Энэ мэдээ хуучирсан буюу 2024-04-04 нд нийтлэгдсэн байна.

Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид өнөөдөр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан

4/ 4/ 2024    16 цаг 56 минут

  

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг танилцуулж үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр,
 
Эрхэм монголчууд аа,
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
 
Өнгөрсөн 30 жилийн оноо алдааг засаж, шинэ 30 жилийг нийгмийн уур амьсгал тогтолцооны хувьд эхлүүлэхийг Засгийн газар хичээж, авлигатай нам харгалзалгүй тэмцэж, улс төрийн намууд, хууль хяналтын байгууллага, шүүх хүртэл тархан байршиж, улс дамнан хүчирхэгжсэн бүлэглэлтэй эрх ашгийн хувьд тулсаар ирлээ.
 
Энэхүү тэгш бус хязгааргүй их баялаг, тэдэнд үйлчилдэг бүлэглэлийн өмнө Монгол төр, ард түмэнтэйгээ олон жил сааралтан хүчгүйдсээр ирсэн нь гашуун боловч бодит үнэн юм аа.
 
Монголчууд бидний итгэмтгий, уйдамхай, өрөвч занг ашиглан баялгийг нь, газрыг нь, нийтийн өмчийг нь, шүүхийг нь, намыг нь, төрийг нь хэдхэн хүн өмчлөн авч, аалзны шүлс мэт хэрсэн авилгын систем хэрхэн үүсгэснийг одоо л нийгэм дүгнэж эхэлж, мөсөн уулын оройг харж эхэлж байна.
 
Баялаг тойрсон луйврын олон нийтийн мэдэх хэсэг нь л Эрдэнэтийн 49 хувь, Монголросцветмет, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр болон түүний харьяа стратегийн ордууд, Оюутолгойн Дубайн гэрээ ба 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын асуудал, Тавантолгой компанийг 100 жилээр худалдахыг завдсан хэлцэл зэрэг байсан билээ.
 
Эрдэнэтийн 49 хувийн луйвар таслан зогсоогдсоноор улсад төвлөрүүлж байсан 962 тэрбум, хоёр их наяд төгрөг болно гэдэг цэвэр ашиг нь цар тахлын үед дулаан, цахилгаан төлөх хэмжээнд давна гэдэг бүлэглэл ямар их хэмжээний бүртгэлгүй мөнгөтэй байсан гэдгийн энгийн нэг нотолгоо юм.
 
Эрдэнэс Тавантолгой компани ил тод болж, засаглал сайжирснаар 2023 онд 9.6 их наяд төгрөгийн орлого олж, 3.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллан, 2022 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэнд 104 мянган төгрөгийн ногдол ашиг олгосон бол энэ долоо хоногт 2023 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэнд 256 мянган төгрөгийн ногдол ашиг олгож байна.
 
Улсын төсвийн орлого 4.6 их наяд төгрөгөөр анх удаа давж, төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэвэр нэмэгдэж, нийслэлийн цэцэрлэгийн хүртээмж сайжирч, валютын нөөц таван тэрбум ам.доллар давна гэдэг ямар их хэмжээний боломж алдагдсаны бас л нэг жишээ юм.
 
Оюутолгойн 34 хувьд ногдох өр тэглэгдээгүй бол бид өнөөдөр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй. Харин ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өрийн тухай л ярилцах байлаа.
 
Монгол Улсын Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна хэмээн хуульчилсан боловч нийт стратегийн 16 ордын долоо нь Эрдэнэс Монголын харьяанд, мөн стратегийн нөөцөд бүртгүүлэхгүйн тулд нөөцийн суурь мэдээллийг нь өөрчилж, АМНАТ, татвараас нуугдсан их хэмжээний баялаг бүртгэлгүйгээр далд эдийн засгийг бүрдүүлэн оршиж байгааг Улсын Их Хурал удахгүй болох нийтийн сонсголоор ил тод болно гэдэгт итгэлтэй байна. Энэ үйл явц мөн л нийгмийг нэлээдгүй бухимдуулах боловч, 30 жилийг зөвөөр дүгнэхийн тулд иргэд, олон нийт зайлшгүй үүнийг мэдэх ёстой.
 
Өнгөрсөн хугацаанд энэ бүлэглэлтэй мөргөлдсөн улс төрчид, нийгмийн зүтгэлтнүүд учир битүүлгээр амь насаа алдаж, эсвэл улс төрийн тавцангаас шахагдан зайлуулагдсаар ирснийг түүхэн баримтууд нотолно.
 
Ордон дотор хүч мөхөствөл олон нийтийн дэмжлэг авч тэмцлээ үргэлжлүүлнэ гэж Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа хэлж байсныг Та бүхэн санаж байгаа биз ээ.
 
МАНАН хэмээн томъёологдсон энэхүү системийг задлахын төлөө хатуу зогссон магадгүй сүүлчийн Засгийн газар ч байж магадгүйг нэрэлхэлгүй үнэнээр нь хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Шүүхийн шатанд бүлэглэлийн томилсон шүүгчдийн өмнө хүч мөхөстөж байгаагаа ч нуугаад яахав.
 
Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө зарчмын шийдэл гаргах Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн батлагдах үйл явц хялбар биш, ард түмэн Та бүхнийг анхаарлаа хандуулж, хэн нь хаана байгааг нарийвчлан дүгнэхийг, энэ хууль батлагдахад Ерөнхий сайдад олон нийтийн дэмжлэг одоо л хэрэгтэй байгааг, нам харгалзалгүй суурь зарчим дээр нэгдэхийг ард түмнээсээ Ерөнхий сайдын хувьд хичээнгүйлэн хүсэж байна.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
 
Монгол Улсын Засгийн газраас өргөн барьж буй Үндэсний баялгийн сангийн тухай хууль Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн Монгол хүн баялагтаа эзэн байх тогтолцооны реформын эхлэл цэг бөгөөд улс төрийн намуудын түвшинд олон жил яригдсан салангид төслүүдийн уулзах цэг болж чадна гэдэгт итгэж байна.
 
Үзэл бодлын зөрүүтэй ч суурь зарчимд нэгдэхээ илэрхийлсэн Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нарт талархаж байгаагаа илэрхийлье.
 
Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын  сангаас бүрдэх бөгөөд сангийн хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалтыг татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах Норвегийн баялгийн сан болон Сингапурын хуримтлалын сангийн жишиг загварт тулгуурласан еболно.
Ирээдүйн өв санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс төсвийн тогтворжуулалтын сан болон бүс ба орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувиас бүрдэх бөгөөд олон улсын зах зээлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өнөөгийн үнэ цэнийг өсгөх, арвижуулах боломжийг энэхүү хуулийн хүрээнд нээж байна.  
 
Хуримтлалын сан нь “Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувь, тодотгож хэлбэл, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Оюу Толгой болон цаашид ашиглах стратегийн ордуудын ашиг Монгол банканд иргэдийн нэрийн дансанд ШУУД төвлөрч, иргэдийн орон сууцжуулалт, боловсрол, эрүүл мэндэд зарцуулагдахаар энэ хуулийн төсөлд тусгагдлаа.  
 
Энэ нь уул уурхайн баялгийг зөв, өгөөжтэй ашиглах тусам иргэдийн хуримтлал арвижиж, хүний хөгжил, нийгмийн тогтвортой байдлын цөм болсон дундаж давхаргыг бүрдүүлэх суурь асуудал болсон орон сууц, боловсрол, эрүүл мэндийн бодлогын цогц томоохон реформ болох стратегийн ордуудаа иргэд өөрсдөө бүлэглэлийн эрх ашгаас хянах, үр өгөөжтэй ажиллахыг шаардах, байгаль орчинд ээлтэй, өндөр технологид тулгуурласан, нээлттэй уул уурхайн салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг илүү хүртээмжтэй болгоход чиглэгдэх давуу талтай гэж үзэж байна.
 
Хөгжлийн сан нь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ тухайн жилийн төсөвт тооцсон тэнцвэржүүлсэн үнээс өндөр байснаас нэмэгдэж орох төсвийн орлогын 50 хувиас бүрдэнэ.
 
Хөгжлийн сан нь Монгол Улсын нийгмийн хөгжилд тулгамдаж буй томоохон төслүүдийг санхүүжүүлэх үндсэн зорилготой бөгөөд метро, гүүрэн байгууламж, шинэ хотууд, орон нутгийн хурдны зам зэрэг улсын төсвөөс шууд санхүүжүүлэхэд хүндрэлтэй томоохон төслүүдийн үржүүлэхийн хүрдийн үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг юм.
                       
Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжих, арвижах суурь зарчим нь ил тод, шударга ёсны зарчим. Баялаг бүтээх, баялаг ашиглах гэдэг бол олон улсын жишигт тэнгэр газар мэт өөр ойлголт байдаг билээ.
Байгалийн баялаг нь хүний гараар бүтээгдээгүй, дахин сэргээгдэхгүй, олон сая жилийн хугацаанд бий болсон, газрын хэвлийд орших ард түмэн бүх нийтээр үр өгөөжийг нь хүртэх учиртай баялаг юм.
Аль ч улсын дахин сэргээгдэхгүй баялгийг ашиглагчид тухайн ард түмэндээ туйлын хүндэтгэлтэй хандах нийгмийн хариуцлагатай байдаг нь олон улсын нийтлэг ёсзүйн хэм хэмжээ байдаг билээ.
Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжихэд стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь заавал нээлттэй хувьцаат компани байх, нийт хувьцааны 20-оос дээш хувийг аливаа этгээд дангаар болон харилцан хамаарал бүхий этгээдийн хамтаар эзэмшихгүй байх, өв залгамжлал болон бэлэглэлээр шилжүүлсний орлогод 30 хувиар татвар ногдуулах эрхзүйн орчин зайлшгүй шаардлагатай гэж үзлээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Улстөрч сонгууль боддог бол, төрийн зүтгэлтэн ирээдүйн шинэ үеийг боддог гэдэг үг бий. Сонгууль дөхсөн байгааг ойлгож байгаа ч тангараг өргөсөн нийтийн эрх ашгийг төлөөлж буй төрийн зүтгэлтний хувиар харж Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэн баталж өгнө гэдэгт Ерөнхий сайдын хувьд итгэж байна.
Баярлалаа гэлээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube