Энэ мэдээ хуучирсан буюу 2023-10-05 нд нийтлэгдсэн байна.

Б.Батзориг: Үндэсний бөхчүүдээс явцын сорилыг маш сайн авах хэрэгтэй

10/ 5/ 2023    7 цаг 35 минут

Үндэсний бөхийн “Нэгдэл” клубын тэргүүн Б..Батзоригтой уулзаж, Монголын өв соёл уламжлалын илэрхийлэл болсон үндэсний бөх тойрсон асуудлаар ярилцлаа.

-“Нэгдэл клуб”-ын талаар эхлээд манай уншигчдад танилцуулаач?

-Манай “Нэгдэл” клубт өнөөдрийн байдлаар улс, аймгийн цолтой 9 бөх, нэг дасгалжуулагч харьяалагдан бэлтгэл сургуулилт хийж байна. Бид жалга довны үзэлгүй, хүсэл зорилгоо нэгтгээд хамтдаа амжилтад хүрье гээд клубээ “Нэгдэл” гэж нэрлэсэн юм. “Нэгдэл”-ийн бөхчүүд тус бүртээ компаниудад харьяалагддаг ч Үндэсний бөхийн өв уламжлалыг дээдлэн хадгалж, хамгаалж, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахын төлөө нэгдсэн залуучууд. Клуб маань үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш Улсын хоёр наадамд орлоо.  Хоёуланд нь өндөр амжилт үзүүлсэн. Улсын харцага хоёр, өсөх идэр чимэг хоёрыг аваад байна.

- Бөхчүүд өөрсдөө нэгдэж нийлж чаддаг ч төлөөллийн байгууллага болох Бөхийн холбоотойгоо учраа олдоггүй мэт санагддаг. Холбоо бол зүгээр л нэг ашгийн бус, эрх мэдэл багатай, төрийн бус байгууллага юм уу гэхээр холбооны удирдлагын төлөөх өрсөлдөөн нэлээн ширүүн хэл ам, хэрүүл тэмцэлтэй болдгоос харвал ашгийн байгууллага ч юм шиг?

-Холбоо болон удирдаж байгаа хүмүүс нь ямар нэгэн байгууллага, компани, нутгийн зөвлөл, ивээн тэтгэгчээс аль болох хараат бус байх ёстой гэж би боддог. Учир нь, бөхийн холбоо гэдгийн ард олон залуусын ирээдүйн амжилт, амьдрал явж байгаа юм.

Бөхийн холбооны түнжингүй байдал монгол бөхийн нэр хүндэд ч нөлөөлдөг. “Алтан цом”-ын барилдааныг энэ жил зохион байгуулсан нь монголчуудыг бөхийн спортоо ойлгож, дэмжихэд ихээхэн түлхэц болсон. Гэвч Үндэсний наадамд допингтой бөх түрүүлсэн гэх асуудал гарч ирснээр ахиад л нэр хүнд нь унахад хүргэлээ.

Бөхийн холбоо энэ асуудлыг маш нухацтай хүлээж авч, хууль эрхзүй, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгохгүй бол олон хүний хөдөлмөр, аж амьдрал талаар болж байна. Тухайлбал, манай клубын хоёр бөх энэ жилийн наадамд илүү амжилт үзүүлэх боломжтой байж. Ер нь сүүлийн үед бөх хүний алдар, нэр хүндэд бүдүүлгээр хандах болсныг хэн бүхэн л мэдэрч байгаа. Тиймээс манай клубийнхэн өөрсдийнхөө чадах чинээгээр үндэсний өв уламжлалаа хадгалан хамгаалах, нэр хүндтэйгээр хойч үедээ өвлүүлэн үлдээхэд дэм болохын төлөө үлгэр дууриал болж, дуу хоолойгоо хүргэе гэж хичээж байна.

Үндэсний өв соёл болсон энэ уламжлалт спортын хамгийн том капитал нь бөх хүн. Тиймээс холбоо, хариуцсан төрийн агентлаг нь юун түрүүнд бөхчүүдээ сонсох хэрэгтэй. Хамтран ярилцах хэрэгтэй. Тэр аймгийн, тэр холбооны гэлтгүй бүгд л Монгол Улсын бөх шүү дээ.

