Өмнөд Солонгосын олон зуун мянган их бууны сумыг АНУ-аар дамжин Украин руу илгээсэн тухай "Уолл Стрит сэтгүүл"-д нийтлэгдсэн мэдээлэлтэй холбогдуулан Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Чун Ха-Кю пүрэв гаригт тайлбар хийв.
"Энэ асуудлаар Сөүл, Вашингтоны хооронд хэлэлцээр үнэхээр явагдаж байсан ч Украинд үзүүлэх цэргийн тусламжийн талаарх Өмнөд Солонгосын засгийн газрын байр суурь өөрчлөгдөөгүй" гэдгийг тэр тодотгов.
Өмнөд Солонгос Украинд цэргийн техник, дуулга, сум үл нэвтрэх хантааз зэргийг нийлүүлсэн. Харин шууд үхэлд хүргэх зэвсэг тухайлбал, буу сум зэргийг шилжүүлэхээс татгалзсан байгаа.
Тэрбээр "Уолл Стрит сэтгүүл"-ийн нийтлэлийг шууд үгүйсгээгүй ч зарим нэг алдаа эндүүрэлтэй байна гэжээ.
Тэр пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр "Янз бүрийн хэлэлцүүлэг, хүсэлтүүд ирсэн бөгөөд манай засгийн газар Украины цэрэг, хүмүүнлэгийн байдлыг иж бүрэн хянан үзэхээр зохих арга хэмжээ авах болно" гэжээ.
"АНУ-тай хамтран ажиллах нь Сөүлийн засгийн газрын хувьд чухал ч бид Москватай харилцаагаа хадгалах хэрэгтэй" гэж хэлснийг AFP агентлаг иш татан уламжилжээ.
Өмнөд Солонгос бол их бууны гол үйлдвэрлэгч бөгөөд Азийн бүс нутаг дахь АНУ-ын эртний холбоотон юм.
Гэвч ОХУ-тай эдийн засгийн нягт харилцаатай байдаг бөгөөд Өмнөд Солонгосын геополитикийн гол өрсөлдөгч болох БНАСАУ-д Москвагийн нөлөө их байдаг зэргээс шалтгаалан Сөүл Украинд зэвсэг нийлүүлэхээс удаан хугацаагаар татгалзсаар байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.