0

Чинбатын НОМИН: Монгол бол уламжлал, шинэчлэлийг маш сайн хослуулж, хөрвөх чадвартай улс

Gogo Cafe” ярилцлагын зочноор Соёлын сайд Чинбатын Номинг урилаа. Бизнесийн салбараас шууд сайдын сэнтийд суусан Монголын нэртэй бизнесмэний охин тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамгийн анхаарал татсан томилгоо, энэ Засгийн газрын гишүүдийн содон шигтгээ байв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрд ажилласан туршлагагүй хүнийг сайдаар томилсноо ийн тайлбарласан. Тэрбээр, Соёлын салбарт эдийн засгийн хөшүүрэг оруулах ёстой. Бид Холливуудын хэмжээний кино хийж, дэлхийн үнэлэгдэх уран бүтээлийг гаргаж, монгол агуулгыг дэлхийд таниулах учиртай. Үүнийг төрд ажилласан туршлагагүй ч Ч.Номин хийж чадна гэж итгэж сайдаар урьсан. Хэрхэн ажиллахыг цаг хугацаа харуулна.. хэмээсэн билээ. Цаг хугацаа өнгөрсөөр.... Засгийн газрын гишүүд тангаргаа өргөснөөс хойш хагас жил болжээ. Соёлын сайд Ч.Номинтой ургах нарнаар Өглөөний гудамжинд уулзаж, төрийн ажил, хувийн амьдралынх нь түүхийн талаар ярилцсанаа Уншигч Танд хүргэж байна. 

-Та Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хамгийн залуу сайд. Бас санаанд оромгүй томилгоонуудын нэг байлаа. Таны хувьд энэ урилгыг анх хэрхэн хүлээж авав?
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдаад зургаан сар боллоо. Ерөнхий сайд өөрийгөө олон чадварлаг боловсон хүчнээр хүрээлүүлж, тэдэнд итгэж, ажиллах боломжоор хангадаг нь энэ хугацаанд харагдсан. Удирдагч хүний хувьд энэ бол маш чухал чанар. 

 

Тийм ээ, Ерөнхий сайдын урилга бол миний хувьд санаанд оромгүй гэнэтийн санал байсан нь үнэн. Миний хувьд сайн аав, ээжийн буянд ажил хийхгүй амьдарсан ч болно. Гэхдээ хүн амьдралынхаа нөхцөл бололцоог тодорхой түвшинд хангасны дараа нийгмийн сайн сайхны төлөө мэдэх чадах зүйлээ зориулах ёстой гэсэн үзэл бодолтой.

 

Энэ хорвоод ирээд бусдын сайн сайхны төлөө ямар нэг зүйл хийхгүй байх нь дэндүү хувиа хичээсэн хэрэг гэж үздэг. Сайдын тангараг өргөхийн өмнөх өдөр надад энэ саналыг тавьсан, би ч шийдвэрээ богино хугацаанд гаргасан. 

-Улс төрийн цоо шинэ замналыг сонгож, сайдын алба хаших шийдвэр гаргахад тийм амар байсан гэж үү? Энэ шийдвэрийг гаргахдаа гэр бүлийнхэнтэй зөвлөлдсөн үү? 
-Миний нэг онцлог бол би аливаа шийдвэрийг маш хурдан гаргадаг, түүндээ эргэлздэггүй. Нэгэнт шийдсэн бол түүнийхээ төлөө тууштай зүтгэдэг. Хувийн бизнесээ удирдан ажилласан туршлагаасаа харахад зөв гэж үзсэн бол шийдвэрээ цаг алдалгүй гаргаж, шаргуу ажиллаж ирсэн минь алдсанаасаа оносон нь их байдаг шүү.  

2021 оны нэгдүгээр сарын 29-ний баасан гарагт манай Засгийн газрын сайдууд тангараг өргөсөн. “Та надад итгэл үзүүлбэл би нөөц бололцоогоо дайчлан ажиллахад бэлэн” гэдгээ Ерөнхий сайдад хэлчихсэн байсан. Тэр үед аавыг Сэлэнгээс дуудаад, нөхөр аав хоёртоо хэлж, зөвлөлдсөн. Би санал авахдаа шийдвэрээ аль хэдийнэ гаргасан байсан л даа. Нөхөртөө “Бизнесээ бүрэн хариуцах нь байна”, аавдаа “Улс төрийн карьер руу шилжиж байгаа учир сэтгэл санааны дэмжлэг үзүүлнэ шүү” гэсэн байдлаар бид ярилцсан. Ээж, дүү хоёртойгоо ч ярьж, зөвлөлдсөн. 

-Телевизийн салбараас шууд төрийн сайд болоод ирэхэд ямар мэдрэмж төрж байв? 
-Монгол телевизэд ажиллаж байхдаа бусдын амьдралд эерэг нөлөө үзүүлэх нийгмийн бизнес хийж байсан учир Соёлын сайдаар томилогдсон нь миний ажлын агуулгын хувьд натурал шилжилт болсон гэж хардаг. Телевизийн салбарт ажиллахдаа тогтсон миний ажлын чиг баримжаанаас зөрөх зүйл ер байгаагүй. Тиймээс зоригтой шийдвэр гаргаж, шилжилт хийхэд дөхөм байсан. Хэрэв би газар тариалангийнхаа салбарт ажиллаж байхад ийм санал ирсэн бол зориглож шийдэхгүй байсан болов уу. 

Тухайн үед Ерөнхий сайд яагаад надад санал тавив, надаас юу хүсэж байна вэ? гэж бодсон. Би телевизийн салбарт ажиллахдаа нийгмийн үр нөлөөтэй хэр нь эдийн засгийн өгөөжтэй бизнес хийж байжээ. Үүнийг л соёл урлагийн салбарт хөрвүүлж, нийгэм, эдийн засгийн үр өгөөжтэй болгох ажлыг төрийн бодлогын түвшинд оруулаач гэсэн санаа гэж өөртөө хүлээж авсан. 

-Засгийн газрын гишүүд УИХ-ын чуулганы танхимд тангараг өргөдөг боллоо. Төрийн сайдын хувиар төр, түмнийхээ өмнө тангараг өргөхөд Танд юу бодогдож байсан бэ? 
-Амьдралдаа анх удаа тангараг өргөж үзсэн минь тэр байлаа. Мөн УИХ-ын чуулганы танхимд анх удаа л орж үзсэн өдөр байлаа. Тиймээс залуу хүний хувьд сүрдсэн. Сайд нар “Монгол Улсын Засгийн газрын гишүүн би, Улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж төрийн хуулийг биелүүлэх ажлыг Төр, Ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүнийхээ үүргийг чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэсэн тангарагтай.



Та бод доо, Монгол төрийнхөө хойморт үг, өгүүлбэр бүхэн нь гүн гүнзгий утга агуулгатай, ийм тангараг өргөсөн хүний толгойд хар буруу бодол орж ирнэ гэж үү. Хэнбугай ч байсан хууль зөрчвөл хариуцлагаа хүлээж таарна. Харин тангараг бол ёс зүйтэй ажиллахыг ухамсарлуулсан сайхан ёслол, төрт ёсны чухал үйл ажиллагаа байсан. 

 

 

-Соёлын сайдын албан тушаалыг хашиж байхдаа хийж чадна гэж хамгийн итгэлтэй хэлж чадах зүйл тань юу бол?
-Миний хувьд бизнес, амьдрал тэгширсэн, сайн боловсрол эзэмшсэн, хөдөлмөрөөр хүмүүжсэн учир хаана ч, ямар ч үед амьдрах чадвартай гэж өөрийгөө дүгнэдэг. Тийм учраас энэ албан тушаалд ямар нэг явцуу ашиг сонирхол тээж ирээгүй. Зөвхөн улс орныхоо хөгжилд сурсан мэдсэн зүйл, цаг зав, нас туршлага бүх зүйлээ зориулъя гэсэн хүсэл эрмэлзэлтэй ирсэн. Сайдын албыг хашиж байхад гаргасан шийдвэр бүхэн минь зөвхөн Монгол Улсын хөгжлийн төлөө байх болно. Би авлига ашиг сонирхлын зөрчилд автахгүй. Үүнийгээ ч анх ажил авахдаа намайг томилсон Ерөнхий сайдад тодорхой хэлсэн.

-Бизнесийн салбараас төрийн албанд шилжин ирэхэд төр, хувийн хэвшлийн тогтолцооны ялгаа  тод харагдсан байх. Хувийн хэвшлээс төрийн албанд нэвтрүүлэх  менежментийн ямар сайн туршлагууд байна вэ?
-Бизнесийн удирдлага, төрийн удирдлага хоёр их өөр. Гэхдээ бизнесийн удирдлагаас төрд оруулах хэрэгцээ шаардлага байна. Хувийн бизнесээ хийхэд шийдвэр гаргалт, гүйцэтгэл, хариуцлагыг багаараа үүрнэ. Энэ систем нь тэр багийг илүү хариуцлагатай ажиллаж, гаргасан шийдвэрийнхээ үр дүнг тооцох чадамжийг суулгаж өгдөг. Төрийн захиргааны төв байгууллага буюу бодлого тодорхойлогч яам бол бодлогоо боловсруулна. Гүйцэтгэл нь бусад агентлаг, үйлчилгээний байгууллагуудаар дамжин хийгдэнэ. Гэхдээ тухайн шийдвэрийн хариуцлага бодлого тодорхойлсон яамандаа ирж буудаг. Тиймээс шийдвэр гаргаж байгаа болон гүйцэтгэгч газар хоорондын уялдаа маш чухал. Энэ уялдааг бий болгохыг хичээж ажиллаж байна. Мөн ажлыг урт хугацаанд төлөвлөх  шаардлагатай юм.

Телевизийн салбарт продакшн төлөвлөлтийн ажлаа бид гурван жилээр гаргадаг. Жишээ нь, Би 2021 оны нэгдүгээр сард ажлаа өгөхөд 2024 онд ямар контент хийх календарчилсан төлөвлөгөө гарчихсан байсан. Одоо тэр төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа. Төлөвлөгөө гаргаж, зорилгоо тодорхойлсон байхад дунд нь цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалсан жижиг өөрчлөлтүүд орж болно. Гол ажил нь төлөвлөсний дагуу явдаг. Үүн шиг төрийн ажлыг ч гэсэн Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд уялдуулж, яамдууд хариуцсан ажлаа урт хугацаагаар төлөвлөх ёстой юм. Энд төрийн яам, хувийн хэвшлийн ялгаа бий л дээ. Бизнес, тэр дундаа хэвлэл мэдээллийн салбарын ажлын үр дүн богино хугацаанд харагддаг. Харин яамны бодлого үйл ажиллагаа болон хэрэгжээд үр дүн гарах хүртэл хугацаа шаардлагатай. Гаргасан бодлого шийдвэр нь илүү олон хүн, улс орныг хамардаг учир алдаатай шийдвэр гаргаж болохгүй, илүү нухацтай хандахыг улам бүр ойлгож байна.  

