Энэ өвөл Монгол орны бүхий л газар нутагт их хэмжээний цас орж зуд болж байгаа. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас онцгой байдал тогтоож, малчдад туслах үндэсний аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд хэрэгжүүлэх гол аян, малчдад өвс тэжээл хүргэх ажил өчигдрөөс эхлээд байна.
Мэргэжлийн байгууллагын мэдээлж буйгаар энэ өвөл сүүлийн 49 жил тохиолдоогүй их цастай жил болж байгаа аж.
Трдруулбал, энэ өвөл 2009-2010 оны зудтай өвлөөс илүү, 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй цас ихтэй өвөл болж байна.
2009 - 2010 оны зудтай жилийн өвлийн улиралд нийт нутгийн дунджаар 8.5 мм орсон нь олон жилийн дунджаас /ОЖД/ 1.4 дахин их орсон бол энэ жилийн хувьд одоогийн байдлаар 9.6 мм буюу ОЖД - аас 1.6-аар их байна.
11-р сард Монгол орны хэмжээнд ОЖД-аас 2.5 дахин их хур тунадас орсон ба түүхэнд ажиглагдаж байгаагүй хур тунадас ихтэй сар болж өнгөрсөн байна. Увс, Завхан, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгуудад 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй хамгийн их цас орсон.
12-р сард Монгол орны хэмжээнд ОЖД-аас 1.9 дахин их хур тунадас орсон ба 2012 оноос хойш ажиглагдаж байгаагүй хур тунадас ихтэй сар болж өнгөрсөн ба Говь-Алтай, Дундговь аймгуудад 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй хамгийн их цас орсон.
1-р сард Монгол орны хэмжээнд дунджаар 3.5 мм хур тунадас орсон нь ОЖД-аас 2 дахин их хур тунадас орсон ба 2010 хойш тохиолдож байгаа хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө. Мөн Баянхонгор, Төв, Сүхбаатар, аймгуудад 1975 оноос хойш ажиглагдаж буй хамгийн их цас орсон байна.
2024 оны 2 сард нийт нутгаар ОЖД-тай харьцуулахад Баян - Өлгий, Увс, Хөвсгөл, Төвийн ихэнх нутаг, Булган, Дундговь, Дорноговь, Хэнтийн зарим сумдын нутгаар 1.2 - 3.6 дахин их орсон байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.