Зариг.мн сайт энэ оны нэгдүгээр сарын 21-нд PARKVIEW хотхоны 752 дугаар байрны дугаар тоотод цугларсан хуулийн байгууллагын хэсэг хүний бичлэгийг цацсан нь олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүллээ. Тус сайтад тэмдэглэснээр бол СБД-н Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, Улсын дээд шүүхийн ТГ-н ХНХ-ийн дарга асан Д.Отгонбаатар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан Б.Баасанцогт, Авлигатай тэмцэх газрын ажилтан П.Чулуунбаатар, СБД, ЧД, БЗД-ийн шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр нарын хүмүүс байсан аж. Тухайн хүмүүс өөрсдийгөө гэр бүлийн найз нөхөд хэмээн тайлбарласан байна лээ. Мэдээж, найз нөхөд хоорондоо уулзаж болохгүй юм байхгүй.
Гэхдээ мөрддөг, ял төлөвлөдөг, шүүдэг хүмүүс найзлах нь бараг муу ёр. ҮАБЗ-ийн ажилтан, шүүгчид, АТГ-ын ажилтан уулзаад явж байна гэдэг жирийн юм биш. Манайд одоо өргөн хэрэглэдэг болсон өнөө “шударга бусын хонгил” гэх асуудалтай ч холбож хардаж болно. Энэ өнцгөөс тэдний хамт байгаа бичлэгийг олон нийт эмзэглэж хүлээж авсан юм. Сүүлийн үед манайд “улс төрийн хоригдол” гэх шинэ нэршил үүссэн. Үүний хамгийн том жишээ нь Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат байна. УИХ-ын гишүүний бүрэн эрхтэйгээ, УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшээд явж байхад нь баривчилж шүүхээр ял өгсөн. Ингэж баривчлахдаа Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл аваагүй, УИХ-д Ерөнхий прокурор санал оруулж шийдээгүй явуулсан байдаг. Энэ бүхэн бол цагаан дээр хараар бичсэн Монгол Улсын хуулиудыг зөрчсөн юм. Түүний хэргийг шийдсэн шүүгч нь тухайлбал, Х.Идэр шүү дээ. Энэ асуудалтай холбоотойгоор Олон улсын парламентын холбоо манай улсад хэрэг нээгээд явж байгаа. Өмнө нь төр, нийгмийн нэр зүтгэлтэн С.Зориг агсны амь насаа алдсантай холбоотойгоор манайд хэрэг нээж байсан юм билээ. Хэрвээ манай улсын шүүх, хуулийн байгууллагууд хүний эрхийг дордуулж, илтэд улс төрийн захиалгаар ажилласан нь тогтоогдвол бид олон улсын хориг арга хэмжээнүүдэд ч орно. Өнөө хар, саарал гэдэг жагсаалтууд чинь хаяанд байна гэсэн үг. Олон улсын хэмжээнд ингэж өндрөө авсан асуудлыг шийдсэн шүүгч нь АТГ-ын ажилтан, ҮАБЗ-ийн ажилтантай байгаа нь хүмүүсийн дургүйцлийг төрүүлсэн хэрэг.
2015 онд санагдаж байна. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Ч.Гансүх нарыг шүүх хурлын үеэр түүний өмгөөлөгч Ц.Баасандорж “Шүүгч хэрэгт барьцаанд орсон байж болзошгүй байдлаар оролцож байгаа. Учир нь Х.Идэр шүүгчийн ах Х.Тамир прокурор хар тамхины хэргээр АТГ-т шалгагдаж байгаа. Х.Идэр шүүгчийн ахыг Л.Гансүхийн хэрэг шийдэгдэхээс өмнө Ганцхудагт хорьж, дүүд нь хэргийг хуваарилсан. Өөрөөр хэлбэл, Х.Идэр шүүгч Л.Гансүхийг яллавал ах Х.Тамир нь ялгүй гарна. Яллаж чадахгүй бол ах нь шоронд орно гэх барьцаа байхыг үгүйсгэхгүй.Тиймээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхэд хэргийг шийдвэрлэхийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй” гэж шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байсан удаатай. Ердөө нэг шүүгчээр нь жишээ авахад энэ шүү дээ. Улстөрчид холбогдсон хэрэгт мөрдөх ажиллагаа явуулдаг ажилтан хийгээд түүнийг шийддэг шүүгч нарын бичлэг задарсан нь нэгийг бодогдуулахаас аргагүй байгаа биз.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл бичих