Юлия Навальная видео мессежээрээ талийгаач нөхрийнхөө үйл хэргийг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэв. Тэрээр мөн “Путин Алексейг яагаад хөнөөсөн бэ гэдгийг мэдэж байгаа” гэжээ. Улстөрчийн бэлэвсэн эхнэр бие даасан улс төрийн зүтгэлтэн болж чадна гэж шинжээчид өмнө нь хэлж байсан юм.
Тэрээр Навальныйг зөвхөн өөрөөсөө болон хүүхдүүдээс нь бус, өөрчлөлт гарна гэж найдаж байсан бүх оросуудаас булааж авлаа гэжээ.
“Яагаад Алексейг гурав хоногийн өмнө хөнөөсөн бэ гэдгийг бид мэднэ. Энэ талаар бид гарцаагүй үнэнийг олж хэлэх болно. Энэ хэргийг яг хэн, хэрхэн үйлдсэнийг бид олж тогтооно" гэж Навальная амлав.
“Алексейг алснаар миний хагасыг, зүрх сэтгэл, сэтгэлийн минь талыг алсан. Гэхдээ нөгөө тал нь надад байгаа учир надад бууж өгөх эрх байхгүй. Би Алексей Навальныйгийн ажлыг үргэлжлүүлнэ. Эх орныхоо төлөө үргэлжлүүлэн тэмцэнэ" гэж тэр хэлэв.
"Миний нөхрийн маш их мөрөөдөж байсан ирээдүйн чөлөөт, амар амгалан, аз жаргалтай, үзэсгэлэнтэй Орос улс, энэ бидэнд хэрэгтэй. Би ийм Орост амьдармаар байна. Алексей бид хоёр хүүхдүүдээ тэнд амьдруулахыг хүсч байна. Тэмцэж, бүү бууж өг. Би айхгүй, юунаас ч айх ёсгүй." гэжээ.
Навальный нас барснаас хойш гурав хоног өнгөрөөд байгаа ч ар гэрийнхэн нь шарилыг нь хүлээж аваагүй байна. Улстөрчийн цогцос байгаа гэсэн Салехард дахь шарил хадгалах газарт түүний ээж болон өмгөөлөгчдийг оруулахыг хоригложээ. Мөрдөн байцаах хороо тэдэнд Навальныйгийн үхлийн мөрдөн байцаалтын хугацааг сунгасан гэж Ярмыш хэлжээ.
Улстөрчийн хамтрагчид Навальныйгийн цогцсыг хамаатан саднаас нь зориудаар нуусан гэж үзэж байна.
Владимир Путин Навальныйгийн үхлийн талаар ямар нэгэн тайлбар хийсэнгүй. Түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Оросын ерөнхийлөгч юу болсон талаар ямар хариу үйлдэл үзүүлсэн тухай асуултад хариулахдаа "Энэ сэдвээр надад нэмж хэлэх зүйл алга." гэжээ.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.