Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах, үс авах ёслол өнөөдөр Токио хот дахь Кокүгикан ордонд эхэлж байна.
Мэргэжлийн сүмо бөхийн башёд түрүүлсэн монгол бөхөд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Батламж, Ерөнхий сайдын нэрэмжит шилжин явах цом гардуулдаг уламжлалтай.
Засгийн газрын энэ долоо хоногийн /2023.01.25/ ээлжит хуралдаанаар Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалд Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг үүрд хадгалуулахаар шийдвэрлэсэн юм.
Хакүхо М.Даваажаргал нь ёкозүна цолтойгоор тогтмол өндөр амжилт үзүүлж, сүмо бөхийн олон дээд амжилтыг тогтоож, монгол хүний бяр хүч, ур ухааныг олон улсад таниулахад оруулсан хувь нэмрийг нь ийнхүү Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлсэн билээ.
Зодог тайлах ёслолд оролцон Ерөнхий сайдын нэрэмжит шилжин явах цомыг гардуулахаар Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ очжээ. Хакүхо аваргын зодог тайлах ёслол болж буй Кокүгикан ордонд үзэгчдээр дүүрсэн харагдах агаад Монголоос улстөрчид, бөхчүүд, спорт сонирхогчид олноор очсон байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.