Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-21 нд нийтлэгдсэн байна.

Манж чин гүрний залгамжлагч нь хятад мөн үү?

3/ 21/ 2023    7 цаг 06 минут

Тэр үед хувьсгалын хамгийн шуугиантай, олны анхаарлыг татсан уриа нь “Манж нарыг үлдэн хөөе”, “Дундад гүрнийг сэргээе” гэсэн үгс байсан Нэг л үгээр Синьхайн хувьсгал нь “Дайчинго гүрнийг устгаж хань үндэстний Жунго гүрнийг сэргээн байгуулья” гэсэн бараг ганц зорилго чиглэл дор нэгдсэн байлаа. Бодит үнэн бол Манж Чин гүрнийг залгамжлана гээгүй, харин тэдний дарлалыг зогсоож төрийг нь унагаж, өөрсдийг нь хөөн явуулаад жинхэнэ хань үндэстний төр улсаа байгуулна гэж байсан. Манжийн төр үүсэнгүүтээ Юань гүрнийг залгамжлан гарч ирлээ гэж тунхаглаж байсан бол, Синхайн хувьсгалаар гарч ирсэн Хятадын бүгд найрамдахчууд өөрснийгөө Мин гүрнийг залгамжилж байна хэмээсэн. Хятад даяар манж нарыг ялгаварлан гадуурхах явдал маш түгээмэл болсноор олон манж хүн угсаа гарвалаа нуух, хятад нэр авах, угсаа нэгт манжуудаасаа харилцаа холбоогоо таслах, нуугдмал амьдралаар амьдарч эхэлсэн.

МАНЖ ЧИН ГҮРНИЙ ЗАЛГАМЖЛАГЧ НЬ ХЯТАД МӨН ҮҮ?

XVII зуунаас зүрчид нар хүчирхэгжиж эхэлсэн. Хүчирхэгжил нь зөвхөн Зүүн Хойд Азийн бүс нутгийн хэмжээнд байлаа. Гэтэл үе үеийн умрын нүүдэлчид хүчирхэг болоод эхлэнгүүтээ л эцсийн зорилго нь Хятадыг эрхшээх. Үгүйдээ л Хятадад довтолж дээрэм хийж эд баялагтай болох хүсэлтэй. Зүрчидүүд Чингисээс хойш 500 жил чимээгүй суусан. Мингийн үед тэдний вассал байсан. Одоо зүрчид нарын ээлж иржээ. Тэдэнд хүчирхэг явсан эртний уламжлал ч бий. VIII зууны Бохай гүрэн, XII зууны Алтан улс аль алин нь зүрчидүүдийнх.

Тэр үед Мин улс хямарч байв. Гэсэн ч цөөн тоотой зүрчидүүдэд дийлдэхээргүй байсан юм. Зүрчид нар наад зах нь морьд цөөнтэй. Морь бол нүүүдэлчдийн довтолгооны хамгийн чухал зэвсэг. Морьд монголчуудад л бий. Монголчуудтай холбоотон болж байж л Хятадыг дайлж болно. Гэтэл нийт Монголыг төлөөлөх субъект байдаггүй. Тэд хэдэн зуу биш гэхэд хэдэн арав хуваагдаж, гол ажил нь хоорондоо тэмцэлдэх болчихсон ажээ.

Нурхачи баатар эхлээд нийт монголчуудыг татах арга хайлаа. Тэрээр өөрийн үндэстнийг бусад үндэстэнтэй, тухайлбал монголчуудтай харьцуулан ярих дуртай байжээ. Нурхачи нэгэнтээ монголчуудад хандан: “Солонгосчууд, хятадууд өөр өөр хэлтэй, тэгсэн мөртөө өмссөн хувцас, амьдралын хэвшил нь яг адилхан. Түүнтэй адил манж, монгол үндэстэн өөр өөр хэлтэй ч бидний хувцас хунар, амьдралын нөхцөл адилхан” гэжээ.[1] Зүрчидүүд Мингийн вассал байсан, хятад ханз бичиг хэрэглэнэ. Нурхачи Мингийн вассалаас гарсан, монголчуудын хэрэглэдэг уйгар бичгийг авсан, мөн монголчуудын төрийн албан шашинаа болгосон төвдийн буддизмыг шүтэх болсноо зарлалаа. Түүний дараа хүү Абахай монголчуудын дотоодын зөрчлийг ашиглан овог аймгаар нь өөртөө татан холбоо тогтоож эхлэв. Монголын сүүлчийн хаан Лигдэнтэй сайдаж ч байсан, муудаж ч байсан, түүнийг үхсний дараа хүү нь Хубилайн хаш эрдэнэ тамгыг Абахайд авчирч өгснөөр тэрээр өөрийгөө Монголын хаан боллоо гэж зарлажээ. 1636 онд тэрээр үнэн хэрэгтээ Өвөр Монголыг эзэлж авсан гэхээсээ холбоотон болсон юм. Бээжинг эзэлж Чин династийг байгуулахын өмнөхөн Абахай үхсэн ч энэ шинэ династийн анхны Эзэн хаан нь түүний монгол эхнэрээс төрсөн хүү. Нүүдэлчний язгууртнууд харилцан холбоотон болохын тулд хатан бэр солилцдог нь нэн эртний заншил. Чингис хааныг ид хүчирхэг байхад “бэлгийн хатан” нь 500 хүрч байсан гэдэг. Ингэж ураг төрлийн холбоо тогтоох нь төрүүд харилцан биендээ итгэлцэхийн бэлгэдэл гэж үздэг байсан бололтой. Тэгээд ч нүүдэлчний гэр бүлд эмэгтэй хүн онцгой үүрэгтэй байдаг тул охиныг нь авсан төрийн талын бодлогод бэр их нөлөөтэй. Ийм жишээ их бий.

Абахай монголчуудтай ураг төрөл болох хэрэгт тун их ач холбогдол өгчээ. Манжийн Айсингоро овгийнхон Монголын Боржгон овгийнхонтой харилцан хатан бэр солилцох нь элбэгшлээ. Абахай бүр ч хүч нэмэгдүүлж манж эхнэр авсан монгол хүнийг хөхиүлэн эфү хэмээх цол олгож пүнлүү өгөх боллоо. Тэгсэн мөртөө нийт Хятадыг эрхшээсэн даруйдаа монгол болон манж хүнийг хятад хүнтэй гэр бүл болохыг төдийгүй ойр дотно холбогдохыг хориглосон хууль гаргасан.

Манж гэсэн үл танигдах нэр гэнэт хаанаас гараад ирэв гэдэгт судлаачид янз бүрээр тайлбарлан маргалддаг. Мандшир бурханы нэрээр бэлгэдсэн гэх. Эргэлзээтэй. Энэ санскрит нэр яахаараа ч “манжу” болчихдог байна? Ийм нэртэй овог отог байсны нэрийг авсан гэх. Манжийн ихэс яагаад Айсингоро гээд өөрсдийн овгийг улсынхаа нэр болгоогүй юм бол? “Монгол”, “Жүрчин” гэсэн хоёр үгийг товчилж нийлүүлээд “МонЖу” болгосон гэх тайлбар ч бий. Дачин улс гэж өөрсдийгөө нэрлэдгийг Да Чин буюу Их Чин гэсэн хятад үг гэж тайлбарладаг ч зарим нь “дайчин” гэсэн монгол үг гэдэг.

Манж нар 1644 онд Бээжинг эзэлж улмаар 1683 он гэхэд нийт Хятадыг эзэгнэжээ. Тэд аль Нурхачийн үед Мингээс бүрэн салж Хожуу Алтан улс (Later Jin) гэж өөрсдийгөө тусгаарлан нэрлэсэн. 1644 – 1683 оны хооронд Манж Чин улс ба Өмнөд Хятад тусдаа улс байсан. Яг л монголчууд Сүн улсыг сөнөөхөд түүнээс хойш 40 жилийн турш Өмнөд Сүн улс оршсоор байсны нэгэн адил. Хятадыг дайлахад манж-өвөр монголын хамтарсан хүчин дайн хийсэн болохоор үүнийг яагаад ч манж нар Өвөр Монголын 49 хошууг эзэлсэн гэж хэлмээргүй. Монголчууд ба манж нар холбоотон байсан. Абахай Чингисийн угсааны тайж язгууртнуудтай ураг барилдсан учир өөрийгөө Юань гүрний залгамжлагчаар зарласан. Хааны угсааныханд хүргэн ороод нэрээр нь засагладаг тохиолдол түүхэнд олон тохиосон. Ялангуяа нүүдэлч удмынхан. Хүргэнийг “Гүр” гэж нэрлэнэ, олон гүр хаан төрж байсан. Алдартайгаас нь нэрлэбэл Баруун Ляо улсыг захирч байсан Хүчлүг өөрийгөө гүр хаан гэсэн. Доголон Төмөр ч гүр хаан. Өөрийгөө татаар хүн гэж бахархах дуртай Оросын Годунов гүр хаан биз дээ? Чингийн анхны хаан нь манж монголын эрлийз хүн. Чингисийн угсааныхтай цусан төрөл болохоор бас л нэг маягийн гүр хаан!

