Эваристе Коуасси-Комлан: Монгол хүүхдүүдийг цахим хүчирхийллээс сэргийлэх ажлыг цогцоор хийх шаардлагатай байна

1/ 28/ 2023    11 цаг 47 минут

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай ярилцлаа.


-Юуны өмнө танд шинэ оны мэнд хүргэе. Хүүхдийн сангийн 2023-2027 оны шинэ хөтөлбөр батлагдсан. Энэ хөтөлбөрийн талаар ярилцлагаа эхэлье?

-Танд бас шинэ оны мэнд хүргэе. Бид өнгөрсөн жил Монгол Улсад олон ажил хийсэн, тэр бүхэн маань тодорхой үр дүнд хүрч, амжилт гаргасанд баяртай байна.

Энэ жилээс 2023-2027 оны шинэ цикл эхэлж байгаа. Энэ нь өнгөрсөн оны үйл ажиллагааны үр дүн, амжилтад суурилж гарч байгаа юм. Шинээр стратегийн түвшний өөрчлөлтүүдээ багтаасан. Хөтөлбөр тус бүрээр зорилго чиглэлүүд гардаг. Эхнийх нь эрүүл мэндийн салбар. Энэ чиглэлээр хүүхдийн төрөлхийн гажигийг эрт илрүүлэх, хүүхдийн хоол тэжээл, таргалалтын асуудлыг илүү анхаарч байна. Засгийн газрын энэ чиглэлийн бодлогыг илүү дэмжиж байгаа. Мөн өмнө нь эхэлсэн болон шинээр хэрэгжүүлж байгаа вакцины хөтөлбөрүүдийг дэмжинэ. Түүнчлэн өрхийн эмнэлэг буюу эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх хэсэгт анхаарлаа хандуулна.

Бидний дараагийн гол ажил бол боловсролын салбар. ЕБС-уудын боловсролын чанарыг сайжруулж, багш нарын чадварыг нэмэгдүүлэх тал дээр ажиллана. Цар тахлын үеэр цахим сургалтын асуудал нэлээд хөндөгдсөн. Үүн дээр ч бид анхаарлаа хандуулахаар зорьж байгаа. Үүнээс гадна өсвөр насны хүүхдүүдэд 21 дүгээр зуунд ажиллаж, амьдрахад шаардлагатай ур чадваруудыг суулгах тал дээр анхаарч ажиллана.

хүүхэд хамгааллын асуудалд хүчээ хаяж байсан, энэ жил ч мөн үргэлжлүүлнэ. Хүүхэд хамгааллын асуудал офлайн болон онлайн байдлаар явагдаж байгаа. Цахим орчин дахь хүүхэд хамгаалал болон Засгийн газрыг хүүхэд хамгааллын баримт бичиг боловсруулах институцийн түвшинд илүү дэмжиж, холбогдох агентлагуудын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр ажиллана.

Гурав дахь нь уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, ус, эрүүл ахуйн асуудал бий. Уур амьсгалын өөрчлөлтийн баг маань ажлын цар хүрээгээ тэлээд өөр аймгуудад усны чанар, эрүүл ахуйн асуудлыг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа. Мөн энэ талаарх судалгааны ажлуудыг дэмжих, тоо баримт, нотолгоог гаргаж ирэх ажлуудыг төлөвлөсөн. Дээр нь нэмээд хүмүүнлэгийн ажлууд бий. Ямар нэгэн гамшигт өртсөн гэр бүл, хүүхдүүдийг хурдан эдгэрч, тэр асуудлаасаа салахад нь бидний үйл ажиллагаа чиглэнэ.

-Ноён Эваристе Коуасси-Комлан та Монгол Улсад ажиллаад багагүй хугацаа өнгөрсөн. Монголын хүүхэд хамгаалал ямар түвшинд байна гэж хардаг вэ?

