Хэвлэл мэдээллийн магнат Австралийн тэрбумтан Руперт Мердок шинэхэн хайр дурлалтайгаа учирч, цагдаагийн байгууллагын ажилтан асан Анн Лесли Смиттэй гэрлэх болсноо зарлав. Тэрээр Мик Жаггерын экс эхнэр Жерри Холлоос саяхан салсан бөгөөд энэ нь 92 настай тэрбумтны тав дахь гэрлэлт болох юм.
Эдүгээ 66 настай хатагтай Смиттэй өнгөрсөн есдүгээр сард Калифорни дахь усан үзмийн талбайдаа болсон арга хэмжээний үеэр танилцжээ.
Мердок 20 тэрбум гаруй долларын хөрөнгөтэй бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт олон хэвлэл, телевизийн сувгийг эзэмшдэг. Тухайлбал, Британийн шар хэвлэл “Sun”, илүү нэр хүндтэй “Times”, мөн Америкийн “Wall Street Journal”, “Fox News” телевиз зэрэг болно.
Шинэхэн амраг бүсгүй Смитийн өмнөх нөхөр нь кантри хөгжмийн дуучин, медиа менежер Честер Смит аж.
Тэрбээр "Би сүүлийн 14 жил бэлэвсэн эхнэр байсан. Энэ дурлал бол бид хоёрт Бурханы өгсөн бэлэг" гэжээ.
Мердок, Смит нар ирэх зун хуримлахаар төлөвлөж байна. Шинээр гэрлэсэн хос Калифорниа, Монтана, Нью-Йорк, Их Британид байдаг дөрвөн байшиндаа ээлжлэн амьдрана гэж хэвлэл мэдээллийн магнат мэдэгдэв.
Мердок өмнөх эхнэр, экс супермодель Жерри Холлоос өнгөрсөн жил салсан юм. Тэрээр өмнө нь Австралийн онгоцны үйлчлэгч Патрисия Букер, Шотланд гаралтай сэтгүүлч Анна Манн, Хятад гаралтай бизнес эрхлэгч Вэнди Дэн нартай гэрлэж байжээ.
Тэр өмнөх гэрлэлтүүдээсээ зургаан хүүхэдтэй.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Юун зун мун гэрлэх Яаараач хө