Э.Гончигдорж: Идэр есийн хүйтэнд ч ус руу шумбаж аврах ажиллагаандаа зүтгэдэг нөхдөөрөө бахархдаг

8/ 11/ 2023    14 цаг 39 минут

Онцгой байдлын байгууллагын залуу офицеруудын чуулга уулзалт энэ сарын 9-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Энэ үеэр ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн Эрэн хайх аврах салбарын аврах ажиллагааны мэргэжилтэн, ахлах дэслэгч Э.Гончигдоржтой ярилцлаа. 

-Эхлээд та Агаараас эрэн хайх, аврах ажиллагаа явуулдаг ангийнхаа үйл ажиллагааны талаар ойлголт өгөхгүй юу?

-Манай анги бол ОБЕГ-ын хамгийн отгон анги. Үйл ажиллагаа явуулж эхлээд жил гурван сар болж байна. Энэ хугацаанд 70 гаруй тусгай нислэг хийж, 120 гаруй иргэний амь насыг аварч ажилласан. 

-Цасанд боогдсон, төөрсөн үед аврах ажиллагааг агаараар явуулдаг гэж ойлголоо?

-Нийслэлийн бүс болон орон нутагт нисдэг тэрэгтэйгээр аврах ажиллагаа явуулдаг. Шаардлагатай гэж үзвэл зам тээврийн ослын үед ажиллана. Эмнэлгийн баг давхар явж үүрэг гүйцэтгэдэг. Ослын улмаас гэмтэж, бэртсэн иргэдийг эмнэлгүүд рүү зөөвөрлөх ажиллагааг явуулдаг гэж хэлж болно. Сүүлд л гэхэд үерийн улмаас Био комбинатад усанд боогдсон иргэдийг аврах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн. Цасанд боогдсон, төөрсөн иргэдэд тусламж үзүүлж ажилладаг. 

-Нисдэг тэрэгнээс аврах ажиллагаа явуулна гэхээр овсгоо шаардах болов уу. Ийм аврагчдыг хэрхэн бэлтгэдэг юм бэ?

-Манай аврах ажиллагааны багийг Францын мэргэжилтнүүд бэлтгэсэн. Намайг бол Францын иргэний хамгаалалтын сургагч багш бэлтгэсэн. Энэ чиглэлийн аврах ажиллагаанд цөөхөн хүний бүрэлдэхүүнтэй баг үүрэг гүйцэтгэж ажилладаг. Нэг удаагийн аврах ажиллагаанд аврах ажиллагааны удирдагч, үндсэн аврагч, яаралтай тусламжаар мэргэшсэн эмч, сувилагч үүрэг гүйцэтгэнэ. Ийм бүрэлдэхүүнтэйгээр ослын газарт ажилладаг. 

-Зам тээврийн осолд ажилладаг талаар хэлсэн. Энэ талаараа тодруулбал? 

-Сүүлийн үеийн тээврийн хэрэгсэл хөнгөн хийцтэй, мотор хүндтэй болсон. Мөргөлдөхөд мотор хойшоо ороод жолоочийг суудалтай нь хавчих нь бий. Ийм үед шуурхай зөв, арга хэмжээ авч иргэнийг татан гаргах ёстой. Ингэснээрээ амь насыг аврах боломжтой. Хэдий чинээ шуурхай ажиллана, тэр хэрээр хүний амь насыг хамгаалах боломжтой гэж үздэг. 

-Та удам дамжсан аврагч гэв үү?

-Миний аав Онцгой байдлын ерөнхий газарт аврагчаар ажиллаж байгаад гавьяаны амралтандаа суусан. Миний ээж ч ОБЕГ-т дуудлага хүлээн авагчаар ажилладаг байлаа. Өөрийнхөө аюулгүй байдлыг хангаад бусдыг аюулгүй болгох чадварыг гойд эзэмшсэн ааваараа бахархдаг юм. Аав минь олон ч удаагийн аврах ажиллагаанд оролцож олон хүний эрдэнэт амийг аварч байсан хүн. Ийм гавьяаг нь үргэлжлүүлээд л хүн ардынхаа энхийн манаанд зогсож байна. 

-Гамшиг ослын үед ажиллах урам зоригийг та юунаас авдаг юм бэ? 

-Гамшгийн аюулыг сөрж босох нь аврагчдын үндсэн үүрэг л дээ. Ачаалалтай ажиллаад харьж явахад зөрсөн хүмүүс толгой дохиж талархал илэрхийлж, хүндэтгэх нь бий. Дүрэмт хувцсаар минь таниад тэр шүү дээ. Ийм жижиг зүйлсээс л их урам зориг авна. 

Би нэг явдлыг огт мартдаггүй юм. Анх Үндэсний аврах бригадад бүлгийн даргаар ажиллаж байлаа. Энэ үедээ Дорнодын Баян-Уул руу түймэрт үүрэг гүйцэтгэхээр явсан юм. Таван хоног үүрэг гүйцэтгээд үүрээр хотод ирсэн юм. Түймэрт ажилласан хүн ямар олиг байх билээ, халтайсан л амьтан буусан. Харих гэсэн унаа байдаггүй, зам дагаад алхаж явтал таксины жолооч ах гэрт минь үнэгүй хүргэж өгсөн. Онцгойн дүрэмт хувцастай залуусаар бахархдаг талаараа хэлэхэд нь мөн ч баярласан. Олон хоног аврах ажиллагаанд явсан ядаргаа ор мөргүй арилчих шиг л санагдсан даа. Иргэдийн энэ эерэг хандлага Онцгой байдлын албандаа зүтгэх эрмэлзлийг минь илүү хурцалж өгдөг юм.

-Таны бахархал юу вэ?

-Миний аав. Мэдээж аврах ажиллагаанд мөр зэрэгцэн зүтгэдэг хамт олон минь байна. Идэр есийн хүйтэнд ч ус руу шумбаж аврах ажиллагаандаа зүтгэдэг нөхдөөрөө бахархдаг юм. 

2019 онд Онцгой байдлын албанд ороод удаагүй байлаа. Наймдугаар сард нь Хэнтий аймаг руу усанд осолдсон хүний эрэлд үүрэг гүйцэтгэсэн юм. Усанд осолдсон иргэнийг ар гэрийн хүсэлтээр хайх ажил л даа. Хотоос очоод бид гурав хоног хайж 50 орчим км газарт завьтай явж ажилласан. Ингээд 60 гаруй км-ийн зайнаас нэрвэгдэгчийг олж ар гэрт хүлээлгэж өгч байлаа. Ар гэрт нь хүлээлгэж өгөх маш хэцүү байсан. Өөд болсон хүүгээ хөхөөрөө даллах эх хүнийг харах маш хэцүү. Энэ бүхний дараа магадгүй дахиж хэзээ ч уулзахгүй байж болох нөхцөл байдалд цогцсыг нь ч хүлээлгэж өгч хүсэлтийг нь биелүүлсэндээ бага боловч сэтгэл тайвширсан. Хохирогчдын ар гэр осолдсон хүнийхээ шарилыг ч болов олж авч, хүн ёсоор хөдөөлүүлэхийг хүсдэг. Тэр үүднээс ар гэрийнхний хүсэлтийг биелүүлж чадсандаа бага ч болов хамт олон, өөрийнхөө мэргэжилд урамшиж байсан. Ер нь үертэй үед бол осолдсон хүн олдохгүй байх тохиолдол түгээмэл бий. 

-Манай аврагчид гадны улс орнуудын мэргэжил нэгт нөхөдтэйгөө сургалт хийж дуулддаг. Ер нь монгол залуусын аврах ажиллагааны ур чадвар гадныхантай харьцуулахад ямар байдаг юм бол?

-Монгол аврагчдад биеийн хүчний нөөц бололцоо их бий. Олон улсан сургалтын үеэр үүнийг онцолдог. Ерөнхийдөө орчин үеийн тоног төхөөрөмжийг эзэмшиж сурах нь чухал гэж сургагч багш нар хэлдэг юм. Монгол хүн аливаад дасан зохицохдоо гойд сайн. Аврагчдын ур чадвар хаана ч гологдохгүй гэдгийг ам бардам хэлж чадна. 

-Аврагчдад амрах цаг хэр гардаг юм бэ?

-Байгуулсан гэрээний дагуу л ажиллана. Гэхдээ тайван амрах цаг бараг гарахгүй. 24 цаг үүрэг гүйцэтгээд буцаж явахдаа утасны дуугаа хаах эрхгүй хүмүүс бол аврагчид. Гэртээ амарч байгаад утас дуугарахад л “Хаана юу болов” гээд л сандарна шүү дээ. Нэг тийм түгшүүртэй ч гэх юм уу, өдөр ч, шөнө ч бэлэн байдалд байхыг шаарддаг. 

-Залуу хүн найз нөхөдтэйгөө уулзаад цагийг зугаатай өнгөрөөх үе байх уу?

-Найзуудтайгаа уулзах цаг гаргана л даа. Хэдий найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүллээ ч ардах ажлаа мартаж болохгүй. Би нөхөдтэйгөө дарвиад архи уулаа гэж бодоход үүнээс шалтгаалж гарах үр дагаврыг тооцоолох боломжгүй шүү дээ. Магадгүй хэн нэгний амь насыг аврах боломжоо үгүй хийж мэднэ. Ард нь хэдэн ч гэр бүл хагацал үзэж болно. Тангараг өргөсөн аврагч учраас энэ ойлголтыг тархиндаа кодлосон байдаг. Хүнээс өндөр хариуцлага нэхдэг алба бол Онцгой байдлын алба. 

-Ийм хариуцлагатай албанд ажиллах сонирхол залууст хэр байх шиг байна?

-Өөрийн ойлголтоо энд хэлэхэд залуус залхуу болсон юм шиг санагддаг. Бүх асуудлыг амарчлах гээд л. Оюун ухааны хөдөлмөрийг илүүд үздэг болж. Цаг өөрчлөгдөж залуус цахимаар ажиллаж ашиг орлого олох боломжтой болсон. Залуус энэ рүү л тэмүүлдэг болсон нь ил цагаан харагддаг юм. Биеийн хөдөлмөрөөс илүү оюуны хөдөлмөрийг дээгүүр тавих болсон байна. Нөгөө талд хүн байгаа цагт аюул осол байсаар л байна. Энэ үед галын шугамд хамгийн эхэнд зогсох улс бол Онцгойн алба хаагчид. Ийм чухал үед ажиллах хүний нөөц дутагдалтай л санагддаг. Бодлогоор анхаарвал зохих асуудлуудын нэг нь энэ гэж боддог. 

-Осол иргэдийн ухамсартай холбоотой байна уу. Та үүнийг яаж харж байна вэ?

-Байгалийн гамшгийн үед бол урьдчилан сэргийлэх боломж бодит байдал дээр бараг байхгүй. Осол бол хүний ухамсартай холбоотой. Аливаа зүйлд хариуцлагагүй хандсанаас л осол болж байгаа юм. Гол төлөв орон нутгийн замд осолдох нь бий. Хэдхэн цагийн л наана, цаана очих асуудалд галзуу юм шиг давхиж хурд хэтрүүлээд ноцтой осол гардаг. За тэгээд манайхны өөртөө барддаг, хийрхдэг зан нь асуудал дагуулдаг. Энэ зан нь архи уусан үед илүү дэвэрнэ.Би усанд загас шиг явдаг гээд л улаанаараа эргэсэн ус руу харайгаад орчихно. Архи уусан хүн усанд ороход булчингийн ажиллагаа нь сулардаг. Шөрмөс нь татна. Ингээд ус залгиад живэх аюултай. Халамцуу үедээ ус руу үсэрч байгаа нь амиа золиосолж байгаатай л яг ижил үйлдэл юм.


Эх сурвалж: Өдрийн сонин

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Дорнын зурхай: Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой2 цаг 10 минутын өмнөЭ.Дэлгэрмаа Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ2 цаг 19 минутын өмнөХан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ9 сар 21. 20:52Сэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ9 сар 21. 20:37Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ9 сар 21. 17:18Гурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ9 сар 21. 16:55Нийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана9 сар 21. 16:49Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа9 сар 21. 16:37Дахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү9 сар 21. 16:11ХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна9 сар 21. 15:59ЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна9 сар 21. 15:39Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо9 сар 21. 15:26Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ9 сар 21. 15:21Адуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо9 сар 21. 15:15Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана9 сар 21. 15:07Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид9 сар 21. 14:43III эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ9 сар 21. 14:26Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна9 сар 21. 14:20Шойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 9 сар 21. 13:30"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"9 сар 21. 13:28АТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ9 сар 21. 13:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9 сар 21. 12:55С.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан9 сар 21. 12:36"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"9 сар 21. 12:21С.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа9 сар 21. 12:16Бямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана9 сар 21. 12:12Ким Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана9 сар 21. 12:09Уулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв9 сар 21. 11:30Төрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 сар 21. 10:57GS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 сар 21. 10:42ОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 сар 21. 10:11Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 сар 21. 10:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01
 Facebook Twitter Youtube