Сумын заан цолтой бөхчүүдийн барилдааныг Хэнтий аймгийн Галшар сумын харьяат, сумын заан Дэлгэрийн Цэрэнням гэгч залуу өнгөлдөг болжээ. Сүүлийн үед болж байгаа цолгүй бөхчүүдийн барилдаанд дараалан гурван удаа түрүүлсэн амжилттай байна.
Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр “Тарвалин” хийдийн нэрэмжит, Сүлд ТВ, МҮБХ-той хамтран зохион байгуулж буй Сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаанд 544 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсан.
Үүнээс Хэнтий аймгийн Галшар сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, сумын заан Дэлгэрийн Цэрэнням түрүүлж, Увс аймгийн Малчин сумын харьяат, сумын заан Эрдэнэтогтохын Түмэннасан үзүүрлэжээ.
Д.Цэрэннямыг бөх сонирхогчид болон нутгийнхан нь илүү их дэмжиж, ирээдүйд улсын том цолонд түүртэхгүй хүрэх хүчтэндээ хэмээн тодорхойлдог юм байна. Нутгийнхаа аваргуудын араас мушгиж, нэртэй том цолонд хүрсэн бөх болохыг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.