Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-23 нд нийтлэгдсэн байна.

Т.Баярцэнгэл: Найруулагч киногоо үзэгчдэдээ найдаж орхих биш. Зохиол, жүжигчнээ шахаж, авьяасыг нь гаргаж ажиллах хэрэгтэй

3/ 23/ 2023    7 цаг 02 минут

Кино судлаач, шүүмжлэгч Т.Баярцэнгэлтэй ярилцлаа. Тэрээр манай улсын анхны дээд боловсролтой дууны инженер Пүрэвийн Төмөртогтох гуайн охин. Аавынхаа үргэлжлэл болон кино урлагт зүтгэж яваа Т.Баярцэнгэл нь ОХУ-ын Москва хотын Бүх холбоотны кино урлагийн дээд сургуулийг Кино судлаач мэргэжлээр төгссөн юм.

-Таны аав 1962 онд ЗХУ-ын Ленинград хотын кино инженерийн дээд сургуулийг төгссөн дууны инженер Пүрэвийн Төмөртогтох гуай. Ярилцлагаа аавын тань түүхээр эхэлье?

-Миний аав 1962 онд  хуучнаар ЗХУ-ын Ленинград хотод дууны инженер мэргэжлээр сурч ирээд Кино үйлдвэрийн дууны цехийн даргаар томилогдсон. Аав минь мэргэжлийн гараагаа Ардын жүжигчин С.Гэндэн гуайн “Ховдгийн гай” кинонд дууны инженерээр ажиллаж эхэлсэн. Дараа нь найруулагч Р.Доржпаламын “Сэтгэлийн дуудлагаар”, “Өндөр ээж”, “Нөмрөг хадны цуурай” гэх гурван кинонд дууны найруулагчаар ажилласан. Доржпалам гуай аавыг оюутан байхаас нь эхлээд асар их дэмжинэ. Мөн нэрт зохиолч Л.Ванган гуай тэр үед Уран сайхны зөвлөлийн удирдагч нь байж. Аав тэр хүний хажууд гишүүнээр ажиллахдаа их зүйл сурсан гэж дурсдаг юм.

Ийнхүү ажилдаа нэлээн дадаад ирэхэд нь Соёлын яамны сайд С.Сосорбарам гуай 1974 онд Кино үйлдвэрийн ерөнхий инженерээр томилсон. Аав 23 жил тэр албанд ажиллахдаа олон ажлын ард гарсан. Кино үйлдвэр анх 1961 он хүртэл Цэргийн клуб байрлаж байсан Улсын филармонийн байрнаас одоогийн Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуульд нүүж ирсэн. Дараа нь Кино үйлдвэрийн II өргөтгөлийг бүрэн ашиглалтад оруулж, кино бүтээх хувилан олшруулах, хүчин чадлыг нь 2-3 дахин нэмэгдүүлэв. Үүний хүчинд долоо хоногт орчуулгын, баримтат, уран сайхны кино зэрэг нэг шинэ бүтээл дэлгэцэд шилжүүлж эхэлжээ.

-П.Төмөртогтох гуайг Монгол кино үйлдвэрт ажиллах хугацаандаа ЗХУ,Швейцар, Англи, ХБНГУ, Чехсловак зэрэг улс орноос киноны сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг жил бүрийн төлөвлөгөөнд захиалан авч, техник технологийн дэвшилд чухал нөлөө үзүүлсэн нэгэн гэх юм билээ?

-1970-аад онд техник, тоног төхөөрөмжийг гол үйлдвэрлэгч улс болох Оросоос авна. Энэ үед Оросын плёнкийг ихэвчлэн авдаг байсан. Гэвч тус улсын техникийн хөгжил хоцрогдож эхэлсэн. Харин баруунд кино урлагийг дээд түвшинд гаргах нарийн техник технологийг үйлдвэрлэж байв. Үүнийг авчрахын тулд аав тухайн үеийн төлөвлөгөөний комисс болон Засгийн газарт тогтмол ханддаг байж. Ингэснээр манай кино урлагийн хөгжил Европ стандартын дагуу кино үйлдвэрлэх зорилго тавьжээ.

Зорилгоо ч биелүүлж Засгийн газрын хөрөнгө 500 мянган америк доллароор Швейцар, Англи, ХБНГУ, Франц, Австрали зэрэг орноос хамгийн шилдэг төхөөрөмжийг авсан. Энэ үед “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” зэрэг бүтээл төрж, Азийн кино дэлгэцэд гарч эхэлсэн юм.

Аав 1972 онд ажлынхаа хажуугаар боловсон хүчнийг мэргэшүүлэхээр сурах бичиг зохиосон. “Дуу өсгөх байгууламж” гэж ном нь 1972-1990 он хүртэл Монголын холбооны сургалтын төв болон, техникийн бүхий сургуулийн оюутнуудын гарын авлага болсон. Кино механикч, техниктэй харьцдаг бүхий л хүн энэ номыг уншиж байлаа. Тэнд цахилгаан төхөөрөмжийн тэжээлийн систем, радио элементийн холбоосны тухай тайлбарласан. Миний нэг найз холбооны сургалтын төвийг онц дүнтэй төгссөн юм л даа. Бид уулзаад ярьж суухдаа аавыгаа Төмөртогтох гэж хүн бий гэтэл “Хүүе ээ “Дуу өсгөх байгууламж” гэдэг номын зохиолч уу” гээд л яриа эхэллээ дээ. Сургуульд нь энэ ном нэг ширхэг байж. 200 оюутан номоо нэг, нэг өдрөөр авч явна. Ном хэнд, хаана явах уу гэдгийг төлөвлөнө. Энэ мэтээр аавынхаа бүтээлийн талаар бусдын амнаас сонсох их сайхан санагддаг юм билээ. Энд киноны талаарх далд боловсрол явж байна шүү дээ. Түүнээс хойш аав 3-4 ном бичиж, их сургуулиудад зураглаач, дууны найруулагчийн хичээлийг хичээл заасан.

Мөн 1975 онд аравдугаар ангиа онц сайн төгссөн, авьяастай хүүхдүүдийг кино техникч мэргэжлээр киноны мэргэжлийн курст сургав. Тэдгээр хүүхэд эргээд Монгол Кино үйлдвэрт нэр төртэйгөөр улсдаа ажилласан.

Аав минь ажлаа хийгээд явж байсан ч цаг үеийн урсгалд, ардчиллын үед халагдсан. Энэ үйл явдлаас өмнөхөн намайг оюутан байхад аав Кино үйлдвэрээс арай гараагүй байсан юм. Тэр үед Москвад над дээр ирэв. Тэгээд “Аав нь Кино үйлдвэрийн нөөцийн плёнк зөөх хэрэгтэй байна. Хөрөнгө, санхүүжилт багассан учраас суудлын вагоноор тээвэрлэнэ” хэмээсэн. Манай сургууль эрэгтэй хүүхдүүд олонтой. Би С.Батболд, Д.Ганболд зэрэг нөхдөө уриалаад Монгол Кино үйлдвэрийн плёнкийг зөөлцсөн.

Сонирхуулахад, ардчилсан хувьсгал гарах үед аавыг ажлаас нь гаргасан. Аав ч тэр үед “Залуучууд их юм хийнэ, залуусын үе ирсэн” гээд ажлаа өгсөн юм. Тэгээд хувиараа эрхлэх аж ахуй байгуулан кино плёнкийг авчирч эхэлсэн.

Борооны дараах мөөг гэдэг шиг олон ч кино дэлгэцэд гарав. Жилд долоон кино хийдэг хүчин чадалтай плёнкоор, хоёр жилд 70 гаруй уран сайхны кино хийсэн. Кино хийх нь буруу биш, залуучууд уран бүтээлээр ангасан, дэврүүн хүсэлтэй байж. Нөгөө талаараа боломж юм даа. Үүний дүнд улсын кино хийх нөөц дууссан.

Гэтэл анхны ерөнхийлөгч П.Очирбат гуай анх удаа гадаад оронд айлчлал хийх гэтэл түүх үлдээх плёнк байдаггүй ээ. Нэг ч метр хальс байхгүй. Дээрээс нь улс мөнгөгүй, ардчилал гээд төлөвлөгөөний комисс татан буугдчихсан. Ингээд ганцхан аавд кино хальс байж таараад оператор З.Сүхбаатар гуай ирээд гуйж авснаар 1990-ээд оны Монгол Улсын баримтат кино үлдсэн юм.

-Та аавынхаа мөрөөр кино урлагт зүтгэж яваа. Энэ салбарт ороход аав тань нөлөөлсөн үү? Хэнээс үлгэр дуурайлал авдаг байв?

-Зарим хүмүүс намайг аав нь удирдах ажил хийж байсан болохоор ВГИК-д суралцсан гэдэг юм. Гэхдээ би хүүхэд байхаасаа аавынхаа ажил, хамт ажилладаг хүмүүстэйгээ хэрхэн харьцаж буйг нь ажигладаг байв. Хэлж буй үг, үйлдэл бүрд нь “кино” хэмээх үг явна. Дээрээс нь би том, том найруулагч, зохиолч, жүжигчид болон Кино үйлдвэрийн ажилчдын хүүхдүүдтэй найзална. Гоодойн амны зусланд киноны уран бүтээлчид гэр бүлийнхээ хамт зусдаг байсан юм.  Манай гэрийн хажууд Б.Дамчаа гуайнх байдаг. Тэдний охин Сувдтай найзална. Ардын уран зохиолч Т.Галсан гуайн хүү Бодиотой тоглоно. Зууны манлай найруулагч Д.Жигжид агсны охин Баснавчтай найзалж явлаа. Найруулагч Р.Доржпалам гуайн охин Оюунбилэгээс үлгэр жишээ авна. Баримтат киноны найруулагч зохиолч, Ч.Гомбо гуайн хүү МУСГЗ Золжаргал ахтай ойр өссөн. Ардын жүжигчин Д.Чимэд-Осор гуайн охин Баярмаа, Ж.Бунтар найруулагчийн охид болох Солонго, Тунгалагтай үй зайгүй. Намайг тэд Баяраа гэнэ. Эргээд бодоход аавынхаа ажлын газрын хүмүүстэй, тэдний хүүхдүүдтэй тоглож өссөн нь надад нөлөөлсөн дөө.

