Европын зөвлөлийн тэргүүн Чарльз Мишель Украины Европын холбоонд элсэх хэтийн төлвийн асуудлаар Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хийх уулзалтад оролцохоор Украины нийслэлд хүрэлцэн ирлээ. Түүнтэй хамт Киевт Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен болон Европын 15 комиссар ажиллаж байна.
Энэ нь ЕХ-Украины дээд хэмжээний 24 дэх уулзалт бөгөөд дайны байдалд байгаа улс оронд ийм өндөр түвшний улс төрийн уулзалтыг анх удаа хийж байгаа нь маш их ач холбогдолтой юм.
Мишель Киевт ирэхдээ "Бид та бүхний ЕХ руу чиглэсэн алхам бүрийг дэмжиж байна" гэж украинчуудад хандан хэлжээ.
Дээд хэмжээний уулзалтын гол сэдэв нь Украиныг ЕХ-нд элсүүлэх үйл явц, ОХУ-аас Украины эсрэг эхлүүлсэн дайнд Европын холбооны үзүүлэх хариу үйлдэл, Ерөнхийлөгч Зеленскийн энх тайвны томъёолол, түүнчлэн улс орныг сэргээн босгох хамтын ажиллагаа, эрчим хүч, харилцаа холбооны салбарын хамтын ажиллагаа, дэлхийн хүнсний аюулгүй байдал болж байна.
Дээд хэмжээний уулзалтын үеэр газар нутгийг минагүй болгоход зориулж 25 сая евро Украинд олгохоор болсон байна. Энгийн иргэдийг хамгаалах нь нэн тэргүүний асуудал гэж ЕХ-ны дипломатч Жозеп Боррелл эдгээр санхүүжилтийн талаар тайлбар хийхдээ хэлэв.
Мөн Украины дайнд Европын холбоо ямар хариу үйлдэл үзүүлэхийг хэлэлцэх үеэр ЕХ-ноос үзүүлэх цэргийн тусламжийн хүрээнд бэлтгэгдэж буй Украины цэргүүдийн тоог 15 мянгаас 30 мянга хүртэл нэмэгдүүлэхийг Киевт амлах төлөвтэй байна.
Түүнчлэн барууны орнуудад битүүмжилсэн Оросын хөрөнгийг ашиглах боломжийг Европын төлөөлөгчид Киевт хэлэлцэхээр төлөвлөж байна.
Владимир Зеленский өмнө нь Украиныг ЕХ-нд аль болох хурдан элсүүлэхийг хүсч байгаагаа мэдэгдсэн ч Брюсселийн төлөөлөгчид үүнд ихээхэн цаг хугацаа шаардагдах болно гэдгийг тодорхой хэлж байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.