Ардчилсан намын хүний эрхийн хорооноос иргэн Д.Мөнх-Эрдэнийг суллахыг шаардаж хэвлэлийн хурал хийлээ.
Ардчилсан намын хүний эрхийн хорооны гишүүд “Өдрөөс өдөрт хувь хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх хумигдаж байна. Худал мэдээлэл тараасан гэх зүйл ангиар шалгагдах хүний тоо нэмэгдсэн. Д.Мөнх-Эрдэнийн хувьд өөрийн үзэл бодол, нийгмийн сул талуудыг шүүмжилж, шууд дамжуулдаг байсан. Гэтэл хүмүүс “Д.Мөнх-Эрдэнэ их яриад байсан юм” гэх зүйлийг хэлж байна. Энэ нь бид дарангуйлалт дасаж эхэлж буй хэлбэр. Юм яривал, шүүмжилбэл шүүхээс ял сонсдог гэдэг ойлголтыг төрүүлж байна.
Авлига, албан тушаалтны хэргийг гурван шатны шүүхээр шийдвэрлэж болдог. Гэтэл иргэн Д.Мөнх-Эрдэнийн хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн болоод хаядаг байж болохгүй.
Дээд шүүхээр яагаад энэ хэргийг хянуулах гээд байна вэ гэвэл Шүүхийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр бүх хэргийг Дээд шүүх шийдэхээ больсон. Өөрөөр хэлбэл, Дээд шүүх харж байгаад шийдэх боломжтой гэдэг хэргээ шүүж байгаа. Өнгөрсөн хугацаанд олны анхааралд өртсөн, олны танилуудад холбогдох маш олон хэрэг Улсын Дээд шүүхэд очиж эцэслэн шийдэгдсэн. Ингэж хэргээ шийдүүлсэн хүмүүс өнөөдөр УИХ-ын танхимд ч сууж байгаа. Тэгвэл үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн Д.Мөнх-Эрдэнийн хэргийг Дээд шүүх хэлэлцэх ёстой гэж бодож байна. Учир нь хууль зүйн хувьд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт зөрүүтэй зүйл бий.
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснийх нь төлөө хорьсон энэ хэргийг хэрхэн шийдэх бол гэдгийг ард түмэн анхааралтай харж байгаа. Авлига, албан тушаалтны хэргийг гурван шатны шүүхээр шийдвэрлэж болдог. Гэтэл иргэн Д.Мөнх-Эрдэнийн хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн болоод хаядаг байж болохгүй. Дээд шүүх үнэн зөв шийдэх байх гэж найдаж байна.
Үүний дараа бид Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ. Түүний ялыг эдлүүлж байгаа нөхцөл байдал, түүнд бусдаас ялгавартай хандаж байгаа зэргийг тасралтгүй хөндөнө” гэлээ.
Улсын Дээд шүүхэд маргааш Д.Мөнх-Эрдэнэ нарын өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэх шүүх хуралдаан болох юм.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.