Хятад сурвалжид хүннү нар уртын дуу дуулж, бүжиг бүжин, хөгжим тоглодог байсан талаар хэд хэдэн мэдээ тэмдэглэгдэж үлдсэн байдаг. Мөн тэдэнд цохивор хөгжмийн зэмсэг болох хүүрэг (хэнгэрэг), кунхоу хэмээн нэрлэсэн чавхдаст хөгжим, товшуур бийваа, цуур, лимбэ байсан талаар ч дурдсан нь бий.
Харин одоогоор Хүннүгийн хөгжмийн зэмсэг дотроос ясаар хийсэн “хэл хуур” хэмээх олдвор л биетээр илэрч олдсон байна. Тодруулбал, 1989 онд Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орших Морин толгойн дурсгалт газрын хүннү булшнаас хэл хуур олджээ.
Энэхүү хэл хуур 12.5 см урт, 1.4 см өргөн, 2 мм зузаан ясаар хийсэн эд бөгөөд голд нь 9.7 см урт, угаар 5 мм, үзүүртээ 2 мм өргөн урт хэлтэй юм. Хуурын хэлний угт жижиг нүхтэй агаад түүний эсрэг талыг 2 хажуугаас хотойлгон зорж барихад эвтэй болгож зассан байна. Морин толгойн булшнаас олдсон хэл хуур өдгөө ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байна. Үүнтэй ижил хэл хуур Тувагийн нутагт малтсан Хүннүгийн үеийн булшнаас олдсон нь өдгөө ОХУ-ын Эрмитаж музейд хадгалагдаж байгаа ажээ.
Хүннүгийн хэл хууртай төстэй хэлбэрийн хөгжмийн зэмсгийг монголчууд хулс, төмөр зэрэг материалаар хийж тоглодог байжээ. Ер нь хэл хууртай төстэй хөгжмийн зэмсэг дэлхийн олон оронд тархсан байдаг төдийгүй орчин үеийн хөгжмийн зэмсэг дотор баян, аккордион, төгөлдөр хуур зэрэг хөгжмийн зэмсгийн дуу гаргадаг хэсгүүд нь хэлбэрийн хувьд их төстэй юм. (Г.Эрэгзэн)
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.