Энэ мэдээ хуучирсан буюу 2023-09-11 нд нийтлэгдсэн байна.

СУРВАЛЖИЛГА: Монгол бяслаг импортыг хална

9/ 11/ 2023    15 цаг 42 минут

Сэлэнгэ аймгийн нутаг Зүүнхараа сум. Мандал сумын төв хот гэгдэх энэ газарт саяхан шинэхэн үйлдвэр нээгдсэн нь “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр аж. Орон сууц өдрийн од шиг, нам гүм энэ газар удахгүй тэлж, ирээдүйд эдийн засгийн томоохон эргэлт бий болох суурь ийнхүү тавигдаж байна.

Үйлдвэр ашиглалтад орсноор орон нутгийн сүүний 30 хувийг татан авч, 40 шинэ ажлын байр нэмэгдэж, малчин, фермерүүд зөвхөн Мандал сум, Зүүнхараагаар хязгаарлагдахаа больжээ. Үүнийг дагаад малчдын орлого 2-3 дахин нэмэгдсэн нь сайн мэдээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэрт өнгөрсөн баасан гарагт /2023.09.08/ зочлов. Тэрбээр Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнд үндэсний үйлдвэрлэгчид нэгдэж, хүнсний бүтээгдэхүүний импортыг бууруулах, эх орондоо үйлдвэрлэсэн органик бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангахад идэвхтэй ажиллаж байгаад талархал илэрхийлсэн билээ.

Үндэсний үйлдвэрлэгчдийн томоохон төлөөлөл болох АПУ ХК сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 26 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж   “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэрийг нээсэн нь эдийн засагт төдийгүй Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан Аж үйлдвэржилтийн сэргэлт, Хөдөөгийн сэргэлт, дээр нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд нэгдэж байгаагийн нэг тод жишээ нь.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Монгол үнээний сүү дэлхийн зах зээлд брэнд болж гарах боломж бүрдэж байна.

Бид ойрын хугацаанд дотоодын бүтээгдэхүүний хамаарлыг багасгах, Монголын бүтээгдэхүүн олон улсын зах зээлд өрсөлдсөн хүнс экспортлогч орон болохоор зорьж байгаа.

Тодруулбал, таван жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөг төсөвлөж 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ. Иймд Ерөнхийлөгч эдгээр томоохон төсөл хөтөлбөрүүдтэй биечлэн очиж танилцахдаа төрийн шийдвэр гаргаж буй яам, Тамгын газрын хүмүүсийг дагуулж байгаа нь уялдаа холбоог сайжруулахад анхаарч байгаагийн нэг хэлбэр гэж болно”гэдгийг онцлов.

           ИМПОРТЫГ ХАЛАХ МОНГОЛ БЯСЛАГ ДЭЛХИЙН  БРЭНД БОЛНО

Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр нь импортын бяслагийг халах зорилготой. Анх удаа Европ стандартаар Монгол үнээний сүүнд тохируулан Голланд, Швейцарь, Англи зэрэг улсын бяслаг үйлдвэрлэх технологийг нутагшуулжээ.

Нэг үгээр хэлбэл, малчны хотхоноос гарсан сүүнээс чеддар, гоуда, моцарелла зэрэг дэлхийн алдартай органик бяслаг  нь айл бүрийн ширээнд очиж эхэллээ.

Өнөөдрийн байдлаар эдгээр гурван төрлийн бяслаг зах зээлийн 10 хувийг хангаж  байгаа бол удахгүй таван төрлийнх болж нэмэгдэх нь. Тэгэхээр импортын бяслаг өнөөдөр, маргаашдаа биш ч удахгүй  хэрэглээнээс шахагдах нь тодорхой гэсэн үг. Монгол Улсын хувьд сүү, сүүн бүтээгдэхүүнээс зөвхөн бяслаган бүтээгдэхүүний 90 гаруй хувийн хамааралтай.

Жилд дунджаар 3000 тонн бяслагийг импортолж, 103 тэрбум төгрөгийг гадагш урсдаг. Хийсч буй валютыг Монгол бяслагийн ачаар дотооддоо эргэлдүүлэх нь. Улмаар гаднаас валютын урсгал татах боломж байгааг онцоллоо.

АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.ЭРДЭНЭБИЛЭГ: 

-Нэг жил гурван сарын өмнө  Ерөнхийлөгч АПУ ХК-ийн АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэртэй танилцах үеэр бид бодлогын хүрээнд томоохон төслүүдийг хэрэгжүүлж чадна гэж амлаж байлаа. Өнөөдөр энэ амлалт биелэлээ олж олон төсөл амжилттай хэрэгжиж байгаагийн нэг нь “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр юм.

Монгол Бяслаг Шигүдэри жил гаруйн хугацаанд бий болсон манай ажилчдын ур чадвар шингэсэн дэлхийн шилдэг технологиор бий болсон төсөл. Энэ төсөл зөвхөн Монголд импортыг орлох төдийгүй экспортод гаргах чухал ач холбогдолтой.

Бидний мянга мянган жил уламжилсан тэр идээ, ундааг өнөөдрийн технологи, тоног төхөөрөмжтэй хослуулсан төсөл. Үр өгөөж нь орон нутаг, улсын эдийн засагт тодорхой хувь нэмэр болох нь гарцаагүй. Ялангуяа бидэнтэй хамтран ажиллаж буй Сэлэнгэ аймгийн бүс нутгийн малчид, фермерүүд, тариаланчдын ашиг орлого хамтын ажиллагаа үлэмж хэмжээгээр сайжрах нь тодорхой гэлээ.

ЦЭВЭР СҮҮНИЙ ОРГАНИК БЯСЛАГ ХҮНИЙ БИЕД 100 ХУВЬ ШИМ ТЭЖЭЭЛ БОЛДОГ

Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэрээс хэрэглэгчдийн гарт хүрч буй гурван төрлийн бяслаг нь хонин нуга брэндээр овоглож байна. Монголчуудын хувьд хэзээнээс л өөрсдөө сүү цагаа идээгээ бэлтгэн боловсруулж бяслагаа урлаж ирсэн ард түмэн. Харин Европ стандарт, технологиор урласан энэхүү бяслаг нь уламжлалт бяслагаас ялгаатай нь үнээний цэвэр сүүг боловсруулахдаа ашигтай бактеруудыг устгалгүй, хүний биед шим тэжээл болж шингэх ач холбогдолтой гэнэ.

АПУ ХК-ийн Төслийн менежер Х.ОРЛОМЖАВ:  

-Монгол бяслаг, Европын бойжуулдаг бяслаг технологийн хувьд маш ялгаатай. Уламжлалт аргачлал ч зөрүүтэй. Манай уламжлалт бяслаг нь сүүгээ бид 100 градус хүртэл буцалгадаг учраас хүний бие организмд хэрэгтэй сүүн хүчлийн бактерууд үхдэг.

Монгол бяслаг бол яах аргагүй сүүний уураг. Хэрэгцээтэй ч шим тэжээлийн бодис үүсэх процесс байдаггүй. Харин манай үйлдвэр технологийн аргаар сүүг 72 градуст ариутгадаг учраас бичил биетнүүд нь хөрөнгөө хийж амьдрах чадвартай, боловсруулсаар нарийн шим тэжээлийн бодис болж хувирч байгаагаараа давуу талтай гэсэн үг.

Уламжлалт бяслагаа бид нойтноор нь хадгалах боломжгүй нимгэн зүсч хатаадаг бол бидний урлаж буй бяслаг бойжих тусам илүү шим тэжээл болж хувирдгаараа маш том ялгаатай.

Манай үйлдвэрийн хувьд урлаж байгаа бяслаг нь хоёр жил хүртэл бойжуулах бүрэн бололцоотой. Ингэснээр хүний биед шаардлагатай хэрэгтэй амин дэм, эрдэс бодис, амин хүчлүүд үүсч байдаг. Энэ нь бидний биед бяслагаар дамжуулан шим тэжээл болж байгаа юм. Жишээ нь, Итали, Франц зэрэг өндөр хөгжилтэй орнууд бойжуулсан бяслагийг өдөр тутамдаа хэрэглэдэг атал таргалалттай хүн маш цөөхөн байдаг. Учир нь биед өөх тос биш шим тэжээл болсноор эрүүл байж илүү их амжилтыг бүтээнэ. Энэ нь бидний энэ төслийг хэрэгжүүлсэн гол зорилго. Монгол хүн хоол хүнсээрээ шим тэжээлээ авч болох боломжтой болсон нь манай үйлдвэрийн хамгийн баяртай үйл явдал байгаа юм. Монгол үнээний сүүг Европ технологи, стандартаар боловсруулах явцад амьтны гаралтай амт үнэр арилж цэвэр сүү, тосны амтыг ялгаж эцсийн бүтээгдэхүүн гаргаснаараа онцлогтой гэв.

БЯСЛАГИЙН АМТ ҮНЭР Л  УРЛААЧ ХҮНИЙ ЖАРГАЛ

Түүний хамт бяслаг урлаачид  “бяслаг амьтай шүү дээ” гээд хоорондоо ярьцгаах аж. Энэ тухай асуувал “Бойжуулах өрөөнд бид бяслагтайгаа ярьдаг. Маш нам гүм. Манай охидууд их хөөрхөн хүүхэд  өхөөрддөг шиг л “Чи минь яасан царайлаг юм бэ” гэхээр өнгө ордог гэж байгаа юм. Тэгэхээр сэтгэл шаардсан ажил.

Сүү жаахан сонин болохоор л “Яав даа чи минь, би яах ёстой юм бол доо” гээд ярихаар гоё болдог гэж ярьдаг. Энэ бүхэнд бид сэтгэл шингээн урлаж байна.

Ер нь бяслагийг урлана гэж ярьдаг  бөгөөд олон улсад бяслаг урлаачид гэж нэрлэдэг. Урласан бяслаг бойжиж шим тэжээлийн эх үүсвэр болж хувирна гэсэн үг.

Миний хувьд дугуй бяслагаа зүсч, үнэрлэхэд сүүний цэвэр, тос, хүчлийн үл мэдэг сэнгэнэсэн маш гоё үнэр байдаг. Үүнийг мэдрэх хамгийн гоё.

Зөв процессоор үнэр нь гарах нь чухал шүү дээ. Жишээ нь, манай гоуда бяслагийн тухайд гурван сар бойжуулах хэрэгтэй. Үүний дараа хүссэн амт үнэр гарна гэдэг энэ бяслаг урлаач хүний хамгийн гоё мэдрэмж” гэж байлаа.

БЯСЛАГ НЬ ХООЛНЫ СОЁЛ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэрээр зочлох үед бяслагийг хэрхэн бүтээдэг, онцлог ялгааг тайлбарлаж  амталгаа болгон ширээн дээр дэлгэсэн байсан юм.

Х.Орломжав гуайн тайлбарлаж хэлснээр гоуда бяслагийн чанарыг нүх гарснаар нь таньж вино болон хар шоколад, чимсний чанамалтай хослуулан хэрэглэдэг  аж.

Аманд орох төдийд хайлж бяслагийн давсархаг амтыг чихэр зөөлрүүлж өгдөг юм байна. Уг  бяслагийг нимгэн хавтгай зүссэн нь ийм учиртай аж. Гоуда нь Голландын алдарт бяслаг юм. Үнээний сүүгээр хийсэн хатуу бяслаг бөгөөд винотой хослуулан хэрэглэхэд тохиромжтой. 

Харин чеддар бяслаг нь тослог тул талх, махтай хослуулан идэх нь хамгийн тохиромжтой. Энэ мэтчилэн хэрэглэхэд хүртэл өөрийн гэсэн онцлог ялгаатай байгаа нь хоолны соёлын нэг болжээ.

АПУ ХК  энэ оны гуравдугаар сард “Цагаан хувьсгал”-ыг санаачлан энэ хүрээнд сүү сүүн бүтээгдэхүүний салбар төдийгүй нийгэм эдийн засагт үр өгөөжтэй олон төсөл санаачилж байгаагийн нэг нь энэхүү “Монгол бяслаг, Шигүдэри” үйлдвэр байлаа.


Хоногт 8-24 тонн сүү боловсруулах хүчин чадалтай бөгөөд зөвхөн Мандал сум, Зүүнхараагийн малчдаас жил тутам 3.6 тэрбум төгрөгийн сүү худалдан авахаар тооцоо байна. Түүнчлэн Монгол улсдаа хүчин чадлаараа хамгийн томд тооцогдох европын холбооны стандартыг бүрэн хангасан байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмжөөр бүрэн тоногложээ.

Саяхнаас худалдаанд 200 граммтай гарч эхэлжээ. Цаашид хүүхдийн сүү хөтөлбөрийг сэргээж үдийн цай хөтөлбөрөөр дамжуулан 800 мянган хүүхдийн сүүний хэрэглээг хангах төдийгүй хуурай сүүний импортыг орлох зэрэг олон төсөл санаачилж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube