ДАВАА, May 25, 2020

Б.Мэргэн: Сайд Ц.Нямдорж төрийн нууц хууль бусаар олж авсан, задруулсан

5/ 4/ 2020    13 цаг 59 минут

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр яллагдсан гурван хүнийг мөрдөн шалгах үедээ эрүүдэн шүүсэн гэх хэрэгт шалгагдаж байгаа иргэн Б. Хурц нарт холбогдох шүүх хуралдаан УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө болно гэсэн таамаглал бий. Энэ талаар иргэн Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэнтэй ярилцлаа.

-Эрүүгийн хуульд хэргийг хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой болон бусад нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүнийг дагаж мөрдөх журмын тухай буюу хэрхэн хэрэглэх хууль нь Үндсэн хууль зөрчсөн тухай мэдээллийг нэр бүхий иргэд Үндсэн хуулийн Цэцэд гаргасан. Энэ маргаан хэзээ шийдэгдэх вэ? Анхан шатны шүүх хурлын тов зарлагдсан уу?

-Шүүгдэгчдийн өмгөөлөгч нар Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөөгүй учраас Улсын дээд шүүхэд гомдол гаргасан юм. Гэтэл хэргийг хяналтын шатны журмаар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзсэн тогтоол гарч, анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр шилжүүлсэн. Яг долоо хоногийн өмнө буюу 4 сарын 27-ны өдөр шүүгдэгчид өмгөөлөгчдийн хамтаар Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр очиж, Улсын Дээд шүүхийн тогтоолтой танилцсан. Анхан шатны шүүх товоо зарлаад хуралдаан болохоос гурваас доошгүй хоногийн өмнө бидэнд мэдэгдэх ёстой. Гэхдээ түүнээс өмнө шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн асуудал бий. Тухайлбал, УИХ 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд хэргийг хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой болон бусад нэмэлт, өөрчлөлт оруулсан. Харин түүнийг дагаж мөрдөх журмын тухай буюу хэрхэн хэрэглэх хууль нь Үндсэн хууль зөрчсөн тухай мэдээллийг нэр бүхий иргэд Үндсэн хуулийн Цэцэд гаргасан тул маргаан үүссэн байгаа. Нэгэнт маргаан үүссэн тохиолдолд тухайн маргаантай заалтыг хэрэглэж хэргийг шийдэхээр байгаа бол Цэцийн шийдвэр эцэслэн гартал хэргийг түдгэлзүүлдэг хуультай. Ийм шалтгаанаар улсын хэмжээнд нэлээн олон хэрэг түдгэлзсэн байдалтай байна. Таны асуусан хэргийн хувьд ч ийм асуудал үүссэн учраас анхан шатны шүүх хэргийг түдгэлзүүлэх эсэхээ шийдвэрлэх шаардлагатай. Хэрвээ хэргийг түдгэлзүүлэлгүй шийдэх нь зүйтэй гэж үзвэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийх ёстой. Түүний дараагаар үндсэн хэргээ шийдэх шүүх хуралдааныг товлоно. Бидний хувьд хүлээлтийн байдалтай байна гэсэн үг. 

-Энэ хугацаанд шүүгдэгчдийн өмгөөлөгчид Улсын Дээд шүүхэд хандсан, тэндээс гарсан захирамжийг эсэргүүцсэн гэх мэт олон үйл явдал болж өнгөрлөө. Одоо энэ бүхэн ямар шатанд явна вэ?

-Өнгөрсөн оны наймдугаар сард Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр эдгээр есөн шүүгдэгч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хохироосон гэм буруутай эсэхийг шийдвэрлэх хуралдаан болсон. Зургаан хоногийн турш өглөө 9-өөс оройны 22 цаг хүртэл өдөржин хуралдсаны эцэст“Мөрдөгч, прокурорын цуглуулсан нотлох баримтууд нь хэргийг үнэ зөв шийдвэрлэхэд хангалтгүй байна. Өөрөөр хэлбэл, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалган шийдвэрлэхийн тулд зарим зүйлийг тодруулах, дахин нотлох баримт цуглуулах, тодорхой хүмүүсийг шалгах шаардлагатай” гэсэн үндэслэлээр хэргийн талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Гэвч прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй буюу хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж болно гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн. Улмаар Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаад “Прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх рүү буцаах нь зүйтэй” гэсэн магадлал гаргасан. Үүнийг хүлээн зөвшөөрөөгүй учраас өмгөөлөгчид Улсын дээд шүүхэд гомдол гаргасан юм. Гомдлыг хуваарилагдаж очсон шүүгч хяналтын шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудалд хамаарахгүй гэж үзсэн учраас хяналтын журмаар хэлэлцүүлэхээс татгалзсан. Бидний хувьд уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй учраас хуульд заасны дагуу дахин гомдол гаргаж, гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хэлэлцсэн. Уг хуралдаанаар давж заалдах шатны шүүхийн магадлалд гаргасан өмгөөлөгчдийн гомдлыг хяналтын шатны журмаар хэлэлцэх нь зөв эсэхийг л шийдвэрлэх байсан. Түүнээс биш магадлал зөв эсэхийг шийдэхгүй. 

-Тэгээд ямар шийдвэр гаргав?

-Улсын дээд шүүхээр хэлэлцүүлэх шаардлагагүй гэсэн. Яагаад гэвэл анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдээгүй байна. Эцэслэн шийдээгүй хэрэг дээр хяналтын шатны шүүх дүгнэлт гаргах боломжгүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан юм. Ингээд энэ тогтоолын дагуу анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болж байгаа юм.

          Ж.Батзандан гишүүнийг өмгөөлөгчдийг гүтгэсэн учраас Цагдаад гомдол гаргасан

-УИХ-ын нэр бүхий гишүүд энэ хэргийн өмгөөлөгчид нь шүүгчидтэй хуйвалдаад хугацааг удаашруулаад байна гэж ярьсан. Яагаад ингэж хардах болсон юм бол?

-Тэд ямар учраас тэгж яриад байгааг хэлж мэдэхгүй. Хэлж чадах зүйл гэвэл, энэ бүх үйл явц бусад хэргийн л адил хуульд заасан хугацаанд баригдан явж байгаа. Үндсэн хууль болон эрүүгийн хууль тогтоомжуудад зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, бусад оролцогчид эрх ашгаа хамгаалуулахын тулд тодорхой асуудлаар шат шатны шүүхэд хүсэлт, гомдол гаргах эрхтэй. Шүүх ч гомдлыг тухай бүрт нь шийдвэрлэх үүрэгтэй. Гомдлыг хэд хоногийн дотор гаргах, шүүх түүнийг хэд хоногийн дотор хэлэлцэх вэ гэхчлэн бүгд хуульд заасан хугацааны дагуу л явж байгаа.

Гэтэл УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар гарч ирээд “Өмгөөлөгч нар шүүгчтэй хуйвалдаад хугацааг удаашруулаад байна” гэж ярьсан.Бидэнд хуйвалдаад хуулиас давсан шийдвэр гаргуулах хууль зүйн боломж ч, мэргэжлийн ёс зүй ч байхгүй. Тийм ч учраас тараасан мэдээлэлтэй нь холбоотойгоор өмгөөлөгчдийг гүтгэсэн гэж Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан. Шүүхийн шийдвэрийн дагуу Ж.Батзандан гишүүн гүтгэлэг тараасан хэлбэрээрээ няцаалт хийх ёстой. Харин энэ удаад өмгөөлөгчдийг ч гүтгэсэн. Гүтгэх гүтгэхдээ шүүгчидтэй хуйвалдсан, хэрэв шүүх хуралдааныг хойшлуулахгүй хийвэл ална тална гэж заналхийлсэн гэж Эрүүгийн хуульд заасан авлига, шүүгчид нөлөөлөх, заналхийлэх гэмт хэргүүдийг хийсэн гэж намайг болон бусад өмгөөлөгчдийг гүтгэсэн. Энэ нь худал мэдээлэл тараах гэмт хэрэг гэж үзсэн учраас цагдаад гомдол гаргаж мэдүүлгээ өгчихсөн байгаа. 

-Ц.Нямдорж сайд ч бас хуулиас давсан мэдэгдэл хийсэн. Бүр “Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллуулна” гэж улс төрийн амлалт өгсөн. Энэ нь хариуцлага хүлээх үйлдэл биш гэж үү?

-Үндсэн хуульд “Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх л хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Үүнтэй адил хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү хууль тогтоох дээд байгууллага-парламент л хэрэгжүүлдэг. Парламент Үндсэн хуульд заасны дагуу хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлж байхад хажуунаас нь Засгийн газар “Наад бүрэн эрхийг чинь бид авлаа. Бид хууль тогтооно” гэж болохгүй. Энэ талаарх онолыг аль 17 дугаар зуунд дэлхийн агуу сэтгэгчид болох Ж.Локк үндэслээд, Ш.Монтескье төгөлдөржүүлээд ардчилсан, эрх зүйт төртэй улс болгон хэрэгжүүлж байна. Гэтэл манай улсад болохоор гүйцэтгэх эрх мэдэлд багтдаг Засгийн газрын гишүүн, хууль зүйн салбарт удаа дараа сайдаар ажилласан хүн нь олон нийтийн өмнө гарч ирснээ “Би энэ хэргийг ингэж шийднэ.” гэж амлаж байгаа нь шүүх эрх мэдэл рүү халдаад зогсохгүй, нөгөө “Төр бол би” гэдэг шиг “Шүүх эрх мэдэл бол би” гэж байгаатай адил сонсогдож байгаа юм. Ийм байж хэрхэвч болохгүй л дээ. 

-Ямар хуулийн зүйл заалтыг зөрчсөн гэж үзэх вэ?

-Шүүгдэд нөлөөлж байна гэж үзэж болно. Үндсэн хуульд шүүгч хараат бус байна. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангахын төлөө ажиллана гэж заасан байдаг. Зөрчлийн хуульд зааснаар шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдох нь зөрчил бол Эрүүгийн хуульд шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгчид нөлөөлөх нь гэмт хэрэг байхаар заасан. Улс төрчдийн хувьд хэргийг өөрсдийн хүссэнээр шийдүүлэхийн тулд шүүхэд нөлөөлөөд байна уу гэж хараад байна. Саяхан нэлээн хэдэн цахим хуудаст ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Коронавирусыг шүүх сайхан далимдуулж байна. Шүүхэд очсон хэргүүд бүгд явахаа болилоо. Албаар хугацаа аваад байна...Дээд шүүхийн гадаа өлсгөлөн зарлаад хэвтчихвэл шүүхэд нөлөөллөө гэх байх даа” гэж ярьсан тухай бичсэн байсан. Дараахан нь “Нэхүүл” гэх хөдөлгөөнийхөн дээд шүүхийн гадаа болон талбай дээр 60 тэрбумын хэрэг, Б.Хурцын хэргийг шийд гэсэн лоозон барьчихсан өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн. Удалгүй “Ждү”-г эсэргүүцэж гарч ирсэн “Нэхүүл”-ийнхэн М.Энхболдыг огцруулах Л.Оюун-Эрдэнийн тэмцэлд нэгдээд, дараа нь Чингисийн хөшөөний урд төрийн шагналаа барин зургаа авахуулсан талаар зурагтай мэдээлэл мөн л цахим хуудсуудаар гарсан. Нөгөө анх эсэргүүцэж байсан “Ждү”-ийнхээ талаар самбартаа огт бичээгүй байна лээ. Хоорондоо холбоотойг мэдэхгүй ч яагаад Л.Оюун-Эрдэнэ өлсгөлөн зарлах тухай яриад л, ардаас нь тэр асуудлаар нь “Нэхүүл” хөдөлгөөн өлсгөлөн зарлаад байгаа нь сонирхолтой л юм. Энэ мэт байдлаар улстөрчид шүүхэд нөлөөлөх гэсэн оролдлого маш их гарах болсон. “Хэргийг шийдэхгүй удаад байна, хурдан шийдээчээ” гэж байгаа бол нэг хэрэг. Харин “Миний хүссэнээр шийдэхгүй бол шүүх шударга бус гэсэн үг. Ингэж шийднэ, тэгж шийднэ” гэж байгааг бол шүүхэд нөлөөлж байна гэж үзэхээс аргагүй. 

                       Б.Хурц сонгуульд өрсөлдөнө гэж зарлаагүй ч эрх нь нээлттэй

Бидний хувьд сонгуулийн өмнө эвсэл хойно хэргийг шийдүүлье гэх санаа байхгүй. Хуульд заасан журмыг баримтлаад цэвэр мэргэжлийн дагуу ажлаа хийж байгаагаа энд зориуд онцолъё. Нөгөө талаас ч сонгуулийн өмнө шийдүүлэх гээд байна гэж хардахад хэцүү. Яагаад гэвэл дээр дурдсанчлан хохирогч, шүүгдэгч, тэдний өмгөөлөгчид, прокурор гээд бүгд л хуульд заасны дагуу хүсэлт, гомдлоо гаргаад тэрийг нь шүүх тухай бүрт нь шийдвэрлээд процесс яг л хуулийн хугацаагаа баримтлан явсаар өдийг хүрсэн. Тэр л зарчмаараа явагдаад хэрэг хэзээ сонгуулийн өмнө эсвэл хойно хэзээ ч шийдэгдэж болно шүү дээ. 

-Таны үйлчлүүлэгч иргэн Б.Хурц энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвших тухай яриа байдаг. Хэрэв сонгуульд нэр дэвшихээр бол эрх нь түүнд нээлттэй юу?

-Бие даагчаар нэр дэвших эрх бол бүгдэд хаалттай, хуульд заасан хугацаа нь дууссан. Намаас нэр дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 10-15-ны өдрийг дуустал явагдана. Үүнд багтаж нэр дэвших боломж нь нээлттэй. Миний үйлчлүүлэгчийг сонгуульд нэр дэвшинэ гэсэн мэдээлэл энд тэнд харагдаж л байдаг. Сонгох, сонгогдох нь иргэн бүрт Үндсэн хуулиар олгогдсон эрх. Шалгагдаж байгаа хэрэгтэй холбоотойгоор нэр дэвших эрхгүй юм биш үү гэж асууж байгаа бол хэргийг шүүхээс эцэслэн шийдэх хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй. Тэгэхээр аль ч талаас нь бодоод үзсэн сонгуульд нэр дэвших эрх нь бол нээлттэй. Миний хувьд тодорхой хэрэгт өмгөөлөгчийн ажлаа л хийж байгаа болохоор нэр дэвших эсэхийг нь мэдэхгүй, хүний өмнөөс хариулах боломжгүй л дээ. Гэхдээ саяхан сонирхоод асуухад “Тийм зүй байхгүй ээ” гэж байна лээ.

    Эрүүдэн шүүсэн гэж тогтоогдсон ч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах үндэслэл болохгүй

-Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах хөдөлгөөн хүртэл өрнөлөө. Ямар тохиолдолд тэдийг суллах боломж үүсэх вэ. Одоо болох шүүх хурлын шийдвэр үүнд хэрхэн нөлөөлөх вэ?

-Энэ хэргийн хувьд шүүх хуралдаан болоод эрүүдэн шүүсэн гэдэг нь тогтоогдвол гэм буруутай хүмүүс хариуцлагаа хүлээнэ. Гэхдээ ингэснээрээ Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар С.Зоригийн хэрэгт буруугүй гэсэн үг биш учраас шууд суллагдана гэсэн ойлголт байхгүй. Хоёр тусдаа хэрэг учраас тэр. Харин С.Зоригийг хэргийг шалгахдаа эрүүдэн шүүж мэдүүлэг авсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдвол хэргийг сэргээн шалгах хүсэлтийг хүлээж авсан прокурор шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор хэрэг үүсгэн, тодорхой ажиллагаануудыг хийсний дараа Улсын Дээд шүүхэд “Шинэ нөхцөл байдал илэрлээ. Яагаад гэвэл та нар энэ хүмүүст ял өгсөн үндэслэл чинь эрүүдэн шүүж байгаад авсан мэдүүлэг юм байна. Тиймээс дахиад энэ хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай байна” гэсэн хүсэлт гаргана. Хэрэв шүүх үнэхээр “шинээр илэрсэн нөхцөл байдал” гэж үзвэл хэргийг дахин шийдвэрлэж болно. Гэхдээ энэ нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах шууд үндэслэл бас болохгүй. 

- Яагаад?

-Улсын дээд шүүхээс тогтоосон харъяаллын дагуу хүлээн авсан шүүх хэргийг шийдвэрлэхээр дахиад хуралдаан хийнэ. Тэгээд эрүүдэн шүүж байгаад авсан мэдүүлэг нь энэ хүмүүст ял өгсөн үндэслэл нь мөн эсэхийг тогтооно. Магадгүй тэр мэдүүлэг биш өөр нотлох баримтуудаар ял өгсөн бол яах вэ гэдэг талаас нь ч шалгана. 

-Эрүүдэн шүүж байгаад авсан мэдүүлэг биш, өөр нотлох баримтаар ял өгсөн бол яах вэ?

-Эрүүдэн шүүж байгаад авсан гэх мэдүүлгийг нотлох баримтаас хасаж байгаад хэргийг хэлэлцэхэд бусад нотлох баримтаар хүн амины хэрэг хийсэн нь тогтоогдож байвал Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар суллагдах боломжгүй. Өөрөөр хэлбэл, С.Зоригийн амь насын хөнөөсөн хэрэгт гэм буруутай гэж үзсэн нь зөв байна л гэж шийднэ. Гэхдээ энэ бүх процесс миний үйлчлүүлэгч болон бусад шүүгдэгч эрүүдэн шүүсэн гэмт хэрэгт буруутай нь тогтоогдсон тохиолдолд л өрнөнө гэдгийг анхаараарай. Үүнийг тодруулахгүй бол асуултад тань хариулсаар байгаад аль хэдийн эрүүдэн шүүсэн нь тогтоогдчихсон, түүнд нь Б.Хурц гэдэг хүн буруутай юм шиг сэтгэгдэл төрөхөөр болчих гээд байна. 

          Захиалагчийг илрүүлчихсэн гэдгийг ХЗДХ-ийн сайд ам алдчихсан шүү дээ

-Би хуульч биш болохоор олон нийттэй ижил мэдээлэлтэй байна. Тухайлбал эрүүдэн шүүсэн гэх газарт тэгж тод бичлэг үлдээх камер байгаагүй, эрүүдэн шүүсэн этгээдүүдийн цацсан зүйл нь шээс баас биш тэс өөр зүйл, бодис байсан, энэ бичлэг бол хууль зөрчиж олсон нотлох баримт байсан гэхчлэн янз бүрийн мэдээлэл хүлээж авсан. Үүнийг яаж тогтоох вэ?

-Үүнийг хэргийн материалд хэрхэн тогтоосон, тэр нь үндэслэлтэй эсэх, хуулийн дагуу бүрдүүлсэн нотлох баримт уу, эвсэл хууль зөрчиж олсон нотлох баримт уу гэх зэрэг бүх зүйлийг өмгөөлөгч ярих боломжгүй. Энэ хэрэг маш нууцын зэрэглэлтэй. Бид маш нууц материалыг задруулахгүй гэдэг баталгаа гаргаж өгдөг. Задруулбал Эрүүгийн хуульд заасан ялтай. Тиймээс ярих боломжгүй. 

-Маш нууцын зэрэглэлтэй хэргээр шүүгдээд, шүүхээс авсан олон жилийн ял нь мөн л нууцын зэрэглэлтэй. Тэр хооронд юу болж байгааг хэн ч мэдэхгүй, хэлмэгдсэн эсэхийг ч мэдэхгүй өнгөрөх нь гэж байтал цагаатгаад суллагдчихсан тодорхой тохиолдол байна. Ийм процессоор явчих юм биш биз?

-Маш нууц зэрэглэлтэй гэсэн шалтгаанаар хүний эрхийг зөрчдөг, тэр тухай улс төрчид болохоор үнэн худлаа нь мэдэгдэхгүй зүйл ярьж өөрсдөдөө давуу тал үүсгэдэг, өмгөөлөгчид ярих гэхээр төрийн нууц задруулсан хэрэгт орох гээд болдоггүй нөхцөл байдал түгээмэл болсон. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрэм болон холбогдох бусад хууль тогтоомжид өмгөөлөгч ямар тохиолдолд үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд хэвлэлд хандах, хэзээ, юу ярихыг заагаад өгчихсөн байдаг. Жишээ нь, үйлчлүүлэгчийн маань эрх зүйн байдлыг дордуулсан худал мэдээллийг хэн нэгэн этгээд олон нийтэд тараагаад байвал түүнийг нь залруулахын тулд хуульд заасан хязгаарт багтаан мэдээлэл, ярилцлага өгөх эрхтэй. 

Одоо өмгөөлж байгаа хэрэг маань төрийн маш нууц зэрэглэлтэй. Өмгөөлөгчдөөс нууцын баталгаа авчихсан. Зөрчвөл эрүүгийн хуульд заасан ял оногдуулна. Бид 16 мянга орчим хуудас хавтаст хэрэгтэй 2-7 хоногт багтаан танилцаад, тэмдэглэл бичсэн дэвтрээ шүүх дээр үлдээсэн. Маш нууц хэрэг учраас тэмдэглэлийн дэвтрээ ч авч явж болохгүй, шүүх хуралдаан дээр ирж хальт харсан болоод тэд дэх хавтасны тэд дэх хуудас гээд компьютер шиг цээжээр ярих хэрэгтэй болсон. Шүүгч, прокурор, шүүгдэгч, хохирогч, гэрч, цагдаагийн ажилтнууд гээд 40 орчим хүн жижигхэн зааланд хуралдаанд оролцож байсан учраас өмгөөлөгчид тохой хөдөлгөж болохгүй зайнд шахцалдан сууж байлаа. Танхимын цонхыг онгойлгох гэхээр цонхны доор хүн сонсчихвол нууц алдагдана гээд зөвшөөрөхгүй. Агааржуулагч ажиллуулах гэхээр дуу чимээнд нь оролцогчдын яриа дарагдчихна. Төрийн нууцыг хадгалахын тулд ийм л хүнд нөхцөлд өмгөөлөгчид 6 өдөр 72 цагийн турш ажилласан. Зарим настай өмгөөлөгч нарын даралт ихэссэн тохиолдол ч гарсан боловч эм уугаад үргэлжлүүлэхийг шаардсан. 

Гэтэл Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж нарын улс төрчид болохоор хэргийн талаар мэдээд байдаг. Түүнийгээ хэвлэлийн хурал зарлан байж олон нийтэд тараагаад байдаг. Хуулиараа тэд мэдэх эрхгүй, боломж ч байхгүй. Мэдлээ гэхэд задруулах эрх бүр байхгүй. Гэтэл яаж мэдээд байна вэ, яагаад хариуцлага хүлээхгүй байна вэ? Тэгээд нэмж хачирлаад олон нийтэд дэлгээд байдаг. Фэйсбүүк, твиттер зэрэг олон нийтийн сүлжээгээр явж байгаа худал ташаа мэдээллийг нь иргэд шууд үнэн зөв мэтээр хүлээж аваад давалгаа үүсгэж, тэр нь шүүх шийдвэр гаргахад нөлөөлдөг болчихсон. Өмгөөлөгчид болохоор төрийн нууц задруулж болохгүй гээд хуулиа баримтлан чимээгүй суугаад байхаар иргэн нэг талын мэдээлэлд итгэх нь аргагүй л дээ. 

-Гэхдээ нууцын зэрэглэлээс нь гаргах хүсэлтийг ҮАБЗ-д тавьсан?

-Аливаа мэдээллийг тодорхой зорилготойгоор л төрийн нууцад хамааруулдаг. Тухайлбал, улс төрийн хэрэг учраас хөндлөнгийн нөлөөлөл орох болон бусад шалтгаанаар хэргийг илрүүлэхэд саад болохоос сэргийлж, С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг төрийн маш нууцад хамааруулсан. Эсрэгээрээ зорилго нь биелж, нөхцөл байдал өөрчлөгдсөний дараа төрийн нууцыг ил болгодог хуультай. Онолын хувьд ч тийм. С.Зоригийн хэргийн хувьд гурван шатны шүүхээр эцэслэн шийдэж, гэм буруутай этгээдүүд ялаа эдэлж байна. Өөрөөр хэлбэл, төрийн нууцад хамааруулсан зорилгодоо хүрчихсэн гэсэн үг. Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ гэдэг шиг энэ хорь гаруй жилийн хугацаанд С.Зориг агсны нэрийг улс төрчид өчнөөн удаа худалдаж идлээ. Манай нам ялбал, би гишүүн болвол хэргийг илрүүлнэ, эсвэл эсрэг талаа энэ хэрэгт холбогдлуулан дарж авдаг гэх мэт тохиолдол гарсаар ирлээ. Одоо ч энэ байдал үргэлжилсээр л байна. Тэгэхээр нэгэнт зорилгодоо хүрсэн тул хэргийн материалыг ил болгож, олон нийтийн эргэлзээг тайлах хэрэгтэй. Хэрвээ захиалагчтай нь холбоотой нууцалж байгаа гэх гэвэл захиалагчийг илрүүлчихсэн гэдгийг хууль зүйн сайд нь нэгэнтээ ам алдчихсан шүү дээ. Тэр нь үнэн бол өөрөөр хэргийг нууцлаад байх шалтгаан байхгүй. 

Харин эрүүдэн шүүсэн гэх хэргийн хувьд миний өмнө нь хэлсэнчлэн нэр бүхий улс төрчид хэргийн талаар тодорхойгүй байдлаар мэдээлэлтэй болчихоод үнэн худал нь мэдэгдэхгүй иргэдийн толгойг эргүүлж, шүүхэд нөлөөлөөд байгаа бол өмгөөлөгчид залруулах гэхээр төрийн нууц гэсэн шахалтад орчихоод үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалж чадахгүй харилцан тэнцвэргүй нөхцөл байдал бий болчихоод байна. Тиймээс аль аль хэргийг нь нээлттэй болгож байгаад хэргийг шийдүүлэх зорилгоор өнгөрсөн намар 10 сард ҮАБЗ-д хандсан боловч одоо болтол хариу өгөөгүй байна. Хэрэв хэргийн төрийн нууцаас гаргачихвал шүүх хуралдаанаа ч нээлттэй хийх нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Нэгэнт улс орноороо 20 гаруй жил ярьлаа, эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг ч үзлээ. Тиймээс хэн нь буруутай, хэн нь хэлмэгдээд байгаа ялгаагүй л ард түмнээрээ үзэж харж байгаад шийдвэл энэ хэргүүд эцэслэгдэх боломжтой гэж харж байгаа юм. 

                                             Б.Булганы юу ярьсаныг энд хэлэх боломжгүй

-Эрүүдэн шүүсэн бичлэг гэгчийг УИХ-ын гишүүд, хэвлэл мэдээллийнхэнд үзүүлсэн. Энэ бичлэг хэргийн баримт мөн үү?

-Хавтаст хэрэгт орсон. Одоогоор баримт гэж явж байгаа, үнэхээр баримт мөн эсэхийг нь тогтоосон шүүх шинжилгээний байгууллага дүгнэлтээ гаргаад өгчихсөн. Ямар дүгнэлт гарсныг мөн л хэлэх боломжгүй. 

-Иргэн Б.Булган энэ удаад шүүх хуралд оролцох уу. Тэр таны үйлчлүүлэгч Б.Хурцтай уулзсан гэх мэдээлэл үнэн үү. Яагаад өгсөн мэдүүлэг нь зөрүүтэй болов?

-Б.Булган эхнээсээ шүүх хуралд оролцоод явж байгаа. Энэ удаагийн хуралд оролцох эсэхийг тэр өөрөө болон түүний өмгөөлөгч л мэдэх байх. Хүсвэл өөрөө хүсэлт гаргаад оролцохгүй байх боломжтой. Өмгөөлөгчөөс нь асуух нь зүйтэй байх. Миний үйлчлүүлэгч Б.Хурцтай Б.Булган уулзаагүй. Б.Булганы ярьсан зүйлийг энд бас ярих боломжгүй, хэргийн материал дунд байгаа гэдэг шалтгаанаар. Зөрүүтэй мэдээлэл өгсөн бол үнэн нэг л байдаг учраас нөгөө нь худал болно. Тиймээс зөрүүтэй мэдээлэл өгсөн тохиолдолд аль нэг мэдээлэл нь худал болж “худал мэдүүлэг өгсөн” гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээнэ. 

