Энэ жил арван долоодугаар жарны 38 дахь жил буюу модон луу жил гарч байна. Хоёрдугаар сарын 10-нд шинийн нэгэн тохиож буй бөгөөд төгс буянт монгол зурхайн ёсоор ийн тоолсон байна.
Ирж буй "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн ерөнхий төлвийн талаар Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн зурхайч Ч.Очирбат болон Түвдэнпэлжээлин хийдийн хамба, зурхайч, гэвш лам Ж.Гончигсүрэн нарын эх сурвалжийн өгүүлсэн гол санаануудыг оючлон хүргэж байна.
Модон луу жилийн Шороон үхрийн байцыг махбодын зурхайд дулдуйдан дүрсэлбэл үхэр нь шар биетэй, ногоон толгойтой, эвэр, чих, сүүл болон дөрвөн шийр нь шар, ногоон омруутай. Мөн улаан ходоодтой, амаа ангайсан, мяндсан бурантагтай, сүүлээ зүүн тийш шарвасан байдалтай үхэр байна. Харин үхэр хариулаач нь шар бие, царайтай. Ногоон дээлэн дээр цагаан бүс бүсэлжээ. Гэзгээ хоёр чихнийхээ араар унжуулсан, баруун гутлаа өмсөж, зүүн гутлаа баруун ташаандаа зүүсэн байна. Мяндсан шилбүүр барьсан өсгөлүүн хүүхэд үхрээ хөтлөөд өмнө нь яаравчлан гүйж явна.
Үүнээс “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн хувьд жилийн ерөнхий байдлыг дүгнэвэл цэцэг жимс, үр тариа дэлгэрч, улс орон амгалан, амуу тариа арвин байна. Жилийн эхээр салхи шуурга дэгдэх төлөвтэй байгаа. Зун, намрын эхэн саруудад газрын гарц сайн гарна. Өндөрлөг газар болон голын эх адаг, голын хөндий, хавцал, газраар өвс ургамал, тариалангийн ургац илүү, сааль сүү арвин, залуу хүний ажил үйлс дэлгэрнэ.
Залуу хөвгүүн яаран гүйж явааг дүрсэлсэн нь залуусын хөдөлмөр дэлгэрсэн жил гарч байгааг илэрхийлж буй. Энэ жил эрэгтэйчүүд их яаруу бөгөөд үүний цаад утга нь хөдөлмөр дэлгэрэх болой. Эмэгтэйчүүдийн хувьд маш тайван ажил үйлс нь бүтэмжтэй байна гэж зурхайн толинд буужээ.
Луу цагт мөр гаргадаг ба дөрвөн сайн зүг, дөрвөн муу зүг гэж бий. Цог хийморийнхоо зүгт мөрөө гаргаж, муу зүгт янз бүрийн цээр тайлдаг дом бий. Жишээлбэл, усан дээр суусан хүн усан дээгүүр алхдаг, үгүй бол мөс цавчдаг ч юм уу. Галд суусан хүн одоо чүдэнз зурж гал гаргах гэх мэт. Мөн усан суудал дээр суусан хүн гахай, загасны мах идэхээс болгоомжлох тул тэр зүгтээ цээрээ тайлж, айлд орж мах идэж цээрээ гаргадаг. Муу зүгтээ цээрээ тайлаад, буцаж ирэхдээ эрэгтэй хүн нар зөв тойроод, буян хишгийн зүгээсээ гэртээ орж ирнэ. Эмэгтэй хүн нар буруу тойроод, буян хишгийн зүгээсээ орж ирдэг ёстой.
Шороон үхрийн зурлагаар ард иргэдийн байр байдлыг шинжихэд луу жилд нялхаст сайн, залууст ширүүвтэр, хөгшдөд ширүүн жил гарна. Жилийн онцлох засалтай 13, 25, 37, 49, 61, 73, 85, 97, 109 настай луу жилтэй хүмүүс засал хийлгэх хэрэгтэй. Жил орсны заслыг ихэвчлэн эрэгтэй хүмүүс 12 сарын 22-ноос хойш шинийн 15 хүртэл хийлгэх нь зохистой. Харин эмэгтэй хүний хувьд жилээ дагадаг учраас өнгөрсөн жилийнхээ заслын номнуудтай хамт луу жилийн заслаа хийлгэх нь өлзийтэй. Энэ жил могой жилтэй хүмүүс цагаан жил орсны засалтай. Цагаан жил тохиосноор сэтгэл санаа хямрах, бие тавгүйтэх гэм их гардаг учир засал чухал. Мөн бич, хулгана жилтэй хүмүүс ивээл жилийн заслаа хийлгэх нь зөв. Учир нь ивээл жил тохиох нь хийморь лундаа хэлбэлзэлтэй болж үйлс бүтэмж тааруу болох талтай. Луу жилийн харш хонь, үхэр жилтэй хүмүүс харшийн заслаа хийлгэх хэрэгтэй. Мөн нохой жилтэй хүмүүс их харш засал хийлгэнэ. Харш жил тохиох нь ажил үйлсэд саад тотгор учирдаг.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.