Чин гүрэн байгуулагдангуутаа өөрсдийгөө Хубилайн Юань династийн залгамжлагч гэж үзэж байсан боловч цагийн явцад арай зөөлөрчээ. 1683 онд нийт Хятадын газрыг эзэлсэн бол 1757 онд Зүүн гарын улсыг буулгаж авснаар Хятад, Монгол, Тувагаас гадна Зүүн Казахстан, Киргиз, Солонгос, Вьетнам, Бирмийг өөрийн вассал болгов. Хятад маягийн төрийн тогтолцоо, бүтээн байгуулалт, худалдаа арилжаа өргөжсөнөөр эдийн засаг нь тогтворжиж, хүн ам нь өслөө. 1800 он гэхэд Манж Чин гүрний нийт нутаг 13 сая ам км болж (Өнөөгийн Хятад улсын нутаг 9.2 сая ам км) хүн нь 300 сая хүрснээр тухайн үеийн дэлхийн хүн амын гуравны нэг болжээ.[2] Ийм нөхцөлд Юаний нэгэн адил хятад үндэстнийг илт гадуурхан доромжилж, үүх түүхийг нь үгүйсгэн, үндэсний соёл иргэншил болон зан заншил уламжлалыг нь үл ойшоох нь мөн л Юанийн нэгэн адил богино наслана гэдгээ манжийн эрх баригчид ойлгох болсон юм.

Тэд нэг талаасаа зөвхөн монгол, манж хүмүүст бусад үндэстнээс илүү эрх олгож, газар нутагт нь онцгой дархлал тогтоож, ихэс язгууртнуудад нь тусгайлсан халамж хүртээж, дотоод асуудалд нь бараг үл оролцон дураар нь тавьсан. Төрийн дээд эрх мэдэлд зөвхөн энэ хоёр үндэстний төлөөлөгч байр суудал эзлэх тогтоц буй болгосон. Гэвч үүнийгээ төдийлөн нийтээр зарладаггүй, төрийн тусгай хариуцсан аппаратаар дамжуулан чимээгүй гүйцэтгэсээр ирсэн. Хятад болон бусад үндэстний эгдүүг хүргэхийг хүсээгүй нь юанийхнаас ялгаатай. Хаалттай хотын хааны ордонд нэг хэсэг монгол манж хүнээс бусад үндэстэн орох эрхгүй байсан ч үүнийг хаалган дээрээ зарлал маягаар сурталчилж байгаагүй. Монгол, Манжуур руу худалдаа наймааны хэргээр хятад хүнд зорчих эрх олгох боловч энэ нь тусгай зөвшөөрөл шаарддаг, заасан дүрэм журам зөрчвөл хөөгдөхөөс эхлээд ялтай, жилээс илүү виз олгодоггүй зэрэг чанад хатуу байсан авч үүнийг тэр болгон хүн мэддэггүй байсан.

Хэдийгээр манж нар төрийн дээд эрхэнд байсан боловч ерөнхийдөө хятадын уламжлалт төрийн машин ажилладагаараа ажиллаж, зан заншил уламжлал, бэлгэ тэмдэг, шашин мөргөл нь байдгаараа байсаар учир хятадууд “зэрлэгүүдийг” тэвчиж иржээ. Гэхдээ цаг нь болж, хямрал нүүрлэхэд “Эзэн хаан манайх биш, эд бол гадны түрэмгийлэгчид” гэхэд бэлэн байсныг Тайпингийн бослого яруу тодоор харуулсан.