Намайг наймдугаар ангиа төгсдөг жил есдүгээр ангид орох уу, байх уу гэсэн хоёр сонголт ирсэн. Тэгэхэд Соёлын яаманд шууд ажил дээр гарах нэг хуваарь ирэв. Би аавыгаа хөтөлж Д.Гомбосүрэн захирал дээр ороод энэ ажлын хуваарийг авахаар шийдсэн юм. Ийнхүү томилолтоороо кино механикийн курст суралцаад, шалгалт өгч ажилд орох гэтэл 16 нас хүрээгүй учраас ажилд орж чадсангүй. Энэ үед Циркийн хажууд 31-р сургууль байгуулагдахад нь орж, 10-р ангиа төгссөн. Орос хэлний дээд сургуульд хуваарь аваад, шалгалт өгөхдөө би нэг алдаа хийснээ мэдээд, мэдээж өндөр оноо авч чадахгүй болохоор шалгалтын комисст шууд оров. “Би бичиг баримтаа авъя. Шалгалтаа зогсооё. Соёлын яамны шууд ажил дээр хуваарилаад өг. Би мэргэжлийн үнэмлэхтэй, ажлаа хийе” гэсэн. Ингээд шууд ажлын томилолт авсан.

Гэтэл кино механикчийн орон тоо алга гээд эвлүүлэгчийн дагалдангаар ажилласан. Долдугаар сарын 1-н гэхэд хүүхдүүд шалгалтаа өгч дуусаагүй байхад би хэдийн ажилдаа орчихсон. Ийм учраас аав нь дарга болохоор түрүүлж ажилд авсан гэж ойлгодог байх л даа. Би энэ талаар 30 жилийн турш найзууддаа ч хэлээгүй. Цаг үе гэдэг өөрөө юмсыг гаргаж ирэх юм даа.

-Тухайн үед та “алтан үеийн” гэгдэх мэргэжлийн хүмүүсээс их зүйл суралцсан биз?

-Би кино эвлүүлгийн чиглэлээр Ц.Цогзол багшаа дагаж явсан юм. Маш их зүйл сурч, эвлүүлэгч гэдэг киноны амин зүрх нь юм байна гэдгийг мэдэж авсан. Зохиолын үг бүртэй, кадр болгонтой танилцана. Зураглаач юуны тухай зураг авав, түүнийг нь эвлүүлнэ, эмх цэгцэд оруулахаас эхлээд зөндөө.

Найруулагч юу хэлэх гээд байгааг, кадр бүрийн утга агуулгыг мэдэж байх ёстой. Найруулагч эвлүүлэгчдээ л итгэдэг юм.

Өөрөөр хэлбэл, тэр план болгоныг биежүүлнэ. Цогзол багш маань надад их үүрэг даалгавар өгнө. Гэхдээ хэзээ ч энэ чинь ийм, тийм гэж тайлбарлахгүй. Би баахан алдаа хийж, хийж сурдаг. Дараа нь багш хэлж өгнө. Жишээ нь, монтажчин хүний гол анхаарах зүйл нь дуу. Одоо бол шууд тас, тас хайчилдаг болж. Дуу, дүрс хоёр заавал урсаж орох ёстой. Эдгээрийг шууд хайчилж болохгүй дүрэмтэй. Дууны давтамж, намсана, багасна.

Баримтат киноны алдарт найруулагч О.Уртнасан гуайтай хамт ажиллахдаа хүний нэр сүр өндөр байх тусмаа, ухамсар мөн өндөр, зан харилцаа нь хамгийн энгийн байдгийг мэдэж авсан. Тэрээр намайг анх “Найруулагчаа” гэж дуудаж эхэлсэн. Тэгээд “Миний авсан зургийг бүгдийг нь эвлүүлчихсэн байгаарай” гэнэ. Эхлээд Уртнасан гуайн санааг ойлгох гэж их ч оролдсон. Эвлүүлнэ, синхрон дүрсээ яриатайгаа тааруулна, хөгжим, дуу чимээ гээд л бүх тал дээр нь хичээж ажиллана.

Мөн Д.Давааням гээд танин мэдэхүйн баримтат киноны их сайхан найруулагч байлаа. Тэр хүнтэй би байгаль орчин, танин мэдэхүйн чиглэлээр олон бүтээлд хамтарсан. Энэ мэтээр олон сайхан уран бүтээлчтэй ажиллаж, их ч зүйл сурсан.