-Сүүлийн хэд хоногт таны үйлчлүүлэгч Б.Хурцад холбогдох хэргийн талаар болон уг хэрэг дээр ажиллаж байсан цагдаа, тагнуул, шүүх, прокурорын байгууллагынтодорхой үүрэг хүлээж ажилласан ажилтнуудын талаар нэр бүхий телевизүүдээр нэвтрүүлэг гарч эхэлсэн. Үүнийг удахгүй болох шүүх хуралтай холбоотой гэж та үзж байна уу?

-Тэгж хардаж байна. Угаасаа л шүүх хуралдаан дөхөх тусам хэргийн талаар ярих, нэвтрүүлэг гарах нь ихэсдэг. Үүнийг тохиолдлынх гэж бодохгүй байна. Сүүлийн өдрүүдэд “Дуусдаггүй хэрэг” гэх нэвтрүүлэг олон телевизээр гарлаа. Нэлээд зардал гарсан гэхээр нэвтрүүлэг байна лээ. Зүгээр нэг сэтгүүлчийн цэвэр эрэн сурвалжлах нэвтрүүлэг гэж үзэхэд эргэлзээтэй. Нэвтрүүлгийн үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нар маш нууц хэргийн материалаас илэн далангүй ярьж харагдсан. Ингэж болохгүй шүү дээ. Энэ чинь төрийн нууц хууль бусаар олж авсан, задруулсан гэмт хэрэг. 

Тухайлбал, Ц.Нямдорж “Би хэдийгээр сайдынхаа ажлыг өгчихсөн байсан ч хуулийнхан надад итгэдэг итгэл гэж юм байгаа учраас надад Амгаланбаатар шоронгоосСодномдаржаад бичсэн 260-аад мессеж, Чимгээд бичсэн 30-аад мессежийг уншуулсан. Тэр мессеж дотор хэргээ хүлээ гэх мэт зүйлс байсан. Булган 10 сар хоригдохдоо гуравхан удаа мэдүүлэг өгсөн. Гурван удаа мэдүүлэг өгөхдөө “эд нар чинь хүн алсан хүмүүс бишээ” гэж хэлсэн. Нүүрэлдүүлсэн. Дахиад тэрийгээ хэлсэн. Тэгэхээр нь суллачихаад шүүх хуралд оруулалгүй Булганы дээр мэдээлсэн ам зургаар энэ хүмүүсийг шийтгээд хаясан. Яагаад шүүх хуралд оруулаагүй юм бэ гэхээр Булган энэ хэргийг ингэж хүчээр шийдвэрлэхэд тус биш ус болох мэдүүлэг гаргасан учраас юу ч биш болгоод хаячихсан” гэж ярина лээ. Өөрөөр хэлбэл, цагдаа, прокурорынхон надад төрийн маш нууц хэргийн материалыг үзүүлдэг, ийм ийм зүйл болсон гээд ил тод ярьчихлаа шүү дээ. Үүнийг л төрийн нууц хууль бусаар олж авсан, задруулсан гэхгүй юм бол өөр юуг тэгж үзэх юм бэ. 

С.Оюунцэцэг өмгөөлөгч нэвтрүүлгийн үеэр “Чимгээгийн хувьд нэг удаа мэдүүлэг өгөхдөө хэрэг хүлээсэн мэдүүлэг нэг ч удаа өгч байгаагүй. Би ямар ч гэм буруугүй мөртлөө энд байгаа. Шүүхээр ороод шийдэхээр үнэн зөв нь олдоно байх аа гээд байгаа юм. Шүүх Амгаланбаатарын хэргээ хүлээсэн мэдүүлгийг гол болгож шийдсэн. Миний үйлчлүүлэгчийг харж үзсэн гэж нэг эмэгтэй мэдүүлэг өгсөн. Тэгээд шүүх хуралд орж ирээд “Миний харсан хүн биш байна. Энэ хүн чинь өндөр нуруугаараа ч таарахгүй юм байна, царай зүсээрээ ч таарахгүй юм байна гээд өмнө нь өгч байсан мэдүүлгүүдээ няцаасан” зэргээр хэргийн материалаас болон шүүх хуралдааны явцаас ярьсан нь төрийн нууцыг задруулсан гэж үзэхээс аргагүй. 

Бид энэ талаар хууль сахиулах байгууллагуудад удаа дараа гомдол гаргасан боловч нэг нь ч шийдэгддэггүй, хариу ч өгдөггүй. Тийм ч учраас нэгэнт нэг тал нь хэргийн материалыг задруулаад байгаа юм чинь хэргийг ил болгож, шүүх хуралдааныг нээлттэй хийе гэдэг санал гаргаад байгааг дахин хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье!

Нийтлэлч: У.Оргилмаа



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.26.193.81Зочин   • 5 сарын 7. 19 цаг 01 минут

bulgan gej zonoson avgai mongond durtai yu gej yarina

ШИНЭ МЭДЭЭ

Теле хичээлийн 7 хоногийн хуваарийг хүргэж байна12 минут 46 секундын өмнөС.Баярын биеийн байдлаас болж шүүх хурлыг хойшлууллаа21 минут 46 секундын өмнөЯпоны Засгийн газраас манай улсад төслийн бус буцалтгүй тусламж үзүүлнэ27 минут 56 секундын өмнөБага насны хүүхдүүд цонхоор унасан байсныг эмнэлэгт хүргэжээ47 минут 15 секундын өмнөМах хүнс байхаа болих уу48 минут 59 секундын өмнөОХУ-аас оюутнуудаа өнөөдөр татан авна50 минут 28 секундын өмнөУОК өнөөдөр хуралдаж хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэнэ1 цаг 1 минутын өмнөЦ.Сандуй, А.Ганбаатар нарыг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ1 цаг 1 минутын өмнөС.Баяр нарын 7 хүнд холбогдох шүүх хурал эхэллээ1 цаг 2 минутын өмнөӨнөөдөр УОК хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг шийднэ1 цаг 3 минутын өмнөЯпоны эрх баригчид даваа гаргаас онцгой байдлын дэглэмийг бүрэн цуцална1 цаг 5 минутын өмнөМЭДЭГТҮН, САХИГТУН:Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөдөр  12.00 цагаас эхлэн дагаж мөрдөнө1 цаг 16 минутын өмнөМАН-ыг “мандуулах”  эмэгтэйчүүдийн шинэ үеийн төлөөллүүд1 цаг 36 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 49 минутын өмнөБHCУ-ын Элчин caйдын яaм шинэ мэдэгдэл гapгaлaa2 цаг 19 минутын өмнөМонгол Ардын Нам хүчээ нэгтгэх хандивын аяныг эхлүүлжээ2 цаг 23 минутын өмнөАжиглалтад байсан нэг хүн халуурч ХӨС ҮТ-д шилжлээ5 сар 24. 11:42Өнөө, маргаашдаа зарим нутгаар  бороо орно5 сар 24. 11:38Дахин хоёр хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 32 боллоо5 сар 24. 11:31Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдсон шүүгч нарын хэргийг шийдвэрлэлээ5 сар 23. 12:11"Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдаанд “MGL E&C” дизайнерс багийн бүтээл тэргүүллээ5 сар 23. 11:32"Алуурчин авлига"5 сар 23. 10:02САЙН МЭДЭЭ:Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын эхний 30 километр замыг барьж дуусгалаа5 сар 23. 9:57Спенсер Динуидди “мэдэмхийрэв”5 сар 22. 14:21 Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийг нэр дэвшүүлэв5 сар 22. 13:27АТГ:А.Адьяасүрэнд хэрэг үүсгэн шалгаагүй5 сар 22. 13:11Наадмыг хөл хөдөлгөөн, бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулахаар болов5 сар 22. 12:59Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хурал болно5 сар 22. 12:57Коронавирусийн вакцин бүтээхээр 120 гаруй байгууллага ажиллаж байна5 сар 22. 12:20Их Британид гидроксихлорохин эмийг туршиж эхэлжээ5 сар 22. 9:40Нэр дэвшигчдийн батламжийг зургаадугаар сарын 2-нд албан ёсоор гардуулна  5 сар 22. 8:55Ирэх Даваа гарагаас хэрэгжиж эхлэх ҮНДСЭН  ХУУЛИЙН нэмэлт өөрчлөлтүүд5 сар 22. 8:50Үйлдвэрлэгчид 238.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлжээ5 сар 22. 8:36ХБНГУ-д суугаа ЭСЯ-наас амьсгалын 20 ширхэг аппарат нийлүүлнэ5 сар 22. 8:26 647 нэр дэвшигч хөрөнгө орлогоо мэдүүлжээ5 сар 21. 13:17ЭМЯ:КОВИД-19 шуурхай мэдээллийн системийг бүтээлээ5 сар 21. 11:40ЦУВРАЛ 2: Сэжигтэн, яллагдагчаар татагдсан ч УИХ-д өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн "ЭРХМҮҮД"5 сар 21. 11:06ОХУ-аас иргэдээ татан авах ээлжит ажиллагааны бэлтгэл ажил хийгдэж байна5 сар 21. 10:29Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрынхан ямар учраас ТББ-ын даргаар дайлуулав5 сар 21. 10:27УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэгчдийн баримт бичгийг хүлээн авах хуулийн хугацаа өнөөдөр дуусна5 сар 21. 10:15
© 2018 toim LLC. Facebook Twitter Youtube