-Үндэсний бөх гэхээр л допинг гэх асуудал сүүлийн жилүүдэд байнга хөндөгддөг боллоо.

- Та бид хоёр Монгол бөх гэдэг өв соёл, ёс уламжлал, зан заншил хэмээн ярьж эхэлсэн ч допинг гэх зүйл асуулт бүр дээр гарч ирээд байгаа нь үнэхээр харамсалтай. Манай бөхчүүд  допинг хэрэглэснээр хүний биед, амьдралд ямар сөрөг үр дагавар гардаг вэ гэдэг талаар ярилцдаг, мэдээлэл хуваалцдаг.  Наад зах нь, яр шарханд бариулах, үс гэзэг нь унах, хүүхдэд гормоны өөрчлөлт гардаг тухай мэдээлэлтэй байдаг ч илүү шинжлэх ухааны үүднээс асуудалд хандаж, өөрийнхөө биед гарч болох хор хөнөөлийг ойлгодог байгаасай. Зөвлөж байгаа багш дасгалжуулагч нь анхааруулж, ивээн тэтгэгч байгууллагууд нь энэ асуудалд өндөр шаардлага тавьдаг байх нь чухал байна. Зөвхөн тамирчны нэр хүндээс гадна ивээн тэтгэгч байгууллагуудын нэр хүнд, тамирчны олон жилийн хөдөлмөр, амжилт,  нийгмийн асуудал, эрүүл мэнд гээд олон эрсдэлийг дагуулдаг.

Яг үнэндээ, манай тамирчид ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй дам яриагаар бие биедээ зөвлөх асуудал их байдаг.

-Олон улсын спортын төрлүүд бол спортын анагаах ухаан, сэтгэлзүй гээд шинжлэх ухааны олон салбартай зэрэг хөгжиж байна. Гэтэл үндэсний бөхийн спорт маань нөгөө л уламжлалт гэх ойлголтоос салж чадахгүй, хөвгүүд зүлгэн дээрээ барилдаж, ноцолдож байгаад л наадмын дэвжээнд гардаг хэвээр байгаа. Яагаад ингэж асууж байгаа вэ гэхээр үүсээд байгаа нөхцөл байдлаас “Би ийм төрлийн эм тариа хэрэглэх гэж байна. Энэ допингийн төрөлд орох уу” гээд асуучих эмч  ч ховор байдаг бололтой.

- Хувь хүний хөгжил, харилцааны сэтгэлзүй, анагаахын сэтгэлзүй, спортын сэтгэлзүй гэдэг зүйл агаар мэт чухал гэдгийг бид мэдэрч байгаа. Тийм ч учраас энэ жилээс сэтгэлзүйчтэй ажиллаж үзсэн. Хэдийгээр тамирчин хүн ялалт, ялагдлын үнэ цэнийг биеэр мэдэрч, сэтгэлээр амсдаг ч сэтгэлзүйчээс энэ талаар мэдээлэл авах нь маш чухал, хэрэгтэй юм билээ. Бидний хувьд клубийнхээ зорилгод оруулаад ажиллаж байна. Клубийн системээр ажиллана гэдэг нь эрүүл мэнд, сэтгэлзүй, хүчний, хурдны гээд чиглэл бүрийн мэргэжлийн дасгалжуулагчтайгаар шинжлэх ухаанчаар тамирчдынхаа бэлтгэл сургуулилтыг хангах хэлбэр юм. Энэ бүхнийг бүрдүүлэх гээд хичээж л байна. Монголд спортын анагаах ухаанаар төгссөн мэргэжилтнүүд сүүлийн үед байдаг болсон. Гэвч арай л болоогүй байна.

-Сум, аймгийн наадмаас Төрийн наадамд хүртэл бөхчүүд ойворгон сагсуу зан гаргах, цолны эрэмбээр дээрэлхэх байдал цөөнгүй гарлаа. Монгол бөхийн ёс зүй, жудаг гээч юм үнэхээр алсран холдож байна уу гэх асуулт ч гарч байна?

