“ГАВЬЯАТ”-ын нээнтэг

3/ 6/ 2023    7 цаг 02 минут

Тав дахь Ерөнхийлөгч маань Гиннесийн номд орох байх шүү. Богино хугацаанд олон мянган одон тэмдэг шагнал тарааснаараа. Манайхан хөөцөлдөөд тоо баримтыг нь бүрдүүлээд Гиннесийн номын редакцид өгчихөд бараг болчих юм биш үү? Гэм нь англи хэл рүү хөрвүүлээд нөгөө талд ойлгуулна гэдэг ёстой гачлантай. Ертөнцөд Монгол, Хойд Солонгост л коммунист утгаараа, бэлгэдлээрээ, гуншин, хэллэгээрээ оршиж байгаа одон медаль, шагналуудыг дэлхий дахинд ойлгуулна гэдэг хамгийн том нээнтэг.

УИХ-ын туршлагатай гишүүн Сандагийн Бямбацогтын энэ пост нүд хужирламаар. Лайк явж өгч. Комент ч ялгаагүй. Ингэж олуулаа таалж дэмжсэнийг бодохул “Нүүрсний хулгай” гэх үзэгдэлтэй эн дүйцэхүйц амин чухал асуудал, сэдэв, үзэгдэл болчихсон юм биш үү?

ТӨРИЙН ОДОН МЕДАЛЬ АЛДАРТ ЭХИЙН ОДОН ШИГ ЖИНХЭНЭ ЭЗНЭЭ ОЛДОГ БАЙХ ХУУЛЬ САНААЧИЛНА гэж гарчиглажээ. Түүний учирлан бичсэн нь:

  • Ингэхгүй бол төрийн одон медаль, шагналын нэр хүнд шалан дээр унаж гүйцлээ.
  • Эхийн одонгоос өөр шударга шагнал байхгүй боллоо гэж иргэд халаглаж байна.
  • Насаараа төрд зүтгэсэн хүнд олддоггүй хэрнээ нам дагасан хүмүүст зарим намынхан, гишүүд хормойлж аваачаад тарааж байна.
  • Эзнээ олоогүй шагнал авсан хүн ичсэндээ түүнийгээ энгэртээ зүүж чадахгүй авдартаа нуудаг болтол шагналын нэр хүнд шалдаа уналаа.
  • Тиймээс төрийн одон медаль олгох шалгуур өндөр, шударга байх хууль санаачилж батлуулах болно гэжээ.

Жил хагасын өмнө би ингэж бичиж сайтдаа тавьж байв. Түүндээ update хийгээд дахиж толилуулж байгаа маань энэ. Зурагжууллаа. Зурагны эзэд уучлаарай. Миний өмнөх бичвэр.

Тав дахь Ерөнхийлөгч маань Гиннесийн номд орох байх шүү. Богино хугацаанд олон мянган одон тэмдэг шагнал тарааснаараа. Манайхан хөөцөлдөөд тоо баримтыг нь бүрдүүлээд Гиннесийн номын редакцид өгчихөд бараг болчих юм биш үү? Гэм нь англи хэл рүү хөрвүүлээд нөгөө талд ойлгуулна гэдэг ёстой гачлантай. Ертөнцөд Монгол, Хойд Солонгост л коммунист утгаараа, бэлгэдлээрээ, гуншин, хэллэгээрээ оршиж байгаа одон медаль, шагналуудыг дэлхий дахинд ойлгуулна гэдэг хамгийн том нээнтэг.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, эсвэл Ардын уран зохиолч, соёлын (эсвэл урлагийн) гавьяат зүтгэлтэн, нэрт тэр тэр гээд угсруулахад л манайд тийм алдрыг хүртсэн хүн тоймгүй олон.

Хоёр Ерөнхийлөгч солигдохын үед шагналын хур, бүр шагналын аадар бороо ёстой цутгаж өглөө. Өгч байгаа нь ч, авч байгаа нь ч ханаж цадахаа мэдэхгүй. Шагналын хуртай зэрэгцээд ЕТГ-ын дарга, хариуцлагатны өрөөг шагналаа шат ахиулъя, эсвэл шагнуулъя гэсэн хүмүүсийн хөл дарж өгсөн сурагтай. Ордноор хэн холхиж явна, зөвхөн шагнал горьдогсод байв.

“Үе үеийн Ерөнхийлөгч нарын ганц чаддаг юм шагнал”, “Мөнхийн сэдэв” хэмээн ноён Х.Баттулга ярилцлага өгчихөөд яваад өгөв. Зөв л ярьж. Өмнөхүүд нь тийм байсан, түүнээс хайшаа ч зайлж чадахгүй, тэгээд л өгсөн, дэндүү их хуримтлагдсан учраас дундалсан гэх шахуу юм ярьсан даа. 

Энэ их ядууралтай, эдийн засгийн асуудлаа шийдэж чадаагүй үед гялтгар шар, өнгөт, социалист сүлдтэй элдэв эрээн тэмдгээр хуурч аргацаахыг бол ойлгож байнаа. Түүнийг авч зүүгээд улс нь цэцэглэдэг бол хөгжлийн углуурга нь ханасан байхсан. Эсвэл түүнийг авч зүүгээд бие нь эрүүлжээд, урт насалдаг бол Монгол орон энгэр заам нь даахгүй одон тэмдэгт эрүүл чийрэг ахмадуудаар хахаж байхсан. Даан ч тэгэхгүй нь гаслантай. 

Энэ мэт оршлыг азнаад “гавьяат”-аар энгэр цоолсон нэгэн ахмадын туулсан зовлонг хуваалцая. Нэрэлхүү атлаа одон тэмдэгт дуртай, гавьяат болгохгүй бол үхлээ гэсэн нөхдөд хэрэгтэй байж магад. “Гавьяат” болсон биш гай дагуулав гэгчээр санхүү-эдийн засгийн хувьд хөмрөх шахсан түүх.

Тэр “гавьяат” нөхөр маань дор хаяж 100 сая төгрөгөөр шатсан түүх ингэж эхэлнэ. Ковидоос хамаагүй өмнөх, ёстой дураараа дургиж найрлаж цэнгэж байх үед болсон явдал. 

Манай хүн “гавьяат” (салбарыг нь нэрлэхгүй, нэрлэчихвэл мэдчих хүн олон буй!) болжээ. Ордонд ном журмаар нь нэвтэрч ороод шагнуулаад гараад иржээ. Гавьяат болгуулах гэж тодорхойлсон байгууллагаас гадна, улс төр-бизнесийн хүрээнээс том лобби орсон байгаа юм. Ерөнхийлөгч ба ЕТГ-ыг бараг ховсдох шахуу юм болж байж тэр эрхэм цолонд хүрчээ.

Мэдээжийн ёслолууд: Ордны гадна ахан дүүс, үр хүүхэд, ач нар нь тосон авч амьд цэцгийн баглаа, гэрэл зураг. Тэндээсээ гэртээ ирж бяцхан ёслол. Тэр айл хэдэн өдөр архи айраг сөгнөөстэй, тавгийн идээтэй, хүмүүс холхиод, баярлаад л.

Тэгж тэгж үнийн судалгаа хийж, ийш тийшээ ярилцсаар “гавьяат”-ын найрын урилгаа тараалаа. Подхийсэн хэвлэлийн зардал гараад ирлээ. Нийслэлийн нэг томхон, бас нэр хүндтэй рестораныг сонгон авч захиалга өглөө. Аль ресторанд найрлах нь нэр хүнд, нэр төр, нэр нөлөө, алдрын хэрэг болдог тул сайн ресторанууд ханшаа өсгөнө. Төдөн цагийн түрээс ба үйлчилгээ, төдөн ширээ, нэг ширээнд төдөн хүн, захиалах хоол хош, ширээнд тавих архи дарс гээд өрнөж өгчээ. Хүү, охин, бэр, бизнесийн андууд нь хөөцөлдөөд л. 

Зочдын тоо 500 хүртэл, 200-300 бол хэвийн үзэгдэл хэмээн ресторан тооцно. Мань “гавьяат” 300 гаран хүн урилаа. Их донжтой. Арав арвуулаа нэг дугуй ширээнд. Нэр хүндийн асуудал учраас ширээ болгон гадаадын үнэтэй архи, виски, коньяак, дарстай. Монгол архи дарсыг хэн ч тоохгүй. Ингээд 30-аад сая төгрөгийн архи, дарс гаднаас авч орохоор болжээ. Зоог нь халуун хоол гуравтай, хоёр төрлийн зууштай, араас нь амттан. Цай кофе, тавгийн идээ, ул боов, шар айраг, ундааг тооцохгүйгээр.

Хэдэн цаг дүнгэнтэл ярилцаад өнгөрүүлэлтэй биш, уригдсан зочдыг баясгахын тулд хөтлөгч гэх бас нэг “гавьяат”-ыг аваад ирэв. Цагийн төд гээд хөлстэй. Таван сая гээгүй байгаа. Нөгөө алдартай, олны танил дуучдыг урина. Сайн дурын уран сайханч, өөрсдөө, эсвэл танигдаагүй залуу дуучид дуулахгүй, уригдахгүй. Алдар цуут дуучид нэг дуу төдөн сая, хоёр дуу төдөн сая гээд явж өгнө. Гучин минутанд гурван дуу дуулаад дор хаяж 5 саяыг хармайлаад алга болж өгнө. Ганц дуучин байлгалтай биш, дор хаяж гурав, эсвэл тав, болохгүй бол хамтлаг уриад тоглуулахад хөлс нь дээшээ явж өгнө. Тэр бүхнийг тооцож, бас заримаас нь урьж оролцуулжээ. Тоолуур гүйгээд байх нь тэр.

Мань хүнд очсон бэлэг ёстой утгаа алдлаа хэмээн өөрөө ярихыг нь би чихээрээ сонссон. Тэр том рестораны нэг өрөөг бэлэг цуглуулахад гаргаж бас өрөөний түрээс төлж, тэнд ойрын садангийн нэг хүнээ байнга жижүүрлүүлнэ. Үр хүүхэд нь дэргэдээс нь хянана. Үнэлнэ. Овоороод байх нь тэр. Мань “гавьяат” маань өөрөө ангийн, загасны хоббитой тул тэр талын элдэв зураг хөрөг (зурмал, хатгамал, фотошоопын, өөр юу юу ч юм) явж өгөв. Бэлгийн давхцал ч тоймоо алдлаа. Өрөө дүүрэн жаазтай элдэв зураг, чихмэл, хөөмөл, арьс ширэн дээр урласан элдэв дүрс, торго дурдангаар урласан зураг хөрөг, баримал, амьтны хөшөө. Дугтуйтай мөнгө өгсөн зочин байнаа. Даан ч тэр нь ресторанд зарцуулж буй тэр зардлын дэргэд мөнгө болохгүй, тоолуурын хаана нь ч хүрэхгүй, ёроолд нь.

Хагас өдрийн найр цаг хугацаанд хавчигдаад (рестораны заалын түрээс, үйлчилгээний мөнгө) тэгсгээд өндөрлөлөө гэсэн чинь дотны хэдэн найз, ах дүү нь гэр рүү нь цувлаа. Гэртээ очоод хэдэн өрөөгөө зочдоор дүүргээд дахин найрлажээ. Шөнө дунд, үүр цайхын наахна найр таржээ. Маргааш нь шартсан улс дахиад ганц нэг ууж иднэ.

Рестораны хажуу өрөөнөөс нөгөө их бэлгээ зөөж барах юм биш. Гэрт багтахгүй, нэг өрөөгөө дүүргээд агуулах шиг болгоод ч нэмэргүй. Гараашаа суллаж тийшээ зөөлөө. Хүүхдүүд нь ганц нэгийг гэртээ авч харьжээ. 

Мань хүн тэр их бэлгийг хийх газар олдохгүй, үгээ бараад, “Энэ их хогийг яанаа?” гэж хэлж байхыг би хоёр чихээрээ сонссон шүү. Ямар үзэсгэлэн музей нээлтэй биш, эргүүлж заралтай биш, заръя гэсэн ч хэн ч авахгүй, тийм ёс зүй байхгүй. Ёстой яаж ч болдоггүй юм чинь цугларсан тэр их бэлэг юм билээ шүү гэж захиж байв. Яалтай билээ гэж шаналсаар үлдсэн дээ. Одоо эрхбиш учрыг нь олсон байх. Эсвэл цаадуул нь ялзраад муудаад хаягдсан уу?

Шинэхэн “гавьяат”-уудад санаа сэдэл анхааруулга өгөх зорилгоор нэгээхэн хэсгээс нь бичиж байна. “Гавьяат”-ын шар тэмдэгний ач тус байна уу гээд хэргээр мань хүнээс сонирхлоо, хожуухан. 

Ам халаад хэлж байнаа. Тэтгэвэр дээр 150 мянга гэв үү, мөнгө нэмэгддэг гэлээ. Нийтийн тээвэрт үнэгүй явдаг, II эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх эрхтэй, өөр нэг их юм хэлсэнгүй. Аа, тийм төрсөн аймаг, сумынхаа хүндэт самбарт заларсан, аймаг сумын алдартны номд орсон, УБ-т нутгийн зөвлөлийнхөн хүүе хаая гэдэг болсон, нутгийн зөвлөлийн золголт, шинэ жилийн сүлд модны наадамд уригддаг гэж нэмж хэлнэ лээ. 

Шар тэмдгээ байнга зүүж явахаас ичдэг, учир нь маш олуулаа тийм тэмдэгтэй болчихсон. Амьтны нүд хужирлахаасаа өнгөрсөн юм байна. Зүүгээгүй нь дээр юм байна хэмээн дурамжхан хэлж байв.

Жилд хоёр удаа шар тэмдгээ гаргаж дээлэн дээр зүүдэг. Тэр нь Цагаан сарын золголт, Хүй долоон худгийн наадам юм гэнэ. Баярын хурал хуй, уулзалт дээр хааяа зүүж очдог. Хамгийн их нээнтэглүүлсэн нь “гавьяат”-ын угаалгын 100 саяар сох шатсан, бас өр тавьсан, алга хийж барахгүй асар их бэлгэнд дарагдсан, түүнийгээ бараг үзэн ядсан гэх шахуу юм ярьсан шүү...

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Чуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө24 минут 29 секундын өмнөГ.Амартүвшин:Зээлийн хүү буурлаа гээд яриад байх юм, амьдрал дээр буураагүй байгаа шүү36 минут 36 секундын өмнөЗалуу судлаачид чуулна54 минут 57 секундын өмнөJCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ1 цаг 28 минутын өмнөMөнгөний нийлүүлэлт өслөө2 цаг 34 минутын өмнөҮнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ2 цаг 40 минутын өмнөҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа2 цаг 52 минутын өмнөЦар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ3 цаг 4 минутын өмнөНүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ3 цаг 5 минутын өмнөГ.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна3 цаг 14 минутын өмнөХөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг3 цаг 25 минутын өмнөБ.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа3 цаг 42 минутын өмнөХүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ3 цаг 57 минутын өмнөС.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга4 цаг 6 минутын өмнөХойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ4 цаг 48 минутын өмнөБ.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ5 цаг 18 минутын өмнөДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна5 цаг 29 минутын өмнөУЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн5 цаг 31 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан5 цаг 50 минутын өмнөБоловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү6 цаг 52 минутын өмнөСонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна6 цаг 57 минутын өмнөОрон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ7 цаг 2 минутын өмнөХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна7 цаг 23 минутын өмнөАИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна8 цаг 25 минутын өмнөТүүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа9 цаг 18 минутын өмнөД.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа9 цаг 21 минутын өмнөЦ.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой9 цаг 29 минутын өмнөОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй9 цаг 46 минутын өмнөМ.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ3 сар 23. 8:26ОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10ПОРНО ОД БА ЕРӨНХИЙЛӨГЧ: Дональд Трампыг хөлдөө чирч буй Сторми Даниэлс гэж хэн бэ 3 сар 23. 7:34АНУ Украинд 350 сая долларын цэргийн тусламжийн шинэ багц хуваарилав3 сар 23. 7:33Т.Баярцэнгэл: Найруулагч киногоо үзэгчдэдээ найдаж орхих биш. Зохиол, жүжигчнээ шахаж, авьяасыг нь гаргаж ажиллах хэрэгтэй3 сар 23. 7:02Монгол дорнын зурхай3 сар 23. 6:45Цаг агаарын мэдээ3 сар 23. 6:30Цагдан хориогоо өөрчлүүлэхээр шүүхэд хандсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын гомдлыг хүлээж авсангүй3 сар 22. 18:21Дээд шүүх Ш.Сайхансамбуу, Б.Ганзориг нарын нам бүртгүүлэх өргөдлийг буцаав3 сар 22. 17:58Сонгинохайрханчууд УИХ-д сонгосон 3 гишүүнээ "дахиж сонгохгүй"3 сар 22. 17:44MEC: "Л.Гантөмөр АН-ыг удирдаж чадахгүй" гэжээ3 сар 22. 17:27
 Facebook Twitter Youtube