1858 оны Айгуний гэрээгээр Манж нарын уугуул нутаг болох Амар, Уссур мөрөн хавийн нутгийг оросууд булаан авч өөртөө нэгтгэжээ. Үүнийг Гадаад Манжуур гэх болсон ба одоо оросоор Приамурье гэдэг. Энэ бол хэзээ нэг цагт Чин гүрэн унах юм бол манж нар эргэж ирэх нөөцөлсөн нутаг. Тийм учраас тийш нь хятад хүн ойртуулдаггүй хуультай байв. Гадаад Монголд ч бас тийм хууль үйлчилдэг дархлагдсан нутаг байлаа. Одоо сул дорой Манж Чингийн хувьд үлдсэн нутгаа гадны халдлагаас авч үлдэх ганц арга нь бараг эзгүй газраа хүнээр дүүргэхээс өөр арга олдсонгүй. Ингээд Манжуур руу хятад хүн зүглүүлдэггүй хуулиа огоорч нүдээ алгаараа таглав. Шаньси, Хэбэй, Шаньдун мужийн газаргүй тариачид энэхүү амласан нутаг руу үерийн ус шиг цутгалаа. Манжуурт газар тариалан бараг эрхэлдэггүй ч газрын ихэнхийг эзэмшдэг ихэд дээдэс феодалууд түрэн орж ирэх хятад тариачдыг тосон авч газраа түрээслүүлэх болов. Манжуур хэдхэн жилийн дотор хятадуудаар дүүрэв. Ийнхүү XIX зууны дунд гэхэд хүн амын 80 хувь нь хань үндэстэн болжээ.[3]Манж үндэстэн хятадуудад уусан шингэсэн хамгийн гол шалтгаан энэ.

Хар тамхины нэг, хоёрдугаар дайн, Тайпингийн бослого, Боксёрийн бослого болон Хятадыг өрнийн орнууд эзэлсэн тулалдаан зэрэгт дундад зууны арга барилтай манж-монгол цэрэг хавьгүй муу дайчид болох нь харагдлаа. Хятадууд хамаагүй дээр аж. Төрийн эрх барьж байгаа манж угсаатны бодлого ч явуургүй нь нотлогдлоо. Умрын зэрлэгүүдээс салах цаг нэгэнт болсныг хятадууд нийтээр ойлгов. Чин гүрэн мөхөж эхэллээ. Тайпингийн бослогыг далимдуулан Амар, Уссур мөрний сав газрыг оросууд булаан авав. Францчууд хар тамхины хоёрдугаар дайныг далимдуулан 1885 онд Вьетнамыг Хятадын хараанаас салгав. Дараа жил нь Чингийн вассал Бирмийг англичууд булаалаа. 1895 онд Хятадын олон жилийн вассал Солонгосыг япончууд булаалдан байлдаж нэмэр дээр нь Тайваний арлыг өөртөө нэгтгэв. Гэтэл яагаад Синхайн хувьсгалын дараа хятадууд Вьетнам, Бирм, Солонгос болон Гадаад Манжуурыг Манж Чин гүрэнд хамаарч байсан болохоор өөрийн алдагдсан нутаг гэсэн зарга үүсгээгүй мөртөө Монгол, Төвд, Уйгарыг Чин гүрнээс залгамжлагдан уламжилж ирсэн Хятад улсын газар гэж уухилах болсон бэ?

1907 онд Сүнь Ятсэн Тунмэнхуй буюу “нэгдсэн холбоо” гэгч хувьсгалч байгууллага байгуулаад хоёр жилийн дараа тунхаглалаа гаргав. Тунхаг ердөө гурван зарчимд тогтох аж: үндэсний үзэл (Чин династийг түлхэн унагах), ардын засаглал (бүгд найрамдах улсыг байгуулах), ард түмний амьралыг дээшлүүлэх (газар эзэмших тэгш эрх олгох). Yндэсний үзлийн зарчмаа тэрээр тайлбарлахдаа “Бид манж нарыг үзэн ядаж буй юм биш. Гагцхүү хятадууд биднийг боолчлон доромжилдог манж нарыг л жигшиж байгаа юм шүү”. Тэрээр мөн Хятадын асуудлыг шийдэх нь зохиолдоо:

