Украины Зэвсэгт хүчин болон Аюулаас хамгаалах байгууллагын төлөөлөгчид Украины дайнд олзлогдогсдын төрөл төрөгсөдтэй уулзалт хийсэн тухай мэдээлэв. 1-р сарын 24-нд солилцох ёстой байсан Украины олзлогдсон 65 цэргийн албан хаагчийн нэрсийн жагсаалтыг ОХУ-ын зүгээс Украины талд хүлээлгэн өгөөд байсан юм.
Энэ долоо хоногт Белгород мужид ОХУ-ын цэргийн тээврийн Ил-76 онгоц сүйрсэн. Уг онгоцонд Украины 65 цэрэг зорчиж явсан бөгөөд харамсалтай нь Украины Зэвсэгт хүчнийхэн Харьков мужаас пуужингаар харвасан гэж Оросын тал мэдэгдээд байна. Гэвч Украины арми Ил-76 онгоцыг устгасан гэдгийг болон онгоцонд яг хэн байсан тухай мэдээллийг Киев одоо хэр баталж чадаагүй байна.
Онгоц сүйрсний дараахан Оросын RT сувгийн ерөнхий редактор Маргарита Симонян өөрийн Telegram сувагтаа сүйрсэн Ил-76 онгоцонд байсан Украины цэргийн албан хаагчдын жагсаалтыг мөн нийтэлжээ.
Украины БХЯ-ны Тагнуулын газрын дарга Кирилл Будановын тэргүүлж байгаа Зохицуулах штаб нь энэ жагсаалтад багтсан Украины олзлогдсон 65 цэргийг нэгдүгээр сарын 24-нд хийхээр төлөвлөж буй солилцооны хүрээнд Украинд буцааж өгөхөөр төлөвлөж байсныг баталж байна гэдгийг дурджээ.
Гэвч эдгээр хүмүүс сүйрсэн онгоцонд байсан гэсэн баталгаатай мэдээлэл хараахан гараагүй байгааг онцолж байна.
Баасан гарагт Оросын Мөрдөн байцаах хороо ослоор амь үрэгдсэн Украины цэргийн олзлогдогсдын бичиг баримтууд ослын газраас олдсон бөгөөд "хохирогчдын биеийн зарим хэсэгт өвөрмөц шивээсүүд байгаа" гэж мэдэгдэв. "Украйны зэвсэгт хүчний олон төлөөлөгчдийн, түүний дотор ОХУ-д хоригдож байсан Азовын дайчдын биед ижил төстэй шивээстэй байдаг. Тэд өмнө нь эрүүгийн хэрэгт мөрдөн байцаагдаж байсан" гэж тус хорооноос мэдэгдэв.
Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газрын дарга Кирилл Будановын хэлснээр Киевт "дээр дурдсан онгоцонд үнэхээр хэн байсан байж болох талаар найдвартай, дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй" байна гэжээ.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.