Энэ мэдээ хуучирсан буюу 2022-01-21 нд нийтлэгдсэн байна.

М.Бүжин: Бүжгийн эвсэлгүй хүн гэж байхгүй. Зүгээр л өөрсдөдөө бага зэрэг хугацаа өгөх хэрэгтэй

1/ 21/ 2022    7 цаг 10 минут

“Бидний нэг” контентын энэ удаагийн дугаарт сонирхлоо амжилт болгосон нэгэн бүжигчин бүсгүйг онцолж байна. Хятад хэлний багш, орчуулагч мэргэжилтэй ч сонирхол хүсэлдээ хөтлөгдөн бүжгийн урлагт эргэж буцалтгүй хөл тавьсан түүнд гадаад орнуудад бүжгийн багшаар ажиллах урилга багагүй ирдэг.

-Бүжгийн урлагт анх хөл тавьж байсан түүхээс яриагаа эхлэх үү?

-Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Мөнхбаатар овогтой Бүжин гэдэг. Нийтийн латин америк бүжгийг Монголд дэлгэрүүлээд явж байгаа хүн байна. Би багаасаа бүжиглэх дуртай байсан. Гэрийнхэн ерөөсөө бүжгийн дугуйланд явуулдаггүй, хичээлээ хий, хичээлээ хий л гэдэг байлаа. Дотроо бүжиглэх нууцхан хүсэл тээж явдаг. Ялангуяа надад африк төрлийн соёл, дуу хөгжим, бүжиг маш их таалагддаг байсан. Ганцаараа явах гэхлээр зүрхлэхгүй санаа зовоод, ичээд очиж чаддаггүй. Тэгээд найзуудаа уруу татах гэсэн боловч над шиг бүжигт дуртай, сонирхолтой хүн бараг байгаагүй. Нэг найзыгаа арай гэж дагуулж очиж үдэшлэгийг нь үзэхэд аймаар таалагдсан. Үдэшлэг дээр нь тухайн бүжгийн анхан шатны хичээлүүдийг зааж байсан. Тэгээд анхан шатны сургалтад суугаад энэ бүжигт бүр их гүн дурласан. Одоог хүртэл хичээллээд, багшлаад явж байна.

Би 2015 оны зургаан сард анхан шатаа төгсчхөөд намар нь шууд Кизомба бүжгийн улсын аваргын тэмцээн Монголд хамгийн анх удаагаа нэг зохиогдоход оролцсон. Нэг партнертай болоод хамтдаа тэмцээнд орж хоёрдугаар байр эзэлж байсан. Дараа нь харсан чинь дандаа надаас удаан хичээллэчихсэн бид нарын ярьдгаар бол акулуудтай хамт юу ч мэдэхгүй орчихсон байсан.

-Латин америк бүжгийн онцлог нь юу вэ?

-Энэ бүжгийн хамгийн гол онцлог нь эмэгтэйчүүд нь маш сайн дагадаг байх хэрэгтэй. Фолов хийдэг. Эрчүүдийн хувьд удирдлага маш сайн байх ёстой байдаг. Энэ төрлийн бүжгийн бичлэгийг үзэж байсан бол ерөөсөө дэглэлттэй явдаггүй. Шууд  эрчүүд нь аяа сонсоод эмэгтэйгээ удирдаад тухайн үедээ бүжгээ найруулаад явдаг гэсэн үг.

-Кизомба бүжгийн талаар сонирхуулахгүй юу?

-Кизомба бүжгийн талаар багахан танилцуулчихъя. Кизомба бүжгийг Монголчууд сайн мэдэхгүй. Латин америк бүжиг гэж андуурдаг. Бачата, салса хоёр латин америк бүжиг. Тэр хоёртой дандаа найзууд шиг хамт явж байдаг болохоор латин америк бүжиг гэж хүмүүс андуурдаг. Кизомба маань Африк гаралтай бүжиг. Африкийн Ангол улсаас гаралтай. Монголчуудын бие биелгээ шиг адилхан Ангол улсын сэмба гээд үндэсний бүжиг байдаг. Түүхийг нь товчхон яривал, мянга есөн зуун дал наяад онд Анголд иргэний дайн, боолчлолын үе их явж байсан. Тэгээд Анголоос аягүй олон хүн Португал руу дүрвэж ажил хийдэг байсан. Тэр үедээ мэдээж гэрийнхнээ санана шүү дээ. Ингээд л гэр бүлээ, үр хүүхдээ, эмээ өвөө, аав ээжийгээ санаж байгаа Португалд суурьшиж амьдарсан Анголчууд хоорондоо Кизамбодъя аа, хоорондоо уулзъя гэдэг байсан. Кизомба гэдэг үгийн утга маань бол хоум парти буюу гэртээ партидна гэсэн утгатай юм. Хэдүүлээ Кизомбадъя, чи гэрээсээ хоол хийгээд аваад ир. Би гоё дуу тавья, чи хөгжмөө аваад ир гээд ингээд бөөндөө цуглаад бүжиглэдэг байснаас үүсэлтэй.

-Та өөрийн сонирхлыг дагаж бүжигт орж гүн дурласан гэж байна. Зарим хүн хэдий сонирхоод бүжгийн гайхамшгийг хараад мэдрээд байдаг ч өөрөө бүжиглэх ямар ч авьяасгүй, хөдөлгөөний эвсэлгүй байдаг.

-Би аймаар эвсэлгүй ээ. Өмнө нь ерөөсөө бүжгээр хичээллэж байгаагүй мод мод. Миний бие бараг ургаа модноос ч хатуу гээд л над руу олон хүн бичдэг. Зарим хүн төрөхөөсөө ийм өгөгдөлтэй, дуу сонсохоороо л цаанаасаа хөдөлдөг байхад зарим нь хөдөлье гэхээр цаанаасаа эв хавгүй байдаг. Энэ талаар би нэг номноос уншиж байсан юм. Өмнө нь ерөөсөө тийм хөдөлгөөн, биеэрээ хийж байгаагүй болохоор шууд шинэ хөдөлгөөнийг булчингууддаа хийлгэх гэхлээр булчингууд нь нэг ёсондоо шоконд ордог гэсэн. Хүүш ээ, Бүжин чи надаар юу хийлгэх гээд байгаа юм гэдэг ч юм уу. Би наадахыг чинь өмнө нь хийж байгаагүй шүү дээ гээд шоконд ордог гэсэн үг байхгүй юу.

Тэгэхлээр бүжгийг бага багаар олон давтамжтайгаар хийж, маш зөв техниктэй хийж багшаар заалгуулах юм бол эвсэл бага багаар сууна гэсэн үг байхгүй юу. Тэрнээс биш огт эвсэлгүй хүн гэж байхгүй. Зүгээр л та нар өөрсдөдөө бага зэрэг хугацаа өгөх хэрэгтэй.

-Бүжгээр хичээллэж байгаа хүмүүсийг харж байхад зарим нь үнэхээр сонирхлоо дагаж байхад ихэнх нь турах, жингээ хасах үүднээс бүжгийн клубт явдаг. Энэ талаар таны бодол?

-Хүмүүс бүжгээр хичээллэнэ гэхээрээ л заавал ч үгүй тийм төгс биетэй, гуалиг сайхан байх ёстой гэж боддог. За за, би турж байгаад л бүжигт чинь явъя даа ч юм уу комментууд их ирдэг. Та ямар ч бие хаатай байсан бүжиглэх боломжтой. Гүйдэг ч юм уу өөр хүнд спортоор хичээллэвэл тэд нар чинь хэцүү, жоохон зовж турдаг шүү дээ. Манай энэ бүжиг ямар ч тийм зовсон юм байхгүй. Харин ч эсрэгээрээ аз жаргалтайгаар таныг өөрөө ч мэдээгүй байхад чинь жингээ хассан байдаг.

Би Kizomba Passion гэдэг нэртэй бүжгийн клубд багшилдаг. 2014 онд байгуулагдаад 2015 онд намайг орж байхад нэг жилийн ой болж байсан юм. Кизомбагаараа Монголдоо бараг номер нэг гэж хэлж болохоор ийм клуб.

-Кизомба бүжгийн багшаар ажиллах урилга гадаад улсуудаас их ирдэг гэж сонссон.

-Та нар хэрвээ ютүбээс харж байсан бол тойруулаад олон хүмүүс зогсоочихсон дунд нь хоёрхон багш бүжиглээд бусад хүмүүс нь бичлэг хийгээд зогсож байдаг шүү дээ. Би хамгийн анх бүжиг сурч байхдаа яг тэгж дунд нь зогсох юм сан гэж мөрөөддөг байлаа. Хүнд хэлдэггүй байсан ч гэсэн дотроо би яг ингэж зогсоно доо, ийм сайн болно гээд маш их хичээдэг байсан. Тэгээд тэр хүсэл маань 2017 онд хамгийн анх биелж байсан.

Миний багшилж байсан орон гэх юм бол Хятад байна. Бээжин, Шанхай байна. Тэгээд Красноярск байна. Улаан-Үд байна. Байгаль байна. Хамгийн сүүлд явсан нь 2019 оны арван сард Герман улсын Берлин хотод болдог Берлин Салса Конгресс гээд салсагийн хамгийн том фестиваль байдаг байхгүй юу. Тэнчээ бас кизомба бүжгийн багшаар уригдаж очсон.

