Олон улсын багш нарын өдрөөр буюу аравдугаар сарын 5-нд багш нар ажил хаялт зарлах болсон талаараа Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээллээ.
Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар "Багш нарын цалинг ойрын гурван жилийн дотор 1000 ам.долларт хүргэх шаардлагыг хүргүүлсэн. Өнгөрсөн хугацаанд багш нарын цалин 300 ам.долларын хооронд эргэлдэж байна. Ийм цалингаар багшийн ажлыг хийх ямар ч боломжгүй. Монголоос ядуу эдийн засагтай улс орнуудад багшийн цалин 800 ам.доллартай байгаа.
Бид 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс багшийн цалинг 60 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байна. Ингэвэл хоёр сая төгрөгийн босго давна. Мөн боловсролын салбарын үйлчилгээний ажилчдын цалин 750 мянга байгаа. 750 мянган төгрөгийн цалингаар амьдрах боломжгүй. Боловсролын салбарын алба хаагчдын 90 орчим хувь нь зээлтэй. Сургуульд багшаас гадна жижүүр, харуул ч олдохоо больсон. Тэдгээрийн цалинг нэмэх шаардлага хүргүүлж байгаа.
ЕБС-ийн багш нар анги удирдсан нэмэгдэл гэж авдаг. Энэ цалингийн 10 хувийн нэмэгдэл байдаг. Үүнийг өөрчилж, хүүхдийн тоотой уялдуулж, нэг хүүхдэд нэг хувийн нэмэгдэл олгодог байдлаар өөрчилдөг байхыг шаардаж байна. Хөдөө орон нутагт 10 хүүхэдтэй ажиллаж байгаа багш 10 хувийн нэмэгдэл авдаг, хотод 50 хүүхэдтэй ажиллаж байгаа багш ч 10 хувь авдаг байдлыг өөрчлөх хэрэгтэй. Түүнчлэн цэцэрлэгийн багш нар анги удирдсан нэмэгдэл авдаг байх шаардлагатай.
Энэ талаар 2023 оны есдүгээр сарын 11-нд БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд салбарын хэлэлцээр эхлүүлэх мэдэгдэл хүргүүлсэн. Аравдугаар сарын 3-нд мэдэгдлийн хариу хүргүүлэх учиртай. Хариу ирүүлэхгүй бол 10 дугаар сарын 5-ны өдөр буюу багш нарын баярын өдрөө ажил хаялт зохион байгуулахаар төлөвлөж байна. Ажил хаялтад холбооны гишүүн 150 гаруй сургууль нэгдэхээ илэрхийлсэн" гэв.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.