-Монголд бусад улсуудтай харьцуулахад цахим халдлага, дээрэлхэлт их байдаг. Судалгаанаас харахад энэ асуудал дэлхий даяар эрчимжиж байгаа. Түүний дотор Монгол Улсад ч давхар нэмэгдсээр байгаа. Монгол Улсад энэ чиглэлийн харилцааг зохицуулах хууль эрх зүйн чадавх сул байгаа нь гол асуудал. Цахим орчноос үүдээд хүүхдэд ямар аюул занал учирч байгааг багш нар, эцэг эхчүүд нь төдийлөн мэддэггүй. Хүүхэд цахим орчинд хэрхэн аюулгүй байх, дарамтад өртлөө гэхэд ямар арга хэмжээ авах талаар зааж зөвлөх ёстой хүмүүс нь тэд учраас эцэг эхчүүд, багш нарын цахим орчны боловсрол маш чухал. Бид энэ жилээс шинэ хөтөлбөрийнхөө хүрээнд Засгийн газартай хамтарч цахим хүчирхийллээс сэргийлэх хууль эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах талаар ажиллана. Цахим хүчирхийллийг хүүхэд хамгааллын чухал хэсэг болгож оруулж ирж байгаа. Хүүхдүүдийн хувьд ч цахим орчинд биеэ зөв авч явахаас эхлээд цахим боловсролыг олгох ёстой.

-Цахим хүчирхийллээс гадна хүүхдийн эрүүл аюулгүй орчинд өсөж торних эрх нь ноцтой зөрчигдөж байгаа харагддаг. Агаарын бохирдол, гэр бүлийн хүчирхийлэл гэх мэт асуудлууд бий. Эдгээр асуудал дээр бидний нөхцөл байдал ямар түвшинд байна, шийдвэрлэх ямар гарц гаргалгаа байна вэ?

-Агаарын бохирдол монгол хүүхдүүдийн эрүүл мэндэд нөлөөлж байгаа номер нэг асуудал гэж харж байгаа. Ялангуяа жил бүрийн 10 дугаар сараас дараа жилийнхээ гуравдугаар сар хүртэл агаарын бохирдол монгол хүүхдүүдэд хүчтэй нөлөөлдөг. Гэр хорооллын орчинд агаарын бохирдол хамгийн их байдгийг бид бүгд мэддэг учраас тэндээс л ажлаа эхлэх ёстой. Тийм ч учраас НҮБ-ын Хүүхдийн сан хамтрагч нартайгаа гэр хорооллын орчинд монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багцыг гаргасан. Энэ нь уламжлалт зуухыг халж, нүүрс түлэхгүйгээр гэрийг дулаалж байгаа цогц бүтээгдэхүүн юм.

Дараагийн нэг асуудал нь хөрсний бохирдол. Гэр хороололд хүүхдүүд шууд бохир хөрсөн дээр тоглож байгаа нь эрүүл мэндийн ноцтой асуудал үүсгэдэг. Хөрсний бохирдол дунд янз бүрийн металл, өвчин үүсгэгч химийн бодисууд байгаа шүү дээ. Гурав дахь эрсдэл нь хоол тэжээлийн тэнцвэрт байдал гэж бид харж байгаа. Монгол хүүхдүүдэд энэ байдал алдагдаж байгаа учраас нэг бол таргалалттай, эсвэл хоол тэжээлийн дутагдалтай хүүхдүүд олширсон. Хүүхдэд хоол тэжээлийн тэнцвэрт байдал маш чухал. Гэр бүл, сургууль, шийдвэр гаргагч нарын хамтын ажиллагааны үр дүнд энэ асуудлыг шийдэж чадна. Бид өнгөрсөн жил энэ чиглэлээр томоохон форумыг зохион байгуулсан. Тэр үед сургуулийн хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгө нь 3000 төгрөг байдаг талаар албаны хүмүүс онцолж байсан. Энэ мөнгөөр ердөө л түргэн хоол л авч хүрнэ шүү дээ. Тиймээс сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийн хоолны чанарыг сайжруулах, төсвийн хэмжээг нь хэрхэн нэмж болох вэ гэдэг асуудал чухал болоод байна. Таны хэлснээр гэр бүлийн хүчирхийлэл, агаарын бохирдолтой холбоотой асуудал ч ноцтой түвшинд ирсэн. Хүүхэд зөвхөн бие махбодын хүчирхийлэлд өртөхөөс гадна сэтгэл зүйн хүчирхийлэлд ч өртдөг. Тухайлбал, цаг агаар хүйтрээд ирэхээр айлууд гэрээ дулаалж, хүүхдүүд гэрээсээ гарах нь ховор болдог. Энэ үеэр сэтгэцийн хүчирхийлэлд өртөх нь элбэгшдэг. Зуухнаас болж түлэгдэх тохиолдол ч бас гардаг. Хүүхэд дээр ирж байгаа энэ олон хүчирхийлэлтэй тэмцэх нь ердөө нэг байгууллагын ажил биш, хамтын ажиллагааны хүчээр шийдэгдэнэ.

-Бид ихэвчлэн Улаанбаатар хот дахь хүүхдийн асуудлыг хөндөж ярилаа. Тэгвэл Монгол орны 21 аймгийн хүүхэд багачуудад НҮБ-ын Хүүхдийн сан яаж хүрч ажиллаж байна вэ?

-Үүнийг асуусанд их баярлалаа. Сүүлийн таван жилд бид гурван аймагт анхаарлаа төвлөрүүлж ажилласан бол ирэх дөрвөн жилийн хөтөлбөр маань улс даяар бүх хүүхдэд хүрэх төлөвлөгөөтэй байна. Аймаг бүрийн хэрэгцээ, шаардлага, асуудалд тохируулан бид үйл ажиллагаагаа төлөвлөж байгаа. Сүүлийн үед аймгуудаар зочлоход хэд, хэдэн асуудал гарч ирж байгаагаас хамгийн чухал нь усны чанар. Хоёрдугаарт, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд, эмэгтэйчүүдийн аюулгүй байдал.

Гурав дахь нь эмнэлгийн ажилтнууд дан ганц биеийн эрүүл мэндээс гадна сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг анхааралдаа авах нь чухал гэж харагдах болсон. Бид аймгуудын эрсдэлийг 5 зүйлээр хэмждэг юм. Тэгэхэд зарим аймгууд нь тогтворжчихсон байдаг бол заримынх нь эрсдэл нэмэгдэж байгаа тохиолдол бий. Зарим аймгийн эмнэлгийн ажилтнуудын ур чадварыг сайжруулах шаардлагатай бол заримд нь санхүүгийн асуудал тулгарч байна. Энэ бол бидний хийж буй ажлуудын тодорхой нэг хэсэг нь л юм.

-Хувийн хэвшлийг хүүхэд хамгааллын асуудалд оруулж ирэх ёстой гэдэг стратегийг таныг барьдаг гэж дуулсан. Үнэхээр ч зөв алхам. Хувийн хэвшлийг энэ чиглэлд яаж татаж болох вэ?

-Хувийн хэвшил бидний ажилд чухал үүрэгтэй. Олон арга замаар тэдэнтэй хамтарч ажиллаж болно. Хувийн хэвшлийнхний шинэлэг санаа, удаан хугацааны ажлын туршлага, шинэ технологи, мэдлэг ур чадварт нь суурилаад хамтран ажиллах боломжтой. Тэд илүү харилцаа холбоо сайтай, санхүүгийн чадавхтай байдаг. Мөн компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийх хүмүүнлэгийн ажлууд ч бий. НҮБ-ын Хүүхдийн Сангийн хувьд дамжуулагчийн чиг үүргийг гүйцэтгэдэг. Байгаа нөөц бололцоог нь ашиглаад асуудалд гүүр нь болж, шийдлийг гаргах ёстой.

-Хүүхдийн Сангийн нэрэмжит гудамжийг байгуулахаар болсон байна. Тохижилтыг хэрхэн яаж гүйцэтгэж ашиглалтад оруулах талаар та товчхон сонирхуулаач?

-Улаанбаатар хотын захиргаанаас бидэнд Хүүхдийн сангийн нэрэмжит гудамж гаргаж өгсөнд маш их баяртай байгаа. Үнэхээр нэр төрийн хэрэг. Хийж байгаа ажлаа илүү олон хүнд түгээх боломж л доо. Хүүхдэд ээлтэй гудамж болгох талаар бүх л талуудтай хамтарч ажиллаж, зөвхөн төрийн байгууллага гэлтгүй, хувийн хэвшлийнхнийг ч татан оролцуулж байгаа. Хүүхдүүд тэр гудамжаар алхаж байхдаа аз жаргалтай, хамгийн гол нь аюулгүй мэдрэмжийг авах ёстой. Эхний ээлжинд тухайн байршлын эргэн тойронд амьдарч байгаа хүмүүсийн санал бодлыг сонсох уулзалтыг Хотын захиргаатай хамтраад хийсэн. Үйл ажиллагаа үргэлжилж байгаа.

-Монголын хүүхэд багачуудын эрүүл аюулгүй орчинд өсөх асуудал өнөөдөр нэн тэргүүний асуудал болчихоод байгаа нь нууц биш. Магадгүй бусад улс орны хүүхэд багачууд хөгжил, хамгааллын өөр түвшинд явж байгаа. Таны хувьд монгол хүүхдүүдийг ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Анхан шатны эрүүл мэндийн тусламжийг бусад улсын түвшинд аваачих нь хамгийн чухал. Монгол Улсын Эрүүл Мэндийн сайд анхан шатны тусламжийг ажлынхаа чухал хэсэгт тооцож байгаа учраас бид мөн энэ ажлыг дэмжинэ.

2023 онд хүүхдүүдэд олон зүйлийг хүсмээр байгаа ч аз жаргалтай, баяр баясгалантай, хамгийн гол нь өвчин зовлон багатай, дээр нь нэмээд улс төрийн нөхцөл байдал тогтвортой байгаасай гэж хүсч байна.

-Ярилцсанд баярлалаа.

Б.ЭНХЗАЯА

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Чуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө5 минут 53 секундын өмнөГ.Амартүвшин:Зээлийн хүү буурлаа гээд яриад байх юм, амьдрал дээр буураагүй байгаа шүү18 минутын өмнөЗалуу судлаачид чуулна36 минут 21 секундын өмнөJCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ1 цаг 9 минутын өмнөMөнгөний нийлүүлэлт өслөө2 цаг 15 минутын өмнөҮнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ2 цаг 21 минутын өмнөҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа2 цаг 33 минутын өмнөЦар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ2 цаг 45 минутын өмнөНүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ2 цаг 47 минутын өмнөГ.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна2 цаг 55 минутын өмнөХөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг3 цаг 6 минутын өмнөБ.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа3 цаг 23 минутын өмнөХүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ3 цаг 38 минутын өмнөС.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга3 цаг 47 минутын өмнөХойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ4 цаг 30 минутын өмнөБ.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ4 цаг 59 минутын өмнөДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна5 цаг 10 минутын өмнөУЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн5 цаг 12 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан5 цаг 31 минутын өмнөБоловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү6 цаг 33 минутын өмнөСонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна6 цаг 38 минутын өмнөОрон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ6 цаг 43 минутын өмнөХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна7 цаг 4 минутын өмнөАИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна8 цаг 7 минутын өмнөТүүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа8 цаг 59 минутын өмнөД.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа9 цаг 3 минутын өмнөЦ.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой9 цаг 11 минутын өмнөОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй9 цаг 27 минутын өмнөМ.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ9 цаг 55 минутын өмнөОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10ПОРНО ОД БА ЕРӨНХИЙЛӨГЧ: Дональд Трампыг хөлдөө чирч буй Сторми Даниэлс гэж хэн бэ 3 сар 23. 7:34АНУ Украинд 350 сая долларын цэргийн тусламжийн шинэ багц хуваарилав3 сар 23. 7:33Т.Баярцэнгэл: Найруулагч киногоо үзэгчдэдээ найдаж орхих биш. Зохиол, жүжигчнээ шахаж, авьяасыг нь гаргаж ажиллах хэрэгтэй3 сар 23. 7:02Монгол дорнын зурхай3 сар 23. 6:45Цаг агаарын мэдээ3 сар 23. 6:30Цагдан хориогоо өөрчлүүлэхээр шүүхэд хандсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын гомдлыг хүлээж авсангүй3 сар 22. 18:21Дээд шүүх Ш.Сайхансамбуу, Б.Ганзориг нарын нам бүртгүүлэх өргөдлийг буцаав3 сар 22. 17:58Сонгинохайрханчууд УИХ-д сонгосон 3 гишүүнээ "дахиж сонгохгүй"3 сар 22. 17:44MEC: "Л.Гантөмөр АН-ыг удирдаж чадахгүй" гэжээ3 сар 22. 17:27
 Facebook Twitter Youtube