Дараагаар нь би сургуульд явахаар болсон юм. Намайг шалгалтаа өгөхөөр бэлдэж байхад Ч.Найдандорж найруулагч, СУИС-ын багш Д.Энхбаяр гээд мундаг хүүхдүүдтэй өрсөлдсөн. Шалгалтын комиссын 20 гаруй шүүгчид байсны дотор кино найруулагч Х.Дамдин гуай байжээ. Шөнөжингөө бид шалгалт өгөөд, өглөө нь би Дамдин гуайтай таарав. Шалгалтын даалгаварт би 1942 онд дэлхийн II дайны үед монгол хүүхдүүд ямар байсан тухай кино зохиож, дүрслэн ярьсан юм. Дамдин гуай энэ тухай надад “Чи киноны тухай дүрслэл маш сайн. Нүдэнд харагдсан” гэж хэлж билээ. Ийнхүү өндөр оноо авч сургуульд явж байлаа.

Гэтэл ВГИК-д баримтат кино найруулагчийн ангийн багш нь эмэгтэй хүүхэдтэй ажиллахгүй гэсэн. Ер нь оросын киноны сургууль мастерын зарчмаар явдаг. Тиймээс би кино судлаачийн ангид шалгалт өгөх болсон. Би орос сургууль төгсөөгүй учраас оросоор бичихэд хүндрэлтэй. Тэгэхээр нь бодож, бодож өөрийнхөө хамгийн сайн мэддэг “Хайр ба тагтаа” /Любовь и голубь/ гээд орос киноны тухай бичихээр болов. Тус сургуулийн гадаад декан “Хэрвээ намайг англиар энэ киноны тухай бич гэвэл би энэ охин шиг ингэж оросоор бичиж чадахгүй байсан” гэж хэлж байлаа. Сургуулиас намайг кино судлаачийн ангид авахдаа нэг болзол тавьсан. Тэр нь хоёрдугаар курсийг төгстөл нэг ч удаа “3”-ын дүн авахгүй байх. Тэгээд хичээл ч шууд эхэлсэн. Миний Кино үйлдвэрт сонсож байсан зүйлийн нэг нь ч тэнд байхгүй. Монгол Кино үйлдвэрт үйлдвэрлэлийн процесс явдаг бол сургуульд шууд уран бүтээл дээр судалгаа хийнэ. Би нэг ч “3” гэдэг дүн аваагүй. Эхний хоёр жилийн хичээл хамгийн хүнд.

1990 онд байдал хүндэрч Орост сурч байсан манай оюутнууд сургуулиа орхиж эхэлсэн юм. Учир нь тэдний сургалтын тэтгэлэг байхгүй болж, өөрсдийнх нь халааснаас гарах болсон. Би ч хэцүүдсэн. Гэхдээ яаж энэ сургууль орлоо гэж бодсоор, бууж өгөхгүй явсаар төгссөн дөө.

-Эх орондоо ирээд ажлын гараагаа хаанаас эхлэв?

-Намайг ирэхэд Монгол Кино үйлдвэр татан буугдчихсан, Соёлын яам ажлаа хийхээ больсон байсан. Тэгээд би Монголын радио телевизийн улсын хороонд очсон юм. Орлогч “бүдүүн эмэгтэй” дарга “Үндэсний телевизэд кино судлаач, шүүмжлэгч хэрэггүй” гээд явуулсан. Энэ байдал надад маш хүнд туссан. Намайг Орост сурч байхад н.Хавх гээд монгол оюутнуудыг хариуцсан дарга байв. Тэрээр байнга намайг дуудаж, хэдэн үг солиод л яваад өгнө. Харин хамгийн сүүлд “Чамайг хөө гээд байна. Чи яасан хүүхэд вэ? Зүгээр л сургуульдаа яваа хүүхэд шиг байх юм. Одоо цаашдаа зүгээр хичээлдээ яв” гэв. Намайг дөрөвдүгээр курст ороход нөгөө “бүдүүн эмэгтэй” дарга “Одоо танай охиноор дахиж хэзээ ч оролдохгүй ээ” гэж аавд утсаар хэлсэн байгаа юм даа. Хөшигний ард муухай юм болдог байгаа биз.

Харин би тухайн үед яаж өөрөө шийдвэр гаргаж, боломжийг харж явсан юм бэ? Гэтэл цаана нь намайг арын хаалгаар орсон гээд сургуулиас хөөлгөх гэж матсан байдаг. Энэ цаг үеийг бодоход социализм чинь, аавынх нь улсын төлөө хийж буй ажлаас болоод хүүхдүүд рүү сүүдэр тусгах гэдэг. Үүнийг одоо хэлэх цаг нь болсон байх.

