Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-20 нд нийтлэгдсэн байна.

Г.Амартүвшин: Экспортоо өсгөе гэвэл төмөр замаа яаралтай холбох хэрэгтэй

6/ 20/ 2023    10 цаг 39 минут

УИХ-ын гишүүн Г.Амартүвшинтэй ярилцлаа.


-Төсвийн тодотголоор цалин нэмж байгаа нь хэр оновчтой бодлого вэ. Инфляцийг өдөөсөн хэрэг биш үү?

-Цалин нэмэх нэн шаардлага байсан. Учир нь өргөн хэрэглээний бүтээгдэхүүн өсчихөөд байхад 500-600 мянган төгрөгөөр нэг өрхийн зардлыг санхүүжүүлэх хэцүү шүү дээ. Нөгөөтэйгүүр төрийн албан хаагчдын цалин нэмэгдээгүй олон жил явж ирсэн. Тиймээс цалинг 10 хувиар нэмэгдүүлэх нь зөв. Эдийн засагчийн үүднээс харвал энэ арга хэмжээ нь үнийн өсөлтийг өдөөж магадгүй. Гэхдээ эдийн засаг өсч байгаа учраас сөрөг нөлөөлөл нь харьцангуй бага байх болов уу. Он гарснаас хойш нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн. Одоо төмөр замын тээвэрлэлтийг сайжруулчихвал нүүрсний экспортын урсгал улам л нэмэгдэнэ. Тиймээс энэ бүхэн манайд сайнаар нөлөөлнө. Гуравдугаар сар гарснаас хойш төгрөгийн ханш аажим аажмаар чангарсан. Хэрэглээний эдийн засагтай, импортын бараа зонхилдог манай улсад төгрөгийн ханш сулрахгүй байна гэдэг нь цаашид эдийн засагт эерэг нөлөөг авч ирнэ. Харин тэрхүү нөлөөлөл, үр дагавар нь 3-6 сарын дараа статистик дата мэдээллээр гарч ирнэ. Тиймээс төсвийн тодотголоор шаардлагатай арга хэмжээг авч чадлаа гэж үзэж байна. Хамгийн гол нь бид цаашид эдийн засгийн өсөлтдөө анхаарлаа хандуулах хэрэгтэй. Эдийн засгийнхаа өсөлтийг сааруулахгүй үргэлжлүүлэх нь чухал.

-Баахан мухар төмөр замтай, гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг Оюу толгойн хөрөнгө оруулалт эзэлж байгаа энэ үед эдийн засгийн өсөлтөө хадгалж үлдэхийн тулд ямар арга хэмжээг авч, юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Ерөнхий сайд удахгүй БНХАУ-д албан ёсны айлчлал хийх гэж байна. Энэ үеэр төмөр замын асуудлыг ярина гэсэн хүлээлттэй байгаа. Төмөр замын асуудал энэ үеэр эцэслэн батлагдах байх гэж таамаглаж байна. Ачааны машинаар нүүрс зөөх бидний потенциал 100 хувьд хүрчихлээ. Цаашид экспортоо өсгөе гэвэл яаралтай төмөр замаа холбох хэрэгтэй. Ойрын 1-2 сард шууд нөлөө үзүүлэхгүй ч гэсэн дунд, урт хугацаанд чухал асуудал.

Гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг их сонирхож байгаа. Тэр нь ч ил байгаа шүү дээ. Оюу толгойн гэрээг өөрчилсөн, далд уурхай ашиглалтад орсон зэрэг үйл явдлууд нь сайн жишиг боллоо. Тодруулбал, Франц улсын Ерөнхийлөгч манай улсад айлчлал хийлээ. Үүнийг дагаад “Орано Майнинг” компани манай Засгийн газартай уулзалт хийж, Ажлын хэсэг гараад ажиллаж байгаа гэж ойлгосон. Энэ бол хөрөнгө оруулалтын эхлэл тавигдаж байгааг илтгэж байгаа үйл явдал.

-Дэлхий дахинаа нүүрсний зах зээл хумигдаж байна гэцгээдэг. Энэ хэр бодитой вэ. Цаашид биднийг ямар эдийн засаг хүлээж байна гэж харж байна вэ?

-БНХАУ бол маш том эдийн засагтай улс. Бид өдөр шөнөгүй экспортолж байгаа ч Хятадын зах зээлийн өчүүхэн хэсэгт л нийлүүлэлт хийж байгаа юм. Гадны хэвлэл мэдээллийг уншиж байхад Хятадын гангийн үйлдвэрүүд ковидын үед бүрэн хүчин чадалдаа хүртэл ажиллаж чадахгүй байсан бол одоо бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байна лээ.

Хоёрдугаарт, эрчим хүчний нүүрс илүү их эрэлттэй болж байна. Үнэ өсч байна. Энэ бүх эрэлт манайд маш чухал. Үүнээс гадна зэсийн эрэлт өссөн хэвээр байна. Цахилгаан машины зах зээл жилээс жилд тэлж байна. Цахилгаан машины гол орц нь зэс. Тиймээс энэ бүхэн манайд эерэг нөлөө үзүүлнэ.

Ер нь цаашид уул уурхайд суурилсан эдийн засаг хэвээр байна. Эдийн засгаа солонгоруулах арга хэмжээг яаралтай авах шаардлагатай л даа. Одоо бол аялал жуулчлал, хөдөө аж ахуй гэхчилэнгээр ярьж байна. Үүнд Засгийн газар бодлогоо тодорхойлоод зөв шийдвэр гаргаад явах байх. Мөн дотоодын бизнесийн орчноо сайжруулах ёстой. Зөвшөөрлийн хуулийг шинэчилсэн. Түүнийхээ хэрэгжилтэд сайн анхаарах хэрэгтэй. Зөвшөөрөл олгодог байгууллагуудыг илүү мэдээллээр хангаж өгөх ёстой. Хүнд суртлыг богино хугацаанд бууруулах, цахимжуулж энгийн болгох хэрэгтэй. Энэ маш чухал.

Түүнчлэн би Банкны тухай хуулийн ажлын хэсгийг ахалсан. Хуулийн хэрэгжилт сайн байгаа. Анхны том үе шат хэрэгжсэн. Системийн таван банк тавуулаа IPO хийж олон нийтэд нээлттэй хувьцаат компани боллоо. Энэ маш том дэвшил. Олон нийт ач холбогдлыг нь сайн ойлгохгүй байж болох. Уг мөн чанар нь банкууд цөөхөн хэдэн эздийнхээ төлөө ажиллах бус хувьцаа эзэмшигчдийнхээ төлөө ажиллана, нээлттэй болно. Мэдээлэл нь ил тод болно. Банкуудын IPO сайн хийгдлээ. Захиалга нь давуулан биелэгдсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хадгаламжид байсан мөнгө Хөрөнгийн бирж рүү орж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн бодит эргэлтэд орж тодорхой хэмжээгээр баялаг бүтээгдэхээр явж байна гэж ойлгож болно.

Банкны тухай хуулийн дараагийн нэг том зохицуулалт нь эзэмшлийн төвлөрлийг сааруулах. Одоо бол 20 хувь гээд хязгаарлачихсан байгаа шүү дээ. Тэгвэл энэ оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө системийн дөрвөн банк 20 хувийн босгодоо хүрэх ёстой. Энэ нь нэмэлт хувьцаагаар хөрөнгө оруулагч орж ирэх зэрэг ажиллагаа явагдана байх гэж хүлээж байна. Тиймээс Банкны тухай хуулийн өөрчлөлт урт хугацаандаа зөв алхам болсон.

Гадаадын хөрөнгө оруулагчдын ярьж байгаа гол асуудал нь бидний хөрөнгө оруулалтыг урт хугацаанд тогтвортой байлга. Хууль эрх зүйн орчноо тогтвортой болго. Их хэмжээний хөрөнгө оруулалт оруулбал Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулъя. Ингэж байж эрсдэлээ хааж хөрөнгө оруулалтаа оруулахад бэлэн байна гэсэн. Сонгууль болдог, шинэ Засгийн газар бүрддэг. Тэр үед бүх юм нь орвонгоороо өөрчлөгддөг, хөрөнгө оруулагчид нь үргэж зугтаадаг. Ингээд хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байдал бий болчих вий гэсэн болгоомжлол байдаг.

-Одоогийн байдлаар бол бид 50 сая тонн нүүрс гаргах төлөвлөгөөтэй. Тэгвэл төмөр замын хил холболтоо хийчихвэл нүүрсний экспорт бодитоор яг хэр хэмжээнд өсөх вэ?

-Бодит хэмжээний дүнг Эдийн засаг, хөгжлийн сайдаас асуух хэрэгтэй л дээ. Логикоор бодоход ачааны машинаар бид зөөж байна. Энэ нь экспортыг хязгаарлаж байгаа хүчин зүйл болчихоод байгаа юм. Төмөр замтай болчихвол өдөр шөнөгүй экспорт хийгдэх боломжтой болно. Тиймээс тээвэрлэлтийн өртөг ч багасна. Бид нүүрсний экспортод илүү нэмүү өртөг шингээх хэрэгтэй. Угаах ч юм уу, ийм бүтээгдэхүүнийг голчлон гаргадаг болох хэрэгтэй. Төмөр замын холболт шийдэгдэж, баригдчихвал мэдээж экспортод гаргах нүүрсний хэмжээ өснө. Дан ганц нүүрсний экспорт ч биш. Төмрийн хүдэр, жонш, зэс зэрэг бусад уул уурхайн бүтээгдэхүүн төмөр замаар тээвэрлэгдэнэ гэсэн үг. Манайх шиг ачааны машинаар уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортолдог улс ховор байдаг байх.

-Төр хувийн хэвшлийн өмнүүр орж ажил, үйлчилгээ үзүүлэхгүй гэж байгаа ч бодит ажил болохгүй байна. Хувийн хэвшлийнхэн төртэй өрсөлдөхөд хүнд байгааг хэлдэг шүү дээ. Хувьчлалыг хэзээ хийх вэ?

-Засгийн газрын тэргүүн ч, ЗГХЭГ-ын дарга ч тэр “Төрийн өмчит компаниудын тоог эрс бууруулна. Том компаниудыг нь олон нийтэд нээлттэй болгоно. Жижиг компаниудыг нь хооронд нь нийлүүлээд нээлттэй болгоно. Зарим ажил үйлчилгээг аль болох хувийн хэвшилд шилжүүлнэ” гэсэн. Энэ ажлууд хийгдэх байх. “Эрдэнэс Таван толгой” болон бусад төрийн өмчит компаниудын жишээг харахад сайн зүйл байгаа ч муу нь илүү байна. Тиймээс үүнийг өөрчлөх цаг нь ирсэн. УИХ-ын гишүүдийн зүгээс төрийн өмчит компаниудын тоог хязгаарлаж өгөөч гэж байнга л ярьж байгаа шүү дээ. Гол нь манай эдийн засаг харьцангуй жижиг учраас төрийн өмчит компаниуд нь хувийн өмчтэйгөө чихцэлдээд явдаг нь үнэн л дээ. Энэ асуудлыг шийдэхийн тулд аль болох хувийн хэвшилдээ итгэж ажиллах нь чухал.

-Яаж хувийн хэвшилд орон зайг нь нээж өгөх вэ?

-Стратегийн ач холбогдолтой уул уурхайд нэг хэсэгтээ төр зонхилох байх. Эрчим хүчний асуудлыг төр хийхээс өөр аргагүй. Шинээр цахилгаан станц барих сонирхолтой хувийн хэвшил байдаг юм билээ. Тэдэнд боломжийг нь олгож, хөрөнгө оруулалтыг нь хийлгэх хэрэгтэй. Энэ бол Засгийн газар, салбарын сайдын хийх ёстой ажил. Аль болох хөрөнгө оруулалтыг хурдан шуурхай хийлгэж чөлөөт өрсөлдөөний зарчмаар нь явуулах нь чухал байгаа юм. Өнөө цагт “Ногоон эдийн засаг. Сэргээгдэх эрчим хүч” гэж их ярьдаг болсон. Эдгээр салбарын тэр чиглэлийн хөрөнгө оруулагчид ирээд “Танайд маш их нөөц байна. Энэ салбарт чинь хөрөнгө оруулъя” гэхээр манай тариф хэт өндөр болчихоод байдаг. Манай улсад цахилгааны үнийг төр зохицуулдаг. Зарж байгаа тариф нь хэт бага байгаа учраас үндсэндээ цахилгаан станцууд одоогийн байдлаар ашигтай ажиллах нөхцөл нь бүрдээгүй байна. Тиймээс төрийн оролцоог аажим аажмаар багасгах хэрэгтэй. Нөгөө л гурил будаа, махны үнэ, цахилгаан дулааны тарифыг зохицуулдаг энэ механизм тогтолцоо нь зах зээлийн эдийн засгийн эрэлт нийлүүлэлтийн механизмыг эвдээд байгаа юм. Ховор бүтээгдэхүүний үнэ өсдөг. Үнэ нь өсөхөөр тэр нь илүү ашигтай харагддаг. Тиймээс түүнийг дагаж хөрөнгө оруулалт хийгддэг шүү дээ. Тэр механизмыг чөлөөтэй явуулах нь чухал байгаа юм.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Дэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч45 минут 55 секундын өмнөХавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов1 цаг 18 минутын өмнөУлаанбаатарт +27...+29 градус дулаан байна1 цаг 27 минутын өмнөЗурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй1 цаг 30 минутын өмнөНийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29
 Facebook Twitter Youtube