ДАВАА, May 25, 2020

Гүнж Диана буюу Солирын хурц гялбаа

5/ 18/ 2020    13 цаг 36 минут

-Түүний амьдрал хоромхон зуур өнгөрсөн ч дэлхийн сая, сая хүний зүрх сэтгэлд хоногшсоор бас дурсагдсаар...-

Тэр аймшигт өдрөөс хойш 23 жил өнгөрчээ. Хүн төрөлхтөн тэр дундаа Английн ард түмэн хайртай гүнжээ алдсанаас хойш… Түүний талаар дэлхийн улс түмэн, алдар суутнууд, хүүхэд залуус энэ хугацаанд бодоогүй, харамсаагүй нэг өдөр үгүй билээ. Тэгвэл Диана гүнжийг нас барснаас хойш 23 жил болж байгаатай холбоотой түүний талаарх дурсамж материалыг уншигч танд хүргэхээр бэлдлээ. Ингээд тэр эгэл жирийн атлаа үзэсгэлэн гоо, ихэмсэг гүнж чухам хэн байв аа…

Энэ бүсгүйн амьдрал Үнсгэлжин охины үлгэртэй ижил төстэй ч төгсгөл нь дэндүү өршөөлгүй хатуу гунигтайгаараа ялгаатай. IV Георгий хааны дараа II Элизабет хатны адуучин, найм дахь Спэнсер тайжийн гурав дахь охин нь болсон Диана эцэг, эхийн эдлэн болох Парк-Хауз шилтгээнд төржээ. Тэдний шилтгээний хажууд Английн үе үеийн хаадын насанд хүрээгүй үр сад амьдардаг Норфолк ордон байдаг.

Дианаг зургаан настай байхад нь эцэг, эх нь салсан бөгөөд түүний ээж болох хатагтай Элторпская нь хожим П.Кид хэмээх нэгэн бизнесментэй гэрлэжээ. Харин эцэг нь салахдаа хүүхдүүдээ өөр дээрээ авсан хэдий ч гэр бүлийн энэ байдал нь Дианад маш том цохилт болсон гэдэг.

Тэр явдлаас хойш удалгүй эцэг нь охиноо “Шинэ Англи” хэмээх хаалттай охидын сургуульд суралцуулахаар болжээ. Диана сургуулиа төгсөөд хэдэн жил Францад сэтгэл зүй судлал, багшлах ур чадвараар үргэлжлүүлэн суралцжээ. Тэрээр Францад байх хугацаандаа сурахын хажуугаар цанаар гулгаж сурч, мөн сувилагчийн дамжааг дүүргэсэн байна. Ингээд Диана Англидаа эргэн ирээд өөрийн сурч байсан “Шинэхэн Англи” сургуульдаа багшлах болов. Яг тэр үед тэрээр Спэнсерийн эдлэндээ хунтайж Чарлзтай танилцсан гэдэг. Чухамдаа Английн хааны сэнтийг залгамжлагч Чарльз, хувь хүний хувьд бүрэн төлөвшсөн, нас нь ч хэвийсэн учраас өөрийн зиндааны хатан хаан болох эхнэр хайж байсан ажээ. Энэ ч утгаараа хатан хааны гэр бүлд Дианаг яг тохирно ч гэж үзэж байлаа. 

Эхэндээ Диана бага зэрэг хуучинсаг үзэлтэй хун тайжийг сонирхож, өөрийн гэсэн гэр оронтой, гэр бүлтэй болох талаар ихэд шохоорхож байжээ. Гэхдээ тэрээр эцэг, эхийнхээ алдааг давтахаас эмээж байлаа. Гэвч хэсэг хугацааны дараа тэр Чарльзд үнэн сэтгэлээсээ дурлаж, харьцаа нь ч улам гүнзгийрснээр сүй тавих нь хүртэл зарлагдлаа. Ингээд тэд 1981 оны долоодугаар сарын 29-нд Гэгээн Павелийн сүмд гэрлэлтээ батлуулж хуримлажээ. Английн хаадууд өөр орноос эхнэр авдаг байсан 300 жилийн уламжлал анх удаа эвдэгдэж англи эмэгтэй хунтайжийн эхнэр боллоо. 

