Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Амгалан” Дулааны станцын өргөтгөлийг хугацаанаас нь дөрвөн сарын өмнө ашиглалтад орууллаа.
“Амгалан” Дулааны станцыг өргөтгөснөөр суурилагдсан хүчин чадал нь 348 МВт байсныг 464 МВт болгон өргөжүүлж, эрчим хүчний үйлдвэрлэл нь 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна. Хамгийн гол нь нийслэлийн зүүн хэсэг буюу Баянзүрх дүүрэг, Улиастай орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд бий болох 12000 айл, өрхийн орон сууцны шинэ хороолол, 14 сургууль, цэцэрлэгийг төвлөрсөн дулааны эрчим хүчээр хангах боломж бүрдэж байна. Мөн нам даралтын халаалтын 40 гаруй зуухыг зогсоож, 32 ажлын байр шинээр бий болж байна. Туршилтын хугацаанд өргөтгөлийн ажлууд хэвийн байсан учраас өнөөдөр ашиглалтад оруулж буйгаа тус станцын гүйцэтгэх захирал, Монгол Улсын зөвлөх инженер М.Мөнхөө танилцууллаа.
Станцын өргөтгөлийн хүрээнд шаталтын орчин үеийн технологитой, 116 МВт-ын хүчин чадалтай нэг зуух шинээр суурилуулж, түлш дамжлагын системд вагон гэсгээгч, бутлуур суурилуулах, хими ус бэлтгэлийн хэсгийн ус зөөлрүүлэх төхөөрөмжийг хоёр үе шаттай болгож техникийн усан хангамжийн чанарыг сайжруулах, 28,000 м3-ийн багтаамжтай үнс хадгалах байгууламж барьж байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг 65.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэжээ. Төслийн барилга угсралтын ажлыг 2013 оноос хойш эрчим хүчний салбарт “ДЦС-3”-ийн өргөтгөл зэрэг хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай, БНХАУ-ын “Хунан Индастриал Экүйпмент Инсталэйшн” ХХК гүйцэтгэсэн байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.