Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр /2023.09.19/ “Метроны асуудлын шийдэл, санхүүгийн схем зэргийг мэргэжлийн том компаниудтай өнгөрсөн зургадугаар сард ерөнхий хэлэлцээр хийсэн. Метроны эхний шугамыг 1.5 тэрбум ам.доллараар хийнэ гээд заачихсан. Шинэ нисэх онгоцны буудлын хурдны замаас эхлээд хотын төв рүү орж, долоон буудал руу чиглэх байдлаар эхний шугамыг төлөвлөж байна.
Анх танилцуулсан Техник, Эдийн Засгийн Үнэлгээ (ТЭЗҮ)-гээр 950 сая орчим ам.доллар нь нэмэгдээд 1.5 тэрбум орчим ам.доллароор метроны эхний шугамыг оруулахаар төлөвлөж байна. Энэ мөнгө нь улсын төсөв, нийслэлийн төсөв болон зээл санхүүжилтээс гарахгүй. Хүрэн нүүрсний ордын нөөцийг эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулж батлуулан, тус уурхайг Дорноговь аймагтай Улаанбаатар хот хамтран ашиглах чиглэлээр хөрөнгө оруулалтаа авч явах юм” хэмээн нийтийн тээврийн аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй уулзах үеэрээ хэлсэн юм. Хоёр чих биш хорь гучин чих энэ үгийг сонсов.
10 жилийн өмнөх 1.5 тэрбум ам.долларын метро ахин амилав
Ийн “Метро” гэх үе үеийн хотын дарга нарын мөрөөдөл ахин сэргэв. Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр “2017 оноос метрогоор зорчиж эхэлнэ” хэмээн 2011 онд мөрөөдөж, солонгосчуудтай хамтран метроны ТЭЗҮ боловсруулан төслийг танилцуулсан байдаг.
Тэгвэл 2012 онд парламентад суудалтай 5 намын мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотын метротой болгоно хэмээн тусгаж, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл манлайлан ярьж, “Жайка” төслийн судалгааны ажлыг хийсэн байдаг. Төслөөр бол 17.7 км замтай буюу Буян-Ухаагаас Долоон буудал хүртэл метро тавиад өдгөө 3 дахь жилдээ бид зорчиж байх ёстой. Тэгэхэд төсөв нь 1.5 тэрбум ам.доллар гэж яригдаж байв.
Энэ бол 10 жилийн өмнөх бидний мөрөөдөл. Тухайн үед манай Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын Чингис бонд босгоод хэрхэн дэвхцэж байсан билээ. Гэтэл тэр өрийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр барагдуулсан тухай Засгийн газрын тэргүүн сүр дуулиантай зарласан. Гэхдээ өрийг өрөөр дарсныг мартаж болохгүй.
Засаг дарга С.Батболдын хувьд “метротой болно гэж ярихгүй, харин алсдаа метротой болох боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна” хэмээн ярьсан байдаг. Гэтэл С.Амарсайхан дүүжин болгож, Д.Сумъяабазар баганан тулгуур хөнгөн галт тэрэг гэх мэтээр зүс хувиргасаар сонгуулийн өмнөхөн ахиад метро гэх мөрөөдөл сэргэв.
Мөрөөдөж бололгүй яахав, гол нь энэ мөрөөдлийг биелүүлэх санхүүгийн боломж бидэнд бий гэж үү.
Манай хотын даргын хүрэн нүүрс зарж, метро барих “гоё мөрөөдөл”
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Энэ мөнгө нь улсын төсөв, нийслэлийн төсөв болон зээл санхүүжилтээс гарахгүй. Хүрэн нүүрсний уурхайг Дорноговь аймагтай Улаанбаатар хот хамтран ашиглах чиглэлээр хөрөнгө оруулалтаа авч явах юм” гэжээ. Мөнгө болох уурхай нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас 20 гаруй км зайд орших коксжих нүүрс орд, урьдчилсан байдлаар таамаг нөөц 3 тэрбум тонн хэмээн анх Д.Сумъяабазар даргын мэдэлд өгч, түүнд нүүрс зарж мөнгө олох их горьдлого авчирсан ч өнөөдөр хүрэн нүүрснийх болжээ. Уг нь, хотын дарга мөнгө болгочих санаатай их хичээж, БНХАУ, Сингапур, Японы хөрөнгө оруулагч нарт танилцуулсан төсөл. “Эрдэнэс Тавантолгой” ХК жил хүрэхгүй хугацаанд 22.8 сая тонн нүүрс борлуулан 2.2 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олсон гэх мэдээ Сумъяа даргад итгэлийн оч болсон биз. Гэвч түүний мэдэлд ирсэн орд нь коксжих биш хүрэн нүүрснийх болж таарсан.
Харин мань хүн бууж өгөлгүй хүрэн нүүрс зарж, 1.5 тэрбум ам.долларын санхүүжилтээ босгоно хэмээн мөрөөдөж л байна. Бидний нүүрс бол БНХАУ руу л гарна. Гэтэл энэ жилээс Австралиас гадна ОХУ гэх том өрсөлдөгчтэй болсон.
Монгол Улсын хувьд БНХАУ руу коксжих нүүрсийг түлхүү экспортлож байна. 2023 онд нүүрсний биржээр 45 удаагийн арилжаагаар 4 сая 294 мянган тонн нүүрс арилжаалсан ч одоогоор 22 гэрээг дүгнэж, 1 сая 395 тонн нүүрс борлуулсан байна. Үүний 14 хувь нь эрчим хүчний нүүрс.
Тэгвэл хамгийн сүүлийн мэдээгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК коксжих нүүрсийг тонныг нь 121.6 ам.доллараар, эрчим хүчний нүүрсийг 59.7 ам.доллараар борлуулахаар гэрээлжээ.
Ингээд тооцоод үзвэл 25 сая гаруй тонн нүүрс борлуулж байж, 1.5 тэрбум ам.долларт дүйх борлуулалтын орлого олно. Гэхдээ үүний хэдэн хувь нь цэвэр орлого болж метро төслийг санхүүжүүлэх нь асуултын тэмдэг. Дээрээс нь, ордын нөөцийг Эрдэс баялгийн зөвлөлөөр баталгаажуулаагүй байгааг санах хэрэгтэй.
Нүүрсний зах зээлийн үнэ хэдий хугацаанд ийм тогтвортой байж чадах вэ, манай хүрэн нүүрсийг БНХАУ авсаар байх болов уу. Метрогоо хэдэн жил тавих вэ, төслийн өртөг хэрхэн өсөх вэ гээд Сумъяабазар даргын мөрөөдөлд дэгээ болсон түмэн асуулт байна.
Сэтгэгдэл (2)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Tsirkee ynzalj chadahgui bj yun metro chi l bishshuu
Zaliaasaa hulgaichuud tsirkee away