-Ерөнхий сайд Таныг Засгийн газрын гишүүнээр урихдаа соёлын салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр ажиллана гэж итгэл үзүүлснээ илэрхийлсэн. Соёлыг эдийн засагжуулах ямар арга зам харагдаж байна вэ?
-Төрийн данхар бүтцийг илүү үр бүтээлтэй, бүтээмжтэй болгох шийдлүүд харагдаж байна. Жишээ нь, Соёлын салбарт бүтээмжид тулгуурласан төсвийн шинэчлэл хийхээр ажиллаж байна. Төсвийн шинэчлэлийн хүрээнд Соёлын яамаар дамжин соён гэгээрүүлэх, бүх нийтийн боловсрол олгох суурь зардлуудыг тодорхойлж, илүү сайн үйл ажиллагаа явуулж, гүйцэтгэлд тулгуурласан үнэлгээний системийг оруулж ирэх шинэчлэлийг Сангийн яамтай хамтран хийж байна. Ирэх оны төсөвт энэ шинэчлэлийг оруулж ирнэ. Ингэснээр соёлын салбарын үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна. Гол санаа нь төрөөс нэг төгрөгийн санхүүжилт гаргасан бол энэ нь үр өгөөжтэй байх ёстой гэсэн зарчим юм.

-Бизнесийн зарчмыг төрд оруулж ирнэ гэсэн үг үү. Үр өгөөжийг нь хэрхэн тооцох вэ?
-Заавал санхүүгийн үр ашиг гаргахдаа биш, таны зарцуулсан нэг төгрөг болгон нийгмийн өгөөжтэй байх ёстой гэсэн санаа. Соёлын салбарт орсон нэг төгрөг болгон 3-4 чиглэлд өгөөжөө өгсөн байх ёстой.  Тэр бүхнийг тооцдог болно. Иргэд үзвэр үйлчилгээнд хамрагдсан, номын санд суусан, соён гэгээрүүлэх ажилд оролцсон бол үр дүнтэй ажиллажээ гэж үнэлэх жишээтэй. Мөн энэ салбарын боловсон хүчний залгамж халааг сургаж, бэлдэх хэрэгтэй. Эс бол таны оруулсан нэг төгрөг 1.5 болж, санхүүгийн хувьд ашигтай ажилласан байх ёстой. Энэ бол бизнесийн салбарт  хэрэгжүүлдэг KPI систем л дээ. Ингэж соёл урлагийн салбарын үйл ажиллагааг идэвхжүүлж, бизнесийн онолын түвшинд үнэлдэг системд шилжих юм. Соёлын салбарт хот, хөдөөд төрийн болон хувийн хэвшлийн 400 гаруй байгууллага байна. Эдгээр музей, номын сан, театр, соёлын төвүүд цоожтой байх биш, хэрэглээнд орох ёстой. Тиймээс хэрэглээнд тулгуурласан гүйцэтгэлийг байгууллагуудаасаа шаардаж, түүнийг нь санхүүжилттэйгээ холбох гэж байгаа юм.

-Та бол Монголын нэртэй бизнесмэний охин. Аав тань ганзагын наймаанаас бизнесийн гараагаа эхэлсэн гэдэг. Тэр үед аавынхаа ажлыг хэр мэдэж, мэдэрдэг байв?
-Би нэг дүүтэй, айлын том охин. Бидний бага нас нийгэм, эдийн засгийн шилжилтийн үед таарсан. Аав, ээж хоёр дүү бид хоёрын нүдэн дээр борви бохисхийхгүй ажиллаж байсан. Зах зээлийн эдийн засагт шилжих 1990-ээд оны эхэн үед хэн хөдөлмөрлөсөн, хэн хичээсэнд нь боломж гарсан. Зүгээр байгаад л өнөөдрийн түвшинд хүрсэн мэт өнгөц харж болохгүй. Амжилтад хүрэхийн тулд аав, ээж хоёр минь нойроо хугаслаж, яаж хөдөлмөрлөж байгааг бид харж өссөн. Зарим үед нь аав, ээжтэйгээ хамт ажиллаад л өсөж өндийцгөөсөн. Би санадаг юм. Аав Хятадаас бараа аваад Орос руу явахад Улаанбаатар өртөөнд зогсох хооронд нь ээж хоол хийж, солих хувцсыг нь аваад намайг дагуулаад аавыг тосдог байсан. Би аавдаа үнсүүлээд л үлддэг байлаа. Ээж, аав хоёулаа геологич мэргэжилтэй. Ээжийн цалинг хуримтлуулж аав ганзагын наймаанд явдаг. Аав, ээж хоёр минь тэгж хамт хөдөлмөрлөж, амьдралаа хамтдаа босгосон.

Тиймээс би залуухан бүсгүйчүүдэд амьдралаа нөхөртэйгээ хамтдаа бүтээ, хамтдаа бүтээсэн амьдрал илүү бат бөх, аз жаргалтай байдаг гэж хэлмээр санагддаг. Аав, ээж хоёр уйгагүй хөдөлмөрлөж байсан учир манай амьдрал миний нүдэн дээр л өсөж, дээшилж байсан. Манай гэр анх Таван шард байлаа. Удалгүй манайх Дөчин мянгат руу, Дөчин мянгатаас дараагийн байр руугаа нүүх зэргээр амьдрал өсөж, дээшилж байсан.

-Аав, ээждээ тусалдаг байв уу?
-Хэрэндээ л тусална. Өвөө хөдөөнөөс аавд тарваганы арьс явуулна. Арьсыг нь ванны өрөөнд дэвтээгээд, элддэг. Би дэвтээсэн арьсыг нь элдэхэд тусална. Бас шоколад авчрахад би хамт худалддаг байсан. Намайг зургаан настай байхад дүү маань төрсөн. Ээж, аав хоёр ажил ихтэй учир би багаасаа л дүүгээ хараад, хоолоо хийгээд гэртээ цоожлуулаад үлддэг бие даасан хүүхэд байлаа.

-Гэр бүлийн энэ хүмүүжил Таны төлөвшилд хэрхэн нөлөөлсөн бол?
-Хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрч өссөн, хөдөлмөрлөж сурсан. Би хүүхэд байхын хичээлдээ мэрийлттэй, сургуулиа сайжруулж ийм сургуульд сурмаар байна гэдгээ аав, ээждээ илэрхийлдэг байлаа. Дунд сургуулиа төгсөөд Англи руу явахаар зориод, өөрөө судалж сургуулиа олсон, аав ээж дэмжсэн. Оюутан болсноос хойш зохион байгуулалтын ажилд сонирхолтойгоо мэдсэн. Тухайн үедээ хурим зохион байгуулж үзмээр санагддаг байв. Тэр дагуу 2006 оноос оюутан байхдаа “Тэрэлж” зочид буудлыг байгуулах ажилд оролцож, төгсөж ирээд менежерээр нь ажиллаж, янз бүрийн хүлээн авалт зохион байгуулж эхэлсэн. Зочид буудлын менежер бол зочдоо аз жаргалтай байлгах, бусдын сайн сайхны төлөө ажил. Телевизийн салбар руу шилжихэд ч үнэн бодит мэдээллийг түгээх ёстой, хийсэн контентууд маань хүмүүст аз жаргал бэлэглэх, соён гэгээрүүлэх ёстой гэсэн хариуцлага мэдрэгдэж байсан. Дотор нь ороод ажиллахдаа миний сонирхол, хүсэл мөрөөдөл энэ байсныг ойлгосон доо.

-Таныг сайн аав, ээжийн буянд бэлэн юман дээр эрхэлж яваа гэж харах хандлага байх шиг санагддаг. Үүнийг хүлээн зөвшөөрөх үү?
-Аав, ээж минь надад бусдаас давуу боломж олгосон нь үнэн. Тэр боломжийг би ашигласан, яаж нийгэмдээ үр ашигтай ажиллах вэ гэдэг дээр би өөрөө санаачилгатай байсан. Эрх гэдгийг яаж тодорхойлохоос шалтгаалах байх. Гэр бүлдээ бол эрх. Харин хөдөлмөр хийх үед аав, ээж эрхлүүлээд байдаггүй. Хөдөлмөрлөх ёстой гэсэн өндөр шаардлага тавьдаг. Манай аав ер нь хатуу хүн. Би их сургуульд орох хүртлээ ааваасаа эмээдэг байлаа. Оюутан болсноос хойш бизнестээ оролцоод эхэлсэн учир ажил төрлөө танилцуулж аавтайгаа илүү ойртсон.

Нөгөө талаар өөрөө хөдөлмөрлөж Монгол Улсад бүтээн байгуулалт хийсэн аавынхаа хажууд шууд суралцах боломжтой байсан нь миний давуу тал. Бизнесийн салбараас ажлын гараагаа эхэлсэн тэр үеэс хойш миний амьдралын бүх цаг үед аав миний чиглүүлэгч байсан. Гэхдээ үүнээс үргэлжлээд нэхэх хариуцлага нь өндөр. 24 настай байхад минь зочид буудлынхаа 150 ажилтны цалинг өөрөө тавиарай, чадахгүй бол чиний л хариуцлага гэж хэлсэн. Одоо ч гэсэн зөв шийдвэр гаргалаа даа гэж бодоод аавтай ярихад “Чи үүнээс илүүг хийх боломжтой” гэдэг. Би ер нь ааваасаа магтаал сонсож, толгойгоо илүүлж байсангүй. Сайд боллоо гэхэд аав бахархсан л байх. “Чи төрийн ажилд зүтгэж байгаа бол ажлаа маш сайн хий. Мэдэх чадах зүйлээ улсынхаа хөгжилд 100 хувь зориул” гэсэн шаардлагыг нэмж тавьсан даа. Ингэж хүүхэд байхаасаа л өндөр шаардлага дор амьдарч ирсэн.

Манай дүү ч ялгаагүй Америкт оюутан байхдаа ааваас мөнгө зээлж, өөрийн бизнесээ эхэлсэн. Дараа нь ааваас зээлсэн мөнгөө төлсөн. Аав өөрийнхөө эрхэлсэн бизнесийг өөрөө хариуцдаг. Бид хоёрт бол бизнесийн зээл өгөөд, дараа нь мөнгөө буцааж авна. Банкнаас зээл авахаас ялгаатай нь хүүгүй л юм даа. /инээв/ Өөрийн бизнесээ аваад явж чадвал сайн, чадахгүй бол надаас битгий бэлэн юм хүлээгээрэй гэж хэлдэг.

-Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэмд шилжих үед маш их боломж гарсан. Өнөөгийн залууст тийм боломж байхгүй гэж хэлэх хүн байдаг. Та залуу хүний хувьд энэ тал дээр юу хэлэх бол?
-Цаг үе бүрд өөр өөр төрлийн боломжууд бий болдог. Гучин жилийн өмнө ганзагын наймаагаар бизнесийн гараагаа эхэлсэн аав, ээжийн үеийнхэнд тэгш боломж олдсон. Бүгд ижил гараанаас гарсан. Тухайн цаг үеийнхээ боломжийг ашиглаж, өнөөгийн том групп компаниуд, үйлдвэрүүд сууриа тавьсан. Одоо бол бид дижитал шилжилтийн эринд амьдарч байна. Дээр нь ковидоос шалтгаалан амьдралын хэв маяг өөрчлөгдсөнөөр ямар шинэ боломжууд гарч болохыг олж харвал, санаачилгатай бол хорвоо ертөнц уужим, хийх ажил их л байх шиг санагддаг. 

 

-Нөхөртэйгээ хүүхэд байхаасаа үерхэж гэр бүл болсон гэж дуулсан?
-Тийм ээ. Бид хоёр Таван шарын 79-р цэцэрлэгийн параллель ангид явдаг байсан. Дараа нь мөн Таван шарын 12-р сургуульд орсон. Зургаадугаар ангиасаа би 45-р сургууль руу, манай нөхөр Залуу техникчдийн ордны сургуульд орж, бид хоёр Таван шараас сургууль руугаа автобусаар хамт явдаг болох үеэсээ үерхсэн. Удалгүй нөхөр Америк, би Англи руу сурахаар явж, хэсэг тусдаа байсан. Бид хоёр хүүхэд байхаасаа л үерхэж нөхөрлөж, хамт өссөн. Оюутан байхдаа хамт амьдраад, сургуулиа төгсөөд гэр бүл болсон. Одоо бол бараг харцаараа ойлголцоно.

Нөхөр минь ямар ч үед миний хамгийн сайн найз байж чаддаг. Мөн миний хамгийн том шүүмжлэгч, хэрэгтэй үед болохгүй байгааг маш сайн хэлж өгдөг. Намайг хайрцагнаас гадуур сэтгэх боломжоор хангаж өгдөг хүн бол миний нөхөр. Надаас өөр амьдралын философитой, бид хоёр анхнаасаа найзууд байсан учир бие биеийнхээ оюун санааны орон зайд хүндэтгэлтэй хандаж сурсан.

-Танай нөхөр, та хоёрын ижил бөгөөд ялгаатай чанар юу байдаг вэ?
-Бид хоёр ер нь их өөр. Санал нийлэх зүйл маш ховор, бидний эзэмшсэн чадавхууд ч ялгаатай. Өөр байх нь ч давуу тал болдог.

-Та ажлаа эрт эхлүүлдэг, өглөөний хүн бололтой. Өнөө өглөө гэхэд бидний ярилцлага 07.30-д товлосон цагтаа эхэллээ?
-Ер нь өглөө эрт босно. Өглөөний 07.30 гэхэд ажлаа эхэлсэн байхыг хичээдэг. Цагийн өмнө ажилдаа очсон байхад тухайн өдрийн ажлаа сайн төлөвлөж, яамны дотоод уулзалтуудаа хийж, ажлын чиг үүргээ танилцуулдаг. Хувийн амьдрал талаасаа ч гэсэн би бага насны хүүхдүүдтэй учир тэднийхээ цай унд, хичээл сургуульд бэлдэх зэргээр ээжийн ажлаа хийнэ. Мөн өөрийгөө бэлдэх хэрэгтэй учир ер нь эрт босоод сурчихсан.

-Бага насны хүүхдүүдтэй залуу гэр бүлийн хувьд ажил, амьдралын хуваарилалтаа  хэрхэн хийдэг вэ?
-Гэр бүл зохиохоосоо өмнө нөхөртэйгөө 7-8 жил хамт амьдраад, 25-тайдаа аав, ээж болцгоосон. Би төрийн ажил хийх болсноор гэр бүлдээ зарцуулах цаг багасаж, нөхрийн ачаалал нэмэгдсэн. Бизнесээ удирдах, хүүхдүүдээ асрах арын ажил, амьдралаа манай хүн маш сайн хариуцаж байгаа. Миний хувьд ажлаа авснаас хойш хуучин оффисоороо шагайх ч завгүй болсон. Манайх уламжлалт хүмүүжил, соёлтой гэр бүл. Эхнэр нөхөр хоёр эрх тэгш байх ёстой гээд нөхөртэйгээ барьцаад байвал гэр бүлд маргаан үүсэх магадлал өндөр. Тиймээс эхнэрийн үүргээ ухамсарлах ёстой. Бие биедээ дэм тус болохоо хэзээ ч мартаж болохгүй.

Манай ээж ч хэлдэг юм, чиний дарга сайд байх хамаагүй, эхнэр, ээж гэдгээ бүү март гэж сануулдаг. Хувийн бизнесээ хийж байх үеийнхтэй адил гэр бүлдээ зарцуулах цаг багассан ч тэдэнтэйгээ хамт байх үедээ цагийг чанартай, үр ашигтай өнгөрүүлэх нь чухал гэж үздэг.

-Та нар бол хотод төрж, өссөн хотын хүүхдүүд. Гэхдээ хөдөө ахуйтай хэр ойр өссөн бэ?
-Манай өвөөгийнх Говь-Алтайн Бигэр суманд байсан учир дүү бид хоёрыг зун хөдөө явуулдаг. Би арваадтай, дүү 4-5-тай л байсан. Тийм жаахан хоёр хүүхдээ ачааны машины тэвшин дээр суулгаад Говь-Алтай аймаг руу явуулчихдаг. Бид хоёр ч дажгүй оччихдог л байсан. Тэр үеэ бодоход аав, ээжийн зоригийг гайхаад байдаг юм. Аав минь эцэг, эхээс ах, дүү 15-уулаа. Аавын ах, дүүсийн хүүхдүүд бас өвөөгийнд ирнэ. Зуны амралтыг үеэлүүдтэйгээ олуулаа бужигналдаж, малд явж, хурга тугалтай хөөцөлдөж өнгөрүүлдэг байлаа. Хөдөө ахуйтай ер нь ойр.  

-Аав, ээжийнхээ хөдөлмөрлөхийг харж, тусалж хөдөлмөрч чанарыг өвлөжээ. Тэгвэл өөрийнхөө хүүхдүүдийн хүмүүжилд хэрхэн анхаарч байна вэ?
-Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг гэдгийг бид үе удмаараа ойлгосон учир хүүхдүүдээ ч хөдөлмөрөөр хүмүүжүүлэхийг эрхэмлэдэг. Намайг Англид сураад ирэхэд аав газар тариалангийн бизнес рүү аль хэдийнэ орчихсон байсан. Газар тариалан, мал аж ахуйн бизнес эрхлээд 20 жил болжээ. Тэгэхээр одоо ч бид нар байнга хөдөө явна. Манай хоёр том хүү бол амралтаараа хөдөө очиж, өвөө эмээдээ тусална. Хөвгүүдийг талбай руу гаргаж ногооны зэрлэг зулгаалгана, трактор бариулна. Хүүхдүүд хөдөө аж ахуй, газар тариалангийн ажлыг биднээс дутуугүй ойлгож өсөж байгаа.

Газар тариалангийн ажил амаргүй л дээ. Байгаль цаг уурын хараат учир хаврын тариалалтаас хойш хаврын шуурга, зуны бороо, мөндөр, намрын хяруунд цохиулах вий гээд намар ургацаа хурааж, агуулахдаа хийхээс нааш тариаланч аавын минь сэтгэл амрахгүй. Нөгөө талаас, Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн тариалж байгаа тэдэнд төрийн оновчтой бодлого маш чухал байдаг. Төрийн бодлого заримдаа ээлтэй, заримдаа тариаланчдадаа халтай байх үе ч бий. Миний хувьд байгаль цаг уурын эрс тэс хүнд нөхцөлд уйгагүй хөдөлмөрлөж ургуулсан тариа, ногоо нь айл гэрт эрүүл хүнс болон очиж байгаа нь сайхан санагддаг.

-Залуу хүмүүс ямар байгаасай гэж хүсдэг вэ?
-Ер нь олон хүн амтай улс орнууд хөгжиж байна. Монголчууд бид 3.3-хан саяулаа. Цөөхүүлээ үндэстэн хөгжихийн тулд маш их хөдөлмөрлөх хэрэгтэй. Болж өгвөл нэг хүн гурван хүний ажил хийвэл зүгээр санагддаг юм. Монгол телевиз хүмүүсийг маш их ажиллуулдаг гэж шүүмжилдэг л дээ. Бидний барьдаг гол зарчим бол хөрвөх чадвартай, бүтээлч, хөдөлмөрч байхыг хүсдэг. Энэ нь манай телевизийн соёл болсон. Залуу хүмүүс өөрийгөө сайн дайчилж, шинэ санаачилга гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө ажиллаасай. Өөрөө санаачилга гаргасан хүн дарга үүрэг болгосноос илүү ойлгоно, тийм учраас илүү бүтээлчээр ажиллаж чадна. Мөн өгсөн үүргийг хэрэгжүүлэхдээ санаачилга гарган баяжуулж, илүү үр дүнтэй ажил болгох зэргээр залуу хүн илүү санаачилгатай ажиллавал өөрт нь хэрэгтэй.  

 

-Та телевизийн салбарт дэлхийд алдартай шоу нэвтрүүлгүүдийг оруулж ирж танигдсан продюссер. Үүгээрээ үзэгчдээс болон олон улсын байгууллагуудаас үнэлэлт авсан. Эдгээр төслүүд амжилттай хэрэгжих үндэс суурь нь юу байв?
-Урт хугацааны төлөвлөлт. Хаана очих зорилгоо тодорхойлж, ажлаа маш сайн төлөвлөсөн байхад түүндээ хүрэхээр ажиллах замд бэрхшээл саад тулгарсан ч даваад л гарна. Бид 2011 онд телевизийн ажлаа эхлүүлсэн. Тэр үед манай улсын телевизийн салбарынхан оюуны өмчийн зөрчил ихтэй, олон улсын контентуудыг зөвшөөрөлгүй аваад гаргачихдаг, ярилцлагын нэвтрүүлэг ихтэй, нэг хэв маягт баригдсан байсан. Эхлээд дэлхийн стандартын телевиз болно гэсэн зорилгоо тодорхойлж, өөрийн телевизээ л сайжруулахын төлөө ажилласан. Үүний тулд олон улсын продакшнтай байх ёстой юм байна. Гадны том форматуудыг авъя гэх мэтээр төлөвлөлтөө хийсэн. Телевиз, кино урлаг бол хүний бүтээлч оюун санаанаас ургадаг. Тэгэхээр хүмүүсээ сургая гээд гадны том продакшнуудаас сургалт авч эхэлсэн. “Авьяаслаг монголчууд”, “The Voice”, “Ододтой бүжиглэе” шоу бол олон улсын шоуг зүгээр л хуулаад тавьчихсан юм биш. Тэр шоуны нэр, брэндийг дагаж сургагч багш нар ирдэг. Бусад бүх агуулга нь монгол. Монгол залуус зохиолыг нь бичиж, зургийг нь авч, тайзыг нь засдаг, цэвэр Монгол контент юм. Бид олон улсад өрсөлдье гэвэл монгол агуулгаа олон улсын стандартад хүргэх хэрэгтэй гэж би хардаг. Эхний таван жилийн зорилгодоо хүрсний дараа ер нь ганцаараа хөгжих биш салбараараа хөгжих хэрэгтэй юм байна гэж үзээд, Монголын телевизүүдийн форумыг зохион байгуулж, олон ажлуудыг эхлүүлсэн, үр дүнгээ ч өгсөн дөө.

-Соёлын сайдаар томилогдон ирэхдээ энэ салбарт өөрөөрөө овоглох ямар ажлыг нэн тэргүүнд хийхээр зорьсон бэ?
-Миний хувьд соёлын салбарт тэргүүлэх гурван чиглэлийг барьж байна. Нэгдүгээрт, бүх нийтийн соёлын боловсролын бодлогыг тодорхойлж, түгээн дэлгэрүүлнэ. Хоёрдугаарт, Үндэсний нэгдмэл үнэт зүйлийн бодлогыг гаргана. Гуравдугаарт, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр ажиллах зорилго тодорхойлоод ажлаа явуулж байна.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр суурь судалгаа хийж, эдийн засгийн ангиллаа тодорхойлоод, цаашид 12 чиглэлд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. 12 чиглэлийн тав нь тэргүүлэх чиглэл байх юм. Үүнд, кино урлаг, дуу хөгжим, дүрслэх урлаг, хувцас загвар, тоглоом хөгжүүлэлтийн зах зээл багтаж байна. Тоглоом хөгжүүлэлтийг одооноос эхэлж, өв соёлоо ирээдүйн хүүхдүүдийн харж байгаа платформд нь аваачна гэж үзэж байгаа. Энэ агуулгаараа соёлын бүтээлч үйлдвэрлэл нь арай түрүүнд явж байна. Жишээлбэл, Уолт Диснейгийн хийсэн супер анимэйшн үзэж байгаа хүүхдүүд монгол хүүхэлдэйн киногоо үзэхгүй байна. Бидний бүтээл орчин үеийн хүүхдүүдийн шаардлагад нийцэхгүй байна. Тэгэхээр бид дэлхийн хүмүүс юу хийж байгааг хийж сурах шаардлагатай. Соёлын бүтээлч үйлдвэрлэл эндээс эхлэх юм.

Мөн Үндэсний нэгдмэл үнэт зүйлийнхээ бодлогыг боловсруулахаар ажлаа эхлээд байна. Үүнийг нэг яам тунхаглах биш, маш том суурь судалгаанд тулгуурлан, олон талт хэлэлцээрийн үндсэн дээр гаргана. Ерөнхий суурийг нь манай эрдэмтэн судлаачид гаргасан. Эрдэмтэдтэйгээ хамтарч бодлогын бичиг баримт болгон оруулж ирнэ. “Алсын хараа-2050”-ын нэгдүгээр зүйлд үндэсний нэгдмэл үнэт зүйл, хүний хөгжил, дэлхийн монгол хүн гэж хэн болох талаар тусгасан байгаа. Үүндээ үндэслэсэн бодлогын бичиг баримт гаргана гэсэн үг. 

-Орчин үед англи хэлтэй, гадны дуу сонсдог, гадны хүүхдүүдтэй адилхан хувцасладаг, тэдэн шиг сэтгэдэг ирээдүй өсөж байна. Тэдний монгол хүн гэж гадныхнаас ялгарах дархлаа нь юу байх вэ? Шинэ үеийн монгол хүнийг төлөвшүүлэхэд Соёлын яам ямар үүрэг оролцоотой байх бол?
-Манай улс мянга мянган жилийн түүх соёлтой, өөрийн гэсэн бичиг үсэгтэй, хэл соёлтой, нүүдлийн соёл иргэншил бий болгосон дэлхий дээрх цөөхөн орны нэг. Бид үүх түүх, өв уламжлалаараа бахархах ёстой. Бид наадам, цагаан сар тэмдэглэхээсээ ичиж болохгүй. Энэ бол бидний баяр. Наадам хийж байгаа нь туурга тусгаар улс орны иргэд болохоо тунхаглаж байгаа хэрэг. Америк, европчууд крисмасаар гэр бүлээрээ цуглаж, цацагт хяруулаа шарж иддэг. Түүнтэй адил бид цагаан сараар ахмад буурлуудаа золгож, ах дүүсээрээ уулздаг, хамаатан саднуудаа мэдэлцдэг. Тэгэхээр цагаан сарын баяртаа хүндэтгэлтэй хандаж, үр хүүхдэдээ өвлүүлэх ёстой гэж боддог. Энэ бол бидний үндэсний ялгарлын нэг хэсэг мөн. 

Зарим улсууд бусдаас ялгарахын тулд шинэ соёлыг үүсгэж байна. Манай өв соёлыг үгүйсгэх гэсэн янз бүрийн оролдлогууд ч гарч байна. Бид түүх соёлоо мэддэг, өөрийн соёлын дархлаатай бол гадны соёлыг хэрэглээд л өнгөрөөнө. Тиймээс Соёлын яамны хамгийн том бодлого бол монголчууд бид нэгдсэн үнэт зүйлтэй байх ёстой гэж дээр хэлсэн нь ийм учиртай. Энэ нь үүх түүх, өв соёл, хэл бичигтээ тулгуурласан байх ёстой. Үүнийгээ үр хүүхдүүдийнхээ үзэж харж байгаа платформуудад нь аваачиж, таниулна. Үндэсний дархлаатай монгол иргэд төлөвшихөд энэ ажил чухал гэж үзэж байгаа.

-Таны бахархал юу вэ?
-Би Монгол Улсын иргэн болж төрснөөрөө бахархдаг. Энэ ийм үүх түүхтэй орны эзэн болж, 3.3-хан сая хүний нэг болж төрнө гэдэг их аз завшаан. Монгол Улс бол уламжлал шинэчлэлийг маш сайн хослуулдаг, хөрвөх чадвартай улс гэж боддог. Тэр дундаа эмэгтэй хүмүүст маш их боломж олгодог. Гэр бүл бол хүний хамгийн үнэтэй нандин зүйл. Гэр бүлээрээ маш их бахархдаг.  Энэ улсынхаа хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулаад ажиллаж, амьдарч яваа минь сайхан зүйл.

-Ковидын нөлөөллөөс болж сүүлийн хоёр жилд соёл урлагийн салбар тэг зогсолт хийлээ. Тэгвэл соёлын салбарын нийгэмд өгөх өгөөжийг салбарын сайдын хувьд хэрхэн харж байна вэ?
-Соёл урлагийн салбарт үйл ажиллагаа явуулж буй уран бүтээлчид, ААН-үүд сүүлийн хоёр жилд тэг зогсолт хийлээ. Эдгээр хүмүүс нийгэм, эдийн засагтаа шууд болон шууд бусаар хувь нэмрээ оруулсаар ирсэн. Соёлын яам соёлын бүтээлч үйлдвэрлэл гэсэн сэдвийг маш их ярьж байгаа. Соёл урлагийн салбар манай улсад бүтээлч үйлдвэрлэл болж арай хөгжөөгүй. Энд тэнд соёлын арга хэмжээнүүд зохион байгуулагддаг. Энгийнээр хэлбэл жижиг, дунд үйлдвэрлэлийн түвшинд л байна. Цар тахлын нөлөөгөөр зогсонги байдалд орсноор цалингаа тавих, бизнесийн зээлтэй бол зээлээ төлөхөд хэцүү болж ирсэн. 

-Тэгвэл цаашид энэ хэвээр зогссоор байх уу?
-Эрүүл мэнд мэдээж чухал. Гэхдээ дэлхий даяараа шинэ амьдралын хэв маягт шилжиж байна. Соёл урлагийн салбарын төрийн байгууллагуудын дарга, удирдлагуудтай маргааш уулзалт хийж  /2021.09.03/, соёлын салбарынхан шинэ амьдралын хэв маягт хэрхэн шилжиж, зохицож ажиллах талаар санал солилцож, шийдлээ гаргая, гаргасан саналуудаа Улсын онцгой комист танилцуулъя гээд бэлтгэж байна.

Соёл урлагийн үйлчилгээ нийгмийн сэтгэл зүйд баясал, оюун санааны тайвшрал өгч байдаг. Сэтгэл эрүүл байх нь биеийн эрүүл мэндэд чухал нөлөөтэйг шинжлэх ухаанаар аль эрт тогтоосон. Стрессийг тайлдаг хамгийн чухал эмгүй эмчилгээ бол соёл урлагийн бүтээлүүд. Бид хоёр жилийн турш соёл урлагийн үйлчилгээ аваагүй иргэдээсээ сэтгэл санааны хувьд амгалан тайван байхыг хүсэх нь үр дүн багатай.

-Жижиг дунд үйлдвэрлэлийн түвшинд хүрээд, бүтээлч үйлдвэрлэл болон хөгжиж чадахгүй гацаанд орсон соёл урлагийн салбар энэ гацаанаас гарч чадах уу?
-Соёлын яамны бодлого, үйл ажиллагааны нэг чиг үүрэг нь энэ. Соёл урлагийн салбарыг тэргүүлэх чиглэл хэмээн зарлаж, төрийн бодлогоор дэмжиж байна. Соёлын яамны нөгөө чиг үүрэг нь бүх нийтийг соён гэгээрүүлэх, манай улсын нэгдмэл үнэт зүйл нь юу вэ? гэх мэт асуултад бид бүх нийтээрээ хариулах хэрэгтэй байна. Түүх соёл, уламжлалаа хэрхэн хадгалж, хамгаалж, түгээн дэлгэрүүлэх вэ? Монголчууд бид дэлхийн бусад улс үндэстнүүдээс юугаараа ондооших, юугаараа ижилсэх юм? Хойч үедээ юугаа өвлүүлэх вэ? Бид байгаа үнэт зүйлээ битүүмжилж авч үлдэнэ. Мөн хадгалж үлдсэн үнэт зүйлсээ орчин цагийн үүсэн шинэчлэгдэж буй урсгалуудтай нийлүүлж, техник технологийн ололтыг ашиглан хувиргаад хэрэглээнд оруулбал бид өв соёлоо сурталчилж, улмаар хадгалж хамгаалж үлдэж чадна. Хэрэглээний эргэлтэд оруулахгүй бол залуучууд сонирхохгүй шүү дээ. 

Бидний үеийнхэн телевизийн контент үздэг хүмүүс. Тэгвэл бидний хойч үе, үр хүүхдүүд зурагт үздэггүй, дижитал ертөнцөд амьдарч байна. Тоглоомоор дамжуулж, мэдээ мэдээллээ олж авдаг, өөрийн контентыг бий болгодог шинэ үе өсөж байна. Ийм үеийнхэнд зориулсан платформ, технологийн дэвшилд тулгуурлан соёлын өв, үнэт зүйлээ хүргэх хэрэгтэй болно.

 

Эх сурвалж. GOGO.MN





ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих