Эрдэнэс Монгол”-ын дэд захирлаар томилогдохоор яригдаж буй сураг зарим хэвлэл болон сошиал сүлжээгээр өнгөрсөн өдрүүдээс гарч эхэллээ.
МАН-ын энэхүү томилгоонд иргэд төдийгүй улстөрийн хүрээнийхэн ч өөрсдөө эгдүүцэж байна. Учир нь төрөөс олгогддог багахан хүүтэй энэхүү зээлд иргэд тэр бүр хамрагдаж чаддаггүй учир банкнаас, ББСБ-аас өндөр хүүтэй зээл авч амжиргаагаа залгуулдаг. Гэтэл эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, ЖДҮХС-гаас их хэмжээний зээл авсан хэрэгт шалгагдаж байгаа хүн "Эрдэнэс Монгол"-ын дэд захирлаар томилогдож, "Эрдэнэс Монгол"-ыг мөн цөмлөх нь үү гэсэн шүүмжлэлийг дагуулж байна.
Жирийн жижиг дунд бизнес эрхлэгчдийг төр дэмжих гэж гаргасан зээлийг мэдээлэлд ойр, эрх мэдлээ ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон хэрэг нь дуусаагүй байхад дахин нэг томоохон компанийн дэд захиралд "шунаж" яваа нь энэ хүнийг хэр ёс зүйтэй хүн бэ гэх асуултын хариултыг иргэд эрэлхийлж эхлээд байна.
МАН 2020 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан. Улмаар намын дарга томилгоондоо ихэд анхаарч, салбар бүрт мэргэжлийн хүнийг томилсон нь иргэдийн талархал, итгэлийг ихээхэн хүлээсэн. Тиймээс эдийн засагт өндөр ач холбогдол үзүүлдэг энэхүү томоохон газрын дэд даргад иргэдийн халаасыг "хумслагч" хүнийг томилохгүй байх гэсэн хүлээлт байна.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Хулгайч л бол хулгайч.