Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-06 нд нийтлэгдсэн байна.

Яагаад Украйн заавал ялах ёстой гэж

3/ 6/ 2023    7 цаг 37 минут

Гамшигт дайн эхлээд нэг жил болж байгаатай холбогдуулан энэ нийтлэлийг бичлээ. Хэд хэдэн сэтгүүл, сонин, вэб сайтад янз бүрийн засвар, оруулга, орчуулгатай нийтлэгджээ. Эх сурвалж болгох үүднээс өөрийн гараар Англи хэлнээс хөрвүүлэн Та бүхэнд хүргэж байна. Таалан соёрхоно уу.

2023 оны 2 дугаар сарын 28

Ардчилсан сонгуулиар сонгогдсон Ерөнхийлөгч байсных би эрх чөлөөний дуудлагад, түмэн олны хүчинд мөн дайралтад өртвөл хүмүүс эрхээ нэгдэж хамгаалж чадна гэдэгт хатуу итгэдэг. Миний энэ итгэл үнэмшил, дуудлага Украйны цус нэвчсэн хөрсөн дээр, урьд өмнөх арванд харагдаж үзэгдээгүйгээр туршигдаж байна. Би Мюнхений Аюулгүй байдлын хурлаас дөрөө мултлаад удаагүй ч Украйнд хүн бүр нь байлдагч болсныг дуулгая. Надад заримтай нь тэнд уулзах хувь тохиолоо. Тэд миний сэтгэлд хүрлээ. 

Ард иргэдийн дуу хоолой, зориг шийдэл бол ямар ч бууны дуутай зүйрлэшгүй хүч юм. Эрх чөлөө устгалтай нүүрлэсэн үед тохиролцох аргагүй. Украйн дахь дайн хоёрдох жил рүүгээ орж байгаа энэ мөчид олон улсын ардчилсан хүч тэдний ард улам шийдэмгий зогсох учиртай. 

Эрх чөлөө бүгдэд боломж олгодог. Харин дарангуйлал өөртөө таатай байдал, шийдлийг л санал болгодог. Тэд шударга ёсыг авч ирнэ гэж номлодог ч, хууль журмыг өөрсдийн сонголтоор хэрэглэдэг. Амьдралын шүтсэн хэв загвараа бусдад хүчээр тулгадаг. Эзэрхэгчид түмэн олны хөгжил цэцэглэлтийн төлөө гэхээс илүүтэй эрх мэдэлдээ удаан тэсч байх гэж чичирдэг. Эрт орой хэзээ нэгэн цагт эргэн тойрныхоо авлигын сүлжээнд хүлэгдэн тэдэндээ үйлчилсээр дуусдаг. 

Би Путиныг эрх чөлөөнд ээлгүй гэдгийг мэднэ. Түүнтэй олон удаа хамт сууж уулзаж явлаа. Өрсөлдөөн, өөр байдлыг хүлцдэггүй юм. Тэр эрх чөлөөт Украйнаас айж байгаа. Биеэ хэт тоосон хүний хувьд хөршөө хөгжин цэцэглэж, амжилттай буйг тэвчиж чадахгүй. Эрх чөлөөт, ардчилсан Украйн улс бол түүний дэглэмийн хувьд ноцтой аюул юм. 

Украйны эсрэг Оросын эзлэн түрэмгийлэл хоосон газраас үүдээгүй. Энэ бол эрх чөлөөний үзэл санаа, дарангуйллын нударга хоёрын урт удаан тэмцлийн оргил тайлал нь. 

Уг дайны фронт Украйн дахь байлдааны аюумшигт талбараар хэмжигдэхээ больсон. Тус шугам Ази, Африк, Латин Америк, Ойрхи Дорнодыг нэвт сүлбэн оршиж байна. Энэ тулалдаан нь хүн төрөлхтний хамгийн сайн сайхан хийгээд муу муухай зөн совин, мөн дарлагдсан болон чөлөөт ертөнцийн хооронд болж байна. Украйн ялах үед Хятад Оросыг оролцуулаад, газар бүр эрх чөлөөний хүч ялах болно.

Олон хүн асуух нь бий. Яагаад Азийн ихэнх улс орон Украйны хувьд Европынхтой харьцуулахад дундыг барьсан хандлагатай байгаа тухай. Хариулт нь энгийн. Тэд зүрхээ чагнан байдлыг ажиглаж байна. Аль тал нь тухайн өдөр, цаг мөчид дийлж байгааг мэдээний халуун урсгал бүрээс хором алгасахгүй харж суугаа. Харамсалтай нь, Ази тив мундахгүй олон өөрийгөө өргөмжилсөн удирдагчтай. Ихэнх тохиолдолд төр засаг нь хууль ёсны төлөөллийн гадуур оршдог гэхэд болно. 

