Хонгконг-д зохиогдож буй 2024 оны Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол улсын баг тамирчид гурван алт, хоёр хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн -48кг-ын жинд барилдсан Үндэсний шигшээ баг, Сүлд спорт хороо, Имперо группын тамирчин Бавуудоржийн Баасанхүү алтан медалийн төлөө Бүгд Найрамдах Солонгос улсын тамирчин Ли Хикёнгтой барилдаж үндсэн цагт цэвэр ялснаар Ази тивийн аварга болж Монголын багийн эхний алтан медалийг эх орондоо авчирлаа.
Эрэгтэйчүүдийн -66кг-ын жинд барилдсан Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин Баттогтохын Эрхэмбаяр алтан медалийн төлөө Япон улсын тамирчин Шинсэй Хатторитой барилдаж ялснаар Монголын багийн хоёр дахь алтан медалийг хүртэв.
Эмэгтэйчүүдийн -57кг-ын жинд барилдсан Үндэсний шигшээ баг, Сүлд спорт хороо, Блю Драгон компанийн тамирчин Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Лхагватогоогийн Энхрийлэн алтан медалийн төлөө Бүгд Найрамдах Солонгос улсын тамирчин Хух Мимитэй барилдаж ялснаар Монголын багийн гурав дахь алтан медалийг авчирлаа.
Үндэсний шигшээ багийн тамирчин, Залуучуудын дэлхийн аварга Лхагвасүрэнгийн Сосорбарам хүрэл медалийн төлөө Бүгд Найрамдах Солонгос улсын тамирчин Жун Еэринтэй барилдаж үндсэн цагт цэвэр ялснаар эмэгтэйчүүдийн -52кг-ын жинд хүрэл медаль, Үндэсний шигшээ баг, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ Бямбажавын Цогт-Очир хүрэл медалийн төлөө Казакстан улсын тамирчин Нурканат Серикбаевтэй барилдаж нэмэлт цагт цэвэр ялснаар хүрэл медаль тус тус хүртлээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.