Ираны эрх баригчид 22 настай Махса Амини нас барсны нэг жилийн ойн үеэр гудамжны жагсаал зохион байгуулахаас сэргийлэхийн тулд урьд өмнө байгаагүй арга хэмжээ авчээ. Тэрээр 2022 оны 9-р сарын 16-нд Исламын шашны хувцаслалтын дүрмийг зөрчсөн хэргээр ёс суртахууны цагдаад саатуулагдаад хэд хоногийн дараа нас барсан юм.
Гэрчүүдийн хэлснээр цагдаа нар түүнийг зодож, улмаар комд орсон. Түүнийг хүлээж авсан эмнэлэг нь Махса Аминиг амьдын шинж тэмдэггүй хэвтүүлсэн гэж баталсан байдаг.
Махсагийн үхэл өргөн хүрээний эсэргүүцлийг өдөөсөн. Оршуулах ёслол дээр нь эмэгтэйчүүд хижабаа тайлж хаясан. Сургуулийн охидууд үсээ ил гаргаад сургуульдаа ирдэг байв. Шашны ноёрхолд дургүйцсэн олон мянган иранчууд, тэр дундаа эрэгтэйчүүд зөвхөн Тегеран төдийгүй бусад хотуудын гудамжинд жагссан юм.
Эсэргүүцэл хэдэн сарын турш үргэлжилсэн. Энэ үеэр цагдаа нартай мөргөлдсөний улмаас таван зуу гаруй хүн амиа алджээ.
Өнгөрөгч бямба гарагт Махса Аминигийн төрөлх хот Секкез, Тегеран болон бусад томоохон хотуудын гудамжинд аюулгүй байдлынхан, цагдаа нар жагсаал цуглаан гарахаас сэргийлжээ.
Мөөн үүнтэй зэрэгцэн Махса болон мөргөлдөөнд амь үрэгдэгсдийн дурсгалд зориулсан арга хэмжээ дэлхийн олон оронд болов.
Эрх баригчид жагсагчдыг гудамжнаас хөөж чадсан ч эрх чөлөөний сүнсийг дарж чадаагүй
Эсэргүүцлийг намжаахын тулд ёс суртахууны цагдааг хэсэг хугацаанд татан буулгасан ч дараа нь эргэн байгуулахдаа зарим зүйл өөрчлөгдсөн.
Барууны цөөнгүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл Иранд ажиллаж чадахгүй байгаа. Гэхдээ Ираны хэвлэл мэдээллийнхэн одоо гудамжинд охид, эмэгтэйчүүдийг хижабгүй харж болно гэж хэлдэг.
Зарим зоригтой нэг нь хөл гуяны зарим хэсэг ил харагдсан уранхай жинсэн өмд өмсдөг бөгөөд гэхдээ тийм нь цөөхөн.

Ёс суртахууны цагдаа нарын гарт амиа алдсан Махса Амини
Гэрлээгүй хосууд гудамжаар хөтлөлцөн алхдаг тохиолдол байдаг. Ёс суртахууны цагдаа нар охидод хижаб өмсөхийг тушааж, там руу яваарай гэж чангаар хэлж байсныг нүдээр харсан нэг гэрч эх сурвалжид ярьжээ. Жилийн өмнө, Махса Аминигийн үхэлтэй холбоотой үйл явдлуудаас өмнө энэ нь боломжгүй зүйл байсан.
Эрх баригчид жагсагчдыг гудамжнаас хөөж чадсан ч эрх чөлөөний сүнсийг дарж, бие махбодийн болон оюун санааны хүчирхийллийг эсэргүүцэж чадаагүй гэж Иранчууд үзэж байна.
Бид илүү зоригтой болсон
Махса Аминигийн дурсгалд зориулсан арга хэмжээ Ром, Лондон, Парис болон Европын бусад хотод болсон. Оролцогчид дарангуйлал, автократ дэглэмд дарлуулсан бүх эмэгтэйчүүдэд эрх чөлөө, тэгш байдал олгохыг шаардаж байна.
Тегеран дахь барууны дипломатын тооцоолсноор, одоогоор тус улсын эмэгтэйчүүдийн 20 гаруй хувь нь хижаб, буркагүй гэрээсээ гарч хууль тогтоомжийг зөрчиж байна.
"Өнгөрсөн жилээс хойш бүх зүйл маш их өөрчлөгдсөн. Бид илүү зоригтой болсон." гэж Тегераны хөгжмийн сургуулийн 20 настай оюутан ярьсан байна.
"Би ёс суртахууны цагдаа нарын хажуугаар өнгөрөхдөө аймаар айдас төрдөг ч толгойгоо өндийлгөж, тэднийг анзаараагүй мэт дүр эсгэдэг. Одоо би гадуур гарахдаа дуртай зүйлээ өмсдөг" гэж охин хэлэв.
Гэсэн хэдий ч түүний хэлснээр, шийтгэл нь маш харгис байж болох тул хайхрамжгүй хандаж боломжгүй.
Хуулийн дагуу ил задгай хувцасласан эмэгтэйг 5 мянгаас 500 мянган реалаар торгох, эсвэл 10 хоногоос хоёр сар хүртэл хугацаагаар баривчлах ялаар шийтгэнэ. Гэтэл цагдаа нар хуулийг үл тоомсорлодог.
Хэд хэдэн мэдээллээс харахад зарим эмэгтэйчүүд цагдаагийн газарт хүчиндүүлдэг. Тэд бас хамгийн төсөөлшгүй шийтгэлүүдийг бодож олдог. Тухайлбал, нэг хоригдлыг цогцос угаалгахаар морг руу явуулсан.
Өнгөрсөн жилийн эсэргүүцлийн дараа эрх баригчид арга тактикаа өөрчилж, хотын гудамжинд байрлах хяналтын камерын тоо эрс нэмэгдсэн гэж иранчууд ярьж байна.
Тэд камерийг "Исламын хуулийг зөрчигчдийг" мөшгихөд ашигладаг бөгөөд олон нийтийн дунд бухимдал үүсгэхгүйн тулд чимээгүйхэн араас нь ирдэг болсон.
Тегеран дахь барууны дипломатч хэлэхдээ, ерөнхий нөхцөл байдал өөрчлөгдсөн бөгөөд Махса Амини нас барсны дараах эсэргүүцлийн хөдөлгөөнийг эргэлтийн цэг гэж үзэж болно.
“Тэд энэ дэглэмийг мухардалд хүргэх зам руу оруулсан. Бидний мэдэхгүй цорын ганц зүйл бол эрх баригчид үүнд хүртлээ хэдий хэмжээний зам туулах бол гэдэг л байна" гэж эх сурвалж хэлэв.
Эх сурвалж: ВВС news
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.