Ингээд би аавынхаа хамт кино плёнк худалдаж, зөөж хэсэг явсан. Удалгүй Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Соёл урлагийн редакцад нь ярилцлага өгч ажлын гараагаа эхэлсэн. Тэнд кино, театрын урлагтай холбоотой олон цуврал нэвтрүүлэгт редактор хийсэн. Түүний дунд жүжигчин Д.Дэлэгням, кино зохиолч Ч.Гомбо гуай нарын амьдралын тухай бүтээл бий. Мөн н.Бямбадорж ахтай хамт тухайн үеийн залуучуудын талаар “Моод Монголоор дуусахгүй” гэдэг ч юм уу нэлээн нэвтрүүлэг хийсэн. Тухайн үедээ бас шинэ салхи хагалах гэж оролдож байгаа юм л даа.

Үүнийхээ хажуугаар Радио телевизийн болон Кино урлагийн дээд сургуульд багшилж эхлэв. Дэлхийн ба монголын кино түүхийн чиглэлээр зааж, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зэрэгт их оролцсон. 2010 онд “Татар ажиллагаа” кино анх гарахдаа нэлээн хэл ам дагуулсан. Үүний талаар шүүмж, тайлбар өгөөч гэж телевизээс хүсэв. Би “Татар ажиллагаа”-г зөв ойлгохын тулд эхлээд жанраа ойлго, дараа нь бодит зүйл биш бодол төсөөллийг гангстер жанртай хослуулсан. Энэ дотор мөнгөний луйвар, аллага, цус нөж гарч болно” гэх тайлбарыг өгсөн.

-Та ер нь кино шүүмжлэхдээ ямар “зарчим”-ыг баримталдаг вэ?

-Би киног зөвөөр тайлбарлаж, дараа нь шүүмжлэхийг оролддог. Жишээ нь, “Ану хатан” кино өндөр зардлаар бүтсэн асар их хүлээлттэй байсан. Дээрээс түүхэн үнэ цэнтэй бүтээл гэдэг утгаар нь үзэгчид түүхээ нэхсэн. Харин кино маань уран сайхны бүтээл. Би “Энэ кино нэрээ буруу өгсөн, сенсац хэтэрхий хөөсөн” гэсэн юм. Нэрээ буруу өгснөөс болоод үзэгчдийн хүлээлтээс доогуур, маш муу кино болох нөхцөлөө өөрсдөө тавьсан. Илүү даруухан “Зуун модын тулаан” гэсэн бол сэдвээ дагасан, жингээ дарсан хөөрхөн бүтээл болно. Иймэрхүү байдлаар шүүмжилсэн. Өөрөөр бол киноны орлогыг хаах гэж оролдоогүй.

Зарим найруулагч киногоо бүтээхдээ хариуцлагагүй ханддаг. Энэ сэдэв нь гоё юм чинь үзэгчид өөрсдөө ойлгоно биз гээд үлдээчихдэг.

Би хэлдэг юм л даа “Найруулагчид киногоо үзэгчид өөрсдөө ойлгоно гэж найдаж орхих биш, зохиол дээрээ ажиллаж жүжигчнээ хувирга. Шүүсийг нь гартал ажил” гэдэг. Хэд хэдэн кино найруулагчид надад урилгаа өгч бүтээлээ үзүүлнэ. Би сайн гэж хэлж чадахгүй, муу ч гэж чадахгүй. Бичиж ч чадахгүй. Тэднийг гомдтол нь хүлээлгэсэн бол уучлаарай. Яагаад гэвэл нэг талаар найруулагчдыг гомдоохгүй гэж, нөгөө талаасаа тэдэнд бодох орон зай үлдээсэн юм. Та нар гоё сэдэвтэй бүтээлд, сайхан жүжигчдийг авдаг. Цагааны Цэгмид гуайн хүү Төмөрхуягийг авч, тоглуулчхаад шахаж чадахгүй. Хүмүүст нөгөө л жүжигчин Төмөрхуягийг харуулдаг. Үйлдэл, драмтургийн жинхэнэ характарыг нь гаргуулахгүй бол хэчнээн ч гавьяат жүжигчин киног аварч чаддаггүй. Муу кинонд жүжигчин нь од болж, сайн кино найруулагчаараа овоглодог юм.

-Таныг 2014 онд Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн захиалгаар “Дэлхийн сонгодог 100 кино” гэх номыг бүтээсэн гэж сонссон. Одоо энэ ном хэвлэгдсэн үү? Эх хувь нь хаа явдаг юм бол?

-2014 онд Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн захиалгаар “Дэлхийн сонгодог 100 кино” гэх номыг бичсэн. Би өөрийнхөө мэддэг гэхээс илүү дэлхийн сор болсон кинонуудын өвөг эцгийг сонгосон. 1895 онд анх кино үүссэнээс эхлээд 2012 он хүртэлх бүтээлүүдийг авч үзсэн.

Кассын ашиг орлого гэхээс илүү шинэлэг, дэлхийд чиг хандлага авчирсан, техник технологийн давлагааг эхлүүлсэн киног жагсаасан.

