Казахстанд авлигачдын мөнгөөр 62 сургууль барина гэж тус улсын Боловсролын сайд Гани Бейсембаев мэдээллээ.
Төрийн тэргүүний зарлиг болгосноор авлигын гэмт хэрэгт хураагдсан хөрөнгийг Боловсролын дэд бүтцийг дэмжих санд шилжүүлдэг. Одоогийн байдлаар тусгай дансанд 120 орчим тэрбум тенге буюу 269.5 сая ам.доллар хуримтлагдаад байгаа бөгөөд энэ мөнгийг сургууль барих, засварлахад зарцуулах юм байна.
Одоогоор 62 сургуулийг шинээр барьж мөн хуучин сургуулиудад өргөтгөл барихаар төлөвлөж байна. Үүнийг барьж байгуулахад 96 тэрбум 495 сая тенге буюу 216.7 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.
Тухайлбал, Астана хотод - 7425 суудалтай 10 сургууль, Алматы мужид - 11,550 суудалтай 10, Туркестан мужид - 2050 суудалтай 9 сургууль, Жамбыл мужид - 2850 газартай 6 сургууль гэхчлэн нийтдээ 60 гаруй сургуулийг барихаар төлөвлөөд байна.
Гуравдугаар сарын эхээр Боловсролын сайд Гани Бейсембаев авлигачдаас хурааж, Боловсролын дэд бүтцийг дэмжих санд хүлээн авсан мөнгөөр 2023 онд 70 гаруй сургууль барихаар болсон гэж мэдэгдэж байсан юм.
Эх сурвалж: Сentralasiamedia.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.