2023 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг Төрийн аудитын байгууллагын дарга Д.Занданбат танилцууллаа.
Төрийн аудитын байгууллага нь төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуурыг хангасан эсэх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх талаар, тогтвортой хөгжлийн бодлого Үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн эсэхэд аудит хийхээр төлөвлөн ажилласан байна.
Тус байгууллагын дарга Д.Занданбатын танилцуулснаар Төрийн аудитын байгууллага нь дараах дүгнэлтийг гаргасан байна.
-Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөлд тусгасан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан үзүүлэлтүүд төсвийн тусгай шаардлагыг хангаж байгаа ч өргөн барьсан төсөв урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого зорилттой уялдахгүй байх, төсвийн удирдлагыг зарчим алдагдах нөхцөл байдал эрсдэл хэвээр үргэлжилж байна. Тухайлбал, 2022 оны нэгдсэн төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитаар өгөгдсөн зарим зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй, зөрчил дутагдал хэвээр байгаа бөгөөд хүлээгдэж буй үр дүнд хүрээгүй.
Энэ нь төсвийн сахилга шат шатандаа алдагдаж байгааг харуулж байна. Улс орны гадаад дотоод нөхцөл байдал хүндрэлтэй байгаа энэ цаг үед төсвийн болон мөнгөний бодлого төсвийн зарлага тэлэх, халамжийн бодлогын зохистой харьцааг баримтлах оновчтой бодлого хэрэгжүүлэх замаар төсөв санхүүгийн хямралт байдлыг тогтворжуулах, даван туулах шаардлага тулгарч байна. Төсвийн төсөлд туссан зарим арга хэмжээний ангилах, эрэмбэлэх ажиллагааг дутуу хийснээс ирээдүйд бий болох үр дагавар нь зардлыг улам нэмэгдүүлсэн үр ашиг, үр дүнгүй болох эрсдэлтэй байна.
Тухайлбал,
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 2023 онд цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг хугацаанаас өмнө хэрэгжүүлэхээр төсөвт тусгасан байна. Цахилгаан автобусны хэрэглээ, цэнэглэлт, цэнэглэх байршил тодорхойлох, газар чөлөөлөх ажлыг бүрэн төлөвлөөгүй байгаа нь энэ ажлыг бүрэн хэрэгжихгүй байх эрсдэл байгааг харуулж байна.
Мөн дизель автобус худалдаж авахдаа орчны шинжилгээний үнэлгээ хийлгээгүй, евро 5 стандартыг хангаж байгааг тодорхойлоогүй нь агаарын бохирдлыг бууруулах нэмэлт төхөөрөмж суурилуулах зэргээр зардал нэмэгдүүлэх болзошгүй.
Мөн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх дотоодын барилгын үйлдвэрлэлийн чадамж, хүчин чадалтай төлөвлөлтөө уялдуулаагүй, нэг дор хэт олон арга хэмжээг зэрэг эхлүүлж байгаа нь 2010-2019 он хэрэгжсэн нийт 993 тэрбум хөрөнгөний 183 төсөл арга хэмжээ 2023 онд үнийн өсөлтөд өртөж 100,4 тэрбум төгрөгний нэмэлт санхүүжилт олгох үр дагаварт хүргэсэн байна. Үнийн өсөлтийн тооцоолд нэг төрлийн материалын үнийн индексийг өөр өөрөөр илэрхийлсэн, зах зээлийн үнэтэй харьцуулахад харьцангүй өндөр байх, үнийн өсөлтийг тооцохдоо бодит ажлын өртөгт үндэслэлгүй төсөвт туссан материалаар тооцсон нь материалын чанар байдлыг доройтуулж, гүйцэтгэгчид илүү санхүүжилт олгох нөхцөл байдал үүссэн байна.
Мөн төсвийн төслийг Үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн эсэхийг дүгнэхэд тодорхой стандартгүй учир хэцүү байгааг харгалзан үзэх шаардлагатай байна гэв.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.