НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар Украинд үзүүлэх тусламжийн цаашдын хэлбэр, хэмжээг хоёр өдрийн турш хэлэлцэхээр Бухарест хотод цуглараад байна.
Уулзалтыг нээж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг хэлэхдээ, НАТО өөрийн нутаг дэвсгэрийнхээ нэг сантиметрийг ч дайралтаас хамгаалахад бэлэн байна.
Гэхдээ Эвсэл "энэ мөргөлдөөнд оролцохгүй байгаа" гэдгээ онцлон тэмдэглэсэн ч манай гишүүн орнууд Оросын түрэмгийллээс өөрийгөө хамгаалахад нь зориулж Украинд "урьд өмнө байгаагүй дэмжлэг" үзүүлж байна гэдгийг Столтенберг дурджээ.
Ишлэл: Украин дахь Оросын дайны үнийг бид бүгдээрээ мөнгөөр төлж байгаа бол Украин харин цусаараа төлж байна. /Йенс Столтенберг,НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга/
НАТО-гийн тэргүүн мөн "НАТО Оросыг ялахыг зөвшөөрч болохгүй, учир нь энэ нь Владимир Путин болон бусад авторитар удирдагчдыг зорилгодоо хүрэхийн тулд илүү их итгэлтэйгээр хүч хэрэглэхэд түлхэц болно" гэж мэдэгджээ. “Хэрэв түрэмгийлэгч ялвал та бид үргэлждийн энх тайванд хүрч чадахгүй"
Ишлэл: Ихэнх дайн хэлэлцээрийн ширээний ард дуусдгийг бид мэднэ, гэвч хэлэлцээрийн ширээний ард юу болж байгаа нь тулааны талбарт юу болж байгаатай шууд холбоотой" гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг хэлэв.
Одоогоос 14 жилийн өмнө буюу 2008 онд Румыны нийслэл Бухарест хотноо болсон дээд хэмжээний уулзалт нь Украйн, Гүрж улсын ирээдүйд НАТО-д элсэх боломжийн талаар шийдвэр гаргаснаараа ач холбогдолтой юм. Владимир Путин энэ шийдвэрийг Оросын аюулгүй байдалд "шууд заналхийлж байна" гэж нэрлээд дөрвөн сарын дараа Орос Гүрж рүү довтлож байсан гэдгийг НАТО-гийн тэргүүн тэмдэгдэв.
Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр НАТО Украиныг дэмжиж байгаагаа илэрхийлж, Оросын бөмбөгдөлтөөс үүдэлтэй эрчим хүчний хямралыг арилгахад Украинд шинэ тусламж үзүүлэхээ зарлах гэж байна. Дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Украинд "их хэмжээний" санхүүгийн тусламж үзүүлэхээ зарлах төлөвтэй байна.
Түүнчлэн НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар агаарын довтолгооноос хамгаалах систем, сум, түлш, эм тариа, өвлийн техник хэрэгсэл зэрэг цэргийн тусламжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэх юм.
Уулзалтад оролцогчид Украины талын тууштай шаардаж буй зэвсгийн нийлүүлэлт, тэр дундаа довтолгооны зэвсгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжийг хэлэлцэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.