Ням гарагт НАСА-гийн Осирис-Рекс капсул дэлхийн агаар мандалд винтовын сумнаас 15 дахин илүү хурдтайгаар нэвтэрч АНУ-ын Юта мужийн элсэн цөлд амжилттай газарджээ.
Яг энэ үеэр тэнгэрт галт бөмбөлөг гарч ирсэн ч дулааны хамгаалалт болон шүхэр нь төхөөрөмжийн буултыг удаашруулж, улмаар саадгүй газардсан байна.
Капсул нь Бенну хэмээн нэрлэгдсэн астероидоос /сансрын жижиг биет/ цуглуулсан цөөн тооны тоос "хөрс"-ний дээж болох үнэт ачааг эх дэлхийд хүргэж ирж байгаа нь энэ юм. Энэхүү уулын хэмжээтэй сансрын биетийн дээж нь бидний хамгийн чухал асуултанд хариулахад тусална.
“Бенну астероидын 250 грамм дээжийг дэлхийд авчрахад манай гараг бий болохоос өмнөх үеийн материалыг судлах боломжтой болно. Түүний зарим хэсэг манай нарны аймгаас өмнө ч гарч ирсэн байж магадгүй" гэж хөтөлбөрийн ахлах судлаач, профессор Данте Лауретта хэлэв.

Бенну астойдын хэмжээг харьцуулахуй
“Бид хэрхэн бий болсон тухай зургийг гаргахыг хичээж байна. Дэлхий хэрхэн үүссэн бэ? Далай дахь ус хаанаас бий болов бэ? Манай агаар мандалд агаар хаанаас ирсэн бэ? Хамгийн гол нь дэлхий дээрх бүх амьдралыг бүрдүүлдэг органик молекулуудын эх сурвалж юу вэ?" гэхчлэн асуултдаа хариулт олоход энэ дээж тусална.
500 метр өргөнтэй Бенну астройдын хэлтэрхий цуглуулах даалгавар 2016 оноос эхэлсэн. Сансрын хөлөг астероидод хүрэхийн тулд хоёр жил зарцуулсан. Дараа нь дахин хоёр жил эрдэмтэд сансрын биетийн гадаргуу дээрх "хөрс"-ийн дээж авах боломжтой байршлыг итгэлтэйгээр тодорхойлж чадсан юм.
Осирис-Рекс зонд астероид руу бууж 2020 оны 10-р сарын 20-нд зонд хөрсний дээж авсан бөгөөд энэ нь гайхалтай мөч байлаа.
Осирис-Рекс Беннугийн хөрсний дээжийг авч дэлхийд хүргэж ирэхийн тулд долоон жилийн турш 7 тэрбум км-ийн замыг туулжээ.
Капсул газардсаны дараа Техас дахь Линдон Жонсоны сансрын төвд хүргэгдэнэ. Тэд дээжийг шинжлэх тусгай ариутгасан өрөөг аль хэдийн бэлдсэн байна.
НАСА Беннуг нарны аймгийн хамгийн аюултай селестиел биет гэж үздэг. Эрдэмтэд түүний замналыг судалсны дараа дэлхийтэй мөргөлдөх хамгийн өндөр магадлалтай гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Беннугийн тойрог зам
Бенну нь их хэмжээний ус агуулдаг (жингийнх нь 10% хүртэл) бөгөөд эрдэмтэд түүний янз бүрийн төрлийн устөрөгчийн атомуудын харьцаа дэлхийн далай дахь устөрөгчтэй төстэй эсэхийг тогтоохыг хичээх болно.
Зарим шинжээчид дэлхийн эхэн үе маш халуун байсан тул усныхаа ихэнх хэсгийг алдсан гэж үздэг. Хэрэв Бенну мөн манайхтай төстэй H₂O-тэй болох нь тогтоогдвол астероидууд манай далайг усаар дүүргэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг хүмүүсийн аргументыг нэмэх болно.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.