БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуурын коммунист намын орлогч дарга Г гэгчийг цаазаар авсан тухай мэдээлэл саяхан хэвлэлээр гарсан. Шалтгаан нь манай нүүрсний хулгайч нартай үгсэн хуйвалдаж, авлига авсан учраас тэд ийн хүнээ яллалаа. Гэтэл манай Ерөнхий сайд “нүүрсний хулгайчдыг зарлана” гэж хэлээд нэг жилийг үдчихлээ.
Одоогоор тэр ганцхан УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн нэрийг цохсон ч хүлээлгэсэн хариуцлага, асуусан гэм алга. Харин ард түмэн нүүрсний хулгайчдын Монгол Улсад учруулсан хохирлыг 40 их наядаар төгрөгөөр хэмжиж, МАН, АН аль аль нь хулгайлсан, идсэн бас эрх мэдлийн шатаа зузаалсан гэдгийг мэдэрлээ.
Хятадын талаас төмөр замынхан, боомтынхон гээд шат шатны албан тушаалтнуудад хариуцлага тооцоод, манай дарга нарт сураг сонсгож, хамтарч ажиллахад бэлэн гэдгээ ч илэрхийлснийг хариуцсан сайд нар өөрсдийн амаар хэлсэн ч яг тооцсон хариуцлага хаа хаанаа алга.
Манай Ерөнхий сайдын амнаас “удахгүй зарлана”, “шаардлагатай бол зарлана” гэх үгс унасан хэвээр байна. Олон нийт түүнийг өөрийгөө бодохоор МАН-аа алах гээд, МАН-аа бодохоор Улсаа алах гээд урагшаа ч алхаж чадахгүй, хойшоо ч ухарч чадахгүй гацчихлаа хэмээн шүүмжилж байна.
Харин ард түмэн түүнээс МАН-ын Ерөнхий сайд уу, Монголын Ерөнхий сайд уу гэдгээ ухамсарлахыг шаардаж, хариуцлага нэхэж өчигдөр талбай дээр жагслаа. Эрх баригчид жагсаалыг ард хэн байна вэ хэмээн өөрсдийгөө хардаж, өөр хоорондоо толхилцож эхэллээ. Гэлээ гээд хоёр хүн тутмын нэг нь ядуу болсон монголчууд тамираа тасартал бүсээ чангалж тэссэний эцэст сая мөнгө биш хариуцлага нэхэж, Засгийн газарт анхааруулга өгөөд байна.
Үнэндээ тэд хуйвалдсанаа шийтгээд байхад бид хулгайлснаа "эвийлсээр" байгааг ард түмэн харж, мэдэрч ойлгож байна Ерөнхий сайд аа. Намаа биш Монголоо бодож хэлсэндээ хүрч, хулгайчдыг нийтэд ил болгож, алдагдсан боломжийг нэхэмжлэхгүй бол нүүрсний хулгайчдын хар мөр айл бүрийг гэрт орлоо.
Сэтгэгдэл (3)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Энийг зайлуулъя.
Хятхдууд нь хуйвалдсан нөхдөө олоод хармуцлага тооцчоод бхад монгол таг
Yg vnen bicnsen baina Eronhii said ta bolgoogtvn