-М.Бүжин амжилттай яваа залуухан бүжигчин. Ямар мэргэжилтэй хүн бэ?

Би хятад хэлтэй. Бүр зургаан настайгаасаа эхэлж хятад хэл Монголд анх сурч байсан. Бакалавр, магистраа дандаа хятад хэлээр сурсан. Би орчуулагчийн мэргэжилтэй. Хятад хэлний багш, орчуулагч. Тэгээд магистраа Олон улсын хэл соёл судлал гэх юм уу, бас л багшийн л мэргэжил гэсэн үг. Тэгэхдээ ерөнхийдөө хятад хэлээрээ дагнасан ийм мэргэжилтэй.  

-Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Ам бүл тавуулаа. Би айлын том. Доороо хоёр эмэгтэй дүүтэй. Намайг Бүжин гэдэг. Манай доод талын дүүг Үжин гэдэг. Хамгийн багыг нь Отгон-Үжин гэдэг. Отгон-Үжинг анх төрөх гэж байхад нь би  айлын хүүхдүүдийг урд талынх нь эхний үсгийг хасаад нэрлээд байдаг юм байх гэж бодоод ээж ээ, манай бага дүүд Жин гэдэг нэр өгөх үү гэж асууж байсан гэсэн. Тэрийг одоо хүртэл ярьж, манай гэрийнхэн намайг шоолдог. Манай ээж инженер мэргэжилтэй. Тэтгэвэртээ гарсан. Гэртээ байдаг. Гэртээ зүгээр суухгүй хувиараа юм хийдэг. Манай аав бол аймаар мундаг хятад хэлтэй хүн байсан. Намайг хятад хэлний сургуульд хамгийн анх хөтөлж оруулж байсан хүн.

-Бүжгийн урлагийн гайхамшиг нь юундаа байна вэ?

-Манай нэг шавь надад ингэж хэлж байсан юм. Бид нар хоорондоо бүжгийн талаар ярьж байхад тэр шавь маань бүжгийнхээ талаар аймаар гүн бодсон байгаа юм. Бид нар ажлын байран дээр хүмүүстэй харьцахдаа үг хэл амаа цэгнээд л дандаа  баригдмал байдаг гэнэ ээ. Тэгэнгүүт, урлаг болохлоор яг тэрний эсрэг. Яг зуун хувь тэр зүйлдээ туйлшрах орон зайг бий болгож өгдөг. Тэр дундаа бүжиг бүжиглэж байхдаа бид нар ерөөсөө ажлаа бодохгүй, стрессээ мартагддаг. Энэ л бүжгийн гайхамшиг юм даа.

-М.Бүжингийн цаашдын хүсэл зорилго юу вэ?

-Миний хүсэл болохлоороо янз янзын орнуудаар хичээл зааж, аялах... шинэ соёлтой танилцаад олон найз нөхөдтэй болж, бүжгийнхээ түвшинг сайжруулах ийм хүсэл мөрөөдөлтэй байдаг.

-Бүжгээр хичээллэх сонирхолтой ч хараахан шийдвэрээ гаргаж чадахгүй яваа хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?

-Хэрвээ та бүжигт хайртай л бол ерөөсөө санаа зовох юм байхгүй. Бүжгээр хичээллээрэй. Бүжиглэж сурмаар л байвал бусад хүмүүс юу гэж бодох нь хамаагүй. Та ямар харагдах нь хамаагүй. Нэг бүжиглээд эхэлчих юм бол, хичээллээд эхэлчих юм бол та энэ бүжигт дурлах болно. Таны амьдралдаа хийсэн маш том хөрөнгө оруулалт болох болно гэдгийг би баттай хэлэх байна.

-Ярилцсан баярлалаа.

-Намайг бас энэ хүндтэй нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан энэ нэвтрүүлгийн хамт олонд бүгдэд нь их баярлалаа.

Х.Соёл

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна4 сар 22. 8:00“…Улс төрийн санхүүжилт” гэвэл Р.Базар ч, банк ч биш, Монголбанкны дэргэдэх СМА буруудна4 сар 22. 7:56Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 22. 1:00Улсын начин Б.Түвшинтөгс түрүүллээ4 сар 21. 18:12Б.Ням-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа4 сар 21. 18:02Б.Ганхайч Азийн дэд аварга боллоо4 сар 21. 17:56Тодорхой тоймлоно-Долоо хоногийн тойм4 сар 21. 15:33Азийн аваргын тэмцээнийг Монголын жүдочид амжилттай эхлүүллээ4 сар 21. 11:09С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ4 сар 20. 14:23"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29
 Facebook Twitter Youtube