-Бөхийн жудаг гэдэг чинь том агуулгатай, том амбицтай, том ухагдахуун гэж би боддог. Ер нь хамгийн наад зах нь хувь хүний өөрийнх нь хүмүүжлээс шалтгаалдаг. Дээрээс нь нийгэмд эзлэх байр суурь, хамт олон найз нөхдийн хүрээлэл, багш дасгалжуулагч, ивээн тэтгэгч компанийн нөлөөлөл гээд... Үндэсний бөхөөр хичээллэх гэж байгаа бол ёс зүй, үзэл санааны хувьд өөрийгөө маш сайн бэлтгэх хэрэгтэй. Ард түмэн хэнийг хайрлах вэ, хэн нь болохгүй байна вэ гэдгийг мэдэрдэг, шүүдэг болсон.

Хариуцлагын асуудал дээр Үндэсний бөхийн холбоо нь  хороод, клубууд, ивээн тэтгэгч компаниудтай нь гэрээ байгуулж ажиллах ёстой байх. Хэрвээ тухайн газарт харьяалагдаж байгаа л юм бол журам, дүрмээ мөрддөг байх нь чухал. Мөрдөхгүй бол хариуцлагыг тооцоод л явах хэрэгтэй. Түүнээс биш тэр аваргын дүү, тэр даргын хүн гэдэг  явцгүй байдлаасаа салах цаг нь болсон.

Үндэсний бөхийн холбоо маань мэргэжлийн түвшинд ажиллах хэрэгтэй. Үнэхээр болохгүй байгаа юм бол төрийн бус байгууллага гэх статусаа соль л доо.

 -Энэ сэдвийг хөндөхөөр допингийн асуудал бас л яригдах нь. Тухайлбал, Монголын допингийн эсрэг үндэсний төв чинь тамирчид болон холбоодтой хэр харилцаатай ажилладаг юм бэ. Зөвхөн допинг шинжлэх биш бас сургалт, зөвлөмж өгөх ёстой гэж ойлгоод байгаа?

- Миний хувьд тэр байгууллагатай харилцаж үзээгүй. Тамирчдын ярианаас үнэхээр хаалттай байгууллага байдаг юм байна гэж ойлгосон. Ер нь, клуб хороогоор нь дамжуулж, мэдээллийг албажуулж хүргэх ёстой. Гэвч одоогоор хийсэн зүйл алга.

Манай клубийн зүгээс бол Үндэсний бөхийн холбоонд хамтарч ажиллах хүсэлтээ илгээсэн. Магалжав тэргүүний хувьд хамтран ажиллах саналаа илэрхийлсэн.  Хамгийн түрүүнд бид энэ жалга довны үзлээс салах, нэгдэж хамтарч байж өв соёлоо хамгаалж хадгалж үлдэнэ гэдэг зорилгоор аль аль талаасаа нэгдэж нийлж ажиллах нь чухал юм.

-Допингийн эсрэг үндэсний төвөөс допингийн шинжилгээний хариуг мэдээлэхдээ маш их эргэлзээ үүсгэдэг. Үүнээс болж нийгэмд талцал үүсэхэд хүргэж байна?

-Ерөөсөө углуургаас нь барьж аваад Монгол Улс олон улсын допингийн холбоонд элсэхдээ ямар гэрээ, хэлцэл хийсэн бэ, Допингийн эсрэг үндэсний төв чинь хаана харьяалагдаад ямар гэрээтэй ажилладаг юм бэ гээд дээрээс нь энэ асуудлыг цэгцэлж авахгүй бол бид доороо мянга тийчигнээд ямар ч амжилтад хүрэхгүй. Үндэсний бөхийн холбоо энэ асуудлыг цэгцлэхэд оройлон оролцохгүй бол төрийнхөө наадмыг хийж чадахгүй болчих гээд байна. Бид чадах чинээгээр л үүний эсрэг тэмцэх хэрэгтэй. Төрийн наадмын түрүү бөхөөс допинг илэрлээ гэж мэдээлэх нь үнэхээр ичгэвтэр зүйл. Гэхдээ сайн талаас нь харвал энэ асуудлыг цэгцлэх цаг болсныг анхааруулсан үйл явдал боллоо.

