Энх цагийн бүтээн байгуулалтын ажил хоёр чиглэлээр явагджээ. Үүнд, нэгд, Дайны үеийн онц байдлыг цуцалж, залуучуудыг цэргийн албанаас халж энх цагийн хөдөлмөрт шилжүүлэх, хоёрт, Улс ардын аж ахуй, соёлыг төлөвлөгөөтэй хөгжүүлэх, түүнийг биелүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүд.
Дайны дараа МАХЦ-ийг тайван цагийн орон тоонд шилжүүлж, цэргийн албан хаагчдыг ээлж дараалан халсан бөгөөд 1945 оны сүүлчээр нийтдээ 22441 хүнийг халсан бол 1950 онд зэвсэгт хүчний алба хаагчдын тоо 1945 оныхоос даруй 10,1 дахин хорогджээ. Цэргээс халагдсан хүмүүсийг нэг сарын дотор улс ардын аж ахуйд томилон ажиллуулж байв. Мөн Зэвсэгт хүчнийг цомхотгох явцад авто машин, агт морьд, малыг олноор нь улс ардын аж ахуйд шилжүүлэв.
1946 оны 4 дүгээр сарын 26-нд тус улсын ажилчин албан хаагчдад гурил, ёотон, талхыг картаар олгох журмыг хүчингүй болгох тухай БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл ба МАХН-ын Төв Хорооны тогтоол гарчээ. Мөн 1946 оны 11 дүгээр сарын 1-нээс нийтийн өргөн хэрэглээний үйлдвэрлэлийн ба хүнсний зарим барааны жижиглэн худалдаалах үнийг дунджаар 25-53 хувь хүртэл хорогдуулах тогтоол гарчээ. Цэргийн албан хаагчдыг халж, батлан хамгаалахзардлыг бууруулж, түүнээс чөлөөлөгдсөн хүн хүч, хөрөнгө, материалын нөөцийг энх цагийн бүтээн байгуулалтын ажилд шилжүүлсэн. Улсын тээвэрт ардын ердийн хөсгийг албан журмаар хэрэглэх журмыг өөрчилж, гэрээгээр хэрэглэдэг болсон.
Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх төлөвлөгөөт таван жилийн зорилтыг биелүүлэхэд гол анхаарлаа чиглүүлж холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргаж түүний биелэлтэд анхаарал хандуулжээ. Үүнд, социализмын эдийн засгийн үндэс болсон улс нийгэм, хоршооллын өмчийг хамгаалан бэхжүүлэх зорилгоор БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн газраас 1947 онд өмч хамгаалах тухай тогтоолыг гаргажээ. 1947 оны 12 сард БНМАУ-ын СнЗ аймгийн бага хурлын тэргүүлэгчдийн газар болон сумын захиргааны зохион байгуулалтын ажлыг сайжруулах арга хэмжээний тухай тогтоол гаргажээ. Улс орны аж үйлдвэр,тээврийн байгууллагыг өргөтгөх, шинэчлэн тоноглох, шинэ газруудыг нэмэн байгуулах,түлш, цахилгаан, эрчим хүчний баазыг өргөтгөх арга хэмжээнүүдийг авчээ. (Б.Пунсалдулам)
Ашигласан ном зохиол
Монгол цэргийн түүхийн товчоон. /1911 оноос 1990-ээд он/Дэд дэвтэр. Уб.,1996.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.