Манж нар урьд зүүн хойд талд нүүдэллэн явдаг байсан бүдүүлэг аймаг байлаа… Мин династийн төгсгөл үед Хятадад иргэний дайн гарч замбараагүй явдал үүссэнийг далимдуулан манж нар Бээжинг эзэлж авсан юм… Гаднын боол болохгүй хэмээсэн хятадын ард түмний эсрэгүүцлийг тэд сая сая энгийн ард иргэд, хүүхэд нялхсыг алж сөнөөж байж нухчсан юм. Манж нар өөрийн зан заншлыг хятадуудад тулган хүлээлгэж, гэзэг тавьсангүй хэмээн хэдэн буман хүний толгойг авсан билээ…[4]

Үнэндээ бүгд найрамдах улс болох, газрын шинэтгэл хийх нь дагалдах үзэл байсан, харин Хятадын төрийг хятадуудад гэх үндэсний үзлээрээ олон түмнийг илүүтэй татсан юм. Сүнь Ятсэн хэлэхдээ:

Манж нар Хятадад түрэмгийлэн орж ирснээс хойш 260 жил өнгөрчээ. Ямар ч хятад хүн, тэрбайтугай хүүхэд ч манж хүнийг хараад шууд танина. Чухам энд л бидний үндэсний үзлийн мөн чанар оршиж байна… Манж нарыг угсаатных нь хувьд бүрэн цэвэрлэн устгах хэрэгтэй гэсэн яриа би олонтаа сонсч байсан. Энэ бол том алдаа. Манж нар бидний уламжлалт төрийг устгаж биднийг захирч байхыг болиулах нь л манай хувьсгалын гол зорилго мөн. Бид тэднийг түлхэн унагаж өөрийн үндэстний төрийг байгуулах ёстой.[5]

Тэр үед хувьсгалын хамгийн дуу шуугиантай, олны анхаарлыг татсан хүчтэй уриа нь “Манж нарыг үлдэн хөөе”, “Дундад гүрнийг сэргээе” гэсэн үгс байсан ба Тунмэнхуйгийн дэргэд “Гуаньфухуй” хэмээх нууц бүлэглэл байсан нь бүр ч ширүүн уриатай байв. Нэг л үгээр хэлэхэд Синьхайн хувьсгал нь “Дайчинго гүрнийг устгаж хань үндэстний Жунго гүрнийг сэргээн байгуулья” гэсэн бараг ганц зорилго чиглэл дор нэгдсэн байлаа.[6]

Бодит үнэн бол Манж Чин гүрнийг залгамжлана гээгүй, харин тэдний дарлалыг зогсоож төрийг нь унагаж, өөрсдийг нь хөөн явуулаад жинхэнэ хань үндэстний төр улсаа байгуулна гэж байсан. Манжийн төр үүсэнгүүтээ Юань гүрнийг залгамжлан гарч ирлээ гэж тунхаглаж байсан бол, Синхайн хувьсгалаар гарч ирсэн Хятадын бүгд найрамдахчууд өөрснийгөө Мин гүрнийг залгамжилж байна хэмээн тунхагласан.

Хятад даяар манж нарыг ялгаварлан гадуурхах явдал маш түгээмэл болсноор олон манж хүн угсаа гарвалаа нуух, хятад нэр авах, угсаа нэгт манжуудаасаа харилцаа холбоогоо таслах, нуугдмал амьдралаар амьдарч эхэлсэн байна. Ялангуяа Тайпингийн бослого, Боксёрын бослого зэрэг нь шууд манж үндэстний эсрэг хандсан хүчирхийлэл юм. Тэрбайтугай Синхайн хувьсгалын гол өдөөгч хүчин зүйл нь манж үндэстний эсрэг чиглэсэн тэмцэл байсан. Хятадын бүгд найрамдах улс байгуулагдсанаар Кантон, Сиань, Наньжин, Ханжоу зэрэг хотод болсон аллага нь олон манж хүний амийг авч одсон, үүнээс болж овог нэрээ нууж хятад овог нэр авах нь ихэсчээ.

Манжуурыг япончууд эзэлсний дараагаар 1934 онд Японы хараа хяналт, улс төрийн зорилго бүхий дэмжлэгтэйгээр өсөж томрон Манжго буюу Манж улсыг байгуулсан ч 1945 онд Зөвлөлтийн арми Манжуурт орж ирснээр манж үндэстний сэргэх гэсэн гурав дахь оролдлого нуржээ. БНХАУ-ын төрөөс манж нарыг үндэсний цөөнх гэж албан ёсоор нэрийдсэн 1952 он хүртэл манж нарыг гадуурхах үзэл байсаар байж. Энэ хооронд тэдний тоо хоёр дахин хорогдсон гэдэг. 1952 онд коммунист Хятадын төрөөс манж үндэстнийг бүртгэж эхэлснээр 1953 онд 2.5 сая гэж тоологджээ. 1982-1990 онд 4,299,159-аас 9,821,180 болтол (4 саяас 10 сая хүртэл) манж хүний тоо огцом өссөн нь дээрх уг гарлаа нууж байсан болон цөөнхөд үзүүлдэг дэмжлэгтэй холбогдсон бололтой. 1980-аад оноос хойш манж соёлыг хятадууд ихээхэн сонирхох болсон. Одоогийн байдлаар зүүн хойд Хятадын Хэбэй, Жилин, Ляонин мужуудад манжийн 10, монгол-манжийн 1, нийт 11 өөртөө засах дүүрэг байгаа юм байна.

Алив улсын түүхэн залгамж чанарыг илэрхийлэх томъёо байхгүй. Харин түүхэн жишээ бол олон бий. Үүний тод жишээ нь эртний Ром байна. Ромын эзэнт гүрний залгамжлагч гэж Визант, Шарлэманы Франк, тэрбайтугай цагтаа Ромын дайсан байсан герман овгийнхон өөрсдийгөө Ариун Ромын Эзэнт улс гэж байлаа. Константинополийг эзэлсэн түрэгүүд ч бас л эртний Ромын залгамжлагч? Византаас тасарсан оросууд ч бас залгамжлагч, өөрсдийгөө бүр “Гуравдугаар Ром” гэж байв шүү! Германчууд хааныгаа Кайзар, оросууд хаанаа Царь гэх болсон нь Ромын Цэзархааны нэрийн “орчуулга” юм.

Эдгээр “залгамжлагч” нарт эзлэгдэж байсан, вассал байсан, хараат байсан аль ч үндэстнүүд эзэрхийлэгчдийг эсэргүүцэн байнгын бослого үймээн дэгдээсээр түүхийн тодорхой үеүдэд салж явцгаасан. Тусдаа гарсан хойноо эзэлсэн, эзлэгдсэн аль ч тал нь өв булаацалдаж, залгамжлах эрх шаардаж “нэг гэр бүл” байсан гэж гоморхож байгаагүй.

Гэтэл хятадууд бүгд найрамдах засаглалтай болсноосоо хойш дээрхтэй адилхан нөхцөлтэй мөртөө Монгол, Төвд, Дорнод Түрэгстаныг Хятадын салшгүй нэг хэсэг, урьд нь хань үндэстэнтэй нэгэн гэр бүлд багтан цогц үндэстнийг бүрдүүлж байсан хэмээх болжээ. Тэгвэл нэгэн цагт Дундад улс гэх үзэл санааг хүлээн авч, хятад ханз үсэг хэрэглэж, уламжлалт төрийн тогтолцоог нь хэвээр хэрэглэж, күнзийн суртлыг дээдэлж байсан өнөөгийн тусгаар улс орныг яах вэ? ВьетнамчуудXIX зуун хүртэл өөрсдийгөө Дундад улс (Trung quốc) гэж нэрлэн эргэн тойрны хоцрогдмол үндэстнүүдийг зэрлэгүүд гэж нэрлэж байсан. Тэр байтугай Япон ч нэг хэсэг өөрийгөө Дундад улс гэж нэрлэж байсан тохиолдол бий.[7]

