XVI зууны сүүлч, XVII зууны эхэн үеийн Ар Халхын зүүн гарын нэгэн тэргүүн, Мэргэн хан.
Халх түмний эзэн Гэрсэнз (1513-1549)-ийг нас барсны дараа түүний их хатан 7 хөвгүүндээ Халхын отгуудыг хуваарилан захируулснаар Халхын 7 хошуу байгуулагджээ. Анх байгуулагдах цагт 2 гарт хуваагдаж, баруун гарт нь Ашихай (1530-?), Ноёндой (1531-?), Далдан (1542-?), Саму (1544-?) нарын 4 хошуу, зүүн гарт нь Онохуй (1534-?), Амин (1536-?), Дара (1540-?) нарын 3 хошуу багтаж байжээ. Баруун гарыг Ашихай, зүүн гарыг Онохуй даргалж байсан бололтой. Харин Ашихай дархан хунтайж Гэрсэнзийн ахмад хүүгийн хувиар Халхыг ерөнхийд нь зонхилон мэдэж байв. Гэвч хожим нь Онохуйн ахмад хөвгүүн Абтай хүчирхэгжиж, Халхыг тэргүүлэн захирахыг оролдох болжээ. Абтайд 3-р Далай лам “Очир сайн хан” хэмээх цол шагнаснаар Халхын ноёдын дотор хамгийн түрүүн “хан” цолтон буй болов. Абтайн дэд хөвгүүн Эриехэй түүний “хан” цолыг залгамжилж, “Мэргэн хан” гэж нэрлэгдэж байв. Тэрээр Халхын 7 хошууны нэгний нь ноён бөгөөд Халхын зүүн гарын тэргүүлэгчдийн нэг байв. Эриехэйгийн үйл ажиллагааны тухай дорвитой мэдээ хомс. Ямартай ч Эриехэй Мэргэн ханы үеэс эхлэн Халхын баруун гар дахин давамгайлах байр суурьтай болсон бололтой. (Ц.Цэрэндорж)
Ашигласан ном зохиол
Byamba-yin Asaragči neretϋ (-yin) teϋke (Эхбичигийн судлагаа) Тэргүүн дэвтэр. Галиглаж, үгийн хэлхээг үйлдэн хэвлэлд бэлтгэсэн Цэвэлийн Шагдарсүрэн, И Сөн Гю (Lee Seong-gyu), УБ., 2002
Зарлигаар тогтоосон гадаад монгол, хотон аймгийн ван гүнгүүдийн илтгэл шастир, Монгол бичгээс кирилл бичигт буулгаж, тайлбар хийсэн Цэрэндорж Ц., Эрдэнэболд Л., Баржав Д., Ганбат Н., УБ., 2007
Шара туджи. Монгольская летопись XVII в., М., 1957
Гонгор Д., Халх товчоон, УБ., 1970
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.