Энэ мэдээ хуучирсан буюу 2023-01-17 нд нийтлэгдсэн байна.

Г.Батзориг: 200 орчим тэрбум төгрөг хэмнэлээ гээд хэдэн их наядаар хэмжигдэж байгаа төсөв дээр ямар ч нөлөө байхгүй

1/ 17/ 2023    7 цаг 00 минут

Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын талаар эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.

-2023 оны төсвийн төслийг таны хувьд юу гэж харж байна вэ? Засгийн газраас төсөв дээр гол тодотгож байсан зүйл нь өөрөө хэмнэлтийн жил гэгдэж байгаа?

-Сонгуулийн өмнөх жил гэдэг утгаараа маш өндөр батлагдсан төсөв шүү дээ. Эдийн засаг сэргэж чадаагүй, Хятадын ковидын асуудал, дотоодын бизнес, борлуулалт буурчихсан дээрээс нь иргэдийн цалин орлого өсөхгүй байгаа энэ нөхцөлд нэг талдаа төсөв дээр хэмнэлт гэж ярьж байгаа ч нөгөө талдаа аж ахуйн нэгжүүдэд ирэх татварын дарамтууд маш их байна. Ямар нэгэн хатуу аргаар тэр өндөр төсвөө бүрдүүлэхийн тулд татваруудыг хурдан цуглуулна, татвараа төлөхгүй бол торгоно гэдэг хатуу нөхцөлтэйгөөр эдийн засгийн хүнд нөхцөл байдалд шахаж байна. Хэмнэлт гэж ярьсан ч тийм өндөр хэмжээний хэмнэлт харагдахгүй байгаа. 200 орчим тэрбум төгрөг хэмнэлээ гээд хэдэн их наядаар хэмжигдэж байгаа төсөвт бол ямар ч нөлөө байхгүй.

-Төсөв 1.4 их наяд орчим төгрөгийн алдагдалтай батлагдсан. Алдагдалгүй батлах боломжийн талаар та ямар саналтай байна вэ? Монголбанкны зүгээс төсвийг алдагдалгүй батлавал эдийн засаг илүү хурдан сэргэх боломжтой гэсэн хүлээлт байсан.

-Төсөв улс орон бүрд харилцан адилгүй алдагдалтай тохиолдлууд байдаг. Гэхдээ зөв зүйл дээр зарцуулалт хийгээд төсвийн зөв бодлого, зарлага гараад явж байвал тэр төсөв алдагдалтай байх нь  буруу зүйл биш. Гол нь төсөв 20 их наядаар хэмжигдэхээр зарлагатай байхаар яадаг вэ гэхээр төсвийн 60 орчим хувь нь дахиад л хэрэглээ болж байгаа. Халамж, төсвийн янз бүрийн хөрөнгө оруулалт, бондын хүүгийн төлбөр байна гээд  бодохоор эргээд  хэрэглээг дэмжих, тэр дундаа импортын хэрэглээг дэмжиж байгаа юм. Төсөв болгоны ард 60-70 орчим хувь нь дандаа импортыг санхүүжүүлэх юм байна гэж ойлгогдоно.

Импортыг санхүүжүүлнэ гэдэг нь валютын нөөц багатай ийм үед бол валютын ханшийг өсгөх нөлөөтэй. Дээрээс нь импортын инфляцыг өдөөх эрсдэлтэй учраас Монголбанкны зүгээс төсвөө жаахан хумиад бодлогын үр нөлөөгөө сайжруулъя гэдэг нөхцөл ярьж байгаа нь богино хугацаанд валютын ханшийн огцом өсөлтийг сааруулъя, инфляцаа тогтвортой болгоё, үүний дараа эдийн засгаа хурдан сэргээе гэдэг гол логик байгаа юм.

Тэгэхгүй бол нэг талдаа Монголбанк нь валютын ханш инфляцаа барих гээд бодлогын хүүгээ чангалаад байдаг. Нөгөө талд нь эвдэх зорилготой төсвийн бодлого нь ажиллаад байхаар хоорондоо уялдаагүй ажиллаж байна гэсэн үг.

 -Монголбанкны тооцооллоор 2024 онд инфляц 1 оронтой тоонд орох боломжтой гэсэн тооцоолол байсан.  Таны хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?

 -2024 онд инфляц нэг оронтой тоонд арай л орж амжихгүй болов уу гэсэн хүлээлттэй байна. Нэгдүгээрт,  манай инфляцын 60 хувь 4-5 нэр төрлийн бараанаас хамаардаг. Тэр нь улирлын чанартай эсвэл импортын хамааралтай буюу Монголбанкны хяналтаас нэлээн гадуур байдаг. Жишээ нь, мах байна. Мах бол улирлын чанартай, хөдөө аж ахуйн нөхцөл байдал, цаг уур ямар байхаас хамаарна. Ногоо мөн улирлын чанартай, зах зээл нь хөгжөөгүй учраас ногоо дарах асуудал үүсдэг. Гурил мөн байна. Гурилын үрийн 90 хувийг бид Орос, Украйнаас импортоор авдаг. Сая гурилын үнэ 50 хувь өсөхөд гурил үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд үйлдвэрлэлт дээрээ хязгаарлалт тавиад явсан.

Дөрөвдүгээрт шатахууны хувьд Орос, Украйны дайнтай үед  энэ жил тасрах магадлал байгаа. Ингээд бодоод үзэхээр Монголбанкны зохицуулж чадахгүй инфляц маш өндөр байна.

Дээрээс нь инфляцын 50 орчим хувь нь Хятадад, Орост бараа бүтээгдэхүүний үнэ өсч, инфляц өндөр болоод төр өндөр үнэтэй барааг бид  авчирч зарна. Дээрээс нь тээврийн зардал, валютын ханшийн зөрүү нэмэгдээд бүр өндөр үнэтэй болно гэсэн үг.

Тэгэхээр импортын нөлөө ийм өндөр байгаа гээд үзэхээр Монголбанкны гарт бодлогын хүү л байсан. Бодлогын хүүг өсгөх замаар хэрэглээний зээлийг буулгаад, хэрэглээний зээл буурсан үед хүмүүс томоохон импортын худалдан авалт хийхгүй, эдийн засаг агшина. Улмаар үнийн өсөлтийг хязгаарлана гэсэн үг.  Тэгэхээр 2024 онд  инфляц нэг оронтой тоонд орно гэдэг дээр олон улсыг байгууллагууд ч мөн орж амжихгүй гэж харж байгаа. Миний зүгээс ч мөн итгэлгүй байна.  

Гадаад эдийн засгийн байдал Монгол Улсад хэрхэн нөлөөлнө гэж харж байгаа вэ? Олон улсад Орос-Украйн, Хятад-Тайваний асуудал гэх мэт.

-Монгол Улс бүх хэрэглээ нь импортын хамааралтай. Импортоо хангахын тулд гадаад валют хэрэгтэй. Гадаад валют олохын тулд зэс, нүүрсээ л зарж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг талдаа бид валютын орлого олох хэрэгтэй болж байна. Валютын орлого олохын тулд одоо урд хөршийн асуудал маш чухал. Хятад тэг ковид гэдэг бодлогоо цуцлаад ковидын тархалт нэмэгдчихлээ. Гэхдээ экспорт саадгүй гарч байх юм бол бидэнд валютын орлого урсаж орж ирнэ. Валютын орлого орж ирлээ гэхэд бид тэр валютаар Орос болоод Хятадаас бараа бүтээгдэхүүнээ саадгүй татах шаардлага үүснэ.

Тэгэхээр урд хөршийн экспортын хорио, ковидын тархалт, тэг ковид бодлого гээд иймэрхүү кэйсүүд бол манай эдийн засагт хүчтэй нөлөөлнө.

 Орос, Украйны дайны тал дээр ялангуяа ОХУ-тай баруун таван аймаг өөрөө Оросоос хамааралтай. Дээрээс нь шатахуун дээр Оросоос 100 хувь импортолдог. Ингээд бодоод үзэхээр Орос, Украйны асуудал хүндрэх юм бол шатахуун тасрах эрсдэл байгаа. Урд хөрш дээр манайхтай холбоотой асуудлууд хамгийн чухал байгаа. Ковид нь ихээр дэгдээд манай улсад янз бүрийн халдварын нөхцөл байдал илрэх юм бол дахиад л экспорт саатаж валютын орлогогүй болох эсвэл манай импортын хэрэглээний бараа бүтээгдэхүүн гааль   дээр гацаж ковидын үе шиг тээврийн зардал нь хэд дахин өсөх нөхцөл байдал үүсэхвий дээ гэдэг асуудлууд чухал байна.  

 -Монгол Улсын өрийн бондуудын хэмжээ эдийн засгийн өсөлтийг хойш татахаар хэмжээнд сөрөг нөлөө байгаа юу?

 -Манай улс эдийн засгаа харах юм бол 2008 оноос хойш Оюутолгой, Таван толгой гээд хоёр том төсөл хэрэгжүүллээ. Тэр том төслийнхөө дараа дараагийн Дубай болно гээд бөөн юм болж байсан. 2012 онд эдийн засгийн өсөлт хамгийн өндөр үе дээрээ Чингис бондыг босгосон.  2012 оноос хойш дөрөв, дөрвөн жилийн хугацаатай бондын төлөлт хийгдэх байсан.

Гэхдээ тэр хугацаанаас хойш авсан бондуудынхаа ердөө 20 хувийг л төлсөн статистик байгаа. Ерөнхийдөө тэр бондуудаа төлж чадахгүй дахин санхүүжилт хийгээд яваад байна гэсэн үг.

Ялангуяа 2023, 2024 гээд 2031 он хүртэл дараалсан төлөлтүүд байгаа.

Тэгэхээр Шри-Ланкийн дампуурсан шалтгаан бол эдийн засаг уначихсан, улс төрийн нөхцөл байдал, дээрээс нь гадаад бондын өр төлбөр маш шахуу хуваарьтай байсан. Тэгээд л эдийн засаг унаад, улс төр нь үймээд эхлэх үед валютын нөөцгүй болоод эргээд өндөр өрийн дарамттай үед өрийн дефолт болчихсон. Монгол Улсын хувьд  Шри-Ланкаас ялгаатай нь эдийн засгийн нөхцөл байдал тийм ч огцом хүндрээгүй байна. Парламент, Ерөнхийлөгчийн тогтолцоо Шри-Ланкаас ялгаатай нь УИХ тогтвортой байх шалтгаан болж байгаа. Гэхдээ бидний валютын нөөц  бага. Ингээд харахад бид Шри-Ланктай орчин нь ижил байгаа ч ялгаатай нөгөө зүйл нь бондын төлөлтүүдийн шахуу хувиар нь харьцангуй гайгүй байна. Цаашдаа 2025 оноос хойш 600 сая ам.доллар жил бүр төлөөд явах хэмжээний гадаад өрийн нөхцөл байдалтай байгаа. 600 сая долларыг ер нь бол төсвөөс л төлнө.

Гагцхүү тэр 600 сая доллароос их буюу 1.2 тэрбум ам.доллар зах зээл дээр жил болгон төлөх хуваарьтай байх юм бол Монгол Улс шууд дефолт зарлах магадлалтай. Тэгэхээр жил болгон төлөх өрийн дарамт харьцангуй бага учраас өрийн дефолт болчихгүй яваад л байна. Мэдээж бондын өр төлбөрүүд тэр чигээрээ долларын ханшид нөлөөлдөг. Эргээд валютын ханш, инфляц, төсөв дээр дарамт авчрах гээд маш олон сөрөг нөлөөллүүдийг бий болгож байгаа.

Уг нь бол бонд босгох гээд байгаа гол зорилго бол Монгол Улсын суурь асуудлыг шийдэх томоохон дэд бүтцийн төслүүд эсвэл янз бүрийн төслүүд дээр санхүүжилтээ татаад эргүүлээд төлөх зорилготой байдаг шүү дээ. Гэтэл энэ зорилгодоо хүрэхгүй улс төрчид нь хоорондоо хувааж идээд бие биеэ эргүүлж шоронд хийгээд иймэрхүү л нөхцөл байдалтай байгаа.

Гадныхны хувьд бол А нь шоронд орж байна уу, Б нь шоронд орж байна уу хамаагүй оруулсан хөрөнгө оруулалт мөнгөө авъя гэдэг шаардлагыг тавина гэсэн үг. Тэгэхээр энэ бондууд дээр бол манайх дандаа бүтэлгүй хамгийн хэрэггүй,  үр ашиггүй хөрөнгө оруулалтыг хийгээд явж байгаа. 

 -2023 онд иргэдийн амьдралд ямар бодит дарамтууд ирж болох вэ? Эдийн засаг санхүүгээ хэрхэн зөв тооцоолж болох вэ? Сүүлийн жилүүдэд иргэдийн орлогоос илүү зарлагын хувь өссөн үзүүлэлттэй байгаа. Зөвлөмж, зөвлөгөө өгвөл?

-Иргэдийн амьдрал амаргүй байна. 2019 оноос хойш харахад иргэдийн хэрэглэдэг гол нэр төрлийн 10 бүтээгдэхүүний үнэ 120 орчим хувь өсчихсөн байхад иргэдийн цалин 50 орчим хувь өссөн байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та 2019 он шигээ хүчин чармайлт гаргаж ажиллахад хэрэглээгээ хангах ямар ч боломжгүй таны худалдан авах чадвар 50 хувь буурсан гэсэн үг. Бидний хувьд санах ёстой нэг зүйл юу вэ гэвэл иргэдэд хуримтлал алга. Хөгжингүй орнууд түүний иргэд хямралыг яаж даваад байна вэ гэхээр хуримтлалын хүчээр давж байгаа. Хуримтлуулна, хадгална, хөрөнгө оруулна гэхээр амьдралд хүрэхгүй байгаа юм чинь юугаараа хуримтлуулах вэ, мөнгө илүү гарахгүй байна гэж ихэнх нь боддог. 

Гэхдээ энэ нь заавал өндөр дүнгээр хуримтлуул гэсэн үг биш. Урт хугацаанд бага дүнгээр ч хамаагүй тууштай хуримтлуулах нь чухал.

Мөн манай Монголын өрхүүдэд сануулах нэг зүйл нь амьдралд гарах нь тодорхой зардлуудыг бүгдийг нь битгий зээлээр шийдээч ээ.

Сургалтын төлбөр, байрны урьдчилгаа, машин авах мөнгө, гадагшаа аялах мөнгө, тэтгэвэр гээд иймэрхүү чухал зардлууд та 70-80 нас хүртлээ сайхан амьдарна гэж бодож л байгаа бол гарах нь ойлгомжтой. Гарах нь ойлгомжтой зардалд бид нар бүр эртнээс хуримтлал үүсгэх хэрэгтэй. Жишээ нь таван настай хүүхдийн сургалтын төлбөрт 13 жилийн хуримтлал үүсгэвэл энэ олон жилийн хуримтлал гэдэг бол ирээдүйдээ хүүхдээ гадагшаа ч сургах боломжтой болно гэсэн үг.

Иймэрхүү маягаар хуримтлал үүсгэснээр цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд амьдрах шаардлагагүй болно.

Бүх юмыг зээлээр шийдэх гэж оролдохоор санхүүгийн дарамтад ороод хэцүү болчихоод байна.

Тэрийг нь ашиглаад арилжааны банк, баахан зээлийн аппликейшнүүд тасралтгүй гарлаа. Тэгээд дээрээс нь 2017, 2018 онд дэлхий даяар койны трэнд явлаа. Тэр нь манайд 2020, 2021 онд орж ирж баахан хүмүүсийн мөнгийг шатаасан.

Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн сэтгэлгээ биднийг огтоос хуримтлалтай, мөнгөтэй, хөрөнгөтэй болгохгүй энэ бол цэвэр аз.

Тэгэхээр богино хугацаанд яаж мөнгөтэй болох вэ гэхээсээ илүүтэй би бага хэмжээгээр хуримтлуулаад яаж урт хугацаанд мөнгөтэй болох вэ гэдгээ л бодоосой гэж зөвлөмөөр байна.

 

-2023 оныг Монгол Улсын эдийн засгийн хувьд ямар өнгө төрхтэй байна гэж таамаглаж байна вэ?

-Дэлхийн банк эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 5 хувиас 4 хувь руу бууруулж байх шиг байна. Мэдээж манай эдийн засгийн 50 гаруй хувь нь гадаад нөхцөл байдал 50 гаруй хувь нь дотоод нөхцөл байдлаас хамаардаг.

Гадаад нөхцөл байдал дээр Хятадын ковидын тархалт яахаар байна, Орос Украйны дайны асуудал, хил гаалийн асуудал шийдэгдэхээр байна уу гээд маш олон хүчин зүйлээс 4 хувийн 2 нэгж хувь нь хамаарч байгаа гэсэн үг.

Дотоодоос хамаарах нь дотоодын үйлдвэрлэлүүд банкны зээлээр явж байхад бодлогын хүү өсчихсөн үед банкуудын зээл гарах боломж нь багасна. Зээл гарах боломж нь багасахаар аж ахуй нэгжүүд зээлээр бизнесээ явуулах боломж ч багасна гэсэн үг. Ингээд бодоод үзэхээр эдийн засгийн гол цусны эргэлт сайн биш байгаа нөхцөлд эдийн засаг хурдтай өсөхгүй гэдэг дүгнэлт гарч байна. Энэ оны өнгө төрх тийм сайнгүй харагдаж байгаа бөгөөд тодорхой бус нөхцөл байдал их байна.

 

                                                                                                             И.Шинэбат

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Чуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө52 минут 16 секундын өмнөГ.Амартүвшин:Зээлийн хүү буурлаа гээд яриад байх юм, амьдрал дээр буураагүй байгаа шүү1 цаг 5 минутын өмнөЗалуу судлаачид чуулна1 цаг 23 минутын өмнөJCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ1 цаг 56 минутын өмнөMөнгөний нийлүүлэлт өслөө3 цаг 2 минутын өмнөҮнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ3 цаг 8 минутын өмнөҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа3 цаг 20 минутын өмнөЦар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ3 цаг 31 минутын өмнөНүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ3 цаг 33 минутын өмнөГ.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна3 цаг 41 минутын өмнөХөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг3 цаг 53 минутын өмнөБ.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа4 цаг 10 минутын өмнөХүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ4 цаг 24 минутын өмнөС.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга4 цаг 34 минутын өмнөХойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ5 цаг 16 минутын өмнөБ.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ5 цаг 46 минутын өмнөДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна5 цаг 57 минутын өмнөУЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн5 цаг 59 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан6 цаг 18 минутын өмнөБоловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү7 цаг 20 минутын өмнөСонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна7 цаг 24 минутын өмнөОрон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ7 цаг 30 минутын өмнөХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна7 цаг 51 минутын өмнөАИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна8 цаг 53 минутын өмнөТүүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа9 цаг 46 минутын өмнөД.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа9 цаг 49 минутын өмнөЦ.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой9 цаг 57 минутын өмнөОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй3 сар 23. 8:54М.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ3 сар 23. 8:26ОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10ПОРНО ОД БА ЕРӨНХИЙЛӨГЧ: Дональд Трампыг хөлдөө чирч буй Сторми Даниэлс гэж хэн бэ 3 сар 23. 7:34АНУ Украинд 350 сая долларын цэргийн тусламжийн шинэ багц хуваарилав3 сар 23. 7:33Т.Баярцэнгэл: Найруулагч киногоо үзэгчдэдээ найдаж орхих биш. Зохиол, жүжигчнээ шахаж, авьяасыг нь гаргаж ажиллах хэрэгтэй3 сар 23. 7:02Монгол дорнын зурхай3 сар 23. 6:45Цаг агаарын мэдээ3 сар 23. 6:30Цагдан хориогоо өөрчлүүлэхээр шүүхэд хандсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын гомдлыг хүлээж авсангүй3 сар 22. 18:21Дээд шүүх Ш.Сайхансамбуу, Б.Ганзориг нарын нам бүртгүүлэх өргөдлийг буцаав3 сар 22. 17:58Сонгинохайрханчууд УИХ-д сонгосон 3 гишүүнээ "дахиж сонгохгүй"3 сар 22. 17:44MEC: "Л.Гантөмөр АН-ыг удирдаж чадахгүй" гэжээ3 сар 22. 17:27
 Facebook Twitter Youtube