Нийслэлийн Баянзүрх дүүрэгт орших “Амгалан” дулааны станцын хүчин чадлыг 116МВт-аар өргөтгөх ажил хийгдэж байна. Энэ нь тус станцыг нэг зуухаар өргөтгөж байна гэсэн үг юм.
Өргөтгөлийг ирэх тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. Тус станцын хүчин чадлыг өргөтгөснөөр цагт 116МВт дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал нэмэгдэж, Улаанбаатар хотын хүн амын 30 гаруй хувь амьдардаг Баянзүрх дүүрэг болон Улиастай орчмыг дулааны найдвартай эх үүсвэрээр хангах ач холбогдолтой юм. Мөн Улаанбаатар хотын дулаан хангамжийн 31 хувийг хангадаг Дулааны III цахилгаан станцын ачааллаас хуваалцаж, тус станцын хоёрдугаар шатны өргөтгөлийн ажлыг эхлүүлэх боломж бүрдэж байгаа гэдгээрээ онцлогтой юм.
Энэхүү өргөтгөлийг Хөгжлийн банкнаас авсан 65.6 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрээр хийж байна. Зээлийг “Амгалан” дулааны станцын олох орлогоос буцаан төлнө. Тус өргөтгөлийн барилга угсралтын ажил 2022 оны зургадугаар сард эхэлж байсан юм.
Барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хунан индустриал экүйпмент инсталэйшн” компани ажиллаж байгаа аж. Тус компани нь өмнө Дулааны гуравдугаар цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөл, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35 МВт-ын өргөтгөлийн төслийг хэрэгжүүлсэн юм байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.