Украйнчууд бол зөвхөн өөрийнхөө орны төлөө биш бид бүхний эрх чөлөөтэй байх эрхийн төлөө, мөнхүү зарчмыг өмгөөлөн тулалдаж байгаа юм. Тэдний тэмцэл нийтлэг. Тиймээс ч бидний дэмжлэг нийтлэг, ямар ч хариу нэхээгүй байх учиртай. Украйны ялалт нь манай дэлхийн эрх чөлөөг хайрлагч хүн бүрд урам зориг өгнө. Дарангуйлагчид газар сайгүй хүнд цохилтод өртөж үүрэндээ эргэлдэнэ. Хэрэв Орос ялах юм бол, тэд улам улангасч давалгайлан дайрах болно. 

Кремлийн суртал ухуулгын машин, нөгөө тал оросуудыг газрын хөрснөөс арчих гэж байна гэж буруутган уур хилэн нь багтахгүй уугиж байна. Миний мэдэж байгаагаар, Оросуудыг хэн ч устгах гээгүй. Кремлээс илүүтэй Орос улсыг хорлож байгаа өөр хүч гэж үгүй. Кремлээс давж Оросын баялаг, боломжийг булаах нэгэн бас үгүй. Оросын зэвсэгт хүчнийг Кремлээс илүү хэн ч ингэж зэрэмдэглэж чадахгүй. Кремлээс өөр хэн ч Украйны эсрэг бүрэн хэмжээний дайн эхлүүлээгүй. Ганцхан Кремль өөрөө чөлөөт ертөнцийг өөрийнхөө эсрэг хатуу арга хэмжээ авах руу түлхсэн. Төгсгөлд нь, Кремлийн гарцаагүй уналтыг дуудаад байгаа нь өөр хэн ч биш зөвхөн Кремль өөрөө билээ. 

Энэ дайны хор хөнөөлд хэмжээ хязгаар гэж алга. Нийгмийн ядарч туйлдсан хэсэгт хэрээс хэтэрсэн гашуудал зовлон, гэмтэл сүйтгэл авч ирэхээсээ ч санаа зовохоо байлаа. Ямар ч гэм зэмгүй хүүхэд, хөгшид, тэдний гэр оронд. Энэ харалган үйлдэл зөвхөн дайны хөлд сэглэгдсэн газар нутагт ч болоод байгаа юм биш. Үүндээ Орос орон өөрөө өртөж байна. 

Путины “хэсэгчилсэн” гэх албадан дайчилгаа нь Оросын хүн амын нэн эмзэг давхарга руу онилж айдас хүйдэс, үхэл хагацалд умбуулж фронтын галын шугам руу үндэсний цөөнхийг хавьгүй давуу тоогоор чулуудсаар байна. Буриад, Халимаг, Тува, гээд бусад гадуурхагдсан бүлгийг бууны таташ болгон хаяж байна. Зах хязгаар зарим газарт цэргийн насны залуус дуусаж байгаа сурагтай. Кремль тухайн бүс нутагт “тусгай ажиллагаа” нэрийн дор үндэсний цэвэрлэгээг сонгодог утгаар нь үйлдэж байна. 

Путины урт удаан сүүдэр дор Орос орны хөгжил дэвшил, улс төрийн амьдрал үе дамжин голдоо ортол царцсан. Гэхдээ энэ хөлдүүс дунд мэдэгдэхүйц зарим нэг хагарал завсар үүсчээ. Украйнд болж байгаа дайн нь нэг хүний зөрчил тэмцэл төдий биш юм. Түүний бараан сүүдэр туссан газар бүр гай зовлон, түгшүүрт автаж байна. Хайртай нэгнээ цаг бусаар алдаж булшны нүх самардах гэр бүлийг харсан хэн хүний зүрх эмтрэм. 

Өөрөөр сэтгэдэг, эрэлхэг онцгой өнгүүд Орост ихэнх нь чимээгүй боллоо. Аль ч улс орны хувьд эрх чөлөөт сэтгэлгээ, өрсөлдөөнт байдал нь бүтээлч хөгжлийн үндэс суурь болж илүү сайн шийдэл гаргалгаанд хөтөлдөг. Харин гачлантай нь Оросын хувьд тийм хүмүүсээ голчлон гадагш алдлаа. Орост үлдсэн цөөн зоригтнууд нь авлига хүнд суртал, улсыг нь доош нь чангаах дайны эсрэг тэмцсээр шорон, тарчлаан дунд зовсоор байна. Энэ бүхнээс үзэхэд, дэлхий дахин ч Оросын ард түмний эсрэг биш харин Кремлийн хулгай дээрэм, харгис үйлдэлтэй л эвлэрч чадахгүй байгаа юм. 

Тархи угаалт, эрүүгийн элемэнтүүдийн ач тусаар Кремлийн өнөөгийн дэглэм оршин тогтносоор байгаа нь ихэнхийн хувьд гайхах зүйл биш. Шоронгийн хоригдлуудыг ашиглахдаа ч тэд наад захын шалгуур тавихаа байлаа. Украйнчуудын эсрэг тусам, зэрлэг балмад байх тусам тэднийг улам таалалтай хэрэглэж байна. Шоронд удаан хугацаагаар хоригдохоос зугтсан л этгээдүүд. Хайртай нэгнээ гомдоож, тэдэндээ хаягдсан нь олонхи. Эдний зорилго бол алах. Манай гаригийн шударга ёсны дуу хоолой болсон хэсэг Украйнчуудын эсрэг хийж буй бузар яргаллынх нь төлөө тэдэнтэй хариуцлага тооцохыг улам чанга шаардах боллоо. 

Азийн орнууд, тэдний дотор Украйны дайны асуудлаарх Монгол улсын байр сууринд зарим ажиглагчид сэтгэл дундуур байна. Орос Хятад хоёрын завсар хавчигдсан өөрийн орны газар зүйгээс шалтгаалан Монголын төр засаг тэнцвэртэй харагдах гэж оролдсоор. Гэхдээ бүрэн эрхт, тусгаар тогтносон Украйны эсрэг хийж байгаа бусармаг булаан эзлэлтийг Монголчууд зориг төгөлдөр эсэргүүцсээр ирлээ. 

Үүнтэй холбоотойгоор би таны анхаарлыг түүхийн шаргал хуудас руу хандуулъя. Зөвлөлт Холбоот улсын эсрэг Адольф Гитлер дайрахад монголчууд тэр фашист булаан эзлэгчийн эсрэг нэгдсэн. Тэд Зөвлөлтийн хүмүүстэй эв санаа нэгтэй гэдгээ илэрхийлж чадах бүхнээрээ тусалсан юм. Малчин айл өрх хоттой малынхаа талаас илүүг Зөвлөлт Улс руу явуулж байв. Дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлтийн фронтын шугамд байсан дөрвөн морь тутмын нэг нь Монголоос хүрсэн. 

Тухайн дайны сүүлийн өдрүүдэд ялалтын баяраа тэмдэглэх холбоотны цэргүүдийн хажууд, дайнд сүйрсэн Берлины нурангин дунд ядарч эцсэн ч цоглог чийрэг Монгол адуу зогсож байсан юм. Хүнд буу, техник хэрэгслийг шавар шавхай, замгүй газар, заримдаа мина булсан талбай дундуур түрүүлж чирж гаргах, хөдөлгөж явах ачааны хүндийг дайны морьд үүрч гүйцэтгэж байсан гэдэг. Тэр хүнд хэцүү цагт Монгол морьд уналга ачлагын цорын ганц боломжит хэрэгсэл байсан төдийгүй, хоол хүнсний эх үүсвэр ч болж байв. Зөвлөлтийн талд Монголын малчдаас нийлүүлсэн адууны тоо л гэхэд хагас саяд хүрсэн. 

Мөн, 1941 оны төгсгөлөөр, Москвагийн захад Германы хүчний эсрэг Зөвлөлтүүд сөрөг давшилтаа эхлүүлсэн. Хүйтэн ширүүнээрээ онцгой алдартай өвлийн тэр саруудад давшилтад орсон улаан армийн ихэнх цэрэг офицерууд Монгол малын арьс шир, үс ноосоор хийсэн дулаан дүрэмт хувцас өмсөж жигдэрсэн байв. Монгол улсаас үзүүлсэн санхүүгийн тусламжийг ашиглан зөвлөлтийнхөн бүхэл бүтэн танкийн цуваа болон байлдааны дайрагч онгоцууд үйлдвэрлэж байв. Монгол улсын төр засаг өөрийн хатуу валютын болон алтны нөөцөө дайны дөрвөн жилд, жил дараалан Зөвлөлт холбоот улсад хандивласан юм. Монголоос өгсөн бог малын болон бусад махан бүтээгдэхүүн Лэнд-Лийзийн хуулиар ирж байснаас ч зарим тоо чанараар давж байв. 

Нацист Герман Зөвлөлт Холбоот улсад халдан довтлоход Монголчууд хойд хөршөө байгаа бүхнээрээ дэмжиж хамт зогссон. Путины Орос Украйн руу дайрахад Монголын ард түмэн анхны өдрөөс нь харгис түрэмгийллийг эрс эсэргүүцсэн. Би энд юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр: Барууныхан туслах бол Монголчууд шиг тусал, мөн хийх бол Монголчууд шиг хий. Украйнчуудын бүрэн эрхээ хамгаалахын төлөөх тэмцэлд ардчилсан ертөнц юугаа ч харамлахгүй, эв санааны нэгдлээ харуулж туслах ёстой. 