Гэвч гэрлэлтийн анхны өдрүүдээс л эхлэн тэдний хамтын амьдралд ан цав гарч эхэлсэн юм. Үүнд олон шалтгаан бий гэж үздэг. Жишээ нь, хунтайж Чарльзын хувьд эхнэрээсээ 12 ах учраас түүнийхээ сонирхолыг үл ойшооно. Угтаа бол Диана нөхрөөсөө халамж, халуун янаг хайрыг л хүсч байлаа. Гэтэл хуучны хатуу ёс жаягт өсч хүмүүжсэн Чарльз сэтгэл хөдлөлөө хэзээ ч илэрхийлдэггүй нь эхнэрт нь тун хэцүү байжээ. Британийн хаадын удмынханд тэр чигээрээ шингэсэн хүйтэн цэвдэг харьцаа, гэр бүлийн хөндий мэт уур амьсгал зэрэг нь чин сэтгэлээсээ бүхэнд нээлттэй ханддаг Дианад маш холд орших зүйл мэт байлаа. Энэ талаараа ч тэрээр “Би хэзээ ч өөрийгөө хатуу ёс жаягт хүлэгдсэн хатны дүрд төсөөлж чадахгүй “ гэж байв.

Бас нэг зүйл нь гэвэл нижгэр хуримынхаа дараа Диана өв залгамжлагч хүү Уильямыг төрүүлж, эхнэрийнхээ үүргийг сайн биелүүлж байлаа. Харин хоёр дахь хүү Гарриг төрөхөд хунтайж Чарльз “Би шар үстэй хүү биш охинтой л болохыг мөрөөдөж байсан” хэмээн мэдэгджээ. Гэтэл үүнд хоёр хүүдээ ухаангүй хайртай Дианагийн сэтгэл маш эмзэглэсэн байна. Чухам энэ үеэс л эхлэн тэдний харьцаанд гараад байсан цав ангал болон хувирчээ.

Өөр бас нэгэн томоохон асуудал үүссэн нь хунтайж хуучны амраг бүсгүйтэйгээ харьцаагаа сэргээсэн гэх яриа байлаа. ”Насан туршийн минь ганц хайр” хэмээн Чарльзд үнэлэгдсэн Камилла Паркер Боулз хунтайжтай уулздаг боллоо” хэмээн Английн сонин хэвлэлүүд ч бичиж байв. Тэдний харьцааны талаарх мэдээлэл захидлуудын хуулбарыг Диана нууцаар хадгалдаг байсан нь одоо нэгэнт тодорхой болоод байгаа. Энэ ч утгаараа тухайн үед гүнжийн нэр хүнд асар ихээр өссөн ч гэдэг. Тэрээр нөхрийнхээ энэ байдлыг мэдэх тусам улам бүр олны дунд сайхан хувцаслаж, биеэ зөв авч явах болж, өөрийн нарийн мэдрэмж, тэвчээрийг гайхуулж байлаа. Гэвч тэрээр өөртөө улам итгэлгүй болж улам ганцаардсаар… Сэтгэл зүйн хүнд дарамтад орсон тэрээр авралын ганц ч гэсэн үг хайн, амиа егүүтгэхээс ч буцахгүй байсан бөгөөд тэр хүнд үед тайтгарлын гэх нэг ч үг олж сонссонгүй…

Таагүй байдал болоод биеийг зовоох өвчний талаар ганц ч үг унагадаггүй заншилтай Английн хатуу гэр бүлд тэрээр гав ганцаар тэмцсээр байсан юм.

Букенгемийн ордны хатуу жаяг залуухан охины зан авирт нийцэхгүй байсан учраас түүнд эвлэрэх эсвэл өөрийн биеэр бүхнийг даван туулах гэсэн хоёрхон зам байв. Харин Диана гүнж хоёр дахь замыг нь сонгожээ. Тэрээр албан ёсны айлчлалуудад нөхрөө даган явах хэдий ч хэнээс ч үл хамаарах залуу эмэгтэйн цог жавхаалаг амьдралыг харуулж чадаж байлаа. Иймдээ ч Диана өвчин эмгэгээ ялж давахын тулд спортоор хичээллэж, өөрийн хүүхдүүддээ гайхамшигтай тэвчээр хатуужлын үлгэр дууриал болж байв. Үүнээс ч болсон уу хунтайж том болсон хүүхдүүдээ ан авд дагуулан явах болж, цанаар хүртэл гулгаж сургалаа.

Тэрээр өмнө нь хэзээ ч ингэж байсангүй. Чарльз, хань болоод үр хүүхдүүдээ огт анхаарч байгаагүй юм. Ер нь бол Диана өөрийн ах Спэнсерийнхээ хамтаар хүүхдүүдээ хүмүүжүүлсэн гэдэг. Ингээд олон жил өнгөрч хүүхдүүд нь ч өсөж том болохын хэрээр Дианад зав чөлөөгөө ямар нэгэн зүйлд зарцуулах боломж бий болсон байна.

Ингээд 1987 онд ДОХ-той нэгэн залуутай гар барьж байгаа Дианагийн зураг дэлхийн бараг бүх сонин хэвлэлд нийтлэгдэж, мөн тэрээр ДОХ-ын эсрэг бүх нийтийн дэмжлэг туслалцааны нийгэмлэгийн тэргүүн хатагтайгаар өргөмжлөгдөөд зогсохгүй Дэлхийн Улаан Загалмайн нийгэмлэгээс зохион байгуулдаг арга хэмжээнүүдэд байнга хүндтэй зочин болон оролцох болжээ.

Үүнтэй холбоотой тухайн үед “Хаадын гэр бүл өөрсдийн очихоос цааргалсан газрууддаа Дианаг явуулдаг” гэх хов жив гарсан ч тэрээр чин сэтгэлээсээ өвчинд нэрвэгдэгсдэд халамжийн гараа сунгасаар байв. Ийнхүү Дианагийн нэр алдар улам ихээр өсөхийн хэрээр тэрээр нөхрөөсөө аажмаар холдсоор байлаа. Үүнийг тэр өөрөө болон хунтайж ч анзаараагүй байна. Дианагийн юу хүсэж, мөрөөдөж, ямар үйл хэргийн төлөө зүтгэж явааг ойлгохыг ч хүсдэггүй нөхөр нь “алдар нэр хөөцөлдөгч” хэмээн буруутгаж байвч дэлхий даяараа түүнийг хайрлаж байлаа.

1981 оноос хойш Диана, Чарльз хоёр удаа дараа бие биенээ эр, эмийн асуудалд холбогдсонд буруутгадаг байлаа. Энэ нь ч олон түмэнд буруу ойлголт өгч хааны гэр бүлийн нэр хүнд унаж байна гэж үзэгсэд ч их байлаа. Ингээд хатан хаан Элизабет гэр бүлийнхээ нэр төр, уур амьсгалыг аврахын тулд Чарльз, Диана хоёрт хандан нээлттэй захидал илгээсэн юм.

Букенгемийн ордон дахь эвгүй уур амьсгал сонин хэвлэлийн сенсааци болоод байв. Үүргээ нэр төртэй гүйцэтгэж яваа Дианагийн нэр хүнд өсөхийг хааны гэр бүл тэвчиж чадахгүй байлаа. Гэхдээ Диана өөрөөсөө илүү хааны гэр бүлд олны анхаарлыг хандуулах үүргээ ч хөсөрдүүлээгүй юм. Гэвч олон түмний анхаарлын төвд хатан хаан биш, удам залгах үр удам нь биш, зөвхөн Диана гүнж өөрөө байсан билээ. Түүний дур булаам инээмсэглэл, гоо сайхан байдал, төлөв даруу зан чанар зэрэг нь сэтгүүлчдийн анхаарлыг өөрийн эрхгүй татаад зогсохгүй дэлхийн өнцөг булан бүрт түүний алхам бүрийн анхааралтай ажиглаж байсан юм. Хамгийн алдартай улс төрчид, кино дэлгэцийн одууд, хөгжимчид, спортынхон, загвар зохион бүтээгчид гээд түүнийг тойрон хүрээлж, найзалж, нөхөрлөгчид олон. Дианаг ерөнхийлөгчийн танхим болон эмнэлэгт ч тэсэн ядан хүлээж байдаг байлаа.

1993 онд хунтайж, гүнж хоёр тус тусдаа амьдарч буйг Букенгемийн ордноос албан ёсоор мэдэгджээ. Ингэсээр гурван жилийн дараа буюу 1996 оны наймдугаар сарын 29-нд тэдний гэр бүл албан ёсоор цуцлагдсан юм. Их Британийн хааны ордонтой хийсэн гэрээний дагуу 28 сая долларыг Диана хүлээн авч, эрхэмсэг хатагтай хэмээх өргөмжлөлөө хүлээлгэн өгсөн билээ. Харин хүү Уильям нь хааны өв залгамжлах эрхээ алдаагүй юм. Ингээд Диана Кенсингтоны харшид суурьшихаар болов. Гэхдээ энэ байдал нь түүний нэр хүндэд огт нөлөөлөөгүй гэж болно. Харин ч шүтэн бишрэгчид нь түүний талаар улам ихийг мэдэхийг хүсч, энэ байдлаас болон сурвалжлагчид Дианагийн араас мөшгиж эхэлжээ. Нэгэн удаагийн сэтгүүлчдийн овлигогүй ажиллагаанаас болоод олон нийтийг хамарсан бүх ажлаа зогсоохоо мэдэгдэв. Дараахан нь Диана хувийн амьдралаа төвхнүүлэхээр хичээж Нью-Йоркт байр худалдан авахаар төлөвлөөд байлаа.

Гэтэл түүний хувь заяа өөрөөр эргэсэн юм. Египет гаралтай, Английн бизнесмэн Доди Аль-Фейд хэмээх залуу түүний сүүлчийн хайр болов. Гүнж болон түүний хүүхдүүдтэй Францад амарч байх үедээ Доди Дианагаас зөвшөөрөл авсан, удахгүй сүй тавина хэмээн хамаатныхаа нэг хүнд хэлсэн гэдэг. Доди 200 сая долларын үнэтэй эдлэлийг нэгэн банкинд хадгалуулан, хэрэв ямар нэгэн юм болвол Дианагийн хүүхдүүдэд өвлөх гэрээслэл хийсэн байжээ. Диана гэртээ харьж байгаад энэ талаар хоёр хүүдээ дуулгахаар шийдсэн байв.

Парис л түүнийг хамгийн сүүлчийн амралт нь болсон билээ. Оройн зоогны дараа тэр хоёр “мерседес” машиндаа суун Аль Фейдийнхээ Парис дахь ордон рүү зүглэжээ. Ингэтэл паппараци нар тэднийг мотоциклиор мөшгин хөөж эхлэв. Хэдхэн хормын дараа аймшигтай хурдтай явсан “мерседес” Алма хэмээх газар доорх замын багана мөргөж хаягдал төмөр мэт хорчийсон байлаа. Доди, жолооч хоёр газар дээрээ нас барж, Дианагийн амь насыг аврахаар эмч нар найман цагийн турш тэмцжээ.

Энэ үед Чарльз хоёр хүүгийн хамт Шотландаас нисч ирэх байсан ч Дианатай амьдад нь уулзаж чадаагүй юм. Дианаг ёслол төгөлдөр оршуулах талаар хааны ордон удаан эргэлзэж байсан ч олон нийтийн саналын дагуу шийдвэрлэхээс өөр аргагүй байдалд орсон юм. Ингээд гүнжийг сүүлчийн замд нь үдлээ. Дианагийн шарилын араас хатан хаан Элизабетийн нөхөр Эдинбургийн гүнтэн, Чарльз хунтайж хоёр хүүгийн хамт, Дианагийн ах Спэнсер дагалдан явлаа. Мөн гүнжийн найз нөхөд болох дэлхийн хамгийн алдартай хүмүүс оршуулах ёслолд оролцсон билээ.

Диана гүнжийг түүний сүүлчийн захиас ёсоор Нортхэмптонир дэхь Элторп цайзын нуурын арал дээр хөдөөлүүлсэн юм. Ерөнхий сайд Тони Блэйр болон Дианагийн эгч, ах нарын хэлсэн үг нийт үндэстэнийг бишрүүлсэн билээ. Ийнхүү Спэнсерүүдийн угсаа болон гэр бүл Дианагийн амьдрал эрхэм дээд суудлын төлөө биш, ямар ч атгаг санаа агуулаагүй байсан юм шүү гэдгийг харуулж чадсан юм. Тэрээр ёс жаягт баригдалгүй, аз жаргалынхаа төлөө тэмцэж ямар ч эмэгтэй хүнд үлгэр дууриал болохоор амьдарч чадсан нэгэн жишээ энэ билээ.

