Энэ мэдээ хуучирсан буюу 2023-09-21 нд нийтлэгдсэн байна.

Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй

9/ 21/ 2023    7 цаг 00 минут

Монгол Улсын Хог хаягдлын тухай хуулийг УИХ-аар 2017 онд шинэчлэн баталсан. Энэ хуулиар “Хог үүсгэгч нь төлөх” зарчимд үндэслэн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн тарифыг тогтоох. Жагсаалтаар тодорхойлсон нэр төрлийн бүтээгдэхүүний хаягдал, тэдгээрийн сав баглаа боодлоос үүсэх хог хаягдлыг эргүүлэн цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах, экспортлох үүргийг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч болон импортлогч хариуцах үүрэгтэй хэмээн үүрэг хариуцлагыг тодорхойлсон байдаг. Жагсаалтад, бүх төрлийн зай хураагуур, аккумлятор, химийн хорт болон аюултай бодисын сав баглаа боодол, хуванцар сав суулга, түүхий эд, нийлэг уут гэх зэрэг бидний мэддэг олон зүйлс багтсан. Гэвч өнөөдөр энэ үүрэг хариуцлагыг биелүүлдэг нь хэд билээ. Боловсруулах үйлдвэрүүдэд үнэхээр импортлогчид болоод үйлдвэрлэгчид тушаадаг гэж үү. Бид энэ талаар тодруулж, Монголын Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны тэргүүн Д.Батжаргалтай ярилцлаа.

-Монгол Улс нийт хог хаягдлынхаа хэдэн хувийг дахин боловсруулж чаддаг вэ. Ер нь боловсруулах боломжтой хог хаягдлынхаа хэдэн хувийг хаядаг бол... Ийм статистик мэдээлэл байдаг уу?

-Олон улсад нийт хог хаягдлын 50-60 хувийг дахин боловсруулах боломжтой гэж үздэг. Өндөр технологитой, хөгжилтэй орнуудын хувьд энэ тоо 80-90 хувь байдаг.

Статистик мэдээгээр Монгол улсын хэмжээнд жилд 3,5 сая тонн хог гардаг. Гэтэл үүний 3-4 хувийг л дахин боловсруулдаг. Хэрвээ шатаах үйлдвэртэй бол  дахин боловсруулалтын 30 хувийг эрчим хүч үйлдвэрлэхэд зарцуулна гэсэн үг. Энэ нь хог хаягдлыг сэргээн ашиглах буюу эрчим хүч үйлдвэрлэх технологи. Манай улсын хувьд энэ технологи, үйлдвэр байхгүй. Ер нь, Монголын нөхцөлд 50-60 хувийг дахин боловсруулах боломжтой гэж хардаг.

Харин дахин ашиглах гэдэг бол зориулалтыг нь өөрчлөөд ч юм уу ашиглах процесс. Монголд түгээмэл гэж хэлж болно. Гэхдээ байгаль орчин, нийгэмдээ илүү ашиг тустай нь хог хаягдлыг дахин боловсруулах. Энэ салбар дангаараа бол хөгжихгүй. Заавал шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр байж гэмээнээ гарч байгаа хог хаягдлын хэмжээ, оврыг багасгаж байдаг юм.

-Нийт хог хаягдлын 3-4 хувь гэхээр олон улсын түвшинтай харьцуулахад манайх бараг 20 дахин бага байх нь ээ?

-Бүс нутгийн хэмжээтэй харьцуулбал 20 дахин, өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулбал 30 дахин бага.

-Манай улсын хувьд хог хаягдлыг боловсруулах гэхээсээ илүүтэйгээр ландфиль буюу булахыг илүүд үздэг?

-Монголд үнэхээр тууштай байгаа нь гэхэд хилсдэхгүй. Улсын төсвөөс байнга мөнгө тавьж байгаа нь ландфиль буюу булах. Манайхан ландфиль гэж их гоё яриад байдаг. Гэтэл ландфиль гэдгийг тодруулбал, булах цэг нь хог хаях тусгай зориулалтын тусгаарлах плёнкаар хязгаарласан, цэвэр болон ундны уснаас хол, газрын гүний усанд нөлөөлөхгүй, жалга гуугүй газар байх ёстой.

Манайх эсрэгээр нь гуу жалга ашиглаад хогоо булдаг. Ийм газарт үер бууж л таарна. Тэгэхээр ямар нэг байдлаар урсаад бохирдол үүсгэсээр байна гэсэн үг биз. Өөрөөр хэлбэл, ландфиль бол манайд дэлхийн стандартын эсрэг 180 градус байдаг гэсэн үг.

-Тэгэхээр дэлхийн стандартад нийцсэн технологитой боловсруулах үйлдвэр нь байдаггүй юмаа гэхэд булах технологио стандартаар хийхэд юу нь болохгүй байгаа хэрэг вэ?

-Монгол Улсын хувьд хангалттай хууль дүрэм бий. Гэтэл үүнийгээ биелүүлье гэхээр нэгдүгээрт төсөв, мөнгө байхгүй. Хоёрдугаарт идэвх чармайлт байхгүй. Гуравдугаарт, хариуцах эзэн алга.  Яг үнэнийг хэлэхэд “даахгүй нохой булуу хураана” гэгчээр төр толгой дээрээ бүхнийг овоолоод байлгүй хог хаягдлыг мэргэжлийн холбоонд нь өгөх хэрэгтэй.

Гэтэл холбоо баяжих гээд байна гэсэн өнцгөөс л  хардаг. Бусад бүх оронд мэргэжлийн холбоо нь хариуцаж ажилладаг гэдгийг уг нь тун сайн л мэдэж байгаа. Манайхны дууриах дуртай Японд гэхэд мэргэжлийн холбоо нь хог хаягдлаа цуглуулж, тээвэрлээд боловсруулахыг нь боловсруулах үйлдвэр рүү, шатаахыг нь шатаах үйлдвэр рүү хуваарилж, үнсээр нь барилгын материал хийж байна.

-Уг нь, энэ тухай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан яриад л байгаа биз дээ. Гэхдээ бидний хувьд хог хаягдал гэхээр боловсруулахаас илүү тээвэрлэх тухай л яриад, ойлгоод байдаг?

-Тийм ээ, манайд А цэгээс Б цэг рүү хогийг зөөгөөд булах газарт нь хүргэхэд хог хаягдлын санд цугласан бүх мөнгийг зарцуулдаг ч хүрдэггүй. Тиймээс жилд 6-7 тэрбум төгрөг төсвөөс  нэмж тусгадаг. Харамсалтай нь, ингэж зарцуулаад ч энд тэндгүй хог байсан хэвээр байгаа биз. Өнөөдөр нэг тонн хог 10 км тээвэрлэхэд 30 мянган төгрөг гэсэн тариф үйлчилж байна. Энийг нэмье гэхээр хог хаягдлын санд байгаа мөнгө нь хүрэлцэхгүй гэдэг. НИТХ-ын тогтоолоор 2007 онд баталсан тарифаар нэг өрхөөс сард 2000 төгрөгийн хураамж авдаг. Гэр хорооллын айл өрх 2500 төгрөг төлдөг. Тэр үед дизель түлш литр нь 1470 төгрөг байсан. Өнөөдөр 3400 байна. Ийм нөхцөлд хувийнх ч бай, хувьсгалынх нь ч яаж ашигтай ажиллах билээ.

Үүнийг өөрчлөхийн тулд хог хаягдлын менежментийг бусад оронд байдаг шиг утгаар нь хийх ёстой. Хог хаягдлын хураамжийн мөнгөө индексжүүл. Хог тээвэрлэлтийн компанийн тарифыг шинэчил.  Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгж байгууллагын хогны хураамжийг нэмэх хэрэгтэй.

-Утасны төлбөр, цахилгааны төлбөр гээд бусад төлбөр хураамжтай харьцуулбал үнэхээр бага мөнгө. Гэхдээ иргэдийн амьжиргаа ядруу хэвээр байгаа энэ үед нэм гэхээр...?

-Би энэ оны эхээр Европоор явсан. Тэнд 4 ам бүлтэй айл хогны төлбөрт 50 евро өгдөг.  Төгрөгөөр тооцвол нэг хүнээс 50 мянган төгрөг авдаг гэсэн үг. Гэтэл манайд  нэг өрхөөс 2000 төгрөг. Ийм байж хоггүй монгол, аз жаргалтай Улаанбаатар болно яриад яах билээ.

Хуульд бохирдуулагч нь бохирдлын төлбөрөө төлөх үүрэгтэй.  Тэгэхээр НИТХ хуулиа мөрдөөд л хураамжийг тодорхой болгоод явах ёстой. Гэтэл энэ хураамжийг нэмчихвэл манай намын сонгуулийн дүнд нөлөөлнө гэх байдлаар асуудалд ханддаг. Үүнээс болж бүх салбарын үйл ажиллагаа доголдож байна шүү дээ.

-Хог хаягдлын хураамжийн тодорхой хувь нь үйлчилгээний төлбөрт явчихдаг гэж сонссон?

-Хог хаягдлын хураамжийг УБЦТС компани цахилгааны төлбөртэй хамт хураадаг. Гэхдээ үйлчилгээний хураамжинд 23 хувийг нь авчихдаг. Тэгэхээр үлдсэн жаахан мөнгө нь бүүр хүрдэггүй.

-Хог хаягдал гэдэг нэг талаар мөнгө. Хэрвээ монголчууд хогоо ангилж ялгадаг бол багагүй хувийг дахин боловсруулах боломжтой биз дээ?

-Иргэдийн хувьд бага ч атугай ангилж, ялгадаг болсон. Гэвч хогны машин холиод аччихдаг. Яагаад гэвэл, ангилсан хогийг авдаг үйлчилгээ Монголд алга. Үүнийг нь бид шаардах хэрэгтэй. Улаанбаатар хот өнөөдөр 40 гаруй стандарттай болсон. Үүн дотор нь хог хаягдлын 7 стандарт бий. Энгийн болон аюултай хог хаягдал болон А цэгээс Б цэг хүртэл хог хаягдлыг буулгах хүртэлх стандарт бий.

Бид А цэгээс үйлдвэрт хүргэх буюу хогоо мөнгө болгох стандартыг хийсэн. НИТХ-аар батлуулахаар холбогдох хэлтэст нь өгсөн. Хэрвээ стандарт батлагдчихвал хотын дарга Сумъяабазарт “Стандартын шаардлага  хангасан дахивар нөөцийн цэгийг 9 дүүрэгт байгуулахыг Засаг дарга нарт даалгаад өгөөч. Хороо бүрт ийм цэг байгуулахыг захирамжлаад өгвөл иргэд ангилсан хогоо өгнө. Энэ цэгт үйлчилж байгаа хог ачдаг машинаа дугаарын хязгаарлалтгүй явуулдаг болгооч” гэсэн хүсэлт тавина. Сумъяабазар дарга өөрөө “Үнэгүй юм хог болдог” гэж маш зөв хэлж тодорхойлж байна билээ. Үнэхээр тийм. Үнэлээд авдаг болбол хогоо хаяхгүй. Гол нь хороо бүрт байх нь чухал.

-Бид хогны төлбөрийн тухай хөндлөө. Гэхдээ хог хаягдлаас өдөрт хэдэн төгрөг олж бас хэдийг зарцуулж байна вэ?

- Улаанбаатар хотод хог хаягдлаас өдөрт 190 сая төгрөгийн эдийн засгийн эргэлт гаргаж байна. Энэ бол сайн тоо. Төсвөөс нэг ч төгрөг авдаггүй. Гэтэл хотод хог тээврийн 20 орчим компани бий.  Тэд А цэгээс тээвэрлээд Б цэгт буулгахад хог хаягдлын сангаас өдөрт 55 сая төгрөг авдаг. Тиймээс бидний санаа бол энэ 55 сая төгрөгийг хоёр дахин бууруулж, 190 сая төгрөгөө хоёр дахин өсгөх юм. Дахин боловсруулдаг 3 хувиа 7 болгоход л 190 чинь хоёр дахин өснө биз дээ. 