Номдоо киноны үйл явдлыг товч бичээд тайлбар хийсэн. Яагаад энэ кино дэлхийн сонгодог байх учиртай юм? Тэнд төрөл жанр нь байх ёстой. Дээрээс аль цаг үеийн, ямар урсгалын кино юм? Зохиолч, найруулагчдыг бүтээлтэй  нь холбож өгсөн. Жишээ нь, “Сүүлчийн амьсгаа” гээд кино Францын I, II импрессионист давлагааны үеийн бүтээл. Германы экспрессионистууд юу хийсэн, яав гэдгийг энэ номд бичсэн байгаа. Бас фильм-нуар гэж хар гэмт хэргийн жанртай ямар кино “Дэлхийн сонгодог 100 кино” номд багтсан. Номдоо нэлээн ач холбогдол өгч, оюутнуудын гарын авлага болгож бүтээсэн юм.

Ном маань 2014 оноос хойш сураггүй алга болсон. Би Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн захирал О.Энхжавхлантай нь гэрээ хийсэн. Гэвч захирал нь халагдаад сураггүй. Үлдсэн хүмүүсээс нь асуухаар бас мэдэх хүн байхгүй ээ. Хянан ховхинуулаагүй эх хувь нь надад бий. Би сая Кино урлагийн зөвлөлөөс зохион байгуулж буй Кино урлагийн салбарын хурлын үеэр энэ асуудлыг хөндсөн. Найдангийн Ганхуяг багш дэмжсэн. Тэгэхээр монголын залуучуудын дэлхийн сонгодог кинонуудын жанртай танилцах нь гэдэгт итгэлтэй байна. Ер нь хэвлэгдвэл кино хийх урам зоригтой хүүхдүүдэд мэдлэг талаас их тус болох байх.

-Сүүлийн үед таныг баримтат кино хийж явна гэсэн сураг сонссон? Шүүмжлэгч судлаачаас бүтээгч рүү хөрвөх нь таныг хэр сорьж байна вэ?

-2014 оноос хойш баримтат кино хийх хүсэл төрсөн юм. Би баримтат кино салбараас нэг том орон зайг олж харсан. Жирийн хүний амьдрал, туршлага, үр удамдаа үлдээх үнэт зүйл нь орхигдоод байдаг. Үүнийг би харж, энэ тухай найзууддаа хэлсэн. Ингээд найзынхаа ээжтэй холбогдож, бүх амьдралынх нь түүхийн талаар ярилцав. Гэтэл ээж нь надад “Хүүхдүүдийнхээ юу хийдгийг мэддэггүй” гэсэн. Би хүүхдүүдийнх нь ажлыг сурвалжлаад, ээжийнх нь хүүхдэдээ хэлээгүй бүхнийг нь сонссон киногоо бүтээсэн. 80 гарсан хүний амьдралын түүх гэдэг чинь гоё шүү дээ.

Ингээд л хүмүүс надтай холбогдож, өндөр настай ээв ээж, эмээ өвөөгийнхөө талаар баримтат кино хийлгэж эхэлсэн. Энэ бүтээл хүний гэр бүлийн амьдралтай холбоотой учраас телевизээр гаргах боломжгүй. Үүнд тухайн гэр бүл жаргал, зовлон, хагацал гуниг бий. Одоо би 70 гаруй кино бүтээжээ. Баримтат кино асар их үнэ цэнтэй ч санхүүжилт олддоггүй. Гар утсаар бичлэг хийхээс өөр шүү дээ. Бодит амьдрал дээрээс жүжигчин бүтээж байгаа юм. Намайг ажлаа хийгээд явж байхад хүмүүс нээх үнэлэхгүй ч киногоо үзээд ойлгодог. Тэд өөрөө киноныхоо гол дүр, баатар нь болоод ирэхээр өөрийгөө болон гэр бүлийнхнээ өөрөөр хардаг. Би киногоо нэг зэрэг 10 камераар авсан юм шиг бүтээхийг хүсдэг.

Кино судлаач байхдаа найруулагч, зураглаачийн бодлыг анхаардаг байж. Харин өөрөө кино бүтээгч болоод ирэхээр эмзэглэж эхэлсэн. Найруулагч чинь асар их эмзэглэл дунд байдаг юм билээ. Гол баатрынхаа амьдралыг хуурайгаар нь гаргаж болохгүй. Миний бүтээлийг гурав, дөрвөн үеийн дараа үр хүүхдүүд нь үзнэ шүү дээ. Үргэлж хүний нандин чанарыг яаж олж харах уу гэх эмзэглэлтэй явна.

-Одоо мэргэжлийн кино шүүмжлэгч, судлаач энэ салбарт хэр чухал байна вэ? Сүүлийн үеийн кино шүүмжүүд нь илүү “сэтгэгдэл” шиг уншигдах болсон?

-Кино судлаачдад сонссон, үзсэн, судалсан суурь мэдлэгүүд их хэрэгтэй. Үзэгч, судлаач хоёр кино үзэх ялгаатай. Нэгнээс нь сэтгэгдэл, нөгөөгөөс нь шүүмж гарна. Би энэ тухай нэг үлгэрийн оюутнууддаа үргэлж ярьж өгдөг юм. Энэтхэгийн улсад нэг заан унаж явсан эзэн замдаа таван сохортой таарав. Эзэн “Хөөе урд чинь заан байна. Бяц гишгүүлэв” гэхэд нөгөө таван сохор “Заан гэж ямар амьтан байдаг юм. Мэдэхгүй” гэжээ. Эзэн “За тэгвэл бариад үз” гэвэл тэд нэг нэгээрээ сүүл, чих, хошуу, гэдэс, хөлийг нь барив. Тэгээд “Заан гэж ийм амьтан байдаг юм” гээд л үлдэж. Гэтэл тэд хоорондоо маргаж эхлэв. Хөлийн барьсан нь “Заан гэдэг чинь нүсэр том багана байдаг юм” гэвэл зааны хошууг барьсан нь “Үгүй ээ гуурсан хоолой байна билээ” хэмээжээ. Харин сүүл барьж үзсэн нь “Битгий худлаа ярь. Заан гэдэг чинь бөх бат олс байна”, их биед хүрсэн нь “Үгүй том яст мэлхий шиг амьтан” гэв. Чихийг нь барьсан нь “Та нарын хэн ч барь үзээгүй юм байна. Заан бол маш том модны навч юм билээ” гээд тойроод хэрэлдээд байж. Энэ хэвээрээ одоо хүртэл маргалдсаар байв гэнэ.

Кино судлал, шүүмжлэл гэдэг зааны эзэн шиг дээрээс нь харж, хэдий үеийн, хэн хийсэн, ямар төрөл жанрын, жүжигчнээс асар их чадварыг шаардсанаар, найруулагч, зохиолчийн амжилт энд байна, зураглаач аварсан гэх зэргээр хэлэх ёстой юм. Таван сохрын яриа бол энд тэндээс гарч буй сэтгэгдэл. Зөвхөн манайд ийм явдал гардаг юм биш. Дэлхий дахинаа ингэж л байдаг. Хамгийн өндөр түвшнийх нь дэлхий кино наадмуудын шүүмжлэгчид. Тэд сайн кино, найруулагчдыг хайж олдог. Өөрийгөө сорьё, амжилт олъё гэвэл дэлхийн хэмжээний кино наадмуудад хүч үз. Үгүй бол, жирийн сэтгүүлзүйн шинжтэй шүүмжүүд магтана, үйл явдлыг нь ярина. Кино чинь хэсэг, хэсгээр үздэг зүйл биш. Бүхэл бүтнээр харж, бүтээлийн талаар жинтэй тайлбар өгдөг. Тэгэхээр судлаач, шүүмжлэгчид мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэд дэлхийн түүх, сонгодог зураг, уран зохиолыг мэдэж, үнэлж, дүгнэх хэрэгтэй. Өнөөдөр монгол кино судлаачгүй, урсгалаараа явж байна. Тиймээс улс нь судлаач, шүүмжлэгчдийг бодлоготойгоор бэлдэж, ажиллаж буй залуусаа цалинжуулах ёстой.

-Энэ чиглэлээр сурч буй оюутан залуус, сонирхогчдод барьж аваад суух кино судалгаа, шүүмжийн чиглэлийн онолын ном, бүтээл хэр элбэг байдаг юм бол?

-Судлаач шүүмжлэгчийн үүднээс уран сайхны бүтээл талаас нь дүгнэлт өгсөн бүтээлүүд одоо бол дутагдаж байгаа. Гэхдээ 1985 оны “Монголын кино урлаг” гэсэн ном бий. Д.Цолмон, Дү.Мягмарсүрэн, Ц.Наваан, Х.Дамдин, Ч.Дашдондог зэрэг зохиогчтой социализмын үеийн бүтээл. Тэнд 1935 оноос хойш авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ямар тогтоолоор сүүдэр шийг байгуулсан гээд түүхэн баримт байгаа. Үүнийг орчин үеийн хүмүүсийн хэрэглээнд тааруулж шинээр бүтээх хэрэгтэй. Онолын талаас нь Ц.Зандраа гуайн “Кино урлагийн үндэс” ном гэж бий. Хуучирсан ч гэсэн онол бол өөрчлөгдөхгүй. Мөн Г.Жигжидсүрэн найруулагчийн “Монгол киноны нэвтэрхий толь” гэж бүтээл гарсан. Тус номыг мэдээлэл авахад хэрэглэнэ. Дээрээс нь “Баримтат киноны товчоон” гэх ном байна. Эдгээр бүтээлээс гадна орчуулгын цөөнгүй ном бий. Залуучууд гаднын хэл дээрх номыг уншиж болно. Төрийн бодлогоор дэмжээд өгвөл, судлах бүтээл хангалттай байдаг.

Б.Үлэмж

 

2


Сэтгэгдэл (2)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.81.101Zochin   • 2023, 3 сарын 23. 17 цаг 54 минут

Социализмийн үед атаач, матаач хүмүүсийн гэм биш зангаар, хүний гараар могой бариулдаг муухай монгол зан байсан. Сонирхолтой ярилцлага уншлаа...

192.82.81.101Зочин   • 2023, 3 сарын 23. 13 цаг 05 минут

Сайхан ярилцлага болжээ. Баярлалаа



ШИНЭ МЭДЭЭ

Гадаадын жуулчин 500,000 төгрөгөөс дээш худалдан авалтдаа НӨАТ-ын буцаан олголт авна5 цаг 48 минутын өмнөТөв Цэнгэлдэх хүрээлэнгийн мэдлийн 38.6 га газраас 12 га нь үлджээ5 цаг 55 минутын өмнөАрга хэмжээнд ач холбогдол өгөх үү, эсвэл үр дүнг чухалчлах уу6 цаг 5 минутын өмнөЭрүүгийн 1 хэрэгт нийт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв6 цаг 35 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө +1...+3 градус дулаан байна9 цаг 45 минутын өмнөЗурхай: . Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ9 цаг 47 минутын өмнөБаяр тэмдэглэх нэрээр архидан согтуурч нэгнийхээ амийг хохироожээ3 сар 18. 16:46Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 11 улсын компани санал ирүүлэв3 сар 18. 16:37П.Сэрдамба боксын холбоог удирдана3 сар 18. 11:14Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол цэргийн өдөр”-ийн мэндчилгээ дэвшүүлэв3 сар 18. 10:39ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд урьдчилсан байдлаар В.Путин 87.3 хувийн саналаар ялж байна3 сар 18. 10:27Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаанд улсын начин Л.Отгонбаатар түрүүллээ3 сар 18. 10:21Амьдралаас алдсан жилүүд буюу хэнэггүй монгол эрчүүд3 сар 18. 9:08АН-ын хагарал АН-ын асуудал биш гэв үү?!3 сар 18. 9:07Нүүрсний гэх хэргийн эргэн тойронд 1: Авлига өгч, газар эзэмшиж, хууль зөрчсөн хятад хөрөнгө оруулагч нарт хариуцлага тооцох чадал Монгол төрд бий юу3 сар 17. 10:13Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгууль 10 дугаар сарын 11-нд болно3 сар 15. 17:22Г.Занданшатар: Хаврын чуулганаар эрх зүй, эдийн засаг, нийгэм, хүний хөгжлийн реформуудаа эцэслэн дуусгах нь Та бидний эрхэм чухал зорилт байх болно3 сар 15. 11:27ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар Бундестагийн депутатууд юу хэлэв3 сар 15. 9:11НАТО: Украинд Оросын 350 мянга гаруй цэргийн албан хаагч амь үрэгдэж, шархадсан3 сар 15. 8:20Засаг захиргааны шинэчлэл хийснээр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулна3 сар 15. 8:05УИХ-ын 2024 оны хаврын чуулган хуулийн дагуу ажлын 75 өдөр хуралдах боломжтой юу3 сар 15. 8:01Зурхай: Хишиг дуудуулахад сайн өдөр3 сар 15. 7:14Өнөөх л Д.Сугар, Ц.Нанзаддорж, Д.Ганбат нар “Өндөр буянт”-ыг булаасан асуудалд холбогджээ3 сар 15. 7:10Арьс ширний 55.6 хувийг гүн боловсруулж, экспортод гаргах боломжийг бүрдүүлнэ3 сар 14. 15:14Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3 сар 14. 15:04АН-ыг нэгтгэчих “атаман” алга уу?!3 сар 14. 8:41Амиа хорлосон шалтгаант нас баралтын 80-ээс дээш хувийг эрчүүд эзэлж байна3 сар 14. 8:16Б.Энх-Амгалан, З.Энхболд нарыг гэм буруутайд тооцож, тус бүр 40 сая төгрөгөөр торгов3 сар 14. 7:26Улаанбаатарт өдөртөө +2...+4 градус дулаан байна3 сар 14. 7:10Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна3 сар 14. 7:08Зудын улмаас малгүй болсон өрхийг малжуулах арга хэмжээ авна3 сар 13. 14:02Есөн дүүргийн 372 хүнсний дэлгүүрээр нөөцийн мах худалдаалж байна3 сар 13. 13:57Нийслэлийн үерийн эрсдэлийн индекс "Маш их" түвшинд байна3 сар 13. 13:45Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ3 сар 13. 10:44Засгийн газар шинэ төмөр замын төслүүдийн ажлын явцын танилцуулгыг сонсч байна3 сар 13. 9:32Нийслэлчүүдийн “сюрпризтэй” өдрүүд буюу бухимдал өрдсөн өглөө3 сар 13. 9:21Зорчих хөдөлгөөнийг цагийн хязгаартай өөрчилнө3 сар 12. 19:53“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын урьдчилсан хэлэлцүүлэг Баянгол дүүрэгт боллоо3 сар 12. 19:47Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Хорин минутын хот” бий болгохоор зорьж байна3 сар 12. 18:55Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайдыг хүлээн авч уулзав3 сар 12. 12:22
 Facebook Twitter Youtube