Хятад төвтэй үзэл санаа Европ төвтэй үзлээс чанад хол, тэд иргэддээ энэ үзлийг илүү итгэл үнэмшил болгон суулгасан. Умрын нүүдэлчин хятан, зүрчид нар Хятадын хойд хэсгийг дайлж  (Ляо династи, Жин династи гэсэн хятад нэрсийг хятадууд өгсөн үү?) өөртөө нэгтгэсэн ч хүн ам нь үндэсний цөөнх болсон нь үнэн боловч үүнийг хятадууд өөрсдийнх нь династиуд байсан гэж тооцдог. Бүтэн Хятадыг эзэрхийлсэн ч хүн амдаа цөөнх байсан монголчууд, манж нар бас л Дундад гүрний бас нэгэн залгамжлагч, ээлжит династи байв гэх нь чухамдаа Хятад төвт үзлийн хачирхалтай илэрхийлэл юм. Хятадыг эрхшээж байсан нүүдэлчний гүрнүүд нь тухайн үеийн Тан, Сүн, Мин зэрэг Хятадын уламжлалт төр улс, мөн хожмын Хятадын бүгд найрамдах улс болон өнөөгийн коммунист Хятадаас зохион байгуулалт, бүтэц, бүрэлдэхүүн, нийгэм соёлын үзэл санаа, үндэсний бодлого гээд маш олон үзүүлэлтээр эрс ялгаатайг нотлох нь тийм ч хүнд бэрх асуулт биш. Дундад улс нь дэлхийн хамгийн гол гүрэн, эргэн тойрных нь бүгд дагуулууд нь гэж үзэх нь цагтаа герман, түрэг, оросууд өөрснийгөө Ромын эзэнт гүрний залгамжлагчид гэж тунхаглаж байсантай ижил. Энэ нь олон улсын эрх зүйн мөн чанар болж чадахгүй, тэр дундаа эрх зүйн гаргалгааны үндэс болж бүр чадахгүй.[8]

[1]Perdu, Peter., China marches West: The Qing Conquest of Central Eurasia (The Belknap Press of Harvard University Press 2005) p-127

[2]Трифонов, Евгений Зөвлөлт и Монгол:Далд түүх (Nepko publishing) х-426 [Trifonov Eugeny Secret History of Soviets and Mongols (Nepko publishing 2020) p-426

[3]Трифонов, Евгений Зөвлөлт и Монгол:Далд түүх (Nepko publishing) х-428 [Trifonov Eugeny Secret History of Soviets and Mongols (Nepko publishing 2020) p-428

[4] Сидихменов, М. Я. Маньчурские правители Китая (Издательство Наука, Москва 1985) стр-283-284 [Sidikhmenov. M.Ya Manchu Government in China]

[5]Sun Yat-SenThe Principles of the People – San Min Chu I (Soul Care Publishing 2011)

[6] Пензев, К. Земли Чингисхана (Москва. Изд. Алгоритм 2007) х- 186 [Penzev, K. Lands of Genghis Khan (Moscow. Publishing Algorithm 2007)] p- 186.

[7]Дмитриев, С., Кузьмин, С.Юань, Чин болон Хятад нь өөр хоорондоо түүхэн залгамжлалгүй төр улсууд болох нь (Studio Historica. Tomus XLIII-XLIV )

[8]Дмитриев, С., Кузьмин, С.Юань, Чин болон Хятад нь өөр хоорондоо түүхэн залгамжлалгүй төр улсууд болох нь (Studio Historica. Tomus XLIII-XLIV )

