УИХ 2024 оны улсын төсвийг хэлэлцээд гишүүд амьсгаа өндөр явна. Хууль тогтоогчид ийм өндөр дүнтэй төсөв урьд нь хэлэлцэж байгаагүй болоод ч тэрүү, эсвэл сонгуулийн жилийн төсөв болохоор ч тэр үү, тоо бодож, толгойнх нь эргээ гүйцэд гарахгүй байсаар төсвийнхээ ард зүдэрч л гарах бололтой.
Тодотгож хэлэхэд, 2024 оны төсвийг 25 их наядын орлоготой, 27 их наядын зарлагатай байхаар төсөвлөжээ. Эндээс төсвийн алдагдал 2.1 их наяд гэсэн өндөр тоогоор илэрхийлэгдэж байгааг та анзаарч байгаа байх. Зарлага талын 27 их наяд гэдэг бол ДНБ-ий бараг тэн хагас буюу 47 хувь бүхий өндөр үзүүлэлт юм. Зөвхөн энэхэн хэсгээс тодорч буй зураглал бол хэтэрсэн хэрэглээ буюу адууныхаа хэрээр исгэрч чаддаггүйн "омогшил". Орлогоос давсан зарлага ихэнхдээ гадаад өр болж үлдэнэ. Ийм л замналтай.
Ирэх онд Монгол улсын төвлөрүүлэхээр төлөвлөж буй 25 их наядын орлого бол бас л өөдрөг төсөөлөл. Боломжоо хэтрүүлж тооцсон уу, хэр хэмжээндээ тохирсон байсан уу гэдгийг цаг хугацаа харуулна.
Төсвийн орлогын гол бүрдүүлэгч нь урьдын адил уул уурхайн салбар хэвээр байна. Тухайлбал, ирэх жил төсвийн орлогын 30 хувийг энэ салбараас бүрдүүлэхээр тооцсон. Ирэх оны төсөвт нүүрсний экспортыг 60 сая тонноор, зэсийн баяжмалыг 1.5 сая, төмрийн хүдрийг 8.4 сая, 4.8 сая баррель газрын тос, алтны олборлолтыг 20 тонноор тооцоолжээ. Үнийн хувьд зэсийн ханшийг 9000 ам.доллар, нүүрсийг тонныг нь 140 ам.доллараар тооцон төсөлд тусгажээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар уул уурхайн түүхий эдийн ханшийг хамгийн боломжит өндөр дүнгээр тооцоолжээ. Нийт 15 тэрбум ам.доллар буюу 50 их наяд төгрөгийн экспорт хийхээр төлөвлөж байна. Үнэхээр өөдрөг төсөөлөл. Бодитой, бодьгүйгээс үл хамааран том амбиц, өөдрөг төсөөллийг буруутгаад байх аргагүй. Гэхдээ маргах аргагүй үнэн гэвэл экспортын хэмжээг бид биш худалдан авагчид тогтоодог.
Энэ жилийн хувьд Монголын эдийн засаг 6%-иар өссөн, оны эцэс гэхэд 55 сая тн нүүрс экспортлох зураглал харагдаж байгаа. Ирэх жил эдийн засгийн өсөлтөө 7 хувь болгож, үүнд чухал үүрэгтэй нүүрсний экспортыг 60 сая тн-д хүргэх нь өнөөдрийн бодит агуулгаар бол боломжтой мэт харагдана. Гэхдээ бас учир шалтгаан байна аа.
2023 онд 50 сая гаруй тн нүүрс экспортолсон нь Австрали, Хятадын харилцаатай холбоотой байв. Энэ хоёр улсын түнжин муудсанаас болоод Хятадууд Автралиас коксжих нүүрс авахгүй хоёр жилийн нүүр үзэж байгаа. Иймд Хятадын коксжих нүүрсний бараг тал хувийг нь монголчууд бүрдүүлж буй. Энэ утгаараа бидэнд аз тохиосон хэрэг.
Гэвч цаг цагаараа байдаггүйн жамаар Хятад Австралийн харилцаа эргээд дулаарлаа. Ердөө хоёр гуравхан хоногийн өмнө Австралийн ерөнхий сайд Энтони Албанез БНХАУ-д айлчилж, Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзаж хэл үгээ ололцоод буцсан.
Энтони Албанес “Хятад бол бидний хамгийн чухал худалдааны түнш. Энэ нь манай экспортын 25 гаруй хувийг эзэлдэг бөгөөд манай дөрвөн ажлын байр тутмын нэг нь худалдаанаас хамаардаг. Тиймээс энэ бол чухал харилцаа юм" гээд хоёр талт харилцааг эрчимжүүлэх нь хоёр ард түмэнд ач тусаа хүртээх болно” гэжээ.
Хятадын дарга Ши Жиньпин Бээжинд Австралийн ерөнхий сайдыг хүлээн авч уулзахдаа “Хятад-Австралийн эрүүл тогтвортой харилцаа нь хоёр орон, хоёр ард түмний нийтлэг ашиг сонирхолд нийцэх төдийгүй, бүс нутгийн улс орнуудын хамтын хүсэл хүлээлтэд нийцэх юм. Тиймд хоёр орны стратегийн иж бүрэн түншийн харилцааг тасралтгүй урагшлуулах ёстой” гэжээ.
Ийнхүү хоёр орон хэл амаа ололцож урьдын найрсаг харилцаагаа эргүүлэн авчирч байна.
“Хятад улс эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаагаа баталгаажуулахын тулд Австралитай улс төрийн харилцаагаа сайжруулахыг эрмэлзэж байна. Аюулгүй байдлын ашиг сонирхол, эдийн засгийн ашиг сонирхолыг ялгах ёстой гэж Бээжин үзэж байна” хэмээн мэдээллийн хэрэгслүүд онцолж байна.
Хятад бол Австралийн нүүрсний хамгийн том хэрэглэгч байсан. Тухайлбал, коронавирусний асуудлаар хоёр улсын хооронд дипломат зөрчилдөөн үүсэхээс өмнө Хятад улс Австралиас жилд 30 сая тонн коксжих нүүрс, 50 сая орчим тонн эрчим хүчний нүүрс худалдан авч байжээ. Нийлбэр дүнгээрээ 80 сая тн гэсэн үг.
Харин Хятад 2022 оны эхний 11 сарын дүн мэдээллээр, Хятад улс импортолсон нүүрснийхээ 58,3 хувийг Индонезээс, 23,3 хувийг Оросоос, 10 хувийг Монголоос тус тус худалдан авч байв.
Хятад улс бол дэлхий дээрх нүүрсний хамгийн том хэрэглэгч бөгөөд хэрэгцээт цахилгаан эрчим хүчний 60 орчим хувийг нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд үйлдвэрлэдэг. Мөн 2023 онд Хятадын нүүрсний олборлолт 4 тэрбум 450 сая тонн-д хүрэх төлөвтэй байгаа гэжээ.
Монгол Улсын хувьд, нийт экспортолж буй нүүрсний 75 хувийг эрчим хүчний нүүрс эзэлдэг тул Хятадын зах зээл дэх орон зайгаа алдахгүй, нөгөө талаас үлдсэн 25 хувийг эзлэх коксжих нүүрсний үнэ өндөр хэвээр байх тул нүүрснээс олох орлогын хэмжээ тогтвортой байх дүр зураг харагдаж байна гэж зарим шинжээчид үзжээ.
Нөгөөтэйгүүр, Австралиас нүүрс аваагүй хоёр жилийн хугацаанд Хятадын гангийн үйлдвэрүүд Орос, Хятад, Монголын коксжих нүүрсийг ашиглахад зохицуулан домен зуухны технологио өөрчилсөн байж магадгүй тул Орос, Монголоос авах коксжих нүүрснийхээ хэмжээг бууруулахгүй болов уу гэсэн өөдрөг бодол ч бас байгаа бололтой.
П.Булган
Сэтгэгдэл (2)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
хэмжээгээ мэдэж төлөвлөлт хиймээр юм ....аливаад..
Монгол нүүрсний хэрэглэгчид хойд талдаа. Австралийнх зүүн урд талдаа.