
Энэтхэгийн Шинэ Делид зохион байгуулагдаж буй сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ий хагас шигшээ тоглолтууд өчигдөр боллоо. 48 кг-ын жинд хүрэл медалийн болзол хангаад байсан үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Лутсайханы Алтанцэцэг хагас шигшээд буюу медалийн өнгөө хувиргах тулаанаа Мароккогийн 25 настай боксчин Ясмин Моуттакетэй хийж 5:0-ээр ялалт байгуулснаар финалд шалгарав.
ДАШТ нэг хоног завсарлах бөгөөд Л.Алтанцэцэг маргааш Энэтхэгийн боксчинтой алтан медалийн төлөө өрсөлдөнө.

Харин 54 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Мөнгөнцэцэгийн Энхжаргал ДАШТ-ий хагас шигшээд “Токио-2020” олимпийн наадамд оролцож байсан Колумбийн 32 настай туршлагатай тамирчин Ариас Кастанеда Йени Марселатай тулалдаж 1:4-өөр ялагдав.
Анх удаа дэлхийн шилдгүүдтэй нүүр тулсан тэрбээр Шинэ Делигийн рингэнд 4 ялалт авч хүрэл медаль хүртлээ. М.Энхжаргал Монголын эмэгтэй боксчдоос гурав дахь дэлхийн медальтан болж байна.
Эх сурвалж: MGLsport.com
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.