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Хокүсэйхо А.Даваанинж сүмогоос зодог тайлж, түүний багш Хакүхо М.Даваажаргалыг зэрэглэл бууруулжээ2 сар 23. 12:21Нийслэлийн Засаг даргын зөвлөхөөр М.Найданхүү, Ж.Энхжаргалан нарыг томиллоо2 сар 23. 10:52“Nova-C” буугч төхөөрөмж өнөөдөр саран дээр газардах төлөвлөгөөтэй байна2 сар 23. 9:00АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүй, хүнд сурталд хамаарах 6 гомдол, мэдээллийг хянан шалгав2 сар 23. 9:00Энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэврийг  нэмнэ2 сар 23. 8:45МЕДВЕДЕВ:  ОХУ-ын зэвсгийн үйлдвэрлэл 1500 хувиар нэмэгдсэн2 сар 23. 8:45ЦАГ АГААР:  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж,  шуурна2 сар 23. 7:45ЗУРХАЙ: Өнөөдөр Идэрийн барилдлагатай өдөр2 сар 23. 7:30Сэлбэ голын 21,340 тонн мөсийг зөөн тээвэрлээд байна2 сар 22. 17:05УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсад энэ сарын 25, 26-ны өдөр айлчилна2 сар 22. 13:08С.АМАРСАЙХАН: Малчид Төрийн банкнаас 685 тэрбум, Хаан банкнаас 580 тэрбумын зээл авсан байна2 сар 22. 12:24Яармагийн гүүр орчмын шонг өвс ачсан “Норд бенз“ мөргөжээ2 сар 22. 12:09Элон Маск Цагаан ордонд нууцаар зочилжээ2 сар 22. 9:25БНСУ-д суралцах оюутнууд суралцангаа ажиллах хөтөлбөрт хамрагдана2 сар 22. 9:13Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зудын дараах нөхөн сэргээлт, малчдын амьдралд онцгой анхаарахаа илэрхийллээ2 сар 22. 9:10" Тавантолгой төмөр зам" ХХК-д Засгийн газар, Цагдаагийн байгууллагаас шалгалт оржээ2 сар 22. 8:30ЗУРХАЙ: Улаан бар сарын гурван хөх улаан луу өдөр2 сар 22. 7:45Өнөөдөр хангайн уулархаг нутаг болон Орхон голын сав газраар цас орж  шуурна2 сар 22. 7:30Туркийн үйлдвэрлэсэн тав дахь үеийн сөнөөгч онгоц анхны нислэгээ үйлдэв2 сар 21. 19:35Орон нутгийн замд хунгарласан цасыг цэвэрлэж, үнс, давс цацаж байна2 сар 21. 19:29НИТХ-ын зөвлөл нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэхийг дэмжлээ2 сар 21. 19:25НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 43 261 иргэн азтан болжээ2 сар 21. 19:21МАДУРО: Венесуэл улс  удахгүй БРИКС-т элсэнэ2 сар 21. 11:00Эрдэнэбүрэнгийн УЦС-ын үндсэн барилгын ажлыг эхлэх гэрээг удахгүй үзэглэх төлөвлөгөөтэй байна2 сар 21. 10:30Папуа Шинэ Гвинейн овог аймгуудын хооронд мөргөлдөөн болж 53 хүн амь үрэгджээ2 сар 21. 10:00Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой2 сар 21. 9:30Малчдын зээлийн эргэн төлөлтийг 6 дугаар сар хүртэл хойшлуулна2 сар 21. 9:10Өнөөдөр болох үйл явдал2 сар 21. 9:06ФОН ДЕР ЛЕЙЕН: ЕХ ойрын өдрүүдэд Оросын хөрөнгийн орлогыг ашиглахыг хуульчлах болно2 сар 21. 8:50Г.Занданшатар: Татварын бодлогын цогц шинэчлэл нь дотоодын үйлдвэрлэгч, ажлын байр бий болгогчдыг дэмжихэд чиглэх ёстой2 сар 21. 8:30ЗУРХАЙ: Хаврын тэргүүн улаан бар сарын дөрвөн ногоон хөхөгчин туулай өдөр2 сар 21. 7:40ЦАГ АГААР: Өнөөдөр говийн нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна2 сар 21. 7:30"Тавантолгой төмөр зам" ХХК бичлэг нь задарсан ажилтнуудаа халжээ2 сар 20. 14:50Зудын гамшигт нэрвэгдсэн малчдад УБТЗ “ХНН” 500 сая төгрөг хандивлав2 сар 20. 13:45Үндсэн хууль: Газрын хэвлий, түүний баялаг төрийн нийтийн өмч Бодит байдал: Газрын хэвлий төрийн өмч, түүний баялаг “Ажнай” Д.Бат-Эрдэнийх2 сар 20. 12:19Путин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд Орост үйлдвэрлэсэн машин бэлэглэжээ2 сар 20. 10:44П.Сайнзориг: Энэ онд метроны суурь судалгаануудыг хийж, барилгын ажлыг эхлүүлнэ2 сар 20. 9:59АТГ: Хэрэг бүртгэлтийн 20 хэрэг шинээр нээв2 сар 20. 9:54Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна2 сар 20. 9:45 ЮЛИЯ НАВАЛЬНАЯ: Нөхрийнхөө үйл хэргийг  үргэлжлүүлнэ2 сар 20. 8:50
 Facebook Twitter Youtube