Нийтэлсэн: Р.Слава
Эх сурвалж: MNB.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

УОК маргааш хуралдаж хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэнэ5 сар 24. 11:47Ажиглалтад байсан нэг хүн халуурч ХӨС ҮТ-д шилжлээ5 сар 24. 11:42Өнөө, маргаашдаа зарим нутгаар  бороо орно5 сар 24. 11:38Дахин хоёр хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 32 боллоо5 сар 24. 11:31Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдсон шүүгч нарын хэргийг шийдвэрлэлээ5 сар 23. 12:11"Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдаанд “MGL E&C” дизайнерс багийн бүтээл тэргүүллээ5 сар 23. 11:32"Алуурчин авлига"5 сар 23. 10:02САЙН МЭДЭЭ:Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын эхний 30 километр замыг барьж дуусгалаа5 сар 23. 9:57Спенсер Динуидди “мэдэмхийрэв”5 сар 22. 14:21 Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийг нэр дэвшүүлэв5 сар 22. 13:27АТГ:А.Адьяасүрэнд хэрэг үүсгэн шалгаагүй5 сар 22. 13:11Наадмыг хөл хөдөлгөөн, бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулахаар болов5 сар 22. 12:59Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хурал болно5 сар 22. 12:57Коронавирусийн вакцин бүтээхээр 120 гаруй байгууллага ажиллаж байна5 сар 22. 12:20Их Британид гидроксихлорохин эмийг туршиж эхэлжээ5 сар 22. 9:40Нэр дэвшигчдийн батламжийг зургаадугаар сарын 2-нд албан ёсоор гардуулна  5 сар 22. 8:55Ирэх Даваа гарагаас хэрэгжиж эхлэх ҮНДСЭН  ХУУЛИЙН нэмэлт өөрчлөлтүүд5 сар 22. 8:50Үйлдвэрлэгчид 238.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлжээ5 сар 22. 8:36ХБНГУ-д суугаа ЭСЯ-наас амьсгалын 20 ширхэг аппарат нийлүүлнэ5 сар 22. 8:26 647 нэр дэвшигч хөрөнгө орлогоо мэдүүлжээ5 сар 21. 13:17ЭМЯ:КОВИД-19 шуурхай мэдээллийн системийг бүтээлээ5 сар 21. 11:40ЦУВРАЛ 2: Сэжигтэн, яллагдагчаар татагдсан ч УИХ-д өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн "ЭРХМҮҮД"5 сар 21. 11:06ОХУ-аас иргэдээ татан авах ээлжит ажиллагааны бэлтгэл ажил хийгдэж байна5 сар 21. 10:29Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрынхан ямар учраас ТББ-ын даргаар дайлуулав5 сар 21. 10:27УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэгчдийн баримт бичгийг хүлээн авах хуулийн хугацаа өнөөдөр дуусна5 сар 21. 10:15Испанийн иргэд гудамжинд явахдаа амны хаалт заавал зүүнэ5 сар 21. 10:10Танилц: Баянхонгор аймагт нэр дэвшигчид5 сар 21. 10:00SOS:Коронавирус дэгдсэнээс хойш нэг өдөрт хамгийн олон халдварын тохиолдол бүртгэгдсэнийг ДЭМБ зарлалаа5 сар 21. 9:59Энэтхэгт нэг өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ5 сар 21. 9:58“Авиган” эм тодорхой үр дүн үзүүлсэнгүй5 сар 21. 9:10СОНГУУЛЬ2020: Хотын хоймор дүүрэгт “фронт командлагч” нар хүч сорьсон ширүүн тулаанд орно5 сар 21. 9:06Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 21. 9:00Ф.Нганну-Ж.Жонсын тулаан дээр бооцоо тавигдаж эхэллээ5 сар 21. 8:26Ерөнхий шүүгч Х.Батсүрэнг ажлаас нь чөлөөлжээ5 сар 21. 7:30Сайн жишиг: МАН нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ байгууллаа5 сар 20. 12:43Д.Нямхүү: Өчигдөр 247 сорьцонд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа5 сар 20. 11:29 Д.Нарангэрэл: Манай олон аймагтай хил залгадаг ОХУ-ын бүс нутагт  өвчлөл эрчимтэй тархаж байна5 сар 20. 11:22СЕХ-нд 56 бие даагч бичиг баримтаа  хүргүүлжээ  5 сар 20. 10:31ОХУ-ын Ерөнхий сайд М.Мишустин үүрэгт ажилдаа эргэн оржээ5 сар 20. 10:02Цэцэг дэлгэрсэн цэнгэг зуны үдшээр “нисдэг цэцэг” дэлгэн сэтгэлийн цэнгэл эдлэн суувал ямар вэ?5 сар 20. 9:52
© 2018 toim LLC. Facebook Twitter Youtube