Германы инженерийн "Rheinmetall" концерн Украины нутаг дэвсгэрт танкийн үйлдвэр байгуулах талаар тус улсын эрх баригчидтай хэлэлцээр хийж байна. Энэ нь жилд 400 хүртэл "Пантер" байлдааны танк үйлдвэрлэх боломжтой гэж мэдээлэв.
Уг үйлдвэрийг барихад ойролцоогоор 200 сая евро шаардагдах бөгөөд түүний аюулгүй байдлыг агаарын довтолгооноос хамгаалах системээр хялбархан хангаж чадна гэж тус концерны тэргүүн Армин Паппергер сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Барууны холбоотнууд Украинд өөрийгөө хамгаалахад хангалттай хэмжээний зэвсэг илгээж байгаа ч өнөөдөр Украинчууд газар нутгаа бүрэн эргүүлэн авах хэмжээний зэвсэг техник хэрэгсэлгүй байна.
Украйн газар нутгаа буцааж авахад хэдэн жил шаардагдах тул өөрийн хөрсөн дээрээ шинэ техник төхөөрөмж үйлдвэрлэж хэрэгтэй гэж Паппергер үзэж байна.
"Rheinmetall" компанийн тэргүүний хэлснээр Украин ялалт байгуулахын тулд 600-800 танк хэрэгтэй болно.
Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников Украины Зэвсэгт хүчинд дайны эргэлтийн цэгт хүрэхийн тулд барууны 300-аас доошгүй танк хэрэгтэй гэж мэдэгдсэн юм.
Өнгөрсөн хоёрдугаар сард Германы эрх баригчид 14 “Ирвэс” танкийг Украин руу шилжүүлж, бусад орноос дахин экспортлохыг зөвшөөрч буйгаа зарласан.
Одоогийн байдлаар холбоотон орнууд Украинд хэдэн арван танк, түүний дотор АНУ-аас 31 "Абрам" танк шилжүүлэхэд бэлэн байгаагаа зарласан.
"Экономист" сэтгүүлийн мэдээлснээр Орос одоо сард 20 орчим шинэ танк үйлдвэрлэж, 90 хүртэлх хуучин танкийг шинэчлэх боломжтой байгаа гэжээ.
"Rheinmetall" компанийн тэргүүний хэлснээр, үйлдвэр барих талаар Украины Засгийн газартай хийсэн хэлэлцээр нь найдвар төрүүлж байсан бөгөөд ойрын хоёр сарын дотор шийдвэр гаргана гэв.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Нэг өдөр тэр үйлдвэрийг чинь үнс нурам болгочихно доо.Горьдлого үнс болно.