Өнгөрсөн оны 11 дүгээр сард  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай уулзсан. Уулзалтын үеэр “Аюултай хог хаягдлын журмаар хуруу зай, товчин зайг зөвхөн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид хүлээлгэж өгнө. Өөр хүн авч болохгүй гээд заачихсан байдаг. Гэвч энэ нь амьдралд огт хэрэгждэггүй. Ганц товчин зай бариад тэр компанийг хайгаад явдаг хүн байх уу” гэдгийг сайдад тайлбарласан. Тиймээс давхивар нөөцийн цэгээр авья. Аюултай хог хаягдал учраас авчирч өгсөн хүндээ урамшуулал өгье. Устгах үйлдвэр кг-ийг нь 2500-гаар устгадаг. Гэхдээ энэ мөнгийг хуруу зай, зай оруулж ирдэг импортлогч компаниудаас нь хог хаягдлын мөнгө гэдэг утгаар авч, тусгай санд төвлөрүүлнэ. Тухайлбал, Канадад үйлдвэрлэгчийн өргөтгөсөн хариуцлагын сүлжээ гэж бий. Бараа бүтээгдэхүүний устгалын мөнгийг тонн тутамд нь гээд тооцоод явдаг. Үйлдвэрлэгч бүтээгдэхүүнийхээ устгал, хог хаягдлын мөнгийг тусгай санд төвлөрүүлээд боловсруулах үйлдвэрүүд рүү шилжүүлдэг гэсэн үг.

-Түрүүн боловсруулалтын хувьд 20-30 дахин бага гэсэн. Тэгэхээр боловсруулах үйлдвэрлэлийн хувьд ч тийм хэмжээнд хоцорч байгаа гэсэн үг үү?

-Саяхан Канадын боловсруулах үйлдвэрийнхэнтэй уулзахад та нар манайхаас 60 жилээр хоцорч явна л гэсэн. Солонгос 50, Япончууд 70 жил гэж хэлдэг л дээ. Тэгэхээр 70 жилээр хоцорч яваа улстайгаа адилхан шаардлага тавина гэдэг чинь дээл нь таарахгүй хүн шиг болно биз дээ. Хамгийн гол нь мэргэжлийн холбоодынхоо үгийг сонсдог газар алга. Мэргэжлийн холбоодын хууль гэж яриад л таг болчихсон. Мөн эко төлбөрийн тухай хууль байна. Яг энэ бүх харилцаа, хог хаягдлыг боловсруулахыг дэмжих санг байгуулах мөнгөө энэ хуулиар олох ёстой. Ийм юмаа хийхгүй өнөөдрийг хүрлээ дээ.

-Саяхан Усны газрын дарга хаягдал усны төлбөрөө аж  ахуйн нэгжүүд огт төлдөггүй юм байна. Одоо хуулийн дагуу арга хэмжээ авна гэж бичсэн байсан.

-Хог хаягдлын тухай хууль дээр 2017 онд аюултай хог хаягдал гээд бүлэг нэмсэн. Гэвч өнөөдөр энэ хуульд мониторинг хийгээд харвал ахиад нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай болжээ.

Өнөөдөр Монгол Улсын засаглалын хугацаа маш богинохон байна. Дээд тал нь 4 жил. Өмнөх хүн нь ажлаа өгөхдөө юу ч үлдээдэггүй. Дараагийн хүнээ сургах гэсээр байтал хамаг цаг заваа бардаг. Гэтэл манай холбоо 18 жил болоод бойжчихсон. Манай холбоонд  дотоодын болон гадаадын, хамтарсан гээд 180 гаруй байгууллага нэгдсэн байдаг.

Мөн энгийн, аюултай, хөнгөн, хүнд гээд 70 гаруй үйлдвэр ажиллаж байна. Энэ үйлдвэрүүдэд өнөөдөр 6000 гаруй хүн ажиллаж байна. Манай холбоо энэ зургадугаар сард хаягдал хуванцар авах охин компани байгуулаад ажиллаж байна.  Мөн картон хайрцаг авах, шахах машин оруулж ирээд ажиллаж байна. Бид өөрсдийнхөө боломжоор ажиллаж байна.

-Та түрүүнд аюултай хог хаягдал боловсруулах үйлдвэрийн тухай хөндлөө. Манай улсын хувьд уул уурхайн орон болоод нэлээн хэдэн жилийг үзлээ. Үүнийг дагаад аюултай хог хаягдал тэр тусмаа химийн хорт бодисын хог хаягдал ихээр гарч байгаа. Гэвч үүнийг устгах технологи хангалттай хөгжөөгүй байна?

-Аливаа юм хоёр талтай. Уул уурхайн салбар эдийн засгийн хувьд онцгой ач холбогдолтой ч аюултай хог хаягдлыг маш ихээр гаргаж байна. Хил гаалийн мэдээг харвал химийн болон бусад аюултай бодис маш ихээр орж байгаа ч тусгай зөвшөөрөлтэй компанид тушаасан хог нь маш бага. Энэ хог хаачив гэхээр газарт булчихдаг. Уг нь хог хаягдлын хуулинд дурын иргэн прокурор болоод зөрчлийг албажуулбал нөхөн төлбөрийн 10 хувийг өгнө гэж байдаг ч энэ бодит болж хэрэгжих боломжгүй, лоозонгийн чанартай л байна. Үүний тулд эхлээд зөрчлийн хуулиар шүүхэд өгнө, шүүх прокурорт гээд шилжүүлсээр байтал шийдэгдсэн зүйлгүй хоцордог. 

Өнөөдөр аюултай хог хаягдлын 17 үйлдвэр ажиллаж байна. Үйлдвэрүүд маань Монгол Улсын хилээр орж ирж байгаа аюултай хог хаягдлаа тооцоод анх ажлаа эхлүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл төлөвлөснөөр нь ирсэн хог алга. Жишээ нь, барааны зах дээр зарагдаж байдаг хуванцар цэнхэр савууд.  Манайхан тусгай зөвшөөрөлтэй компанид өгч устгуулах ёстой химийн бодисын саванд хүнсний бүтээгдэхүүн хийчихдэг.  Үүнд иргэд өөрсдөө юун түрүүнд буруутай. Мөн бидний итгэлийг хүлээж сонгогдсон хүмүүс буруутай. Хуулийн дагуу ажиллавал энэ асуудлыг цэгцэлж болно доо уг нь.

-Манай улстай адил түвшинд уул уурхай хөгжиж байгаа ч хог хаягдлын асуудлаа олон улсын түвшинд шийдэж чадсан жишээ байдаг уу?

-Хамгийн сайн жишээ бол Омманы хаант улс гэдэг. Манайтай ойролцоо 4 сая хүнтэй, уул уурхайн орон. Уул уурхайтай орон хог хаягдлынхаа асуудлыг хэрхэн шийдэв, хүлэмжийн хийн ялгарал дээр хэрхэн анхаарах ёстой вэ гэдгийн бодит жишээ гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг. Анх 180 төвлөрсөн хогийн цэгтэй байсаа 36 болгож цөөлсөн. Тав дахин багасгаж чадсан.

Гэтэл манайх 300 гаруй цэгтэй. Зөвхөн зөвшөөрөлтэй хогийн цэгээс гадна үүсмэл цэгийнхээ хэмжээг тооцож үзвэл Сингапур улсын нутаг дэвсгэрийн дайтай талбай эзэлдэг. Сингапурт нэг га газрын татвар хураамж гэтэл ямар өндөр билээ.

- Хог хаягдал гэхээр Улаанбаатар хотын хот тохижилтын компаниуд хариуцдаг гэж ойлгодог?

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтэс гэж бий. Нийслэлийн 9 дүүргийн газар нутгаа хариуцна.

-Хог хаягдал боловсруулах үйлдвэрүүд маань өнөөдөр техник, технологийн хувьд  хэр байдаг юм бэ?

-Үйлдвэрүүд дотор 2018 онд гарсан шинэ технологитой нь бий. Гэхдээ нэг хоёроос хэтрэхгүй. Ихэнх үйлдвэр маань Хятадын 10 жил болоод хаясан технологи, тоног төхөөрөмжтэй байгаа нь үнэн. Тиймээс бид Засгийн газарт зөвлөмж хүргүүлэхээр ажиллаж байна. Хүнсний гаралтай бүх тоног төхөөрөмжийг хил гаалийн татвараас чөлөөлсөн шиг хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн тоног татвараас чөлөөлж өгөөч гэж. Мэдээж хөрөнгө оруулалтын хэрээр хүчин чадал нь сайжирна шүү дээ.

-Хог хаягдлын менежмэнт гэдэг нэр томъёог хамгийн их хэрэглэдэг мөртлөө яг юу вэ гэдэг тухайд тийм ч их ойлголт байдаггүй?

-Хог хаягдлын боловсрол л гэсэн үг. Хүн бүрийн хувийн онцлогоос шалтгаална. Хүн хогоо ялгах уу, ангилах уу гэдгээс эхэлнэ. Ийм л юм байгаа юм.

- Бас нэг зүйл бол хог хаягдлын тайлан гэж жил бүр гардаг ч танайх, нийслэлийнх, яамных гээд өөр өөр тоо хэлдэг?

-Хамгийн бодитой тоог манай дээр гарч байгаа. Хог хаягдлын менежмэнт гэснээс хамгийн түрүүнд хогныхоо хэмжээг зөв тодорхойлох ёстой. Орон нутаг пүүгүй байж, хог хаягдлынхаа хэмжээг хэрхэн гаргадаг вэ гэдэг нь тодорхой шүү дээ.

-Хог хаягдал бол уур амьсгалын өөрчлөлттэй шууд холбоотой. Манайх Парисын хэлэлцээрт нэгдэж,  нүүрсхүчлийн хий, хүлэмжийн хийгээ багасгах үүрэг хүлээсэн. Гэвч энэ бол манай улсын хувьд огт биелүүлдэггүй үүрэг гэж болох байх?

-Яг үнэндээ үүнийг ойлгодог мэддэг хүн маш цөөхөн. 2015 онд уур амьсгалын өөрчлөлтийн сан буюу Парисын гэрээнд дэлхийн 150 орон нэгдсэн. Монгол Улс 2016 онд нэгдсэн юм. Одоо дэлхийн 190 орон энэ гэрээнд нэгдсэн байдаг. Монгол Улсын 1.5 сая хавтгай дөрвөлжин км газраас гаргаж байгаа нүүрсхүчлийн хий, хүлэмжийн хийн ялгарал 50 сая тонн. Эндээс хог хаягдлаас шалтгаалж байгаа нь 2,4 сая тонн. Бид 2030 он гэхэд 2 дахин бууруулна гэж үүрэг хүлээсэн. Гэтэл өнөөдөр 2.4 сая тонн маань 3.5 сая тонн болсон. Буураагүй өссөн. Гэтэл үүнд хэн ч хариуцлага хүлээгээгүй.

Хүлээсэн үүргээ биелүүлж, хүлэмжийн хийгээ бууруулахын тулд өнөөх хог хаягдлын менежмэнтээ олон улсын стандартад хүргэх хэрэгтэй.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



ШИНЭ МЭДЭЭ

С.Чинзориг: ДЭМБ-аас Монгол Улсад зонхилон тохиолддог хүүхдийн зургаан төрлийн хорт хавдрын 30 нэр төрлийн эмийг үнэгүй олгохоо мэдэгдлээ2 цаг 45 минутын өмнөЭмнэлгийн хог хаягдлыг халдваргүйжүүлэх тоног төхөөрөмж гардууллаа3 цаг 1 минутын өмнөСураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо3 цаг 15 минутын өмнөМонгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад ЮНЕСКО, Рио Тинто нар хамтран ажиллана3 цаг 19 минутын өмнөЁЗСХБХ: Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнээр Д.Дуламсүрэнг томилохыг дэмжлээ3 цаг 40 минутын өмнөГ.Занданшатар: Тооноос чанарт шилжүүлж, илүү эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх асуудал нэн чухал боллоо3 цаг 42 минутын өмнө4 болон 6 насны хоёр хүүхэдтэй эмэгтэйг автомашинтайгаа цасанд суусан байхад нь олж аварчээ4 цаг 44 минутын өмнө156 иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ5 цаг 15 минутын өмнөДотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч ил харагдах шархгүй нас баржээ5 цаг 43 минутын өмнөШүүгч Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдов6 цаг 20 минутын өмнөӨгсүүр, алслагдсан болон зуслангийн замд 66 тн давс, 292 тн бодис цацаад байна6 цаг 26 минутын өмнөАвтобусны тендер шалгаруулахдаа 200 хүүхдийн багтаамжтай 9 цэцэрлэг барих хөрөнгийг үл хайхрав7 цаг 29 минутын өмнөСэтгүүлч Н.Өнөрцэцэгийг баривчилсан асуудлаар Мөрдөн байцаах албанаас мэдээлэл өгөв7 цаг 52 минутын өмнөЦасан шуурганы улмаас сураггүй болсон гурван иргэнийг эсэн мэнд олж, 24 иргэний аюулгүй байдлыг хангалаа8 цаг 45 минутын өмнөТ.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэрэг шүүхийн шатанд хянагдаж байна8 цаг 48 минутын өмнө"Нархан" хотхоны баруун талд явган хүн зорчих нөхцөлийг бүрдүүлж эхэллээ9 цаг 4 минутын өмнөБ.Энх-Амгалан: Цахим худалдааны чиглэлд эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал9 цаг 8 минутын өмнөНотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 168 гэрчийг дуудсан байна9 цаг 10 минутын өмнөХЕРШ: Орос, Украин хоёр нууцаар энхийн хэлэлцээ хийж байна12 сар 5. 8:50Нурсултан Назарбаев төмөрлөгийн үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх амьдралынхаа замналын дурсамж номоо Путинд илгээв12 сар 5. 7:33ЕЛЕНА ЗЕЛЕНСКАЯ: Тэр өөр ямар нэг зүйлийг, хэвийн амьдралыг мөрөөддөг12 сар 5. 7:26Цаг агаар: Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна12 сар 5. 7:00Зурхай: Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн12 сар 5. 6:43Нурсан байшин, гэр, гараашийг нүүлгэн шилжүүлж тусламж үзүүллээ12 сар 4. 17:34Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-нд олгоно12 сар 4. 17:06Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ12 сар 4. 16:54Өнгөрсөн долоо хоногт 32.605 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 358 хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ12 сар 4. 16:51“Англи хэл-2023” олимпиадыг хоёр үе шаттайгаар зохион байгууллаа12 сар 4. 16:44Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой 2024 онд тохионо12 сар 4. 15:46Хамба Д.Жавзандорж пүрэв гарагт сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээнэ12 сар 4. 14:56Б.Дэлгэрсайхан: Энэ сарын 11-нд тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулж, автобус нийлүүлэх ажлыг эхлүүлнэ12 сар 4. 14:45“Д” нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль авсан хэргийг прокурорт шилжүүлжээ12 сар 4. 14:34С.Чинзориг: Эм тариа тасалдаагүй, эмнэлгүүд 30 хоногийн эм, тарианы нөөцтэй байна12 сар 4. 13:55Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлж, 22 гэрчийг дууджээ12 сар 4. 12:36Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо12 сар 4. 12:29Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хороо Партизаны гудамжийг бүрэн камержууллаа12 сар 4. 12:07УЕПГ: Автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна12 сар 4. 11:59Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ12 сар 4. 11:39Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор уртасгасан цагаар ажиллах эмч нарт урамшуулал олгох ажлыг судална12 сар 4. 11:05Зам тээврийн ноцтой осол гарч 4 хүн гэмтэж, хоёр хүн нас баржээ12 сар 4. 10:52
 Facebook Twitter Youtube