Барууны шийдвэр гаргагчид Оросын түрэмгийллийн эсрэг Украйнд туслахдаа үргэлж нэг алхамаар хожимдож байгаа нь гайхаш төрүүлэм. Украйны Ерөнхийлөгч Володымир Зеленски дайн эхэлсэн өдрөөс л зугтах онгоц биш илүү зэвсэг хэрэгтэй байна гэж гуйсаар. Дайнд сэглэгдсэн Украйн орон одоо ч алсын тусгалтай пуужин, сөнөөгч онгоц хүссээр л байна. 

Бид бүхний эрх чөлөөний төлөө украйчууд хамгийн эрхэм дээд үнийг төлсөөр. Тэд зөвхөн өөрийн улс орныхоо бүрэн бүтэн байдал, ардчиллын төдийгүй эвдэрч буснисан дэлхийн дэг журмын төлөө бүлээн цусаа урсгаж, алтан амиа өгч үнэтэй бүхнээ зориулан зовж зүдэрч, тэмцэж тулалдсаар байна. 

Хүлээх цаг хугацаа барууны удирдагчдад байж болох юм. Харин шархадсан Украйнд бол хүлээх цаг хугацаа байхгүй. Украйны газар нутгийг, хот тосгодыг таслан булаагчид хүлээхгүй байна. Алуурчид, тонуулчид, хүчирхийлэгчид энэ өдрүүдэд хүлээж зогсохгүй байна. Путин хүлээхгүй байна. 

Ийм хэмжээний аюул харгислал, эвдрэл сүйтгэлтэй учирч буй улс орныг хүлээж бай гэж хэн ч хэлэх эрхгүй. Сүйрэл дагуулсан Оросын дайралтыг зогсоох, няцаах, дарахын тулд Украйнд ЖИГҮҮР, бас пуужин хэрэгтэй байгаа юм. Путин бол үхлийн нөөцөө шавхаж байж л дайралтаа зогсооно. Энх тайванд хүрэх зам бол зөвхөн Украйны ялалтаар л ирнэ. Хүн төрөлхтөн халуун ам бүлээрээ ингэж л цаг хугацааны болон нэр төрийн шалгуурыг давах болно. 

Путины өнөөгийн Украйнд хийж байгааг хэн ч ирэх өдрүүд, он цагт давтах гэж оролдох ёсгүй. Дүгнэж хэлбэл, Украйны ялалт дэлхийн хамтын нийгэмлэгийн хувьд эргэлзэх зүйл биш юм. Дайн үеэ өнгөрөөсөн болох нь ингэж л нотлогдоно. 

Ялалт бол зөвхөн Оросын булаан эзлэгчдийг үлдэн хөөснөөр, Украйны эзлэгдсэн газар нутгийг бүрэн чөлөөлснөөр ч зогсох учиргүй. Украйн улсыг Путины дайнаас эргэж сэргээтэл, тэмцэл тулааны нурангиас босож иртэл үргэлжлэх ёстой. Хэрэв Украйн ингэж чадахгүйд хүрвэл эрх чөлөө, чөлөөт ертөнц дарангуйлагчдын зүгээс үргэлжлэн ирэх дайралт, доромжлолд өртсөөр байх болно. Чөлөөт ертөнцөд ялагдах эрх байхгүй. 

Heroyam Slava. 

Цахиагийн ЭЛБЭГДОРЖ нь одоогоор Стэнфордын Их сургуульд Бернард, Сюзан Лиутауд зочноор ажиллаж байна. Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байсан бөгөөд Нелсон Манделагийн үүсгэсэн дэлхийн удирдагчдын The Elders сангийн гишүүн юм.

 

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.55.188.100del   • 2023, 3 сарын 6. 8 цаг 57 минут

Hun hog



ШИНЭ МЭДЭЭ

Монгол, Солонгос улсын орон нутгийн шууд нислэлийг нээнэ7 цаг 30 минутын өмнө“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн "худал мэдээлэл тараасан" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдэв7 цаг 51 минутын өмнөЭмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд Эрүүл эндийн сайд саад учруулж байна гэв8 цаг 20 минутын өмнөРойтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ8 цаг 51 минутын өмнөЛ.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна9 цаг 27 минутын өмнөБага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна9 цаг 41 минутын өмнөЕрөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага9 цаг 46 минутын өмнөТанк ажиллагаа газраар солигдоод…10 цагийн өмнөПутин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно3 сар 29. 8:24Энэ өдрийн зурхай3 сар 29. 8:19Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ3 сар 29. 8:16Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна3 сар 29. 8:15Алтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал3 сар 29. 8:14" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57
 Facebook Twitter Youtube