Үндэсний бөхийн холбоо, наадмын комисс, хариуцсан яам агентлагтайгаа нэг түвшний ойлголтоор ярилцаад бөхчүүд маань энэ асуудалд өөрсдөө идэвх, оролцоотой хандаж байж илүү үр дүн харах байх.  Бөхчүүдээс явцын сорил маш сайн авах ёстой юм байна гэж өнгөрсөн хоёр жилийн хугацаанд би хөндлөнгөөс харсан. Бөхчүүдийн ярианаас сорьцын шинжилгээ авах барилдаан гэдгийг мэдсэн тохиолдолд эрт даваанд унадаг тал байдаг юм билээ. Үндэсний бөхийн холбоотойгоо бөхчүүд маань өөрсдөө нягт хамтарч ажиллаад дүрэмтэй, журамтай гэрээ байгуулж, хариуцлагаа хүлээж сурах хэрэгтэй. Түүнээс Бөхийн холбоо, хариуцсан яам, агентлаг нь хоорондоо цаас шидэлцээд л ажил явна гэж байхгүй.

Өнөөдөр бөхийн спортоор хичээллэдэг 10000 хүн байна. Эрчимтэй барилдаж, аж амьдралаа энэ спортоор авч явдаг 200 орчим бөх бий. Аймаг сумаа нийлүүлбэл 500 орчим болох байх. Тэдний чинь ард ивээн тэтгэдэг компани бий. Гэтэл энэ допингийн асуудлаас болж, ивээн тэтгэгч компаниуд нь хардаж сэрдэж, цалингаа зогсоож байна. Ид ирэн дээрээ явж байгаа тамирчдад сэтгэлийн болоод санхүүгийн дэмжлэг хэрэгтэй нь ойлгомжтой. Тийм учраас хариуцсан байгууллага нь мэдээллээ маш тодорхой өгдөг баймаар байна.

Допингийн асуудлаар энэ тамирчинг ингэж хассан гэдгээ тодорхой болго л доо. Асуудлыг хов болгоод орхимооргүй байна шүү дээ.

-Та түрүүн жалга довны үзлээс салах тухай ярилаа. Аль ч спортод эрэмбэ, дараалал, ёс жудаг гэж байдаг ч Үндэсний бөхийн спортод нутгархах үзэл нь хэтийдчихээд байдаг ?

-Том цолтой бөхчүүд бага цолтой бөхчүүдээ ингэ тэг гэх байдал одоо ч байдаг. Би хувьдаа үүнийг хамгийн их эсэргүүцдэг юм. Том цолтой бөхийн өмнөөс үг сөрвөл элдвээр хааж боох үзэгдэл ч байна.

-Тухайлбал..?

- Спорт хороодын цаана үнэхээр жалга довны үзэл оршдог. “Энэ спорт хороонд харьяалагдаж байгаа л бол чимээгүй бай. Эсвэл гар” гэдэг.  Ердөө л даргын үзэмжээр нутгархаж, даргын нутгийн бэлтгэлийн бааз суурь нь болж, даргын нутгийн бөхчүүд цалинтай ажилтан болдог. Уг нь, спорт хороонд харьяалагдаж байвал тухайн тамирчин цалинтай, ядаж л ипотекийн зээлд орох нөхцөл боломж нь бүрддэг юм шүү дээ.

-Допинг гэх асуудал бөхчүүдийн нэр хүндэд үнэхээр нөлөөллөө. Монголчууд чинь бөх хүнийг хүндэлж, дээдэлдэг байсан. Харин өнөөдөр арай өөрөөр харах болсныг та хүлээн зөвшөөрөх үү?

- Яг өнөөдрийн байдлаар манай бөхчүүдийн сэтгэлзүй ч үнэхээр хүнд болчихлоо. Залуустайгаа ярилцаж байхад үүнийг мэдэрдэг. Бэлтгэлээр нүдлээ гээд спонсор орж ирэхгүй. Нэг компанийн үүд сахиад л сууж байгаа нь үнэн. Гэтэл насаараа үүд сахихгүй шүү дээ.

“Нэгдэл” клубийн гурав дахь зорилго нь “Боловсролтой бөх” хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Бид тамирчидтайгаа амжилтад хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх, нийгмийн асуудлыг нь тодорхой хэмжээгээр шийдэхийн тулд компаниудтай холбож, 1-3 жилийн гэрээ байгуулахаас гадна “боловсролтой бөх” хөтөлбөрт хамруулахыг зорьж байна. Манай бөхчүүд яг үнэндээ 10 дугаар ангиа төгсөөд барилдаж эхэлдэг. Эсвэл Биеийн тамирын сургуульд сурч, арга зүйчээр л төгсч байна. Гэтэл эрчимтэй барилдах хугацаа бол 10 жил. Энэ хугацаанд хүний амьдралд юу эс тохиолдоно. 10 жилийн дараа нийгэмд ямар ч байр суурьгүй байж болохгүй шүү дээ.

Манай клубтэй хамтарч байгаа бол өөрийнхөө сонирхсон ямар нэгэн сургуульдаа сур гэдэг шаардлага тавьж байгаа.  Клуб зөвхөн тухайн бөхийн 5-10 жилийн амжилтад анхаарал тавих биш цаашдынх нь амьдралд нөлөөлөл үзүүлэх ёстой гэсэн зорилт тавиад л ажиллаж байна.

-Үндэсний бөхийн холбоо, Биеийн тамир спортын хороо, Спортын сайд гээд спортод анхаарал хандуулах ёстой төрийн болон төрийн бус байгууллага олон л байна.

-Гэдэс нь өвдсөн хүн толгойны эм уугаад байвал эмчилгээ авах уу.  Уг нь энэ асуудлыг ёзоороос нь барьж аваад шийдэх эрхтэй хүн цөөн биш байна. Гол нь тэдэнд итгэл сэтгэл дутдаг байх. Дээрээс нь энэ жалга довны үзэл үнэхээр чөдөр тушаа болдог. Аймгаараа хуваагдана, аймаг нь дотроо ахиад хуваагдана. Гэтэл тэдэнд энэ олон сан шиг идэж уух төсөв хөрөнгө байхгүй шүү дээ.

-Улс орон бүр өөр өөрийн онцлогийг агуулсан үндэсний спорт бий. Бидний сайн мэддэг нь жишээлбэл сүмо. Өнөөдрийг хүртэл орчин үетэйгээ зохицоод хөгжөөд байна. Гэтэл үндэсний бөх маань залуу үзэгчдийнхээ сонирхлыг татахгүй болох нь?

-Манайд Сагсан бөмбөгийн холбоо маш сайн ажиллаж байгаа учраас энэ спорт сайн хөгжиж байна гэж хардаг.  АНУ-ын сагсан бөмбөгийн холбооны үндсэн зарчмаар ажиллаж байгаа байх. Тамирчидтайгаа сайн гэрээ хийж, тэдний асуудлыг ч шийдэж байна. Харин манай Үндэсний бөхийн холбооны үйл ажиллагаа бол хэтэрхий бүрхэг, бөөрөнхий маягтай яваад байгаа юм. Мэдээж өв уламжлалаа хадгалах ёстой ч орчин үетэйгээ зэрэгцэж хөгжиж байж, үзэгчтэй байна биз дээ.

Бөхийн холбооны хувьд хэтэрхий жижиг хүрээлэлд байгаа нь үнэн. Жижиг эрх ашигт нэгдсэн хэрүүл тэмцлээс ч салж чадахгүй байна. Гэхдээ асуудлыг засах цаг хугацаа бий гэж боддог.

 Ярилцсанд баярлалаа.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube