Шинэ Зеландын засгийн газар төрийн сан хөмрөгөө нөхөхийн тулд тамхи татахыг хориглосон дэлхийн хамгийн том кампанит ажлаа зогсоох бодолтой байна.
Жакинда Ардернийн өмнөх засгийн газрын баталсан уг хуульд 2008 оноос хойш төрсөн хүнд 2024 оноос эхлэнтамхи худалдахыг бүх насаар нь хориглох тухай тусгасан юм.
Тус улсад тамхинаас гарах кампанит ажлын хүрээнд тамхины жижиглэнгийн худалдаанд хязгаарлалт хийж, тамхины никотины хэмжээг бууруулсан. Ийм арга хэмжээ нь жилд таван мянга орчим хүнийг аврах боломжтой болохыг судалгаагаар тогтоожээ. Тус улсын Эрүүл мэндийн сайд Айеша Вералл "Бид залуучуудыг тамхи огт татахгүй байхыг хүсч байна" гэж хэлжээ.
Өнгөрсөн долоо хоногт Шинэ Зеландын Үндэсний нам баруун жигүүрийн хоёр намтай эвслийн засгийн газар байгуулахаар тохиролцоод байна.
Хамтарсан шинэ Засгийн газар хүн амын орлогын албан татварыг бууруулж, төрийн хүнд суртлыг бууруулна гэж амлаж байна.
Өнгөрсөн бямба гарагт тус улсын Сангийн сайд Никола Уиллис тамхины эсрэг шинэчлэлийг цуцалж байгаагаа зарлаж, үүнийгээ улсын төсвийг нөхөх шаардлагатай холбон тайлбарлав.
Уиллис Шинэ Зеландын ТВ3 телевизэд ярихдаа "Тамхины эсрэг хууль тогтоомжид оруулсан өөрчлөлтүүд нь төрийн санд ихээхэн нөлөөлж, бараг 1 тэрбум долларыг алдсан гэдгийг бид санах ёстой." гэжээ.
Тамхи татах нь Шинэ Зеландад урьдчилан сэргийлэх боломжтой нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг юм. Өмнөх Засгийн газар 2025 он гэхэд тамхичдын тоог 5 хувь хүртэл бууруулж, эцэст нь тамхинаас бүрмөсөн татгалзах зорилт тавьсан. Тиймээс эрүүл мэндийн мэргэжилтнүүд тамхины эсрэг кампанит ажлыг цуцална гэсэн шинэ Засгийн газрын мэдэгдлийг хатуухан шүүмжилээд байна.
"Татварын хөнгөлөлтийг тамхи татсаар байгаа хүмүүс төлөх ёстой гэсэн санал үнэхээр цочирдмоор" гэж Шинэ Зеландын "Тамхигүй 2025 он" хорооны дарга, профессор Роберт Биглехол ярьжээ. Отагогийн их сургуулийн профессор, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Ричард Эдвардс "Шинэ Зеландын ихэнх эрүүл мэндийн байгууллагууд засгийн газрын үйл ажиллагаанаас айж, шийдвэрээ эргэн харахыг уриалж байна" гэжээ.
Өнгөрсөн хугацаанд тамхи татахыг хориглосон нь Шинэ Зеландын зарим бизнес эрхлэгчдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Сонин борлуулагч, дэлгүүрийн эзэд тамхины борлуулалтаас орлого алддаг, тэр ч байтугай засгийн газраас татаас авдаг байсныг шүүмжилдэг.
Шинэ Ерөнхий сайд Крис Лаксон зэрэг зарим хууль тогтоогчид мөн хориг нь тамхины хар зах зээлийг бий болгоно гэж үзэж байна.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.