Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-05 нд нийтлэгдсэн байна.

Ид шидийн түүх

12/ 5/ 2022    11 цаг 44 минут

Улаанбаатар хотод хоёрын хоёр “Ид шидийн орон” сүндэрлэснийг сонссон ч хаа нэг нүүр номоос мэдээлэл авч “эрхий хуруу илгээж”, өнөөдрийг хүрч байлаа. Гэтэл өнөөх маань хөдөө баригдахаар болсныг мэдээд зогтуссан юм.  

Хөдөө хүүхэд хамгаалал хэрэгтэй байдаг аа? Бүр говьд уу хэмээн өөртөө хэдэн асуулт тавьчихаад, нээлт  хүртэлх  үйл явцын талаарх мэдээлэл  дээр нь  гайхаж нэг, хайрлаж нэг томоо “цэнхэр хуруу” дарна. Өдөр хоног ч урсаж Ид шидийн орон аравдугаар сарын 12-нд нээлтээ хийхээр болжээ гэж дуулаад л бодитоор үзэх хүсэлдээ хөтлөгдөн цагийн ажил хийж замын зардлаа олж аваад хоёр цамц, дэвтэр, балаа цүнхэндээ хийгээд Дундговь аймаг руу өөртөө томилолт өгөөд хүлгийн жолоо заллаа. 18 цагт хөдөлсөн орон нутгийн автобусаар гарсан учраас тас харанхуй шөнө зорьсон газраа ирэв. Өмнө нь ирж байгаагүй, огт мэдэхгүй газар. Хаашаа явахаа мэдэхгүй, айх мэдрэмж гэнэт төрөв. Гэсэн ч ирсэн зорилгоо санаад, хүнээс сураглан хуруу сунгасан зүг рүү нь алхвал замын цаана тодоос тод гэрэлтэн “Ид шидийн орон” угтаж байна. Хашааны завсраар шагайвал яг л жинхэнэ юм шиг тоглоомон машин, шив шинээрээ гялтганах савлуур, сагсны талбай, явган зам, ногоон байгууламж харагдана. Үгүй мөн, яг л зураг шигээ болж. “Өглөө ирье дээ” гэж өөртөө хэлээд аймгийн төв рүү орж шөнийг өнгөрөөхөөр боллоо. Маргааш өглөө нь сургуульдаа явах гэж догдолж буй зургаан наст шиг догдолсоор товлосон газраа  товлосон цагтаа ирлээ.Ийнхүү ид шидийн түүхийг Дундговь аймгаас хүргэж байна.

Би ид шид бүтээмээр байна

“Хүүхдүүдийн маань идэх дуртай “Коровка” нэртэй орос жигнэмэгийн үнэ тав дахин өссөн энэ зургаан жилийн хугацаанд сургуулийн нийгмийн ажилтнаар ажиллачихаад сая халагдах өргөдлөө өгөх надад үнэхээр хэцүү байсан. Гэсэн  ч хүүхдүүдийн төлөө гээд л зүтгэсэн” хэмээн “Magic cafe”-д 300 төгрөгний боорцог, ногоотой шөл захиалангаа яриагаа эхлэв. Түүнийг Мөнгөнхүүгийн Санжаасүрэн гэдэг. Дундаж өндөртэй, говийн нар салхинд борлосон хөрслөг царайтай энэ бүсгүй “Ид шидийн орон”-ы талаар нүдээ гэрэлтүүлэн инээд алдан ярих. Тэрбээр хоёр хүүхдийн ээж, гэрийн эзэгтэй бөгөөд энэ жил 30 настай.

“Саяхан л хангай нутгаас говьд бэр болж, Дундговь аймагт ирж байж билээ. Хөгжлөөрөө хамгийн сүүлд ордог аймагт гээд анхандаа  дургүй л байлаа. Би дахиж энд хэзээ ч ирэхгүй гээд хот руу явж үзсэн ч эргэж ирээд зогсохгүй, эндээ суурьшин үлдсэнээр “Ид шидийн орон”-д гар бие оролцож, сэтгэл зүрхээ зориулж эхэлсэн юм даа хэмээн надад ярина.

М.Санжаасүрэн сургуулийн нийгмийн ажилтны хувьд хичээлдээ ирэхгүй байгаа хүүхдүүдийн ар гэрээр явах үедээ “тавиул” хүүхэд гэж хэлэгддэг тавдугаар ангийн охин гурван настай дүүгээ харан айлын хашаанд гэр бариад өрх толгойлон аж төрж байхыг нүдээрээ үзжээ. Чихээр сонссон бол лав л итгэхгүй байсан биз. Хүүхдүүдийн өмссөн хувцас хир дагандаа идэгдэж, ямар өнгөтэй нь ч мэдэгдэхээргүй болсон төдийгүй яаж гал түлж, хоол хийж иддэг юм бэ, юугаар бор ходоодоо болгож байна вэ гэх асуултууд түүнд үнэхээр хүнд туссан гэнэ. “Үүнийг л өөрчлөх юмсан гэсэн сэтгэл, хүслийг минь “ид шид” л бүтээж чадах биз гээд бодтол...” хэмээн бидний яриа түр завсарлав.

Нээлтийн үеэр тэнд хөл хөдөлгөөн тасрахгүй нь мэдээж. С1 телевиз түүнээс ярилцлага авах шаардлагатай болсноор бид хоёрын яриа завсарлан би  ид шидийн оронтой танилцахаар гадагш гарлаа

 Оройн хоол тагтааны мах

Гадагш гарвал, тойрон суугаад хөгжилтэй яриандаа халан намайг үл анзаарах найз хөвгүүдийн бүлэгтэй таараадахлаа. “Сайн уу хөвгүүд ээ, хэмээн дунд нь ороод ямартай ч сууж авлаа. Хамар хашааны андууд гэнэ. “Ид шидийн орон”-той  Дундговийн  талаар эхэлсэн бидний яриа сүүлдээ ид шидийн оронгүй байсан Дундговийн талаарх яриа руу оров. Ил хуль энэ газар хаа нэг салхинд хийсэх хамхуул л таардаг байж. Хүүхдүүд хичээлээ тараад очих газар хомс. Номын сан, кофе шоп  сураг ч үгүй. Тиймээс “Хар овоо” хэмээх овоон дээр гарч ихэнхи цагийг тоглож өнгөрүүлнэ. Тэдний хуучин “өдөр өнжүүлэх” нь миний сонирхлыг татаж өнөөх хөвгүүдтэй хамт очихоор боллоо. Хар овоо хүрэх зам хотын бидэнд нилээн хол санагдаж, ойрхон явах хүрэн формтой хүүтэй ганц нэг яриа өрнүүлсээр алхав. Хүү доороо ганц дүүтэй, ээж нь багш, аав нь анчин гэж надад өөрийгөө танилцуулав. Дүүгээ хоёр сартайгаас нь ээжийгээ иртэл саатуулах үүрэг хүлээж. Гэхдээ дүү нь сүүнээс гараад бор хоолонд ороод ирэхээр ээжийн үлдээдэг сүүгээр аргацааж чадахгүй болж, арга буюу цэцэрлэгт өгч ах завтай болсон гэнэ. Цэцэрлэгт дүү нь явдаг болсноор аав нь ойр ойрхон анд явж, ээжийн гэртээ ирэх цаг ч хойшилжээ. Хичээлээ тараад ирэхэд нь хөргөгчинд нь  дутуу тагласан  кетчуп, 10-ийн уутан дахь ааруул л угтдаг болж. Энгийн л нэг өдрүүдийн адилаар  хичээлээ тараад хар овоон дээрээ цуглаж, хөөцөлдөж гүйсээр ходоод нь хонхолзохын эрхэнд хөвгүүд гэр гэртээ харьж, ундаа уухаар салцгаалаа. Ид шид л тохиолдоогүй бол хөргөгч өнөөх л дүр зурагтай угтах нь тодорхой. Тиймээс гэртээ харилгүй хоёр найзтайгаа үргэлжлүүлж тоглохоор болжээ. Тэр гурвын хажууханд нэг хоёр тагтаа юм хайж буй мэт тонголзон эргэлдсээр байж. Энэ үед аавтайгаа хамт анд хэд хэдэн удаа явж байсан хүүгийн толгойд...

Таны санаанд орж ирсэн тэр хариу мөн. Нэг тагтааг чулуугаар агнасан гэв. Бүүр овооны бэл хавьд дөхөж ирээд яг энд агнасан, ингэж шидээд, ингэж бариад, амт нь яг тахиа шиг гээд нүдэнд харагдтал ярьж эхлэв. Юу, тэгтлээ их өлссөн юм уу? Бие чинь өвдөөгүй юу? гэх миний асуултанд “Одоо ч больсон л доо, “Ид шидийн орон”-ы эргэн тойрны хогийг нь түүвэл, бас уншсан номоо ярьж өгвөл “ид шид”-тэй ах эгч нарын бидэнд үлдээсэн хандиваар үнэгүй халуун сүү, боорцог авчихдаг” гэж хариулаад хээв нэг над руу харав. Тэдний цугладаг энэ овоо хоёр ч саравчтай, морин хуурийн хөшөөтэй, хэдэн чулуун овоотой онц гойд зүйлгүй газар. Хөвгүүд бүгдээрээ хот орж үзээгүй, хотын талаар асуултууд ар араасаа цуварч, намайг бүчин ээрэхэд Санжаасүрэн эгч телевизийн ярилцлага дууслаа хэмээн намайг дуудсанаар бидний “аялал” өндөрлөв. Энэ хүүгийн яриа миний энд хөтлөгдөн ирсэн асуултуудад хариулт өгсөн юм шиг болов. Эдгээр хүүхдүүдийг хамгаалахын тулд, эрүүл орчинд өсгөн хөгжүүлэхийн тулд “Ид шидийн орон” энд сүндэрлэжээ.

Анхны хандив 20 төгрөг

М.Санжаасүрэн: -Ажлаас гарчихаад оройн хоолны дараа аягаа угааж зогсохдоо аяга угаадаг шингэнээ арай хямдаар өөрчилснөө хараад ажлаас гарах нь зөв шийдвэр байсан эсэхдээ эргэлзсэн шүү. Ямартай ч “Гэрэлтдэг ертөнц”  ТББ-ээ үүсгэн байгуулсан. Хувь хүний хөгжлийн хичээлүүдээ орж, оффисын түрээсийн мөнгөө л арай чүү олж байлаа. Найман хүний бүрэлдэхүүнтэй манай байгууллагын хамгийн анхны хариуцсан төсөл нийслэл хотод зарлагдсан “Magic box” хэмээх номын сангийн тендэрт оролцсоноор эхэлсэн ч туршлагагүйгээс тэнцэж чадаагүй. Гэсэн ч Говь-Алтай аймагт очсоныг мэдээд хамгийн зөв газраа очиж гээд баярлаж байлаа. Энэ удаад ялагдсан ч бид туршлага хуримтлуулж чадсан. Дараагийн тендэр 21 аймгийн дунд зарлагдсан бөгөөд миний мөрөөдөл биелэх “Ид шидийн орон” баригдах аймгийг сонгон шалгаруулах. Энэ мэдээг сонссон даруйдаа мөрөөдлөө биелүүлэхээр шинэ төслийн ажилдаа ханцуй шамлан орсон. Эхний шатанд есөн аймаг төслөө ирүүлснээс багахан туршлагатай болсон бидний төсөл тэнцэж чадсан. Хамгийн түрүүнд эцэг эхчүүдээс  манай аймагт “Ид шидийн орон” баригдвал дэмжих үү хэмээн нээлттэй санал асуулга явуулахад “мэдэхгүй юм даа, баригдсан хойно нь л болъё доо” хэмээх нийтлэг хариуг өгч, сэтгэлийн галыг минь унтраах дөхөж байлаа.  Гэхдээ би буруу зүйл хийсэн гэдгээ ухаарсан. Эцэг эхчүүдэд биш хүүхдүүдэд зориулсан ажил хийх гэж байгаа шүү дээ. Гол хэрэглэгч нь хүүхэд учраас хүүхдүүдээс санал хүсэлтийг нь сонсох хэрэгтэй юм билээ. Тэгтэл “Пүүх, ийм гоё зүйл барих гэж байгаа юм уу?”, “таалагдаж байна. барья” “би яаж туслах уу?, надад байгаа нь л энэ байна” хэмээн халааснаасаа 20 төгрөг гаргаж ирсэн хүүгээс манай төсөл хамгийн анхны санхүүжилтээ авч манай байгууллага хүүхэд гишүүнтэйгээр ажилдаа орсон юм.

“Хурдлаарай”

5 дугаар сарын 1-ний өдөр хандивын ажил эхэлж, ганцхан сарын дотор 127 сая төгрөгийн хандив цуглан, хүүхдийн эрхийг хамгаалах өдөр албан ёсоор барилгын ажил эхэлж байлаа. Хүүхдүүдийн дунд цуу яриа амнаас ам дамжин тархаж, өглөө болгон хашааны завсраар хүүхдийн толгой булталзан ”хурдлаарай” хэмээн “шаардлага” тавьж, жаахан орой ажил эхэлсэн өдөр “машинаа ажилуулаач ээ” гэх зэргээр өдөр бүр сайн дурын шалгалтынхантай боллоо. Хотод хандивын арга хэмжээ зохиогдож байх үед бид хөдөө хонь цуглуулж, тал талд хичээнэ. Бид бүгд нэг зорилготой, тэр зорилго маань хүүхдийн төлөө  биднийг нэгтгэж байсан учраас хонь хариулах юу ч биш.

“Тоонот”-ынхан тоглолтоор ирэх сургаар хуушуур хийж зарах санаа гарган бэлтгэл ажлаа эхлүүлэв. Арван сая төгрөг босгоно хэмээн санал нэгдэцгээж, нэг төгрөгийн ч илүү зардал гаргахгүйн тулд хичээсээр үүрийн 4 цагаас эхэлсэн бэлтгэл ажил дуусаад хөдлөх гэтэл бүх дугуй халуун наранд хий нь гараад хагарчихсан байв. Арай гэж дугуй олоод чирэх гэтэл машин асдаггүй. Чирэх машинаа олоод очсон чинь гурилаа мартчихсан. Мунгинаж байтал арга хэмжээ ч  дуусч хүмүүс ч тарлаа.  Орой нь бүгд уруу царайлан дуугаа хураан уур амьсгал нэг л хүйтэн болж байсан ч бүтэлгүйтэл амжилт авчирна гэх сайхан үгийг санан шантралгүй 7 дугаар сарын нэгний өдөр Өлзийт сум руу явж хуушуур зарахаар боллоо. Аймгийн төвөөс 100 км-ийн зайтай учраас дүндээ дүн болж ашигтай ч биш ашиггүй ч биш ихэнх мөнгөө бензинд өгчихөв. Тэнгэр хөмрөх шиг л санагдсан. Халуун наранд тэгтлээ их хичээсэн ийм олон хүний хичээл зүтгэлийг нь би үнэгүйдүүлчих шиг боллоо гэж бодсоор  нулимс асгарч, агаар амьсгалахаар хаалгыг зүглэлээ. Гэтэл хаалга налаад гадаа нэгэн хүү унтчихсан байсан юм. Хүүгийн гэр нь эндээс нилээдгүй хол бөгөөд барагцаалвал таван километр газрыг туулан өглөө бүр зорин ирдэг “хяналтынхны” нэг байв. Ингэж л шантрах ёсгүй гэдгээ ойлгон ойрын сумддаа хуушуурын хажуугаар мөстэй кола, сүүн зайрмаг давхар борлуулан ашгаа нэмэгдүүлэхийг хичээж байв. Наадмын өдрүүдэд хичээсний үр дүнд 8965 хуушуур, 1137 зайрмаг, 900 мөстэй кола борлуулж, 18 сая төгрөгний ашигтай ажилласан юм. Тэр орой үгээр илэрхийлэмгүй сайхан байсан орлогоо дахин дахин тоолоод л...

 “Ид Шидийн Орон”-оос цацарсан гэрэл Улаанбаатарын утааг зүсээд Монгол орон даяар...

“Лантуун дохио” ТББ-ын тэргүүн асан Ч.Ганжавхлан-

Миний мэдэхээр “Ид Шидийн Орон” төсөл Баянхошуун дахь анхны төвийнхөө хашааг худалдаж авахаас эхлээд Дундговь аймгийн төвд саяхан баригдсан гурав дахь төвийнхөө сүүлчийн тоосгыг өрөх хүртэл үндсэндээ хувийн хэвшил болоод иргэдийн үзүүлсэн олон төрлийн хандиваар явж ирсэн. Хагас тэрбумыг хандивласан томоохон компани, хадаас баантаглаад ирсэн хүүхдүүд, зуны амралтаараа хонон өнжин ажилласан сайн дурынхан, зураг зурж хандив босгосон охин, хөдөөнөөс явуулсан хонь гээд байж болох бүх л хувилбараар “Ид Шидийн Орон” төвүүдийн бүтээн байгуулалт санхүүжсэн юм. Хоосон данс, дүүрэн мөрөөдлөөр хэдхэн сарын дотор тийм төвүүдийг байгуулчихна гэдэг үнэхээр ИД ШИД шүү!

“Ид Шидийн Орон 1” төвийн бодит өртөг 2 тэрбум орчим, 2 төвийнх 4 тэрбум орчим, Дундговийнх 1.5 тэрбум гээд бодвол ойролцоогоор 7.5 тэрбум төгрөгийн санхүүжилт уг төсөл татжээ. Мэдээж энэ мөнгийг дагаад хардалт, сэрдэлт төрнө. Харин “Лантуун Дохио” ТББ-ынхан санхүүгийн сахилга бат, ил тод, хариуцлагатай байдал дээрээ тунчиг сайн. “Ид Шидийн Орон 1” төв баригдахаас эхлээд шилэн данс хөтөлж, жил бүр томоохон хөндлөнгийн аудит оруулж ирсэн. “Ганжавхлан байшин бариад мөнгө иддэг байж таараа” гэвэл тодхон дуугаар “Үгүй шүү!” гээд тоо баримтаа, санхүүгийн шалгалтын дүгнэлттэйгээ үзүүлж чадах байгууллага. Уг төслийн алсын зорилго бол Монгол улсад хүүхэд хамгаалалт, хөгжлийн тогтолцоог нэгэн шинэ түвшинд гаргах юм.

“Энийг чинь төр хийх ёстой юм бишүү?!” гэж хэлэх хүмүүс байдаг. Би үүнтэй санал нийлнэ. Гэвч төр ажлаа хийхгүй байгаа тохиолдолд хэр олон хүүхэд өнөөгийн нийгмийн хохирогч болох ёстой вэ? Лантуугийнхан энэ байдалтай эвлэрэхийг хүсээгүй. Тиймээс төрд үлгэрлэл бас шахалт үзүүлэхийн тулд “Ид Шидийн Орон” төслийг хэрэгжүүлээд явж байна.” гэв.

 Барьж өглөө, бадруулж яваарай

“Ид шидийн орон”-ы туг намирсан өглөө би гэдэг хүн цурхиртлаа уйлж билээ. О.Ундраа эгч барьж өглөө шүү, бадруулж яваарай хэмээн ерөөлөө айлдсан тэр өдрөөс 2 хоногийн дараа нээлтийн үйл ажиллагаа эхэлсэн. Дараа жил ашиглалтанд орж болох байсан ч богино хугацаанд ид шид бүтээх боломжийг хүүхдүүд л олгосон. Чулуу түүсэн, хашаа манасан хүүхдүүд маань тууз хайчилсан. Хандиваар босгож чадсан ч цаашдын үйл ажиллагааны зардлыг орон нутгаас боломжоороо өгөхөөр тохиролцож чадсан. Өөрөөр хэлбэл, газар, дулаан цахилгаан, цэвэр бохир ус, дэд бүтцүүдийн жил болгоны  урсгал зардлыг 100 хувь гаргана гэдгээ амласан юм.

Дундговийн ойролцоох сургуулиудийн хүүхдүүд маань хичээлдээ суухгүй нойл орчихоод ирье гэж хэлээд энд ирснээс болж багш нараас банга хүртээд байгаа. Нээлтийн эхний өдөрт л 12 төрлийн сургалтанд 242 хүүхэд бүртгүүлсэн байна. Сургалтын төлбөр нь ердөө хоосон варианы шил, хэрэглэсэн зай, хуванцар сав. “Ид шидийн орон” гэх ид шидийг хараад бүтээчихээд зогсож байгаа гэдэгтээ итгэж чадахгүй байгаа ч, ид шидийн мөрөөдөл маань биелчихсэн хэмээн Санжаасүрэн эгч маань сэтгэл дүүрэн инээмсэглээд бидний яриа өндөрлөв.

 Ид шид Дундговиос эхлэнэ

Үнэнээ хэлэхэд халуун сүү, амтат боорцогыг эргэн тойрны хог түүсэн эсвэл уншсан номоо ярьж өгсөн хүүхдэд л өгнө гэдгийг сонсоод хүүхдүүд халуун сүүний төлөө оромдоод л өнгөрөх байх гэж бодож байлаа. Гэтэл тэд чин сэтгэлээсээ номоо ойлгон уншиж, “хог түүе” хэмээн санал нэгдэж байхыг хараад гайхаж орхисон. Үнэнгээсээ л намайг ирэхэд эргэн тойронд нэг ч хог харагдаагүйгээр зогсохгүй энд ном уншсан үгүйдээ л шатар тоголсон хүүхдүүд угтаж байсан шүү. Хүүхдүүд иймээс л дэндүү гэгээлэг, дэндүү хайр хүрмээр. “Ид шид” Дундговьт ийн биеллээ олов. Дараагийн “Ид шидийн орон-4” Хөвсгөл аймагт баригдаж байгаа тухай сайхан мэдээтэй ганзага дүүрэн нутаг буцлаа.Сурвалжилгийнхаа төгсгөлд “Ид шидийн орон”-г хэрхэн бүтээсэн сонирхолтой түүхээ цааргалалгүй нүдэнд харагдтал тусгайлан цаг гарган ярилцсан, амтат халуун сүү  боорцгоор дайлсан М.Санжаасүрэн эгчдээ  мөн ид шидийг бүтээж байгаа “Лантуун дохио”–ны хамт олондоо гүнээ талархаж буйгаа илэрхийлье. Хүүхдийн төлөө хийж байгаа сайн үйл бүхэн тань өлзийтэй сайн бүтэх болтугай.

Хэн нэгэн эхлүүлээгүй бол хэн ч нэгдэхгүй. Хэн ч нэгдээгүй бол ид шид бий болохгүй байсан шүү дээ. Хандив тусламж илгээдэг ид шидтэй ах эгч нартаа энд хамгаалагдаж, хөгжиж байгаа бяцхан зүрх болгоны өмнөөс барялалаа гэж хэлмээр байна.Хэрэв та ид шидтэй ах, эгч болж амжаагүй бол таньд ердөө хүүхдийн төлөө хайр шингээсэн сэтгэлийн хандив байхад л хангалттай. Дараа нь өөрийн бүтээлцсэн “Ид шидийн орон”-оор зочлоод үзвэл  нүдэндээ ч итгэмээргүй ,хүүхдийн инээд цалгиж хайр ундарсан газар таныг хүлээж авах болно гэдгийг нүүр бардам хэлье.                

Зургийн эх сурвалж: “Ид шидийн орон” нүүр номоос

Б.Хонгорзул

 

 

 

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.67.101Зочин   • 2022, 12 сарын 5. 17 цаг 46 минут

Huurhun boljee



ШИНЭ МЭДЭЭ

Монгол, Солонгос улсын орон нутгийн шууд нислэлийг нээнэ5 цаг 22 минутын өмнө“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн "худал мэдээлэл тараасан" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдэв5 цаг 43 минутын өмнөЭмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд Эрүүл эндийн сайд саад учруулж байна гэв6 цаг 12 минутын өмнөРойтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ6 цаг 43 минутын өмнөЛ.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна7 цаг 18 минутын өмнөБага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна7 цаг 33 минутын өмнөЕрөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага7 цаг 37 минутын өмнөТанк ажиллагаа газраар солигдоод…7 цаг 51 минутын өмнөПутин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно8 цаг 47 минутын өмнөЭнэ өдрийн зурхай8 цаг 52 минутын өмнөИнтерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ8 цаг 54 минутын өмнөГазар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна8 цаг 56 минутын өмнөАлтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал8 цаг 56 минутын өмнө" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57
 Facebook Twitter Youtube